| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/00956/И |
| Дугаар | 2497 |
| Огноо | 2017-09-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 49-8 тоот хаягт оршин суух, Сутай Цагаан Богд овогт Даржаагийн Алтанцэцэг /РД:ЧВ65070901/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 11 дүгээр гудамж, 277 тоот хаягт оршин суух, Цог нуур овогт Наранчулууны Наранцэцэг /РД:ЧН73122567/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 49-61 тоотод оршин суух, Мандал овогт Жамбалдоржийн Нарангэрэл /РД:НФ75052107/ нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 1,994,935 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 25,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Алтанцэцэг, хариуцагч Н.Наранцэцэг, Ж.Нарангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч О.Одхүү, гэрч С.Нармандах, иргэдийн төлөөлөгч И.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даржаа овогтой Алтанцэцэг миний бие 2016 оны 10 дугаар сарын дундуур өөрийн амьдардаг байрны доод давхар буюу подвалд үйл ажиллагаа явуулдаг хувцас засварт ноосон цамцныхаа захыг засуулахаар өгсөн. Тэр үед үнэ хөлс нь хэд болох бол гэж асуухад одоогоор мэдэхгүй байна зассан хойно нь ирж авахад чинь үнэ хөлс нь хэд болсныг хэлнэ гэж хариу өгсөн. Үүнээс хойш цамцаа авах гэсэн боловч миний ажил амжихгүй байсаар байгаад 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа тараад хувцас засвар дээр очиж цамцаа өмсөж үзээд төлбөрийнхөө оронд 40,000 төгрөгний саван байна. 35,000 төгрөгөөр зарж байна үүнийг төлбөртөө авах уу гэж би н.Нарангэрэлтэй ярьж байсан. Гэтэл Н.Нгэдэг оёдолчин бүсгүй намайг үг хэлэхийн зөрүүгүй заамдаж аваад хэлэх, хэлэхгүй үгээр дайрч доромжилж хажууд байсан лангуу руу түлхэж унагаасан. Тэр үед миний хүзүүнд байсан мөнгөн гинж тасарч алга болсон бөгөөд хүзүүг минь хумсаараа урж орхисон байсан учир оёдлын газраас хамт явж байсан хүнтэйгээ би Дүүргийн цагдаагийн газар очиж гомдол бичиж өгсөн. Цагдаа дээр миний бие муудсан. Адилхан эмэгтэй хүн болохоор нь зүүлтийн үнэ 350,000 төгрөгийг нэхээгүй. Мөн тухайн үеийн өдрийн цалингаа ч нэхэмжлээгүй.
2016 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэслэгч н.Мөнхбаатар намайг дуудаж таны гомдолд мэдүүлсний үндсэн дээр би хэрэг бүртгэх ажиллагааг хийлээ. Таны биед эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний гэмтэл учраагүй байна бас иргэд хоорондын маргаан учир н.Наранцэцэгт захиргааны хариуцлага тооцохоор байна гэж хэлээд Наранцэцэгийг 15,000 төгрөгөөр торгосон. Үүнээс хойш миний даралт ихсэх, толгой өвдөх, сэтгэл санаа тогтворгүй байх болсон бөгөөд би өөрөө Дэлхийн Агаарын Бохирдлыг Бууруулах Тогтвортой Хөгжил Сангийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд хүзүүгээ уруулчихаад ажилдаа очиж чадахгүй, миний нэр хүнд, миний ажил хэргийн нэр хүндэд нөлөөлөхөөр байсан тул би Эрээн явж зүү төөнүүр тавиулсан. Одоо болтол н.Наранцэцэгийн маажсан сорив арилаагүй бөгөөд энгэр задгай гаргасан цамц өмсөж болохгүй сорив гараад, тос түрхэхлээр цамцтай минь наалдаад хэцүү байдаг би Эрээн явахаасаа өмнө Эхо-д үзүүлсэн мөн эм дотроосоо авч уусан, эрээнд очоод зүү төөнүүр тавьсан, буудалд байсан, такси барьсан, Улаанбаатараас-Эрээн, Эрээнээс-Улаанбаатар хот хоёрын хооронд явж багагүй зардал гаргасан. Иймд хариуцагч нараас 1,994,935 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Харуцагч Ж.Нарангэрэл шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Алтанцэцэгийн эмчилгээний зардалд 1,994,935 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Д.А нь 2016 оны 10 дугаар сард хар хөх өнгийн малгайтай цамц засуулахаар өгсөн юм. Уг цамц нь гар ажиллагаа ихтэй байсан өөрөө гуйгаад байхаар нь арга буюу засаж өгөх болсон билээ. Үүнээс хойш цамц янзалж дуусаад үнэ хөлс нь 25,000 төгрөг болсон ирж аваарай гэж удаа дараа хэлээд 3 сарын дараа ирж авах болоход цамцны засвар муу хийсэн байна гэж миний ажлын өрөө, албан газарт минь эвдэв үгээр дайрч, давшилж хэл амаар доромжилж эхэлсэн. Энэ эмэгтэй манай найзыг эхлээд нүүрэнд чинь баланс алдагдсан гэж үг хэлээр доромжилсон. Би хажуугаар нь ороод наад хүнд чинь саван хэрэггүй гэж байна мөнгийг нь өгчихөөч гэж хэлсэн. Гэтэл чамд хамаагүй гэсэн. Ингээд л маргаан эхэлсэн. Гэхдээ энэ хүний хэлээд байгаа шиг маажсан зүйл байхгүй. Цамцаа өмсөж үзээд ямар ч янзлаагүй газраас өө сэв хэлж эхэлсэн. Ингээд хувцсаа өмсөөд гараад явах гэж байхад нь манай найз мөнгөө төл гэж хэлсэн, би цамцнаас нь татсан.Хуруу хумсаараа маажаагүй. Баянгол дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаад хэрэгсэхгүй болгосон байхад зохиомлоор Эхо-д үзүүлсэн гэх Эхо-д үзүүлэх ямар ч шаардлага байхгүй. Би тэр шарх, соривыг нь үзээгүй, эм тариа авч эмчлүүлэх, Эрээн хот явж эмчлүүлэх ямар ч шаардлага байхгүй. Ингэж хүмүүсээс мөнгө луйвардаж авч сурсан этгээд юм. Миний сэтгэл санаа энэ байдлаас болж тогтворгүй ажил хийхэд хүнд байна. Иймд Д.Алтанцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н.Ншүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Нминий бие нь 2016 оны 10 дугаар сарын дундуур найз н.Нарангэрэлээр дамжуулж Д.Алтанцэцэгийн хар хөх өнгийн малгайтай цамц засахаар авсан. Гар ажиллагаа ихтэй янзлахгүй гэсэн ч, гуйсан болохоор нь янзалсан. Ажиллагаа ихтэй байсан учраас 25,000 төгрөг болсон. Янзалж дууссан боловч өөрөө ирж авахгүй их удсан. Цамцаа авах гэж ирэхдээ мөнгө байхгүй. Харин нүүр угаадаг саван ав гэсэн. Би саван авахгүй, үр хүүхдүүдээ савангаар хооллох биш гэсэн. Тэгтэл чиний нүүрний баланс алдагдсан байна, чамд хэрэгтэй нүүр, ам чинь үрчийж өнгөө алдсан байна гэж доромжилж эхэлсэн. Саван авбал ав. Би ийм газраар үйлчлүүлдэггүй, подволийн юмнууд, би дээд зиндааны эмэгтэй, зайсанд амьдардаг гэсэн. Би цамцны малгайг авч зах болгосон байхад ердөө гар хүрээгүй, хормойн хэсгийг заагаад янз бүрийн юм ярьсан. Би тэвчээртэй байсан. Энэ эмэгтэйн ярьж, бичиж байгаа шиг зодоон, маажих зүйл болоогүй. Үндэслэлгүйгээр бусдыг доромжилж, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулж байна. Би нөхрөө өвчинөөр алдаад удаагүй. Хоёр өнчин охиноо тэжээж, яваа өрх толгойлсон ганц бие эмэгтэй. Энэ эмэгтэйгээс болж ажлаа хийж чадахгүй, байнга зүрхний эмчилгээ хийлгэж байна. 20 гаран жил энэ ажил хийхдээ иймд үйлчлүүлэгчтэй анх удаа таарч байна. Д.Алтанцэцэгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Н.Ннь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Д.А 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зодож хохирол учруулсан гэж надаас 1,994,935 төгрөг нэхэмжилж байгаа юм. Энэ асуудал нь түүний ноосон цамцыг засварлаж оёж өгсөний хөлс 25,000 төгрөгийг түүнээс гаргуулахаар нэхэж, маргасны улмаас болсон бөгөөд түүнийг зодож маажсан асуудал байхгүй. Иймд Д.Алтанцэцэгээс цамц зассан ажлын хөлс болох 25,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.А сөрөг нэхэмжлэлд тайлбар хийхдээ: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 25,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Н.Наранцэцэг, Ж.Нарангэрэл нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,994,935 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Н.Ннь нэхэмжлэгч Д.Алтанцэцэгт холбогдуулан 25,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.
Нэхэмжлэгч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 46 дугаар байрны доор байр байрлах Оёдлын газарт иргэн Ж.Нарангэрэл, Н.Ннартай маргасны улмаас иргэн Ж.Нарангэрэл нь түүний хүзүүн тус газар маажиж, гэмтэл учруулсан... гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нар нь ...уг гэмтлийг хариуцагч бид учруулаагүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэсд иргэн Д.А нь “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 46 дугаар байрны доор байр байрлах Оёдлын газарт бусдад зодуулсан” гэх гомдлыг гаргаснаар цагдаагийн байгууллага ажиллагаа хийж, улмаар 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Д.Алтанцэцэгийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилжээ. Үүний дагуу 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 357 дугаартай шинжээчийн дүгнэлт гарч, уг дүгнэлтээр Д.Алтанцэцэгийн биед цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдож, уг гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ.
Улмаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэрээр иргэн Ж.Нарангэрэлийг захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу жижгээр танхайрсан гэж үзэн 15,000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулсан байна.
Хариуцагч Ж.Нарангэрэл нь тухайн захиргааны шийтгэлийг хүлээн зөвшөөрч 15,000 төгрөгийн торгуулийг төлсөн гэх тайлбарыг гаргаж байх төдийгүй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 357 дугаартай дүгнэлттэй танилцсан боловч гомдол гаргаагүй гэх тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч Ж.Нарангэрэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн цээжин тус газарт маажиж гэмтэл үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хариуцагч Ж.Наранцэцэг нь нэхэмжлэгчийн биед гар хүрсэн, хүзүүнд үүссэн гэмтлийг учруулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Д.А нь тухайн гэмтлийг эмчлүүлэхийн тулд эмчилгээний зардалд 263,500 төгрөг, мөнгөн зүүлт ээмэгний үнэ 150,000 төгрөг, Улаанбаатараас Эрээн рүү явж, ирсэн зардал 193,900 төгрөг, БНХАУ-ын Эрээн хотод очиж эм тариа хийлгэсэн болон зочид буудал, хоолны төлбөр, таксины зардалд 1,387,535 төгрөг, нийт 1,994,935 төгрөгийг нэхэмжилж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлдэг.
Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Бүсгүй” эмнэлэгт эход харуулан 60,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд ийнхүү үзүүлсэн болох нь шинжээчийн 357 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч нарыг өөрийг нь түлхсэн, хүзүүнд нь гэмтэл учруулсаны улмаас эход харуулсан гэдгийг үгүйсгэх боломжгүй байх тул “Бүсгүй” эмнэлэгт эход харуулахад төлсөн 60,000 төгрөгийг хариуцагч Ж.Нарангэрэлээс гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин хэргийн 9, 10, 13, 98, 100, 101 талд авагдсан нийт 1,934,935 төгрөгийн баримтууд нь нэр, тамга тэмдгүүд хоорондоо зөрүүтэй, уг баримтуудад дурдсан эм тариануудыг тухайн гэмтлийг эмчлэхэд зориулж авсан болох нь тодорхойгүй, БНХАУ-ын Эрээн хотруу тухайн гэмтлийг эмчлүүлэхээр явсан эсэх нь эргэлзээтэй байх тул тухайн хэрэгт хамааралтай гэж үзэх боломжгүй байна.
Иймд хариуцагч Ж.Нарангэрэлээс 60,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Алтанцэцэгт олгож, үлдэх 1,934,935 төгрөгний нэхэмжлэлийг болон хариуцагч Н.Наранцэцэгт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Талууд нэхэмжлэгч Д.Алтанцэцэгийн цамцыг зассан ажлын хөлс нь 25,000 төгрөг болсон гэдэгт маргахгүй байх ба уг 25,000 төгрөгийг төлөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Ж.Наранцэцэгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Нарангэрэлээс 60,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Алтанцэцэгт олгож, үлдэх 1,934,935 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч Н.Наранцэцэгт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Наранцэцэгийн нэхэмжилсэн 25,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.А төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөг, хариуцагч Н.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Нарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Алтанцэцэгт, нэхэмжлэгч Д.Алтанцэцэгээс 4,550 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Наранцэцэгт тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ
Ч.МӨНХЦЭЦЭГ