Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/0098

 

И*******ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгчЦ.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзоригхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ныөдрийн 45 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, И*******ны нэхэмжлэлтэй, О*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И*******ноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О******* нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/58 дугаар захирамжаар И*******ны эзэмшлийн Баян-Өндөр сумын Малчин багийн нутаг дэвсгэр болох Баянцагаан уулын энгэрт байх олон наст ургамал тариалах зориулалттай 8 га газар, агуулахын барилга, блокон хашаа саравчийг хоршооны гишүүдэд мэдэгдэлгүйгээр шууд Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлсэн байна. Уг захирамжийнхаа 2 дахь заалтаар И*******нд дээрх 8 га газрыг эзэмшүүлсэн Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн захирамж хууль бус байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт нь хууль бус үйлдлийг таслах зогсоох тухай заалт байх бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамж нь ямар учраас хууль зөрчсөн талаар захирамжиндаа дурьдаагүй. Дэлхийн банкнаас Монгол улсад хэрэгжүүлж байсан тогтвортой амьжиргаа-2 төслийг хэрэгжүүлэх зорилгоор олон наст ургамал тариалах зориулалтаар уг газрыг Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 194 дүгээр захирамжаар олгосон байсан бөгөөд дараа нь төсөл хэрэгжиж дууссаны дараа буюу 2011 оны 12 дугаар сарын 12-нд Тогтвортой амьжиргаа-2 төслийн санхүүжилт болон иргэдийн хувийн оролцоотойгоор баригдсан 240 м.кв талбай бүхий өвс тэжээлийн агуулахын барилга 60.000 м.кв царгасан торон хашаа 10000 м.кв өвс тэжээлийн агуулахын блокон хашаа саравчийг оролцооны хувь 3530000 төгрөг төлсөн И*******нд төслийн зохицуулагч, Орон нутгийн өмчийн албанаас шилжүүлэн өгсөн юм.

Энэ т******* төслийн бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийг зааврын дагуу төслийн хэрэгжилтийн цаашдын хэвийн үйл ажиллагааг хариуцан явуулах үүргийг манай хоршоонд өгсөн. Түүнээс хойш т******* төслийн хэрэгжилтийг үргэлжлүүлэх Баян-Өндөр сумын малчдын фондны өвсийг 2 жил хадгалж олон наст ургамлаа үржүүлэн тарьж байсан. Хүлэмж барих чацаргана тариалах зэргээр ажиллуулж байна. Гэтэл хэвийн явагдаж байсан ажлыг хүчээр зогсоон газрыг Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн нь хууль бус тул Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О******* шүүхэд гаргасан хариу тайлбартааМаргаан бүхий обьект нь анх 2009 онд өвс тэжээлийн агуулахын зориулалтаар төвөөс алслагдсан малчдад хямд үнэтэй, чанартай өвс тэжээлийг богино хугацаанд ойр дөт газраас өвөл, хаврын улирал цаг хүндэрсэн үед хугацаа алдахгүй хүргэх зорилгоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт Малчин баг эзэмшихээр эрх бүхий байгууллагуудын шийдвэр гарсан байдаг. Дээрх баримтуудаас үзэхэд Т******* төслийн төсөл хэрэгжүүлэх зааврын дагуу бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлагын бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд тус төслийн хөрөнгөөр баригдсан нөөцийн өвс тэжээлийн агуулахын барилга, түүнийг хамгаалсан хашаа, саравч, олон наст ургамал тариалах зориулалт бүхий торон хашаа нь малчдад үр ашгаа өгөх сумын эзэмшлийн обьектууд болох нь тодорхой байна. Дээрх төслийг хэрэгжүүлэх зааврын дагуу тухайн багийн иргэдээс оруулах 10 хувийн оролцооны хөрөнгө цуглуулахаар баталж, малчдаас нийт 2470000 /хоёр сая дөрвөн зуун далан мянган/ төгрөг цуглуулж төслийн дансанд шилжүүлснээр төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Улмаар Баян-Өндөр сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 523 дугаар захирамжаар өвс тэжээлийн агуулахыг, 2010 оны 05 дугаар сарын 31-нд агуулахын блокон хашаа саравчийг, 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бэлчээр хаших царгасны торон хашааг техникийн тодорхойлолтын дагуу хүлээн авч цаашдын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байсан нь баримтуудаас харагдаж байна.

Гэтэл уг төсөл бүрэн хэрэгжиж дууссанаас хойш 2 жилийн дараа буюу 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 240 м.кв талбай бүхий өвс тэжээлийн агуулахын барилга, 60000 м.кв хэмжээтэй царгасны хашаа, 10000 м.кв хэмжээтэй өвс тэжээлийн агуулахын блокон хашаа, саравч зэрэг обьектуудыг эзэмшиж байсан Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт мэдэгдэлгүйгээр И*******нд хүлээлгэн өгсөн акт үйлдэж газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хууль бус шийдвэр юм. Уг И*******ны нэр дээр гарсан газрын гэрчилгээ, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ хууль ёсоор олгогдоогүй, тухайн обьектыг эзэмших эрхгүй байтал тухайн үеийн Засаг дарга Д.О******* нь өөрийн төрсөн хүү О.Эр*******ын зөвхөн хуулийн этгээдээр бүртгүүлсэн хоршоонд дээрх эд хөрөнгүүдийг 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн акт үйлдүүлж 2012 онд нэр бүхий этгээдүүдээр гарын үсгийг нөхөн зуруулж улмаар 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжийг гаргасан байна.

Иймд дээрх үйлдэл, үйл ажиллагаа нь илтэд хууль зөрчсөн үйлдэл бөгөөд сонирхол бүхий этгээд илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гарган хүргүүлсэн гэжээ.

Гуравдагч этгээд Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Т******* төслийн төсөл хэрэгжүүлэх зааврын дагуу Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлагын бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 2009 онд Малчин багийн иргэдийн санаачлагаар төслийн хөрөнгөөр нөөцийн өвс тэжээлийн агуулахын барилга, түүнийг хамгаалсан хашаа, саравч, олон наст ургамал тариалах зориулалт бүхий хашааг төсөл хэрэгжүүлэх зааварт заасны дагуу иргэдээс оруулах 10 хувийн оролцооны хөрөнгө цуглуулахыг Малчин багийн иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 05 тоот тогтоолоор баталж, малчдаас 2.470.000 төгрөг цуглуулан Т******* төслийн дансанд шилжүүлснээр төсөл хэрэгжиж эхэлсэн.

Баян-Өндөр сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 523 дугаар захирамжаар комисс томилж, гүйцэтгэлд хяналт тавин төсөл хэрэгжиж дууссан тухай бүрд акт үйлдэж, цаашдын хэвийн үйл ажиллагааг ханган ажилласан байдаг. Гэтэл төсөл хэрэгжиж дууссанаас хойш 2 жилийн дараа буюу 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 240 мкв талбай бүхий өвс тэжээлийн агуулахын блокон хашаа, саравч зэрэг обьектуудыг эзэмшиж буй Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт мэдэгдэлгүйгээр төслөөр гүйцэтгэсэн ажлын хүлээн авсан комиссыг оролцуулалгүй, төслийн хэрэгжилтэнд хяналт тавих үүрэг хүлээсэн бус хамаарахгүй хүмүүсийг байлцуулан И*******нд хүлээлгэн өгсөн акт үйлдэж аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 тоот захирамжаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ-г тус хоршоонд шилжүүлэн, аймгийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 194 дүгээр захирамжийн 1 дүгээр мөрийн заалтыг хэрэгсэхгүй болгон илэрхий хууль бус шийдвэр гаргасан гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 45дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан И*******ноос О*******д холбогдуулан гаргасан Аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгох-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэврлэжээ.

Нэхэмжлэгч И*******ноос давж заалдах гомдолдоо2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байгаа.

Баян-Өндөр сумын Малчин багийн нутаг дэвсгэрт байх ургамал тариалах зориулалттай 8 га газар, 10000 мкв агуулахын блокон хашаа, саравч 60000 мкв царгасны хашаа зэрэг газар дээрхи уг хөрөнгийг өмчлөгч нь Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар болохыг тодорхойлох ямар ч бичгийн нотлох баримт байхгүй байгаа бөгөөд газрыг эзэмших эрхийн гэрчилгээ ч байхгүй байсан. 2014 оны 02 дугаар сарын 05-ны А/58 тоот захирамжийн үр дагавар нь "Ишизаддан" хоршоонд хор хохирол учруулсан акт болсон тул маргаантай юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

"Ишизадданхоршооноос шүүхэд хандан "Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 05ы өдрийн А/58 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Малчин багийн нутагт байрлах "Т*******" төсөл, иргэдийн хөрөнгийн оролцоотойгоор баригдсан өвс тэжээлийн агуулахын барилга, царгасны хашаа, олон наст ургамал тариалах зориулалтаар 8,0 га газрыг 15 жилийн хугацаатай Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэж, энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмшүүлэх хөрөнгө шилжүүлэх тухай 573 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг судалж үзэхэд О******* маргаан бүхий А/58 дугаар захирамжаараа өмнөх Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан дээрх 573 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө... хүчингүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн байна.

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Баян-Өндөр сумын 2009 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө-нд "Т*******" төслийн хүрээнд сумын өвс тэжээлийн агуулах барих газар болон хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр тусгаж, сумын Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 203 дугаар захирамжаар Бэлчээрийн менежментийг сайжруулах газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх ажлын хэсгийг байгуулжээ.

Улмаар төсөл хэрэгжүүлэх зааврын дагуу тухайн багийн иргэдээс оруулах 10 хувийн оролцооны хөрөнгө цуглуулахыг багийн иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2009 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталж, малчдаас нийт 2,470,000 төгрөгийг цуглуулж, уг төслийн дансанд шилжүүлснээр төсөл хэрэгжиж эхэлсэн байна.

Баян-Өндөр сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 523 дугаар захирамжаар томилогдсон комисс төслийн гүйцэтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20x12 хэмжээтэй өвс тэжээлийн агуулахыг, 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 10000 м.кв хэмжээтэй өвс тэжээлийн агуулахын блокон хашаа, саравчийг, 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр царгас тарьсан талбайг торон хашааны хамт хүлээн авч акт үйлдсэн байна.

Мөн Орхон аймгийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 194 дүгээр захирамжаар анх "Т*******" төслийн хүрээнд олон наст ургамал тариалах зориулалтаар Малчин багийн Баянцагаан уулын өвөрт 50000 м.кв газрыг Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Ийнхүү Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн "Т*******" төслийн Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлагын бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 2009-2010 онд Малчин багийн иргэдийн санаачлагаар дээрх төслийн хөрөнгөөр баригдсан өвс тэжээлийн агуулахын барилга, хашаа, саравч зэрэг нь төслийн хөрөнгө болон малчдын оролцооны хөрөнгөөр бүтсэн, сумын эзэмшлийн газар, түүн дээр баригдсан объектууд нь малчдад үр ашгаа өгөхөд зориулагдах ёстой хөрөнгө байна.

Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Малчин багийн нутаг дахь өвс тэжээлийн агуулах, царгасны хашаа нь иргэдийн оролцооны"Ишизадданхоршоонд шилжсэн үндэслэлээр Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт олон наст ургамал тариалах зориулалтаар эзэмшүүлсэн 8,0 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг тус хоршоонд шилжүүлэн эзэмшүүлж, үүнтэй холбогдуулан Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт Малчин багийн Баянцагаан уулын өвөрт 50000 м.кв газрыг эзэмшүүлсэн Орхон аймгийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 194 дүгээр захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дараах байдлаар хууль зөрчжээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд хүсэлтэд нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн тухай баримт гэж заасныг хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл газар эзэмшигч Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас газар эзэмших эрхээ "Ишизадданхоршоонд шилжүүлэх хүсэлт гаргаагүй байхад газар эзэмших эрх, түүн дээр баригдсан агуулахын барилга, хашаа шилжсэн гэх үндэслэлээр төрийн байгууллагын эзэмшлийн газрыг бусдад шилжүүлсэн нь хууль бус байжээ.

Нэгэнт талууд эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй байх тул О******* Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх-ийг тодруулах үүргээ зөрчиж, бусдын эзэмшлийн газрыг хууль бус захирамжаар нэхэмжлэгчидшилжүүлсэн гэж үзэхээр байна. Иймд маргаж буй газрын газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ талуудын хүсэлтийг аваагүй төдийгүй газар эзэмшигчид мэдэгдэлгүй шилжүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх ба О*******ар ажиллаж байсан Д.О******* нь өөрийн төрсөн хүү О.Эр*******ын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үүсгэн байгуулсан "Ишизадданхоршоонд Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн газар, түүн дээр төслийн хөрөнгөөр баригдсан агуулах, хашаа зэргийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр байна.

Мөн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн "Т*******" төслийн зохицуулагч С.Чулуунцэцэг төслийн хөрөнгө, иргэдийн хувийн хөрөнгийн оролцоотой баригдсан өвс тэжээлийн агуулахын барилга, блокон болон торон хашаа, саравч зэргийг "Ишизадданхоршоонд хүлээлгэн өгч акт үйлдсэн байх боловч дээрх хөрөнгийг ямар үндэслэлээр шилжүүлэн өгөх болсон үндэслэл тодорхойгүй байна.

Нөгөөтэйгүүр "Ишизадданхоршоо агуулах, хашаа, саравч барихад иргэдийн оролцооны хувь 3,530,000 төгрөг төлсөн учир дээрх хөрөнгийг манай хоршоонд хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, учир нь дээрх мөнгийг төсөлд шилжүүлэн өгсөн баримт байхгүй, хэрвээ төслийн гүйцэтгэлд хөрөнгө оруулсан бол тус хоршоо оруулсан хөрөнгийн хэмжээгээр зарим хэсгийг эзэмшиж, өөрийн хоршооны үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Түүнчлэн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зарлагдсан давж заалдах шатны шүүх хуралдаан нэхэмжлэгч О.Эр*******ын өмгөөлөгч авах хүсэлтээр 14 хоногийн хугацаагаар хойшлогдсон байх бөгөөд нэхэмжлэгч О.Эр*******аас 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны өмнө буюу 02 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 10 минутад тус шүүхэд факсаар ирүүлсэн ...цагаан сарын баяр болоод өмгөөлөгч олдоогүй тул шүүх хуралдааныг дахин нэг удаа хойшлуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч хангах боломжгүй, учир нь түүний урьд гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх боломжит хугацаагаар хангасан болно.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 45дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН