Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1783

 

      Д.Уянгын нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01601 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Уянгын  нэхэмжлэлтэй

Хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-д холбогдох   

Гэрээний үүрэгт  6 222 800  төгрөг, хэмжилт хийлгэсэн  зардалд  64 335  төгрөг нийт 6 287 435 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр "Юу Би Эйч проперти" ХХК-тай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороололд баригдаж байгаа Хаппи Таун хотхонд 46,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу байрны 1 м.кв-ийг 1 880 000 төгрөг нийт 87 232 000 төгрөгөөр бариулахаар, гүйцэтгэгч тал 2014 оны 4 дүгээр улиралд багтаан гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу тогтоосон хугацаанд Улаанбаатар банкны 8 хувийн зээл авч байрны төлбөр төлж барагдуулсны үндсэн дээр мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр орон сууц хүлээлцэх акт үйлдэн түлхүүрээ хүлээн авсан. Миний бие байрны метр квадрат дутсаныг огт мэдэхгүйгээр байрны түлхүүрээ хүлээн авч, түүнчлэн байрны гэрчилгээг гэрээнд заасны дагуу 46,4 м.кв-аар хүлээн авсан. Гэвч 2016 оны 12 дугаар оарын 06-ны өдөр "Инженер геодези" ХХК-иар талбайн хэмжилт хийлгэхэд 43,09 м.кв талбайтай гэж дүгнэлт гарсан нь гэрээгээр тохиролцсон талбайн хэмжээнээс 3.,31 м.кв дутаж байна. Гүйцэтгэгч тал гэрээний 1.2, 1.3,1.5-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Энэхүү талбайн зөрүү надад мөнгө, санхүүгийн хувьд давхар алдагдалд оруулж, хохирол учруулж байна Үүнд:

1. Улаанбаатар хотын банкнаас гэрээгээр тохиролцсон  хэмжээнээс дутсан 3,31 м.кв талбайд зээл авч, өнөөдрийг хүртэл зээлийн хүүг илүү төлөх үндэслэл болсон.

2. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ илүү талбайтай бичигдсэн нь орон сууцны хэрэглээний зардал болох халаалт, дулааны үнийг төлөхдөө тус байрны албан ёсны метр квадратаар бодож өгч байгаа. Иймд орон сууцны талбайн хэмжээний зөрүү /3,31 м.кв/-ний нийт 6 222 800 төгрөг, Барилгын зураг төслийн компаниар хэмжилт хийлгэхэд гарсан зардал 64 630 төгрөг нийт 6 287 435 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Юу Би Эйч проперти” ХХК 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ"-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот, барилгыг "Өндөрбуянт холдинг" ХХК-иас шилжүүлж авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг “Өндөр буянт” ХХК, “Алъяанстехник” ХХК, “Хай кик” ХХК, “Сигма-Отис” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн, уг орон сууцыг чанар стандарт, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт”-аар бид худалдан авагчдаа yг орон сууцанд оруулсан. Бид боруулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авснаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдол, шаардлага гаргаагүй. Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон тул хөндлөнгийн компани талбайн хэмжээ тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар "Юу Би Эйч проперти" ХХК-иас 6 222 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уянгад олгож, нэхэмжлэлээс 64 635 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Уянгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 548 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Юу Би Эйч проперти" ХХК-иас 114 515 төгрөгийг гаргуулж Д.Уянгад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай компани уг хотхоны барилгын ажлыг “Өндөр буянт” ХХК болон “Алъяанстехник” ХХК, “Хай кик” ХХК, “Сигма-Отис” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууц чанар стандарт, барилгын зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/700 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт гарч бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Талбайн хэмжээг тогтоолгох талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс гаргасан “Инженер Геодизи” ХХК-ийн гаргасан нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсний илэрхийлэл бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэг, гэрээний 1.4-д зааснаар хүчин төгөлдөр бус байна гэжээ. Гэвч нэхэмжлэгчээс тухайн гэрээний зүйл, заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гэвч шүүгч хэт нэг талыг барьж, шийдвэрлэж буй дотоод итгэлдээ хөтлөгдөн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргажээ. Талбайн орон сууцны хэмжээ дутаж болохыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.4-д зааснаар урьдчилан танилцуулсан үйл ажиллагаа юм. Учир нь: Д.Уянгатай гэрээ байгуулах үед барилгын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгээгүй байсан бөгөөд гоёлын хана хийх, шавар, замаск татах, улмаар сантехникийн шугам, хоолойг далдлах зэрэг барилгын дотоод өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор заслын ажлууд хийгддэг тул үүнтэй холбогдуулж, м.кв-ийн зөрүү гарч болохыг урьдчилсан байдлаар танилцуулж, түүнийг худалдан авагч Д.Уянга хүлээн зөвшөөрсөн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөл 2 өрөө орон сууц болохыг тодорхойлж байна.

...Орон сууцны талбайн хэмжээг иргэн нүдээрээ хараад тогтоох боломжгүй, барилгын зураг, төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хэмжилтийг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар хийж тооцоолох замаар тогтоож байгаа тул... гэжээ. Гэвч орон сууцны талбайн м.кв-ыг тогтооход гагцхүү метр мөн суурь боловсролын талбайн хэмжээг олдог томьёог мэддэг байхад л тогтоох боломжтой. Хэрвээ тусгай мэдлэг, техник төхөөрөмж шаардлагатай бол энэ нь шинжээч томилох үндэслэл болно. Улмаар хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэх гэж улайрахдаа энэ нь гэрээний 1.4-д заасан заалтыг оруулснаар тогтоогдож байна гэжээ. Харин нуун дарагдуулсан бол гэрээнд талбайн хэмжээний зөрүү гарахьн огт тусгахгүй байсан гэж үзэж байна. Тухайн орон сууцыг хүлээлцэх үед мэдэх боломжтой доголдол тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөрөөр хэлбэл, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тухайн орон сууцыг хүлээн авснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Уянга нь хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн хэмжээ гэрээгээр тохиролцсон хэмжээ /46,4 м.кв/-нээс 3,31 м.кв-аар дутсан, өөрөөр хэлбэл ажлын үр дүн гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй доголдолтой байх тул 3,31 м.кв-ын үнэ 6 222 800 төгрөг, орон сууцны талбайг хэмжүүлэхэд гарсан зардал 64 635  төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч тусгай зөвшөөрөлтэй компаниар уг орон сууцны зураг төслийг гүйцэтгүүлсэн тул хөндлөнгийн компанийн хэмжилтийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-гээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, ХД-73 дугаар байрны 14 давхарт байрлах 46,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авч, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өмчлөлдөө бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /хх-5-8, 11/

Дээрх маргаан бүхий орон сууцны талаар хэлцэл хийгдэх үед гэрээний зүйл болох баригдсан орон сууцнаас нэхэмжлэгч өөрийн байрыг сонгож хариуцагчтай гэрээ байгуулан, төлбөр төлөхөөр тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдан авсан орон сууцны талбайн хэмжээг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. “Инженер геодези” ХХК-иар хэмжилт хийлгэснээр талбайн хэмжээ дутуу байгааг мэдсэн тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу талбайн үнийг буцааж төлүүлэхээр шаардах эрх үүсчээ.

Түүнчлэн орон сууцыг хүлээн авахдаа орон сууцны талбайн хэмжээ дутуу байгааг нүдэн баримжаагаар харж хүлээн авсныг мэдсэн гэж үзэх боломжгүйгээс гадна талуудын хоорондын тохиролцоог илэрхийлсэн гэрээ, хэргийн нөхцөл байдлаас нэхэмжлэгч орон сууцны талбайн хэмжээ дутуу байж болохыг мэдэх боломжтой байсан, хэмжиж авах үүрэгтэй гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасан гомдлын шаардлага гаргах эрхээ алдаагүй болно.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны нийт талбай 46,4 м.кв байх, 1 м.кв талбайн үнэ 1 880 000 төгрөг байхаар тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгч орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Инженер геодези” ХХК-иар хэмжилт хийлгэснээр орон сууцны талбай гэрээгээр тохиролцсон хэмжээнд хүрэхгүй байгаа болох нь тогтоогдсон байна. 

“Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар МNS6058:2009 стандартын дагуу тооцож, ашиглалтын талбайн хэмжээг гаргахаар тохиролцсон байх тул “Инженер геодези” ХХК-ийн орон сууцны талбайн хэмжээг МNS6058:2009 стандартаар тооцсоныг буруутгах боломжгүй.

          Худалдах-худалдан авах гэрээний зүйл болох орон сууцыг худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн, худалдан авагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй бөгөөд худалдан авагчаас  худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ нь гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй үндэслэлээр гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөхийг худалдан авагч шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

          “Инженер геодези” ХХК-иар орон сууцны талбайг хэмжүүлэхэд гарсан зардлыг хохиролд тооцох үндэслэлгүй талаархи шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ  

                                                  ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ                       

                                                                                                            Д.БАЙГАЛМАА