Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2017/00527

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-18-37 тоотод оршин суух Гэцэл овогт Даваасүрэнгийн Эрдэнэчимэг /РД:ЧМ69093001/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Согоот баг 6-18-37 тоотод оршин суух  Монгол овогт Чадраабалын Отгонбаатар /РД:ФА62112070/-т холбогдох,

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Шинэжаргал, хариуцагч Ч.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Миний бие өөрийн нөхөр болох Ч.Отгонбаатартай “2002 онд гэр бүл болж охин Саруулаа 2002 оны 11 сарын 06-нд төрүүлсэн. Би өөрөө Жаргал, Сайханаа гэх 2 хүүтэй бид 15 жил хамт амьдарч байна”. Ч.Отгонбаатар нь “Эрдэнэт үйлдвэр”-т кразын жолооч ажилтай, надтай анх сууж байхдаа л архи уудаг байсан. Хамт ажилладаг байсан болохоор гайгүй болох байх гэж итгээд амьдарч эхэлсэн. Ч.Отгонбаатар нь хайр халамж муутай архи уухаараа агсам тавина. Ойрын хэдэн жилээс ааш зан нь эрс өөрчлөгдөж гэртээ байхдаа юу ч дуугарахгүй, хамт хоол ч идэхгүй орон дээрээ цаашаа хараад иднэ, хэл амаар янз бүрээр хэлж доромжилдог. Ч.Отгонбаатар нь сүүлийн хэдэн жилээс архи улам ихээр хэрэглэх болж 2000 оноос зоддог болсон. Удаа дараа зодуулсан ч ажил төрлийг нь бодоод, ганц охиноо өрөвдөөд шүүх цагдаад хандаж байгаагүй. Хамгийн сүүлд 2017 оны 02 сарын 02-нд гэртээ ухаан алдталаа зодуулж, 2-3 хоног гэртээ түгжүүлсэн. Шөнө утсыг нь авч байгаад хүү Сайханаатай ярьж хүү маань маргааш нь хотоос ирээд эмнэлэгт хэвтүүлж, ”Оюу” эмнэлэгт 4 хоног эмчлүүлсэн хэдий ч 02 сарын 08-нд

2.

дахин агсам тавьж зодсон. Ингэж зодуулсны улмаас зүүн хөлний шилбэнд хагалгаа хийлгэхээр 2017 оны 03 сарын 06-нд “Медипас” эмнэлэгт хагалгаанд орсон боловч бүрэн эдгэлгүй шилбэнээс шүүс гоожоод байгаа тул дахин наркозтой хагалгаанд орно гэсэн. 03 сарын 08-наас хойш бид тусдаа байгаа. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Саруулыг аавынх нь асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Отгонбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Би Эрдэнэчимэгтэй 2001 онд гэр бүл болсон. Том хоёр хүү маань ээжийгээ дагаж ирсэн. Бидний дундаас 2002 онд охин Саруул төрсөн. Эхнэрийнхээ шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлд дурьдсан гэмтлийг би учруулсан. Би 2 удаа зодсон. Бид хагас сарын өмнө уулзсан. Би одоо 6-18-37 тоот байрандаа амьдарч байна. Би уг нь гэр бүлээ цуцлуулахыг хүсэхгүй байгаа. Манай хүн заавал цуцлуулна гээд байгаа. Зарим зүйл нь худлаа. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэж 2-3 жил өөр хүнтэй явж байсан байна лээ. Би тэрийг нь мэдээгүй байсан. 02 сарын 07 нд ээлжийн амралт авсан. Манай охин 01 сарын 26 нд амралт нь дуусаад явахад тэр өдөр гэртээ ирж хоноогүй. Түүнээс хойш 4-5 хоног гэртээ ирж хоноогүй. Дандаа согтуу явдаг байсан. Аргагүй эрхэнд амралтаа авсан, согтуу л байж байдаг байсан. Би 3-4 удаа эмнэлэгт хэвтүүлж архины эмчилгээнд явуулж эмчлүүлж байсан. Өөр хүнтэй уулзсан болохоор би биеэ барьж чадалгүй зодсон нь үнэн  гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь хариуцагч Ч.Отгонбаатарт холбогдуулан “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Ч.Отгонбаатар нар нь 2001 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин О.Саруул төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна. 

Ч.Отгонбаатар нь Д.Эрдэнчимэгийг зодсон шалтгаанаар 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш гэрлэгчид тусдаа амьдарч байх ба, тэд хөрөнгийн маргаангүй талаар талууд тайлбарласан.  

Хариуцагч Ч.Отгонбаатар нь эхнэр Д.Эрдэнэчимэгийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зодож гэмтэл бэртэл учруулан, үүний улмаас Д.Эрдэнэчимэг хөлөндөө хагалгаанд орсон, дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн.

Тиймээс гэр бүл дотор хүчирхийлэл дарамт бодитой байгаа болох нь нотлогдож байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэрлэгчдийн дундаас төрсөн охин О.Саруулын асрамжийн асуудлаар зохигчид  тохиролцож, эцэг Ч.Отгонбаатарт хүүхдийн асрамжийг үлдээж, эхээс нь тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг баримтлан Д.Эрдэнэчимэг, Ч.Отгонбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин О.Саруулыг эцэг Ч.Отгонбаатарын асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг тус тус дурьдсугай.  

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Эрдэнэбатад даалгасугай.    

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА