| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/00386/и/ |
| Дугаар | 142/ШШ2017/00532 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 142/ШШ2017/00532
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-4-24 тоотод оршин суух, Жаран овогт Юмсүрэнгийн Ганбат /ЧД64041974/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-14-04 тоотод оршин суух, Б.А.Т.О.С ХХК, захирал Боржигон овогт Магсаржавын Түмэннасанд холбогдох,
“Ажиллаж байсан хугацааны цалин 720 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ю.Ганбат, хариуцагч М.Түмэннасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.А.Т.О.С ХХК-ны “Бөхөн” амралтын газар 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн сарын 400 000 төгрөгийн цалинтай манаач туслахаар орж ажилласан. Эхний 2 сарын цалинг олгож байсан боловч дараагийн сараас эхлэн хугацаандаа цалинг олгохгүй байсаар 2016 оны 12 дугаар сарын 17-нд ажлаас халсан тухай хэлэлгүй өөр хүн авч ажиллуулсан байсан. Иймд миний ажиллаж байсан хугацааны цалин болох 720 000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад 2016 оны 10 сарын 27-ноос хойш цалин олгоогүй... гэжээ.
Хариуцагч М.Түмэннасан шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.Түмэннасан, Ю.Ганбатад цалин өгсөн одоо ахин мөнгө өгөх шаардлага байхгүй. Үүнийг Ганбат өөрөө мэдэж байгаа. Хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 27-нд цалингий нь өгсөн. 7 хоногт ажлын байран дээр амрагч нартай 1-2 удаа архи уудаг. Архи уухаараа янз бүрийн юм ярьдаг. Архи уухаа болиоч гэж зөндөө хэлж байсан. Хорхог хийж байгаа нэрээр архи их уудаг, тэрнээс болж манай ажил үйлчилгээ доголддог байсан. Байнгын архи уудаг байсан учир бичлэг хийгээд өөрт нь ч үзүүлж байсан. Тэгээд болохгүй юм байна гээд яв гэж хэлсэн. Тэгэхэд, миний хайж хүсэж байсан ажил, би ийм л ажлыг хүсэж байсан гээд дахиад ажиллая гээд гуйгаад байсан болохоор ахиад хэсэг ажиллуулсан. Тэгээд 10 дугаар сарын 22-нд халах тушаал гаргасан, энэ талаар өөрт нь
хэлсэн, гарын үсэг бол зуруулаагүй. Архи уухгүй бол гэрээгээ сэргээнэ гэж хэлсэн ч архиа уугаад байсан... тэгээд явахгүй болохоор нь 2016 оны 12 дугаар сарын 17-нд би өөрөө хүргэж ирсэн. Тэр өдөр бүр түлхүүрээ Ю.Ганбатаас аваад, юмаа хүлээж авсан... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Ганбат нь хариуцагч “Б.А.Т.О.С” ХХК-д холбогдуулан “ажиллаж байсан хугацааны цалин 720 000 төгрөг” гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: “...“Б.А.Т.О.С” ХХК-ий “Бөхөн” амралтын газарт 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн сарын 400 000 төгрөгийн цалинтай манаач туслахаар орж ажилласан... 2016 оны 12 дугаар сарын 17-ноос ажлаас халсан тухайгаа надад хэлэлгүй өөр хүн авч ажиллуулсан байсан. 2016 оны 10 дугаар сарын 27-ноос 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хоорондох цалин 720 000 төгрөг нэхэмжилнэ...” гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “...Хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 27-нд цалингий нь өгсөн. 7 хоногт ажлын байран дээр амрагч нартай 1-2 удаа архи уудаг. Архи уухаараа янз бүрийн юм ярьдаг. Архи уухаа болиоч гэж зөндөө хэлж байсан... Байнгын архи уудагаас болж манай ажил үйлчилгээ доголддог. Бичлэг хийгээд өөрт нь ч үзүүлж байсан. Тэгээд болохгүй юм байна гээд яв гэж хэлсэн. Тэгэхэд, миний хайж хүсэж байсан ажил, би ийм л ажлыг хүсэж байсан гээд дахиад ажиллая гээд гуйгаад байсан болохоор ахиад хэсэг ажиллуулсан. Ингээд 10 дугаар сарын 22-нд халах тушаал гаргасан, энэ талаар өөрт нь хэлсэн, гарын зуруулаагүй. Архи уухгүй бол гэрээгээ сэргээнэ гэж хэлсэн ч архиа уугаад байсан... тэгээд явахгүй болохоор нь 2016 оны 12 дугаар сарын 17-нд би өөрөө хүргэж ирсэн...” гэж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч Ю.Ганбат нь Б.А.Т.О.С ХХК-ийн “Бөхөн” амралтын газарт 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн манаач, туслахаар ажиллаж байсан болох нь 18 дугаартай Ю.Ганбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагч, Ю.Ганбатыг 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан, мөн Ю.Ганбатад анхааруулж мэдэгдэж байсан гэж тайлбарлаж, 2016.10.10-ны өдрийн 02/11, 2016.10.22-ны өдрийн 13/25, 03/24 дугаартай “Б.А.Т.О.С” ХХК-ийн захиралын тушаалыг ирүүлсэн боловч нэхэмжлэгч, надад ингэж хэлж байгаагүй, ийм тушаалууд гарсан гэж ч мэдэгдээгүй, сая шинээр үйлдсэн байх гэж тайлбарласан.
Тиймээс хариуцагчийн нэхэмжлэлээс татгалзаж буй дээрх тайлбарууд үндэслэлгүй, нотлогдоогүй бөгөөд, ажил олгогч нь ажилтныг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчаас ажилласан хугацааныхаа цалин хөлсийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч, Орхон аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд өргөдөл гаргаж, тус хорооноос “Б.А.Т.О.С” ХХК-д зөвлөмж ирүүлсэн байна.
Ю.Ганбат нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул, 2016 оны 10 дугаар сарын 27-ноос 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, ажлын 37 өдрийг, нэг өдрийн цалин /400 000:21,5/-гаар тооцож нийт 688 372 төгрөгийг “Б.А.Т.О.С” ХХК /захирал М.Түмэннасан/-аас гаргуулан Ю.Ганбатад олгож, нэхэмжлэлээс 31 628 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 21 071 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч “Б.А.Т.О.С” ХХК /захирал М.Түмэннасан/-с 688 372 төгрөг гаргуулан Ю.Ганбатад олгож, нэхэмжлэлээс 31 628 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 21 071 гаргуулан төрийн санд оруулсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА