Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2498

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 45-106 тоотод оршин суух, Батдэмбэрэлийн Чулуунбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Чулуунбат, түүний өмгөөлөгч Ж.Жавзандулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Б.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Ч миний бие 33 настай, дээд боловсролтой, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. У -ын Улаанбаатар Зорчигч үйлчилгээний төв буудлын Инженер-эдийн засагчаар 12 ажиллаж байгаа. Ажиллаж байх хугацаандаа ажилдаа ямар нэгэн зөрчил гаргаж, арга хэмжээ авахуулж байгаагүй. Гэтэл У -ын дарга Д.Жигжиднямаа нь надад урьдчилан мэдэгдэл өгөлгүйгээр 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Б-2-88 тоот тушаалаар..., хуурамч бичиг баримт бүрдүүлж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 5 хоногийн ажил тасалж..., ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас гэнэт халсан юм. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 2017 оны 4 дүгээр  сарын 25-ны өдрөөс хэт ядаргаанд орсноос өвдөж, улмаар шатнаас халтирч унахдаа хуучин бэртэлтэй байсан хавиргаа хөндөж цээжин хэсгийн газарт хүчтэй өвдөн ГССҮТ-ийн мэргэжлийн эмчид хандан үзүүлж эрүүл мэндийн дэвтэртээ бичилт хийлгэж, эмчийн зөвлөгөө авсан. Тэгээд надад 3 хоногийн акт бичиж өгсөн. Энэ хугацаанд миний бие сайжраагүй ба улмаар цагаан мах эргэж, бие их зовиуртай байсан. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын сарын 29-ний өдөр буюу амралтын өдөр найздаа хандаж, түүний танилаар дамжуулан 3-р эмнэлэгийн ерөнхий мэс заслын тасгийн их эмч н.Чулуунцэцэгт үзүүлсэн ба ажлын 5 хоногийн акт бичиж өгсөн. Энэ эмчийн бичиж өгсөн актыг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэж ажлаас халсан тушаал гаргасанд гомдолтой байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 6,997,896 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон  болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

       Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайбартаа: Нэхэмжлэгч Б.Чулуунбатын гаргасан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх  тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Зорчигч үйлчилгээний төв буудлын Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай албан бичгийн мөрөөр хийгдсэн Дотоод аудит, хяналтын албаны 61/04/26 дугаар бүхий шалгалтын явцад илэрсэн эдийн засагч Б.Чулуунбатын эмнэлгийн магадлагаанд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн  “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ын дагуу хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтын явцад Б.Чулуунбатын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн эмнэлгийн магадлагаа,  2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн магадлагааг зохих журмын дагуу олгогдсон эсэх талаар шалгаж тодруулсан. 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн үйл явц нь зохих журмын дагуу цахим бүртгэлд бүртгүүлэн, их эмч Б.Батболдод үзүүлсэн байдаг. Эмч үзлэгээр Б.Чулуунбатад баруун талын 5-7 дугаар хавирганы хугарал сэдэрсэн оношоор 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл гурав хоногийн эмнэлгийн магадлагаа олгосон байв. Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн их эмч Чулуунцэцэг нь Б.Чулуунбатад  цус алдалттай шамбрам оноштойгоор 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл долоо хоногийн актыг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр олгосон байдаг. Б.Ч нь “Цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын алба”-ны эдийн засагч Д.Хадбаатарт хандаж, түүгээр дамжуулан Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн захиргааны ажилтан Ц.Болормаатай холбогдон тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ч.Чулуунцэцэгт үзүүлж 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөр эмнэлгийн хуурамч магадлагааг нөхөн  бичүүлсэн байдаг. Тэрээр  хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн таван өдрийн ажил тасалсан нь Дотоод аудит, хяналтын албаны шалгалтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн гэрээний 7.2.1-т заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг /сахилгын ноцтой зөрчил гаргасан / 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр цуцалж, мөн өдөр тушаалыг гардуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар болон хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Б.Ч нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б-1-22 тоот тушаалаар “Зорчигч үйлчилгээний төв буудал”-ын Инженер-эдийн засагчаар томилогдон ажиллаж байсан ба тус газрын даргын 2017 оны 5 дугаар 22-ны өдрийн Б-2-88 дугаартай тушаалаар Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын инженер-эдийн засагчийн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Зорчигч үйлчилгээний төв буудал нь 2017 онд Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудал болон өөрчлөгдсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь нэхэмжлэгч Б.Чулуунбаттай Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын инженер-эдийн засагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба талууд маргахгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Чулуунбатад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ ...нэхэмжлэгч Б.Ч нь Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн их эмч Б.Чулуунцэцэгт үзүүлснээр  2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 05-ны хооронд ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагааг олгосон байдаг. Уг магадлагааг олгохдоо 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн огноотойгоор олгосон төдийгүй Б.Чулуунбатыг эмнэлэгт үзүүлсэн талаар тус эмнэлгийн цахим бүртгэлд бүргэгдээгүй байсан тул манай байгууллагын Дотоод аудит, хяналтын албаны шалгалтаар “Б.Чулуунбатыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгсөн” гэж дүнгэсэн. Иймд Б.Чулуунбатыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан 3 хоног буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан” гэж үзэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан... гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ... ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар шууд зогсоох “ноцтой зөрчил” гэдгийг хөдөлмөрийн гэрээгээр талууд тохиролцсон байхыг шаарддаг.

Гэтэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Чулуунбатыг Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын инженер-эдийн засагчийн ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан 3 хоног буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан” гэх  ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.Ч нь Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн их эмч Б.Чулуунцэцэгт үзүүлснээр эмч Б.Чулуунцэцэг нь 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагааг олгосон болох нь эмч Б.Чулуунцэцэгийг У -ын удирдах газарт гаргаж байсан тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Чулуунбаатарыг тус эмнэлгийг магадлагааг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2017 оны 5 дугаар 22-ны өдрийн Б-2-88 дугаартай ”Б.Чулуунбатыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг үндэслэлгүйгээр гарсан, Б.Чулуунбатыг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт буюу 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт ажлын 83 өдрийн цалинд 6,997,896 төгрөгийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч Б.Чулуунбатын сарын дундаж цалин нь 1,658,126 төгрөг, 1 өдрийн дундаж цалин нь 84,312 төгрөг болох нь хариуцагч талаас ирүүлсэн дундаж цалингийн тооцоо гэх баримт, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сард ажлын 8 өдөр, 6 дугаар сард ажлын 22 өдөр, 7 дугаар сард ажлын 16 өдөр, 8 дугаар сард ажлын 23 өдөр, 9 дүгээр сард ажлын 14 өдөр, нийт 83 өдөр ажилгүй байсан байх тул хариуцагч  байгууллага нь нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин олговорт 6,997,896 /83 өдөр*84312 төгрөг/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Чулуунбатыг урьд эрхэлж байсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын инженер-эдийн засагчийн ажилд  эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны /2017.05.22-2017.09.20/ цалинтай тэнцэх олговорт 6,997,896 төгрөгийг  хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын  болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д даалгах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118,160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон  

                                                                                                                               ТОГТООХ нь:  

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2,  69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Батдэмбэрэлийн Чулуунбатыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудлын инженер-эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,997,896 төгрөгийг  хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Чулуунбатад олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чулуунбатын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-аас улсын тэмдэгтийн хураамжид 126,916 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Х.ЭНХЗАЯА