Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2017/00378/и/ |
Дугаар | 142/ШШ2017/00557/ |
Огноо | 2017-05-17 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2017/00557/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаан чулуут баг 7а-4-405 тоотод оршин суух Заан булагт овогт Эрдэнийн Энхтөр /ЦБ85021311/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-6-35 тоотод оршин суух Лигдэн түшиг овогт Энх-Амарын Халиунаа /ХГ88030265/-д холбогдох,
Зээлийн төлбөр 3 489 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Энхтөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэзаяа, хариуцагч Э.Халиунаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Миний бие өөрийн танил Э.Халиунаад Худалдаа хөгжлийн банкнаас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 13 500 000 төгрөгийн цалингийн зээл авахад нь түүний гуйлтын дагуу батлан даагч болж тусалсан юм. Гэтэл Э.Халиунаа нь зээлээ аваад ажлаасаа чөлөө аван АНУ руу сураггүй алга болоод жилийн дараа ирсэн. Энэ хугацаанд би өөрийн цалингаасаа орон сууцны зээлээ төлөөд үлдсэн мөнгө нь тэр чигээрээ Э.Халиунаагийн зээлэнд төлөгдөж байсан. Эхнэр маань ажилгүй ба, би цалин авалгүй 10 сар болж өөрөө ч тодорхой хэмжээний өрөнд орсон. Халиунаагаас хэд хэдэн удаа мөнгө нэхэмжилсэн боловч одоог болтол төлөөгүй байгаа тул Э.Халиунаагаас 10 сар өмнөөс нь төлсөн зээлийн төлбөр болох 3 489 940 төгрөгийг нэхэмжилж байна.
Би Халиунаагийн нөхөртэй 2014 онд хамтарч “7D cinema” кино театр ажиллуулж эхэлсэн. Бүтэн жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаад Халиунаа болон түүний нөхөр Санчир нар Америк улс руу явах болсноор үйл ажиллагаа зогссон. Бидэнд 2015 онд тус кино театрт санхүүгийн болон тоног төхөөрөмжийн тал дээр мөнгө зарцуулах шаардлага байгаагүй. Халиунаа нь 2015 онд авсан зээлээ 2014 онд үйл ажиллагаа явуулсан кино театрт зарцуулсан байж таарахгүй. Мөн Халиунаа нь 2015 оны 09 дүгээр сард нөхрийн хамт Америк явах гэж байгаа замын зардал шаардлагатай байгаа бөгөөд цалингийн зээл авах гэсэн боловч батлан
даагч олдохгүй байна Энхтөр чи тус болооч гэж эхнэр бид хоёроос гуйсан юм. Тийм учраас Халиунаа нь шүүхэд худал тайлбар өгсөн байна. Халиунаа нь цалингийн зээлээсээ болж нөхөртэйгээ маргаантай байгаа талаараа бидэнд ярьж байсан. Ийм учраас би ерөнхийдөө гэр бүлийн маргааны дунд хохирогч болоод байна. Халиунаагийн шүүхэд өгсөн тайлбар бүгд худал тул өөрийн биеэр шүүх хуралд оролцохгүй өмнөөсөө төлөөлөгч оруулж байна. Иймд үнэн учраа ололцохын тулд Халиунааг өөрийн биеэр шүүх хуралд ирүүлэхийг хүсч байна гэжээ.
Нэхэмжлэгч Э.Халиунаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбараас 2015 оны 09 сарын 23-ны өдөр 13 500 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Уг зээлийг Э.Энхтөр, нөхөр Б Санчир Заяа /Энхтөрийн эхнэр/ нартай хамтран Уурхайчин соёлын ордонд тухайн ажиллуулж байсан 7D кино театрын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор авсан. Ийнхүү цалингийн зээлийг авах үед өөрсдийн хамтын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор авч байгаа тул Э.Энхтөр Худалдаа хөгжлийн банктай 2015 оны 09 сарын 23-ны өдөр цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ байгуулан батлан даагчаар орсон. Тодруулбал банкнаас зээлж авсан 13 500 000 төгрөгийг би өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулах зорилгоор аваагүй бөгөөд нөхөр Б.Санчир нь кино театрын үйл ажиллагаанд зарцуулна хэмээн мөнгийг бүгдийг нь авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар түүнийг батлан даагчаар оруулах талаар гуйсан зүйл надад байхгүй ба хамтын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор авч байсан тул Э.Энхтөр нь өөрийн сайн дураар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж банктай гэрээ байгуулж батлан даасан. Э.Энхтөр бид хоёрын хооронд зээлийн төлбөрийг батлан даагч төлсөн тохиолдолд зээлдэгчээс батлан даагч төлбөрөө шаардах талаар харилцан тохиролцсон тохиролцоо байхгүй юм. Учир нь 13 500 000 төгрөгийг Э.Энхтөр, Б.Санчир, Заяа бидний тухайн үед хамтран ажилуулж байсан 7D кино театрийн үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор зээлж авсан болно. 7D кино театрийн тоног төхөөрөмжийг миний бие нөхөр Санчиртай хамтран худалдаж авсан ба одоогоор Э.Энхтөр, Заяа нарын эзэмшилд байгаа болно. Бид тус кино театрыг хамтран ажилуулж байсан бөгөөд бүгд ажилтай тул театрыг Э.Энхтөрийн эхнэр Заяа нь ажилуулж олсон орлогоо 70 хувийг тоног төхөөрөмжийн өмчлөгч болох нөхөр бид хоёр, 30 хувийг нь Э.Энхтөр, Заяа нар авдаг байсан. Би болон нөхөр Б.Санчир нь 2015 онд АНУ-руу явсан цагаасаа хойш Э.Энхтөр болон түүний эхнэрээс хамтран ажиллах хугацааны орлогоос нэг ч төгрөг аваагүй. Энэ хооронд олсон ашиг орлогоо тэд өөрсдөө авч байсан атлаа одоо 3 489 940 төгрөгийг нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Энхтөр нь хариуцагч Э.Халиунаад холбогдуулан “батлан даалтын гэрээний үүргийн дагуу төлсөн 3 489 940 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Э.Энхтөр нь, хариуцагч Э.Халиунааг 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цалингийн зээл 13 500 000 төгрөг авахад нь батлан даагчаар орж, батлан даалтын гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй бөгөөд, хэргийн 3-7 дугаар хуудас дахь цалингийн зээлийн гэрээ, цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ, цалингийн зээлийн барьцааны гэрээ, зээлийн дансны хуулгууд, зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “...Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбараас 2015 оны 09 сарын 23-ны өдөр 13 500 000 төгрөгний цалингийн зээл авсан. Уг зээлийг Э.Энхтөр, нөхөр Б Санчир, Заяа /Энхтөрийн эхнэр/ нартай хамтран Уурхайчин соёлын ордонд ажиллуулж байсан 7D кино театрын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор авсан. Цалингийн зээлийг өөрсдийн хамтын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор авсан тул Э.Энхтөр Худалдаа хөгжлийн банктай 2015 оны 09 сарын 23-ны өдөр цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ байгуулан батлан даагчаар орсон. Банкнаас зээлж авсан 13 500 000 төгрөгийг би өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулах зорилгоор аваагүй, нөхөр Б.Санчир нь кино театрын үйл ажиллагаанд зарцуулна хэмээн мөнгийг бүгдийг нь авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар түүнийг батлан даагчаар оруулах талаар гуйсан зүйл надад байхгүй, хамтын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор авч байсан тул Э.Энхтөр нь өөрийн сайн дураар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж банктай гэрээ байгуулж батлан даасан. Э.Энхтөр бид хоёрын хооронд зээлийн төлбөрийг батлан даагч төлсөн тохиолдолд зээлдэгчээс батлан даагч төлбөрөө шаардах талаар харилцан тохиролцсон тохиролцоо байхгүй...” тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн.
Хариуцагчийн, цалингийн зээл 13 500 000 төгрөгийг Э.Энхтөртэй хамтран ажиллах зорилгоор авсан... гэсэн тайлбар татгалзал нотлогдоогүй бөгөөд, нөхөр Б.Санчир нь кино театрын үйл ажиллагаанд зарцуулна хэмээн мөнгийг бүгдийг нь авсан гэсэн тайлбараар Э.Энхтөр уг мөнгийг аваагүй болох нь нотлогдож байна.
Хариуцагч тал: “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар түүнийг батлан даагчаар оруулах талаар гуйсан зүйл надад байхгүй, хамтын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор авч байсан, Э.Энхтөр нь өөрийн сайн дураар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж банктай гэрээ байгуулж батлан даасан... “ гэсэн тайлбар гаргаж байх ба, Э.Энхтөр нь Э.Халиунааг цалингийн зээл авахад нь батлан даалтын гэрээ байгуулсан нь өөрийн авсан цалингийн зээлийг төлөхөөс чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн түүнчлэн Э.Энхтөр бид хоёрын хооронд зээлийн төлбөрийг батлан даагч төлсөн тохиолдолд зээлдэгчээс батлан даагч төлбөрөө шаардах талаар харилцан тохиролцоогүй гэсэн хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасан.
Тиймээс Э.Энхтөр нь Э.Халиунаагаас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар батлан даалтын гэрээний дагуу Э.Халиунаагийн цалингийн зээлийг түүний өмнөөс төлсөн төлбөрөө шаардах эрхтэй.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Э.Энхтөрийн Худалдаа хөгжлийн банкны харилцагчийн монгол хуулгаар “мэдэгдэл болон батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлдэгчийн зээл төлөв” гэсэн төлөвтэй /утга нь/, нийт 3 489 940 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд төлсөн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаар 70 789 төгрөг улсын орлогод оруулсныг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 789 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан Э.Халиунаагаас 3 489 940 төгрөг гаргуулан Э.Энхтөрд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Э.Халиунаагийн хилээр гарах эрхэд хориг тавьсан, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШЗ2017/01945 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА