Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/983

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Л.Соёмбо,

Шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Ж-ы Ж т холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805047331047 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, Төв аймгийн Заамар сум “Б” ХХК-нд дээд машинч ажилтай, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамтаар Баянзүрх дүүргийн .... тоотод оршин суудаг хаягтай, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, Х  овогт Ж-ы Ж  /РД: /

Холбогдсон хэргийн талаар /яллах дугнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Ж.Ж нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир” худалдааны төвийн гадна иргэн Г.Б-н эзэмшлийн 74-03 УБК улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн авто машины зүүн хойд талын их гэрэл, гар утас, зэрэг эд зүйлсийг хувийн шалтгааны улмаас хууль бусаар устгаж гэмтээн нийт 1,273,000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед Болорчимэгтэй уулзсан. Уурхай дээр байхдаа Болорчимэгтэй чатаар танилцсан ба төрсөн өдрийг нь тэмдэглэхээр тохирсон байсан. Тэгээд караокед байхдаа архи нэлээн уусан ба гарч тамхилсанаас хойш юу болсноо санахгүй байна. Болормаагийн нэхэмжилсэн хохирлыг дансаар мөнгө шилжүүлж төлсөн” гэв.

Хохирогч Г.Б мэдүүлэхдээ: “..Намайг караокед орсоноос хойш бэлэг өгөөд караокед бид нар дуулаад байж байтал манай ээж надруу утсаар залгаад ажил тарсан намайг ирээд аваадах гэж хэлэхээр би явлаа ээж маань 

залгаад байна гэж хэлээд дүүгээ түрүүлж гараад машиндаа сууж бай гээд гаргасан тэгээд би араас нь гарах гэтэл Ж  согтчихоод намайг явуулахгүй гээд гарнаас барьж аваад караокены өрөөнд буланд шахаад намайг явуулахгүй хэсэг байж байгаад би явахгүй бол болохгүй дараа дахиад уулзъя гэж хэлтэл за гээд намайг караокеы өрөөнөөс гаргасан. Би гараад машиндаа суугаад хөдлөх гэтэл Ж  миний машины ард зогсоод хөдлөхгүй явуулахгүй чи буугаад ир гээд байхаар нь чи холдчихоо гэж хэлээд буугаад очтол Ж  миний машины зүүн гар талын хойд гэрлийг гараараа цохиод хагалчихаар нь чи холдохгүй бол би цагдаа дуудлаа гэж хэлээд гар утсаа гаргатал миний гар усыг надаас булааж газар шидчихээр нь очоод утсаа авсан чинь дэлгэц нь цуурсан гэхдээ ажиллаж байсан гэтэл Ж  дахиад аваад шидчихсэн бүр ажиллагаагүй болгосон ...” гэжээ. /хх 19-20, 35-36/

Гэрч Э.Б мэдүүлэхдээ: “...Намайг байх хугацаанд ямар нэгэн хоорондоо муудалцсан хоорондоо утас шидэлцсэн асуудал болоогүй. Харин маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр манай найз Бямбасүрэн танай найз Ж  чинь цуг явсан эмэгтэйтэй муудалцаад цагдаа дуудаж Ж  эрүүлжүүлэхэд орсон гэж ярьсан. Үүнээс хойш Ж  мөн надруу утсаар залгаж чи яагаад намайг орхиод явсан юм бэ би найз охинтойгоо муудаад эрүүлжүүлэхэд орсон байна гэж хэлэхээр нь чи намайг өөрөө яв гээд хөөгөөд байсан учраас би түрүүлээд явсан гэж хэлсэн...” /хх 37-38 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх 23-24/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Ж.Ж нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир” худалдааны төвийн гадна иргэн Г.Б-н эзэмшлийн 74-03 УБК улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн авто машины зүүн хойд талын их гэрэл, гар утас, зэрэг эд зүйлсийг хувийн шалтгааны улмаас хууль бусаар устгаж гэмтээн нийт 1,273,000 төгрөгийн хохирол учруулсан” болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Г.Б-н: “..Намайг караокед орсоноос хойш бэлэг өгөөд караокед бид нар дуулаад байж байтал манай ээж надруу утсаар залгаад ажил тарсан намайг ирээд аваадах гэж хэлэхээр би явлаа ээж маань залгаад байна гэж хэлээд дүүгээ түрүүлж гараад машиндаа сууж бай гээд гаргасан тэгээд би араас нь гарах гэтэл Ж  согтчихоод намайг явуулахгүй гээд гарнаас барьж аваад караокены өрөөнд буланд шахаад намайг явуулахгүй хэсэг байж байгаад би явахгүй бол болохгүй дараа дахиад уулзъя гэж хэлтэл за гээд намайг караокеы өрөөнөөс гаргасан. Би гараад машиндаа суугаад хөдлөх гэтэл Ж  миний машины ард зогсоод хөдлөхгүй явуулахгүй чи буугаад ир гээд байхаар нь чи холдчихоо гэж хэлээд буугаад очтол Ж  миний машины зүүн гар талын хойд гэрлийг гараараа цохиод хагалчихаар нь чи холдохгүй бол би цагдаа дуудлаа гэж хэлээд гар утсаа гаргатал миний гар усыг надаас булааж газар шидчихээр нь очоод утсаа авсан чинь дэлгэц нь цуурсан гэхдээ ажиллаж байсан гэтэл Ж  дахиад аваад шидчихсэн бүр ажиллагаагүй болгосон ...” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Б-н: “...Намайг байх хугацаанд ямар нэгэн хоорондоо муудалцсан хоорондоо утас шидэлцсэн асуудал болоогүй. Харин маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр манай найз Бямбасүрэн танай найз

 

 

 

Ж  чинь цуг явсан эмэгтэйтэй муудалцаад цагдаа дуудаж Ж  эрүүлжүүлэхэд орсон гэж ярьсан. Үүнээс хойш Ж  мөн надруу утсаар залгаж чи яагаад намайг орхиод явсан юм бэ би найз охинтойгоо муудаад эрүүлжүүлэхэд орсон байна гэж хэлэхээр нь чи намайг өөрөө яв гээд хөөгөөд байсан учраас би түрүүлээд явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /хх 23-24/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 46/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Ж т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан /хх 36/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Ж.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х  овогт Ж-ы Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х  овогт Ж-ы Ж ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Ж.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
 
  1. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Ж т урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжпүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ