Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан,

Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 89 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2207000000061 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух,

Урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

******* овогт *******гийн ******* /РД:*******/

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ж.******* нь *******,******* тоот хашаанд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн хашаанд байрлуулсан портер машины бүхээг ачааг зарын дагуу үзэхээр ирсэн Д.тэй “хашаанд зөвшөөрөлгүй орж ирлээ” гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар түүний нүүр, нүд хэсэгт гараараа халдаж эрүүл мэндэд нь  “баруун нүдний салстын урагдал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ж.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Гэртээ унтаж байтал хүн хашаа даваад ороод ирлээ гэхээр нь халамцуу байсан тул босоод карказ үзнэ гэсэн хүмүүстэй хашаа давж орж ирлээ, мод хугаллаа гэдэг шалтгаанаар маргалдаж муудалцсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Д.ийн мэдүүлэг /хх-5/, гэрч Т.ын мэдүүлэг /хх-7/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-9-10/, гэрч Г.гийн мэдүүлэг /хх-12/, шинжээч эмчийн 114 дугаартай дүгнэлт /хх-16-17/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...шүүгдэгч Ж.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Үүнд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Харин эсрэгээрээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Ж.******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол төлбөртэй холбоотой асуудлыг төлж барагдуулсан талаараа дурдаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд 450.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ж.ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн орчим *******,******* тоот хашаанд байрлуулсан портер машины бүхээгийг зарын дагуу үзэхээр ирсэн Д.тэй “хашаанд зөвшөөрөлгүй орж ирлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүр хэсэгт нь халдаж нүдэнд нь хуруугаа хийн эрүүл мэндэд нь баруун нүдний салстын урагдал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ж.ын өгсөн: “... намайг 18 цагийн үед сэрээгээд хашаагаар хүн давж орж ирээд байна гэсэн. Тэгэхээр нь би гараад очтол гурван залуу байж байсан. Яагаад хашаа давж орж ирж байгаа юм гээд асуухад нэг залуу нь би ахын дүү нь байна. Би энэ машины бүхээг үзүүлэх гээд ирсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаалгаараа орж ирээд үзэхгүй яасан юм гээд муудалцсан. Тэгээд тэр найзын дүүг би нэг удаа цохисон. Тэгээд тэй нь зууралдаад авсан. Тэгэх үедээ нүд хэсэг рүү нь хуруугаа хийчихсэн юм шиг байна лээ гэхдээ би хуруугаа хийсэн талаар бол мэдэхгүй байна. Тэгээд уурлаад би бүгдийг нь хөөгөөд гаргачихсан юм...Би нэг шил архи нэг хүнтэй хувааж уучхаад гэртээ унтаж байсан. Би согтолттой бол байсан. Гэхдээ болсон явдлын талаар бол бүгдийг санаж байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 30 дугаар тал/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Д.ийн өгсөн: “Би портерын бүхээг авах гээд хайж байсан. Тэгэх үед манай хүүхэд надад “манай найзын ах зарна гэж байна. Та үзэх юм уу” гээд надаас асуусан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хүүгийн найз гэх найзыг нь дагуулаад ахынх руу нь явсан. Тэгээд гэрийн гадаа нь очоод хартал төмөр сараалжин хашаа байсан. Тэгээд хэсэг гаднаас нь харж зогсож байгаад хүн байхгүй байх шиг байна. Та хашааг нь даваад ороод үзчих гэхээр нь би зөвшөөрөөд хашаа давж ортол тухайн хашаан дотор байшин дотроос юун хүмүүс яах гэж байгаа юм гээд асуусан. Тэгэх үед нь эгчээ энэ бүхээг үзэх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тухайн машины бүхээгийг үзээд зогсож байтал зүс таних г гарч ирээд гэх хүүхдийг хоёр удаа цохиод авсан. Тэгэхээр нь би очоод бариад автал миний нүд рүү хуруугаа хийчихсэн. Тэгэхээр нь би тонгойгоод зогсож байтал г ална шүү гөлөг минь тануус нэртэйгээр нь гэрт ороод амьдарчих гээд дайраад байсан...Би нүдэндээ 7 оёдол тавиулсан. Миний нүд бол зүгээр харж байгаа. Гэхдээ одоо бол тариа хийлгээд байж байгаа...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 5 дугаар тал/

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.ын өгсөн: “...Тэгээд очоод үзэхэд төмөр завсартай хашаа байсан. Тэгээд бид гурав хашааны гаднаас харж зогсож байгаад хүн байна уу гээд орилоод байхад хүн гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь давж орохоор болоод бид гурав давж ороод үзээд зогсож байтал байшин дотроос нэг ах гарч ирээд ыг 2-3 удаа цохисон. Тэгээ , би, ахын дүү байна гэсэн чинь тэр чинь надад хамаагүй гээд дайраад байсан. Тэгэхээр нь би очоод салгасан чинь намайг цохих гээд байсан. Тэгэхээр нь би холдсон чинь манай аав болох ийг хашаанаас аваад гарах үед аавын нүд хэсгээс цус гараад байсан. Тэгээд тухайн үед болох аав нүд рүү гараа хийчихлээ гэж хэлж байсан. Тэгээд тухайн үедээ шууд гэр лүү харьсан. Тэгсэн ээж үзээд чи эмнэлэг яв гээд эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 7 дугаар тал/

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.ын өгсөн: “... очоод үзье хаана байгаа юм гэхээр нь манай ахын найзын хашаанд байгаа гээд 17 юм уу 18 цагийн үед тай уулзахад ахыг дагуулаад хүрээд ирсэн. Тэгээд бид гурав Налайх дүүргийн Онцгой байдлын арын хашаанд хүн байхгүй байсан. Тэгэхээр нь хашааны гаднаас хэсэг харж зогссон чинь ах төмрийг нь харчихмаар байна гэсэн. Тэгэхээр нь за ахаа давж ороод үзчих үү? гээд давж ороод үзээд зогсож байтал байшин дотроос нэг эмэгтэй цонхоор юун хүмүүс вэ гэхээр нь би ахын дүү нь байгаа юм портер машины бүхээг хүнд үзүүлэх гээд ирсэн юм. Та нар гарч ирэхгүй байхаар нь хашаа луу чинь зөвшөөрөлгүй орчихлоо гэсэн чинь нөгөө эмэгтэй наана чинь хаалга байгаа биз дээ хаалгаар ор гэхээр нь би хаалгаар нь орсон. Тэгээд удалгүй ахын найз г гэх хүн гарч ирээд та нар яахаараа манай хашаанд дураараа орж ирдэг юм гээд шууд дайраад эхэлсэн. Тэгэхээр ахаа би ахын дүү нь байгаа юм машины бүхээг үзүүлэх гээд хүрч ирсэн чинь та гарч ирэхгүй байхаар нь орчихлоо гэсэн чинь г ах миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би ахад хэлэх гэсэн чинь тэр чинь надад хамаагүй гээд ах руу дайраад чи яахлаараа манай хашаанд хүүхдүүд дагуулж орж ирдэг юм гээд дайраад байсан. Тэгсэн ах би зарын дагуу явж байна би айлын хашаа гэж мэдээгүй гэсэн чинь г ах ахын нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд салгаад бид гурав хашааны гадаа гарч ирэх үед ахын нүд хэсэг нь улайчихсан цус гарчихсан байсан...гэртээ байж байх үед над руу залгаад г гэх ах чинь аавын нүд рүү гараа хийчихсэн юм шиг байна. Бид нар эмнэлэг явж байна гэж хэлсэн...Миний биед бол ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 9 дүгээр тал/

 

5. Мөрдөн байцаалтад гэрчээр Г.гийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэртээ би нөхөр *******, охин, 2 зээгийн хамт байж байх үед 18 цагийн үед гадаа хашаа дуугараад байсан. Тэгэхээр нь цонхоор хартал 1 хүн даваад орчихсон. Дахиад нэг хүн нь болохоор даваад байж байсан. Тэгэх үед би цонхоо онгойлгоод хөөе юун хүмүүс вэ, хулгай хийх гээд байгаа юм уу гэж хэлтэл хашаа даваагүй байсан нэг хүүхэд нь эгчээ би энэ хашаанд орж энэ бүхээгийг энэ хүнд үзүүлэх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи наад хаалга үүдээр нь ор эзэнд нь мэдэгдэж болдоггүй юм уу гэж хэлчхээд ыг сэрээгээд гадаа 3 хүн хашаа давж орж ирээд машины бүхээг үзнэ гээд ороод ирлээ чи уулзаад учрыг нь олоодох гэж хэлсэн. Тэгэх үед ******* босоод хувцаслаад гарсан. Тэгээд би гэрт хүүхэд унтуулах гээд байж байсан учраас дагаж гадагшаа гараагүй...Гадаа шуугилдаад маргалдаад байсан. Тэгэхээр нь би араас нь хүүхдээ тавьчхаад гартал тухайн үед орж ирсэн 3 хүн манай хашааны хаалгаар гараад явж байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12 дугаар тал/

6. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/114 дугаар: “Д.ийн биед баруун нүдний салстын урагдал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 17 дугаар тал/

7. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 18-19 дүгээр тал/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 48 дугаар тал/

9. шүүгдэгч Ж.ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 40-53 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ж.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Д.ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.******* нь хохирогч Д.ийн нүүрэн хэсэгт нь гараараа халдаж нүдэнд нь хуруугаа хийсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/114 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Ж.ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ж.ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.ийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан. Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Ж.ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

     Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.ыг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

   5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ