Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/222

 

 

 

 

       

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ц.Б- түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Д.У- түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,

шүүгдэгч Д.О- түүний өмгөөлөгч Н.Болормаа,

хохирогч Ц.Н-,

бусад оролцогч гэрч Ц.Уранчимэг, Б.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Ц.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.У-, Д.О- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805013270656 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ........ дүүрэг дэх ........ мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ..... тоотод оршин суух, Хан-Уул дүүрэг ... дугаар хороо ..... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ц.Б-.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер, эрх зүйч мэргэжилтэй, ....... дүүрэг дэх ............ офицер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... дүүргийн ...  дугаар хороо ...  дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д.У-

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудлын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт .... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д.О-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 6 дугаар байрны гаднах хорооллын доторх зам дээр ХХ-ХХ УБА улсын дугаартай Тоёота Алпард маркийн автомашинтай Д.У-, ХХ-ХХ УБХ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинтай Ц.Б- нь харилцан бие биедээ зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар харилцан зодолдож Ц.Б- нь Д.У-ын биед баруун гарын сарвуунд зулгаралт, хүзүү, зүүн чамархайн хуйх, цээж, зүүн бугалга, шуунд цус хуралт, хүзүүн зөөлөн эдийн  няцрал бүхий хөнгөн гэмтэл, Д.О-ийн биед баруун гуя, баруун бугалга, баруун гарын 4-р хуруу, зүүн гарын 3-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, дээд уруулд зулгаралт, аарцагны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

Д.У-, Д.О- нар нь бүлэглэн Ц.Б-ын биед үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, уруулын цус хуралт, чамархайн хуйхны цус хуралт, баруун гарын эрхий, долоовор хурууны өнгөц шарх, цус хуралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, Ц.Н-гийн биед баруун хацрын цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт, зүүн гарын сарвуу, зүүн өвдөгний үений зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У- мэдүүлэхдээ: “Ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Тухайн үед 2 дугаар сард улаанбурхан өвчин дэлгэрээд манай бага хүүхэд 1 настай,  удаах нь 2 нас гарантай ба би хүүхдүүдээ авч явж байсан. Би урд өдөр нь жижүүртэй нойргүй хоносон байсан. Эмч хүүхдүүдээ яаралтай гэртээ аваачиж эмийг нь өгөөрэй гэж хэлсэн болохоор яаруу явж байсан. Яарч явсны улмаас энэ асуудалд холбогдсондоо уучлалт хүсэж байна. Тэр үед манай ээжийн бие муу байсан ба тархины хавдар өвчтэй. Би сэтгэл санааны хувьд хүнд байдалтай байсан. Би цагдаагийн байгууллагад 16 жил ажиллахдаа ийм алдаа дутагдал гаргаж байгаагүй ба анх удаа ийм асуудалд холбогдсондоо харамсаж та бүхнээс уучлалт хүсэж байна. Би Баасанжаргалыг бариад зогсож байсан болохоос биш түүнийг цохиж зодсон асуудал байхгүй. Мөн тухайн үед олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зүйл болоогүй ба асуудал маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Баасанжаргалыг бүлэглэж зодсон асуудал байхгүй, би хүн зодоогүй. Баасанжаргал нь манай эхнэр рүү ойртох гээд байхаар нь түүнийг заамдаж бариад зогсож байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Н- мэдүүлэхдээ: “Тухайн асуудал 2018 оны 2 дугаар сарын 24 билүү 25-ны өдрийн 20 цагийн үед нөхөр Баасанжаргал гурван хүүхдийн хамт явж байсан. Нэг урсгалтай зам байсан ба хажуу эгнээнд машинууд зогссон байсан. Тэгтэл урдаас саарал өнгийн Алпард маркийн гарч ирэхэд манай хүн гэрлээрээ дохиход улам дөхөж ирээд ойртоод зогссон. Манай машин ухрах гэтэл машины ард 2-3 машин дараалан зогсоод араас дуут дохиогоо дуугаргаад байсан учраас ухрах боломжгүй байсан. Алпард маркийн машины ар талд нэг ч машин байгаагүй учраас ухрах боломжтой байсан. Манай нөхөр гэрлээрээ дохиход Уранбаяр, Оюунгэрэл нар машинаасаа түрүүлж бууж ирээд манай нөхөртэй зууралдсан. Би зууралдаж байсан хоёр эрэгтэйг салгах гээд очиход үгэнд орохгүй байсан ба Оюунгэрэл намайг ойртуулахгүй, урдаас нулимаад “чи халтар хүүхэн” гэх зэргээр хэл амаар доромжлоод үсдээд газар унагаагаад маажсан. Нэг залуу гарч ирээд Оюунгэрэлийн намайг үсдсэн гарыг тавиулсан. Тэгэхээр нь би тэндээс холдоод гар утсаараа бичлэг хийсэн. Тухайн үед манай нөхөр Баасанжаргал нурууны хагалгаанд ороод хөлөө ч өргөж чадахгүй, хүн зодох чадваргүй байсан. Мөн хөлөө хүрсэн урт куртиктэй байсан учраас хөл нь дээшээ гарах боломжгүй байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Б- хохирогчоор мэдүүлэхдээ:Энэ асуудал нэг жилийн өмнө болсон. Бид нар аль аль нь яаруу, сандруу үр хүүхдүүдтэйгээ явж байсан. Одоо хэлэх санал, гомдол байхгүй. Тухайн үед миний биед Оюунгэрэлийн ороолгосон зүйлээс болж гэмтэл учирсан. Уранбаяр намайг барьчихсан байхад Оюунгэрэл намайг бүсээр орооолгосон. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.У- хохирогчоор мэдүүлэхдээ: “Тухайн үед манай эхнэрийг машинаас буухад Баасанжаргал цохиод өшиглөхөөр нь би түүнтэй барьцалдаж авсан. Тэрнээс биш зодолдсон асуудал байхгүй. Надад учирсан гэмтэл бие биетэйгээ барьцалдаад түлхэлцэж байхад учирсан байх. Тухайн үеийнхээ зүйлийг сайн санахгүй байна. Тэрнээс биш бид нар хоорондоо зодолдоогүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О- мэдүүлэхдээ: “2018 оны 2 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчимд би өшиглүүлсэн. Гэхдээ надад гомдол санал байхгүй. Тэр асуудлыг дэвэргэсэн нь миний буруу байсан. Намайг унахад куртикны бүс унасан ба тэр газар шүргээд байхаар нь түүгээрээ Баасанжаргалыг шавхуурдсан. Баасанжаргал миний баруун гуянд өшиглөхөд надад гэмтэл учирсан. Би Н- руу “нөхрөө аваач” гээд очсон ба бид хоёр барьцалдаж аваад харилцан маажсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Маш их гэмшиж, ичиж байна” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хийсэн дүгнэлт.

Шүүгдэгч, хохирогч Д.У-, шүүгдэгч, хохирогч Д.О- нар нь нөхөр, эхнэр, шүүгдэгч, хохирогч Ц.Б-, хохирогч Ц.Н- нар нь нөхөр, эхнэр болох нь мөрдөн байцаалтын явцад тодорхой байжээ.  

Мөрдөн шалгах явцад Ц.Б-, Ц.Н- нарыг хохирогчоор тогтоож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан “Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын эрх, үүргийг” мөн Эрүүгийн хуулийн 21.2 дахь хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу худал мэдүүлэг” зэрэг хууль сануулан, тайлбарлаж хохирогчоор мэдүүлэг авч тэмдэглэл үйлджээ. /хэргийн 1 дүгээр хавтас 184-188, 189-196 дугаар хуудас/

Ингэж тэдгээр хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан “ ... хохирогчоос мэдүүлэг авахад энэ зүйлд заасан журмыг баримтлана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 6 дугаар хэсэгт заасан “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлах ... “ гэсэн заалтыг биелүүлэлгүй зөрчиж мэдүүлэг авсан байна.

 

Мөн мөрдөн шалгах явцад Д.У-, Д.О- нарыг хохирогчоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан “Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын эрх, үүргийг” мөн Эрүүгийн хуулийн 21.2 дахь хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу худал мэдүүлэг” зэрэг хууль сануулан, тайлбарлаж хохирогчоор мэдүүлэг авч тэмдэглэл үйлджээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 197-203, 204-211 дүгээр хуудас/

Ингэж тэдгээр хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ... хохирогчоос мэдүүлэг авахад энэ зүйлд заасан журмыг баримтлана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 6 дугаар хэсэгт заасан “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлах ... “ гэсэн заалтыг биелүүлэлгүй зөрчиж мэдүүлэг авчээ.

 

Хохирогч нар болох Д.У-, Д.О-, Ц.Б-, Ц.Н- нараас авсан мэдүүлгээс үзэхэд:

Хохирогч Ц.Б-аас “... танай эхнэр Алпард машины жолооч болон зорчигч эмэгтэйн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан уу” гэж, “... та Алпард машины жолооч болон зорчигч эмэгтэйн биед халдаж тэдний эрүүл мэндэд хохирол учруулсан уу” гэж,

Хохирогч Ц.Н-гаас “...та Алпард машины жолооч болон зорчигч эмэгтэйн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан уу” гэж, “...танай нөхөр Алпард машины жолооч болон зорчигч эмэгтэйн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан уу” гэж.

Хохирогч Д.У-аас “...Таны эхнэр Оюунгэрэл Приус 20 автомашинд зорчиж явсан Баасанжаргалын эхнэр Н-гийн үснээс зулгааж, гар утсыг газар авч шидсэн асуудал болсон уу” гэж, “ ... Танай эхнэр Оюунгэрэл гартаа суран бүс мэт зүйл барьж байгаад Баасанжаргалыг ороолгож байсан асуудал болсон уу” гэж,

Хохирогч Д.О-ээс “...Та Тоёота Приус 20 маркийн автомашинд зорчиж явсан Баасанжаргалын эхнэр Н-гийн үснээс зулгааж, гар утсыг газар авч шидсэн асуудлын талаар ярьна уу” гэж, “...Та Баасанжаргалын хүүхэд Билгүүнжаргалыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан уу” гэж, “ ... Та гартаа суран бүс мэт зүйл барьж байгаад Баасанжаргалыг ороолгож байсан асуудал болсон уу” гэж асуулт асууж мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” гэсэн заалт, “Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэснийг зөрчсөн ажиллагаа болсон байна.

 

Хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа ... эсэхийг хянаж үнэлнэ” гэсэн заалтыг мөрдөж ажиллаагүй.

Хохирогч нараас мэдүүлэг авахдаа “мэдүүлэг авах нийтлэг журам”-ыг зөрчсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасныг үндэслэн дээр дурдсан хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцож үнэлэх боломжгүй болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл болно” гэж заажээ.

Энэ хэрэгт 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Прокуророос “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол гаргасан /хэргийн 1 дүгээр хавтас, 135 дугаар хуудас/ үеэс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн баримтуудыг нотлох баримтаар үнэлэх бөгөөд хэрэг бүртгэлт нээхээс өмнө “... нэр бүхий хүнээс авсан тайлбар” гэх баримтуудыг нотлох баримтаар тооцож үнэлэх боломжгүй юм.

 

Ингээд хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн талаар шүүхээс дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.

Прокуророос шүүгдэгч Д.У-, Д.О- нар нь бүлэглэн Ц.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах явцдаа “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Гэрч Ц.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би зодоон болж байгаа газар очоод нөгөө хүмүүст боль гэсэн шаардлага тавихад Приус 20 машины хүүхэн бичлэг хийгээд зогсож байхад Алпард машинаас буусан хүүхэн энийг болиул гээд үснээс зулгаагаад газар тонгойлгоод дарсан зогсож байсан. Би боль гэхэд нөгөө хүүхэн больсон ба тэнд байсан хүмүүс болиоч гээд байсан. Би газраас Приус 20 машинаас буусан хүүхний утсыг авч өгсөн. Алпард машинаас буусан хүүхэн аймаар муухай араншинтай хүүхэн байсан бүүр орилоод байсан нөгөө хүүхэн нь холоос гар утсан дээрээ бичлэг хийгээд байсан. Бичлэг хийж байгааг нь болиулах гээд араас нь хөөцөлдөөд байсан. Алпард машины жолоочийн эхнэр нь гэх хүүхэн “та нарыг алаад хаяна шүү, манай нөхөр цагдаа шүү” гээд орилоод байсан. Тэр хүүхэн аймар хүн байна лээ. ... манай нөхөр эмэгтэй хүнд гар хүрдэггүй тэ гэж хэлж байгаад гартаа ороосон суран тэлээ шиг зүйлээр Приус 20 машины жолооч залууг нүүр нүдгүй ороогоод байсан, түүнийхээ хажуугаар доогуураа өшиглөөд нөхөр нь заамдаад нөгөө Приус 20 машины жолоочийг хөдөлгөхгүй барьж байсан. Нөгөө Алпард машинаас буусан хүүхэн “чи намайг өшиглөсөн” гээд дайраад нөгөө жолоочийг суран бүсээр ороолгоод байсан. ... Манай нөхөр бид хоёр тэр заамдалцсан машины жолооч нарыг салгаж байхад Альпард машины хүүхэн “та нар найзууд юм байна тээ” гээд над руу дайраад байсан. Бас “манай нөхөр цагдаа, та  нарыг гөлөг болгоно оо” гээд орилоод байсан. Ер нь тэр Алпард машины жолоочийн эхнэр гэх хүүхэн орилж, нөхрийгөө хөөргөөд нөгөө Приус 20 машины жолооч руу хоёулаа дайраад байсан. Манай нөхөр тэр хоёр залуугийн голоор ороод болиулах гээд зогсож байхад эхнэр нь гэх хүүхэн нь гартаа барьсан суран тэлээ шиг зүйлээрээ манай нөхрийн дээгүүр ороолгоод дайраад байсан гээд боддоо аймар хүүхэн байна лээ. ... Приус 20-ийн жолооч машиндаа суухад машиных нь гадна гаднаас машиныг нь Алпард машины жолоочийн эхнэр нь өшиглөөд суран бүсээр хаалга руу нь ороолгоод байсан. Тэр залууг машинд нь суулгахгүй араас нь очиж өшиглөөд, ороолгоод дайраад байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 213-215 дугаар хуудас/

Гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн “ ... Алпард машинаас бууж ирсэн хүүхэн нөгөө 13-14 насны эрэгтэй хүүхдийн куртикны араас татаад нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тэгэхэд нөгөө хүүхдийн нүдний шил газар унаж байсан. Тэгэхээр нь би тэр хүүхэнд чи мэдрэл муутай юм уу жоохон хүүхэд цохиод болиоч гэхэд миний үгийг огт авахгүй байсан. Энэ үед Приус маркийн автомашинаас бууж ирсэн хүүхэн өөрийнхөө гар утсаараа бичлэг хийгээд зогсож байтал Алпард машинаас бууж ирсэн хүүхэн “чи муу бичлэг хийдэг хэн бэ” гэж хэлж орилоод нөгөө бичлэг хийж байсан хүүхний утсыг булааж авч шидсэн. Тэгээд шууд үсдэж аваад чирээд Приус маркийн автомашины хойд тал руу очсон. Энэ үед нь би тухайн хоёр хүүхнийг дахиж салгах гэтэл нөгөө үсдсэн хүүхэн тавихгүй байсан. ... Алпарднаас нөгөө хүүхэн бууж ирээд нэг бүс шиг юм гартаа барьсан. Приусын жолооч залууг юу юугүй ороолгоод байсан. ... Тэр Алпард маркийн автомашинаас бууж ирсэн хүүхэн хамаг будлианыг хутгаж, хавьтсан, ойртсоныг нь барьж авч зодоод асуудлыг улам хурцатгасан юм. ... Тэр хүүхэн тэнд болсон хамаг асуудлыг дэвэргэж асуудал үүсгэсэн юм. Тэнд байсан хүмүүс хөөе чи болиочээ гэж хэлээд орилоод байхад огт хүний үг авахгүй орилоод дайраад байсан, аймар хүүхэн байна лээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 217-219 дүгээр хуудас/

 

“Гар утсанд үзлэг хийсэн” тухай тэмдэглэлд:

“... Баасанжаргал нөгөө талаас Уранбаяр нар маргалдаж бие биенээ түлхэж заамдаад маргалдахын хажуугаар Уранбаярын эхнэр Оюунгэрэл нь “ална шүү мэдээ, чи өөрөө эхлээ биз дээ” гэж хэлэн Уранбаярын маргалдаж түрж байгаа бичлэг харагдаж байв. ... Оюунгэрэл нь “чи өөрөө эхлээ биз дээ муу мал минь” дахин дахин чанга дуугаар орилж байгаа бичлэг, ... Н-гийн гар утсыг Оюунгэрэл “чи одоо болиочээ балиар, тэнэг хүүхэн бэ” гэж хэлж булаан авах гэж  ноцолдож байгааг үл таних эрэгтэй хүн “хөөе боль” гэж салгаж байгаа бичлэг.

... Оюунгэрэл “эмэгтэй хүнийг зодож болно гэж бодоо юу бодоо юу чи” гэж хэлэн бичлэгт дүрс харагдан Оюунгэрэл өөрийн нөхөр Уранбаярыг давуулан Баасанжаргалын толгой тус газар суран бүс мэт зүйлээр хэд хэдэн удаа ороолгож байгаа бичлэг. Оюунгэрэл “алаад хаячихна шүү мэдээ” гэж хэлж байгаа бичлэг. ... Оюунгэрэл “Баяраа наадхаа барьж бай, чи эхнэрээ зод, чи эхнэрээ зод мэдээ” гэж  хэлэн гартаа барьсан суран бүс мэт зүйлээр Баасанжаргалын толгой руу хэд хэдэн удаа ороолгож байгаа бичлэг.

... Уранбаяр Баасанжаргалын урдуур орж хориглож байх бөгөөд Уранбаярын эхнэр Оюунгэрэл нааш цааш холхиж Баасанжаргалыг бүс мэт зүйлээр ороолгож байв. Энэ үед Баасанжаргалын хүү Билгүүнжаргал Оюунгэрэлийг хориглоход “холдож бай” гэж хэлэн хойш түлхэж байв.

... Оюунгэрэл “чи хэнтэй юу ярьж байгаагаа мэдэж байна уу, хөөе хогийн золбин минь чи хэнтэй юу ярьж байгаагаа мэдэж байна уу чи” гэсэн дүрс бичлэг /хэргийн 1 дүгээр хавтас, 141-150 дугаар хуудас/ зэрэг баримтуудаас дүгнэхэд Д.О- нь “олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэсэн” үйлдэл гаргасан болох нь нотлогдсон байна.

 

Харин Д.О-ийн дээрх үйлдэлд Д.У- оролцсон болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй, Д.У-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэсэн шинж тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэсэн гэмт хэргийн “бүлэглэн” гэсэн шинж Д.У-ын хувьд тогтоогдоогүй тул түүнд холбогдох дээрх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.О- нь ганцаараа “олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэсэн” үйлдэл гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжтэй тул мөн түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэсэн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

Шүүгдэгч Д.У-, Д.О- нар нь бүлэглэн Ц.Б-ын биед үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, уруулын цус хуралт, чамархайн хуйхны цус хуралт, баруун гарын эрхий, долоовор хурууны өнгөц шарх, цус хуралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Ц.Уранчимэгийн “... 06-07 дугаар байрны харалдаа Тоёота Приус 20 маркийн машин Тоёота Алпард маркийн машин нар өөд өөдөөсөө  тулаад зогссон сигналаа дараад байсан. Аль аль нь нэг нэгнээсээ зам тавьж өгөхийг шаардаад жолооч нар нь машиныхаа цонхоор гарсан маргалдаад байгаа харагдсан.

... Намайг харахад Приус 20 маркийн машины жолоочийг нөгөө Алпард машины жолооч  Приус 20 маркийн машины копутан дээр дарж байгаад газар унагаасан. Тэгээд хоёр гурван удаа цээж, нүүрэн хэсэг рүү цохиод авсан.

... Тэгэхдээ манай нөхөр эмэгтэй хүнд гар хүрдэггүй тэ гэж хэлж байгаад гартаа ороосон суран тэлээ шиг зүйлээр Приус 20 маркийн машины  жолооч залууг нүүр нүдгүй ороолгоод байсан. Түүнийхээ хажуугаар доогуураа өшиглөөд нөхөр нь заамдаад нөгөө Приус 20 маркийн машины жолоочийг хөдөлгөхгүй барьж байсан.

... Алпард машины жолооч том биетэй хүн байсан. Тэр залуу Приус 20 маркийн машины жолоочийг заамдаж байгаад арай олон удаа цохиод байсан. Бас эхнэр нь  гартаа барьсан суран тэлээ шиг зүйлээр нүүр нүдгүй ороолгоод байсан. Тэгээд сүүлд нь цагдаа ирэхэд гартаа барьсан суран тэлээ шиг зүйлээ нуугаад байсан.

... Миний харсанаар тэр Приус 20 маркийн машины жолоочид болон эхнэр нь зодуулаад байсан. Тэр Приусны 20-ын жолооч залуун өндөр болохоор туранхай байсан. Харин Алпард маркийн машины жолооч залуу өндөр биеэрхүү махлаг залуу байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 213-215 дугаар хуудас/

Гэрч Б.Эрдэнэбатын “Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны бүтэн сайн өдрийн орой 20 цаг 30 минутын орчим заалнаас гарч гэр рүүгээ харих гээд байрныхаа гадаа өөрийн автомашинаараа зорчиж явж байтал миний урд талд зорчиж явж байсан Приус 20 маркийн автомашины урд талаас Тоёота Альпард маркийн автомашин тулж ирж зогссон байсан.

... Гэтэл энэ үед Альпард машин дотроос нэг махлагдуу шар цайвардуу куртиктэй эмэгтэй хүн бууж ирэх үед тухайн хоёр жолооч хоорондоо маргалдаж улмаар заамдалцаад зогсож байсан. Яг энэ үед нь Алпарднаас бууж ирсэн хүүхэн приусны жолооч залууг шууд өөрийн баруун гараараа нүүрэн тус газар нь хүчтэй нэг удаа цохих үед нь тухайн залуу газар гишгэгдэл алдаад унасан. Энэ үед нь Алпардны жолооч залуу түүний дээр гарч заамдаж авчихаад нөгөө жолооч залууг босгохгүй газар хэвтүүлсэн хэвээрээ байгаад байсан.

... Энэ үед нөгөө газар байсан приус машины жолооч залуу дээр Алпард машины жолооч залуу заамдаад дарсан байхад нь приус машинаас 13-14 насны эрэгтэй хүүхэд гарч ирээд Алпард маркийн машины жолооч залуугийн хоолойноос гараараа хойшоо татахад тухайн Алпард машины жолооч хойшоо болохгүй байсан.

... нөгөө хоёр залуу дээр очтол нөгөө Алпардны жолооч залуу приусны жолооч залууг доороо хийчихсэн заамдаад дарчихсан байсан. ...Тэгэхэд Алпарднаас нөгөө хүүхэн бууж ирээд нэг бүс шиг юм гартаа барьсан Приусны жолооч залууг юу юугүй ороолгоод байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 216-219 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2995 дугаартай:

“1. Ц.Б-ын биед үүдэн дээд баруун 1-р шүдний сулрал, уруулын цус, хуралт, зүүн чамархайн хуйхны цус хуралт, баруун гарын эрхий, долоовор хурууны өнгөц шарх, цус хуралт, зүүн гарын эрхий, долоовор, дунд, ядам хурууны зулгаралт, баруун өвдөгний үений цус хуралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.

6. Дээрхи гэмтэл нь уналтын улмаас үүсэх боломжгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас, 32 дугаар хуудас/

 “Гар утсанд үзлэг хийсэн” тухай тэмдэглэлд:

“... Баасанжаргал “чи яасан зэвүүн чацга вэ” гэж хэлэхэд Уранбаяр “хэн нь чацга байна” гэж хэлэн Баасанжаргалыг Тоёота Приус 20 маркын автомашины хамар дээр хойш нь дарж цааш гулгуулан газар унагаж байгаа бичлэг” /хэргийн 1 дүгээр хавтас, 142 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Прокуророос Ц.Б-ыг хохирогч Д.У-, Д.О- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтууд болох:

Гэрч Ц.Уранчимэгийн “...Миний харснаар тэр Приус 20 машины жолооч хүн зодохоосоо илүү Алпард машины жолоочид болон эхнэрт нь зодуулаад байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 215 дугаар хуудас/

Гэрч Б.Эрдэнэбатаас мөрдөгчийн асуусан “...Приус маркийн автомашины жолооч Альпард маркийн автомашинаас бууж ирсэн хүүхнийг цохиж, зодсон асуудал гаргасан юм уу, өөрөөр хэлбэл Приус маркийн автомашинаас бууж ирсэн залуу Алпард машинаас бууж ирсэн хүүхний цавь руу өшиглөсөн гэдэг” гэсэн асуултад гэрч Б.Эрдэнэбат хариулахдаа “Тийм зүйл огт болоогүй. ... Алпард машинаас бууж ирсэн хүүхэн Приус машинаас бууж ирсэн залуугийн нүүрэн тус газар шууд цохисон” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас, 218 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Ц.Б- нь хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдоогүй байна гэж дүгнэв.

 

Харин шүүгдэгч Ц.Б- нь хохирогч Д.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Гэрч Ц.Уранчимэгийн “ ... Тэгээд би гэртээ ороод орцоо цэвэрлэж яваад 4-5 давхарын орцны пункерийн цонхоор харсан чинь нөгөө хоёр машины жолооч хоорондоо зодоон хийж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 213 дугаар хуудас/

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “... Баасанжаргал, Уранбаяр нар маргалдаж, бие биенээ түлхэж заамдаж. ... Баасанжаргал “чи ямар өдчихсөн гөлөг вэ” гээд Уранбаяртай заамдалцаж, барьцалдаж. ... Уранбаяр “би зөндөө олон хүүхдүүдтэй явж байна хөөе” гэж өөд өөдөөсөө тулж зогсон хоёр автомашины хоорондуур бие биенээ заамдалцаж орж байгаа бичлэг. ... “ тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас, 116 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3001 дугаартай:

1. Д.У-ын биед баруун гарын сарвуунд зулгаралт, хүзүү, зүүн чамархайн хуйх, цээж, зүүн бугалга, шуунд цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас, 36 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн, хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөв.

 

Шүүгдэгч Д.О- нь хохирогч Д.Н-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Гэрч Д.Уранчимэгийн “...Приус 20 машины хүүхэн бичлэг хийгээд зогсож байхад Алпард машинаас буусан хүүхэн энийг болиул гээд үснээс нь зулгаагаад газар тонгойлгоод дарсан байсан. ...Түүний эхнэр бас нөгөө Приус 20 машинаас бууж ирсэн гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан хүүхнийг зодоод үснээс нь зулгааж газар унагаад зодоод байсан. Тэгээд араас нь машин тойруулж хөөгөөд байсан ш дээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 214-215 дугаар хуудас/

Гэрч Б.Эрдэнэбатын “...Энэ үед Приус автомашинаас бууж ирсэн хүүхэн өөрийнхөө гар утсаараа бичлэг хийгээд зогсож байтал Алпард маркийн автомашинаас бууж ирсэн хүүхэн “чи муу бичлэг хийдэг хэн бэ” гэж хэлж орилоод нөгөө бичлэг хийж байсан хүүхний утсыг булааж авч шидсэн. Тэгээд шууд үсдэж аваад чирээд Приус автомашины хойд тал руу очсон. Энэ үед би тухайн хоёр хүүхнийг дахиж салгах гэтэл нөгөө үсдсэн хүүхэн тавихгүй байсан. ... Алпард маркийн автомашинаас бууж ирсэн эмэгтэй Приус машинаас бууж ирсэн хүүхний үснээс зулгаагаад доош дарсан байхад нь би боль гэж зөндөө хэлэхэд ... нөгөө үсдүүлсэн хүүхэн орилоод болиочээ гэж байсан. Тэгээд гарыг нь тавиулах гээд тавихгүй байсан тул би Алпард машинаас бууж ирсэн хүүхний гарын бугуйн хэсгээр барьж байгаад хойш татаад түүний гарын шуу орчим руу нь боль гээд хоёроос гурван удаа зөөлөн хүчээр цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 219 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2997 дугаартай

“1. Ц.Н-гийн биед баруун хацрын цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт, зүүн гарын сарвуу, зүүн өвдөгний үений зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтлүүд нь нийтдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Учирсан гэмтлүүд нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.

6. Харин дээрхи учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас, 38 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.У-, Д.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ  хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заажээ.

Шүүгдэгч Д.У-, Д.О-, Ц.Б- нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” тул энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Хохирогч Д.У-, Д.О-, Ц.Б-, Ц.Н- нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг тооцож нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүйг дурдаж, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Д.У-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Д.О-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Ц.Б-д холбогдох Д.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

4. Прокуророос Ц.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилсэн зүйлчлэлийг мөн хуулийн 11.6 дугаар зүйл 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

5.  Шүүгдэгч Д.У-, Д.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгч Д.У-, Д.О- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Д.О-, Ц.Б- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, Ц.Б-, Д.У-, Д.О- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б-, Д.У-, Д.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 А.АЛТАНХУЯГ