Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/853

 

 

 

 

 

 

 

2020             11          04                                   2020/ШЦТ/853

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нэргүй, 

улсын яллагч Г.Ууганбаатар

  шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, С.А -т холбогдох эрүүгийн 1911 0299 00955 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар :

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Болор Евроком ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 1, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1., 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, С.А

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.А нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Бадмаарагтай маргалдан улмаар түүний нүд рүү гараараа цохиж хамар ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэргээ тунгаан бодож үзсэн. Миний буруу их байсан. Иймд холбогдсон хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч А.Бадмаараг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны оройн 19 цагийн орчимд өөрийн ах Баасанбатын хамтаар барилгын материалын дэлгүүр хайгаад Чингэлтэй дүүргээр явж байгаад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо 32-ын автобусны буудлын арын шороон зам дээр бид хоёрын өөдөөс нэг машин тулж ирж зогсоод жолооч нь гэрлээ унтраагаад сандлаа налуулсан тэгэхэд хойд талд нь голлоод сууж байсан залуу кабины гэрлийг асаатал машин дотроо тэр гурван залуу инээлдээд байсан. Ингээд би машинаасаа бууж очоод “та зам тавиад өгөөч бид нар энэ зам руу түрүүлээд орчихсон байсан” гэж хэлтэл “миний ухрах зам хол байна, та нар өөрсдөө ухар” гэж хэлэхээр нь би буцаж машин луугаа очоод ах Баасанбатад хэлээд машинаа ухрааж байсан ухарч байтал нөгөө машинтай залуус холын гэрлээ бид нар руу тусгаад өөдөөс шахаар байхаар нь тухайн үед миний уур хүрээд “пизда минь холын гэрлээ унтраа” гэж цонхоороо орилсон чинь тэр машины жолооч залуу буухаар нь би бас машинаасаа буугаад очсон чинь “чи наад үгээ соёлтой хэлж ярьж болдоггүй юм уу пизда минь” гэж хэлэхээр нь би “би гэрлээ шилжүүл толинд юу ч харагдахгүй байна” гэсэн чинь машиных нь арын суудлаас нэг залуу гарч ирээд шууд над руу гар далайхаар нь өөрөөсөө холдуулж түлхсэн чинь жолооч залу шууд миний нүүр толгой руу 5-6 удаа цохиод миний толгойноос барьж байгаад өвдгөөрөө цээж рүү өшиглөхөөр нь би жолооч залуугийн подволкноос барьсан байсан чинь подволк нь урагдчихсан жолооч залуугийн цээжин бие нь ил харагдсан бөгөөд уг залуугийн бие дээр битүү ямар нэг дүрслэл бүхий шивээс байсан. Би уг жолооч залуутай зууралдаж байх үед ах Баасанбат  машины арын суудлаас бууж ирсэн залуу 2 заамдаад зогсож байх шиг байсан ба жолооч залуу надаас салаад Баасанбатыг газар унасан байхад нь бие рүү нь 1 удаа өшиглөж байх шиг байсан. Тэгээд тухайн залуучууд машинаа унаад яваад өгсөн. ...би гомдолтой байна, одоогоор эмчилгээ хийлгэж байгаа болохоор эцсийн үнийн дүнгээ бодож амжаагүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20-р хуудас/,

Гэрч Э.Баасанбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би тус өдөр Бадмаарагтай хамт оройн 19 цагийн үед барилгын материалын дэлгүүр хайгаад явж байгаад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо 32-ын автобусны буудлын арын шороон зам дээр 95-30 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хашааны булан тойроод урдаас тулаад голлоод ирэхээр нь би машиныхаа гэрлийг анивчуулсан чинь бүүр тулаад ирчихээд машиныхаа дотор гэрлийг асаасан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн дотор 3 эрэгтэй хүн инээлдэж байгаад гэрлээ буцааж унтраагаад хөдлөхгүй байхаар нь Бадмаараг машинаас буугаад тухайн машинд очоод “та нар жоохон ухраад өгөөч манайх гарчихъя” гэж хэлж байх шиг байсан би тухайн үед жолооны ардаа суусан байсан юм. Гэтэл Бадмаараг төд удалгүй машин дотроо орж ирээд “эд нар зам тавьж өгөх хүмүүс биш байна хоёулаа ухаръя” гэж хэлээд машинаа ухрааж байсан чинь тухайн тээврийн хэрэгсэл урдаас холын гэрэл дээрээ тавьчихаар нь би ухарч чадахгүй гялбаад байсан чинь Бадмаараг “Та нар гэрлээ шилжүүлж болдоггүй юм уу пизда чинь” гээд хэлчихсэн чинь 9530 УНЗ-н жолооч нь буугаад ирсэн чинь Бадмаараг бас машинаас бууж очоод тэр хоёр бие биенийгээ түлхэлцэж байгаад жолооч залуу Бадмааргийг шууд нүүр лүү нь цохиод авахаар нь би машинаас буугаад очсон чинь 9530 УНЗ машин дотроос 2 залуу буугаад ирсэн бөгөөд нөгөө хоёроо бодвол арай биерхүү том биетэй залуу намайг заамдаж аваад хэл амаар доромжилж байгаад хашаа руу түлхээд би газарт уначихсан юм. Би газарт унаад Бадмааргийг хартал 95-30 УНЗ-н жолооч залуу Бадмааргийг нүүр лүү нь цохичихоод хүрч ирээд миний нуруу руу 1 удаа өшиглөчихөөд тэр 3 залуу машиндаа суугаад яваад өгсөн байсан. ...миний яг харснаар Бадмааргийг жолооч залуу нүүр лүү нь 2 удаа цохиж байсан. ...миний нуруу угаасаа өвчтэй эмчилгээтэй байсан. Жолооч залуу миний нуруу руу өшиглөсөн одоо миний нуруу өвдөөд байна” гэх мэдүүлсэн /хавтаст хэргийн 23-24-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 13658 дугаартай шинжээчийн дүгнэлт: “ 1. А.Бадмаарагийн биед хамар ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-47-р хуудас/,

Хохирогч А.Бадмаарагт хохирлын мөнгө болох 2 сая төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 121-р хуудас/

Хохирогч А.Бадмаарагийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандаж гаргасан хүсэлт “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт С.А-тай маргалдсан, улмаар биедээ хохирол авсан. Одоо уг асуудалтай холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хавтаст хэргийн 122-р хуудас/

Шүүгдэгч С.А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64-р хуудас/

Шүүгдэгч С.А-н иргэний үнэмлэхний лавлагаа, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт  /хавтаст хэргийн 59, 62-р хуудас/

Шүүгдэгч С.А-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 63, 72-89-р хуудас/

Болор евроком ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 58-р хуудас/ зэргийг шинжлэн судлалаа.

Дээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.А нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Бадмаарагтай маргалдан улмаар түүний нүд рүү гараараа цохиж хохирогчийн биед хамар ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч А.Бадмаараг,  гэрч Э.Баасанбат  нарын мэдүүлэг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 13658 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.А нь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Прокуророос С.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч А.Бадмаараг нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, төлбөрт 2.000.000 төгрөгийг хүлээн авсан, “Одоо уг асуудалтай холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандан бичсэн байх тул шүүгдэгч С.А нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч С.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлсөн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч ял хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдоогүй байх тул түүний эрх зүйн байдлыг хүндрүүлэх үндэслэл болохгүй байна. Иймд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Ат оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулан тайлбарлав.

Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.А-т сануулсугай.

5. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР