Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2019/0316/З |
Дугаар | 128/ШШ2019/0597 |
Огноо | 2019-12-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2019/0597
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: “БСБ э” ХХК.
Хариуцагч: ШӨХТГ.
Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Х 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0005548 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй” болгох шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч П.Х нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “БСБ э” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ж шүүхэд гаргасан гомдолдоо: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Иргэн А.Э-ийн гаргасан гэмтэлтэй телевизор зарсан гэсэн гомдлоор манай компанид зөрчлийн хэрэг үүсгэж шалгасан. Энэ шалгалтын явцад тухай телевизор үйлдвэрийн гэмтэлтэй биш байсан нь тогтоогдож зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Гэтэл энэ хэрэгтэй хамааралтайгаар манай компанийг Монгол хэлний тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Монгол хэлний тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн торгууль ногдуулсан нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа манай компанийг илтэд хохироож байна” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч н.Х-д иргэдээс гэмтэлтэй бараа худалдаалсан гэж гаргасан гомдолд зөрчлийн хэрэг үүсгэж шалгасан. Шалгалтын явцад гэмтэлтэй бараа биш гэдэг нь тогтоогдсон байсан. Монгол хэлний тухай хуулийг зөрчсөн гэж манай компанийг торгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна:” гэсэн ерөнхий заалт байна. Манай компанийн үйл ажиллагаа бүх бичиг баримтууд монгол хэл дээр явагддаг. Монгол хэл дээр үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэл бол байхгүй. Үйлдвэрлэгчээс бараанд дагалдуулж өгдөг зааварчилгааг монгол хэл дээр байх ёстой гэсэн шаардлагыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тавиж байгаа юм. Бид тодорхой хэмжээнд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэггүй. Тухайн борлуулж байгаа барааны гарын авлагыг монгол хэл дээр хэвлэх зөвшөөрлийг авах гэтэл Монгол улсын худалдан авалт тодорхой түвшинд хүрдэггүй учраас бүртгэж өгдөггүй.
Аюулгүй ажиллагааны шаардлагыг зурган хэлбэрээр тайлбарласан байдаг. Шийтгэлийн хуудсанд компанийн нэрийг буруу бичсэн байдаг. Яагаад гэвэл БСБ гэдэг компани бол байхгүй. Манай компанийн нэр “БСБ Э” гэдэг нэршилтэй. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ШӨХТГт иргэн А.Э болон нөхөр С.С нараас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан “БСБ” компаниас телевизор худалдан авсан бөгөөд баталгаат хугацаандаа эвдэрсэн. Телевизорын гэмтлийг “БСБ э” компаниас шалгаад манайд хамаарахгүй, баталгаат хугацаа үйлчлэхгүй гэсэн тул шалгаж өгнө үү” гэх гомдол, мэдээллийн дагуу Нийслэлийн Прокурорын газарт бүртгүүлэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1902000073 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “БСБ э” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 9.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2019 оны 03 сарын 29-ний өдрийн 0005548 дугаартай шийтгэлийн хуудсаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх шалтгаан:
1. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад тухайн телевизор нь үйлдвэрийн гэмтэлтэй биш байсан нь тогтоогдож зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан гэсэн тухайд:
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, 10.7, 10.8 дугаар зүйл 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг харьяаллын дагуу шалган шийдвэрлэдэг болно.
Иргэн А.Э болон нөхөр С.С нарын өргөдөл, гомдлоор “БСБ э” ХХК-д холбогдох 1902000073 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилон гэмтлийн шалтгааныг тодруулахад тухайн телевизор нь шингэн зүйл буюу цэвэрлэгч болон саван шингэний найрлаганд ордог химийн нэгдлээс гадны нөлөөтэй гэмтсэн гэдгийг тогтоосон.
Тухайн телевизорын гадны нөлөөтэй гэмтсэн явдлыг “БСБ э” ХХК нь Монгол хэлний тухай хуулиар тогтоосон хориглосон зохицуулалтыг дагаж мөрдөлгүй бараа, бүтээгдэхүүнийхээ дагалдах гарын авлага, тайлбарыг гадаад хэл дээр худалдан борлуулсанаас хэрэглэгч хэрэглэх заавар, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга зэргийг ойлголгүй дагаж мөрдөөгүйгээс шалтгаалан эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирсон гэж үзлээ.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн хуулиар харьяалуулсан зөрчил тогтоогдсон тул зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаагүй болно.
2. Монгол хэлний тухай хуулийг буруу тайлбарлаж торгууль ногдуулсан нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа манай компанийг илтэд хохироож байна гэсэн тухайд:
Зөрчил шалган шийдвэрлэх явцад “БСБ э” ХХК-ийн борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүний хэрэглэх заавар, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга зэрэг нь хэрэглэгчдэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байдлаар өгөөгүй нь Монгол хэлний тухай хуулийн 5.3, 6.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол улсын нутаг дэвсгэрт хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь Монгол хэлээр байна гэснийг зөрчсөн болно.
“БСБ э” ХХК -ийн үйл ажиллагаа нь Монгол хэлний тухай хуулиар тогтоосон зохицуулалтыг дагаж мөрдөж ажиллаагүй болох нь холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гомдол гаргагчийн өгсөн телевизорын дагалдах гарын авлага зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Я.Ц-ийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “үйл, ажиллагаа” гэдгийг хийж явуулах үйл хэрэг, ажил, үйл” гэж тайлбарласан ба хуулийн этгээдийн үйл ажиллагаа гэдэгт тухайн байгууллагын эрхлэн явуулж буй бүхий л үйл хэрэг, ажлыг ойлгохоор байна.
“БСБ э” ХХК-ийн үйл ажиллагаа нь бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулах ажиллагаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд тухайн компаний худалдан борлуулж буй бараа, бүтээгдэхүүний дагалдах тайлбар, гарын авлага зэрэг нь хамаарагдахаар байна.
Монгол Улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын худалдааны төлөөлөгч хуулийн этгээдүүд нь борлуулж буй бараа, бүтээгдэхүүнийхээ хэрэглэх заавар, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга зэргийг Монгол хэлээр орчуулж худалдан борлуулдаггүйгээс шалтгаалан иргэд, хэрэглэгчид эд хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирох явдал байгааг харгалзан “БСБ э” ХХК -ийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Э/024 дугаартай нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Зөрчилд холбогдогчийн зөрчлийн хэргийг шалгах явцад Монгол хэлний тухай хуулийг зөрчиж байгаа зөрчил тогтоогдсон. БСБ компани нь албан ёсны эрхтэйгээр Монгол улсад худалдах үйл ажиллагаа явуулж байгаа компани.
Энэхүү компанийн худалдан борлуулж байгаа бараа бүтээгдэхүүнд дагалдаж байгаа гарын авлага, тайлбар нь монгол хэл дээр байхгүй, Монгол хэлний тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн. Шийтгэлийн хуудсын хувьд холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гарын үсэг зуруулж мэдүүлэг тайлбар авч баталгаажуулж өгсөн. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заавар зүйчлэлийг заасан байдаг. Худалдан борлуулалт хийж байгаа аж ахуй нэгжүүд худалдагчийн үйл ажиллагаагаар явуулдаг учраас хэрэглэгчдэд аюулгүй ажиллагааны зааварчилгаа заавал өгсөн байх ёстой. Худалдагчийн зааварчилгаагаар аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх шаардлагыг тавьж ажиллаж байгаа учраас хяналт тавьж зөрчил ногдуулсан” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Гомдол гаргагч “БСБ э” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Х-ийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0005548 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлын шаардлага гаргажээ.
Тэрээр Монгол хэлний тухай хуулийг зөрчсөн гэж торгууль ногдуулсан нь хууль бус гэж, харин хариуцагч бараа бүтээгдэхүүнийхээ дагалдах гарын авлага тайлбарыг гадаад хэл дээр худалдан борлуулснаас хэрэглэгч хэрэглэх заавар, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга зэргийг ойлгоогүйгээс эд хөрөнгө, цаг хугацаагаар хохирсон гэж тус тус маргаж байна.
Шүүх гомдлын шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэн С.С, А.Э нар гэр ахуйн болон цахилгаан бараа худалдаалдаг “БСБ э” ХХК-аас “Panasonic” маркын 49 инчийн зурагт худалдан авсан бөгөөд тодорхой хугацааны дараа гэмтэл гарснаар тус компанид хандсан ч гадны нөлөөтэй механик гэмтэл тул баталгаанд хамаарахгүй телевизорыг солих боломжгүй гэж хариу өгсөн учир Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газарт гомдол гаргасан байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гомдлын дагуу Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлд заасан хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үндэслэл бүхий байна гэж үзэж Зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “БСБ э” ХХК Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж 0005548 дугаар шийтгэлийн хуудсаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:”, энэ хэсгийн 6.16 дахь хэсэгт “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлд.......заасан зөрчил:” гэж хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч өөрт хуулиар харьяалуулсан зөрчлийг шалган шийдвэрлэж торгох шийтгэл ногдуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хэрэглэгч.......аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй.”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.” гэж хуульчилсны дагуу аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах, бодит мэдээллээр хангагдах эрхтэй байна.
Гэтэл нэхэмжлэгч “БСБ э” ХХК бараа бүтээгдэхүүнийхээ дагалдах гарын авлага тайлбарыг монгол хэл дээр хэвлэн худалдан борлуулаагүй нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулинд заасан дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгахааргүй байна.
Тодруулбал хариуцагч хуулийн этгээд бараа бүтээгдэхүүн худалдан борлуулахдаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулинд заасан хэрэглэгчийг аюулгүйн шаардлагыг хангасан бараа, ажил, үйлчилгээ, бодит мэдээллээр хангахын тулд Монгол хэлний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хангаж ажиллах үүрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл Монгол хэлний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Монгол Улсын иргэн бүр......монгол хэлээр мэдээлэл авах....нөхцөлөөр хангагдах эрхтэй.”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна:”, 6.1.1-д “......хуулийн этгээдийн үйл ажиллагаа...:” гэснийг зөрчсөн гэж хариуцлага ногдуулсан хариуцагч улсын байцаагчийн шийдвэр хууль зөрчөөгүй.
Харин нэхэмжлэгч “БСБ э” ХХК-ийн албан хэрэг хөтлөлт, санхүүгийн тайлан бүгд Монгол хэл дээр явагддаг бөгөөд Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан ерөнхий заалтыг баримтлан торгууль ногдуулсан нь хууль бус гэх тайлбар үндэслэлгүй.
Нэхэмжлэгч “БСБ э” ХХК худалдан борлуулж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ холбогдох баримт бичиг заавар, мэдээллийг монгол хэл дээр хэвлэн хэрэглэгчийг мэдээллээр хангах үүрэгтэй байсан гэж үзнэ.
Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Х-ийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0005548 дугаар шийтгэлийн хуудас хууль бус гэх гомдлын шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16 дахь хэсэг, Монгол хэлний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Х-ийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0005548 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох “БСБ э” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР