Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2527

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл, Мөрөн 8 дугаар баг, 17-60 тоотод оршин суух, Ач хариад овогт Галдангийн Пунцагбалжир /РД:РЭ69031015/-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, Р Т Ү С улсын төвөсв үйлдвэрийн газарт холбогдох

          2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалинд нийт 29,656,172 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр, гэрч Ч.Оюунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ш.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан талбартаа:  Иргэн Ш.Пыг тухайн үеийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4850 дугаар шийдвэрээр Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын харъяа Хөвсгөл аймаг дахь тухайн үеийн Радио телевизийн станц буюу одоогийн тус аймаг дахь Радио телевизийн сүлжээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн юм. Гэтэл Р Т Ү С улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас Ш.П нь ажилгүй байж 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хохироод байна. Түүний тухайн үеийн нэг ажлын өдрийн цалин нь 37,492 төгрөг болно. Иймд хариуцагч "Радио телевизийн сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газраас иргэн Ш.Пт 2014 оны 10 дугаар 21-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалин олговорт 29,656,172 төгрөгийг олгуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон дэвтэрүүдэд нь зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Р Т Ү С улсын төсөвт үйлдвэрийн газар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайбартаа: Ш.П нь Р Т Ү С улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “ажилд томилох тухай” 70 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг дахь Радио телевизийн станцын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тус газрын даргын “ажлаас чөлөөлөх туахй” 169 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ш.П нь ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, тогтоолын дагуу тус газрын даргын “Ш.Пыг эгүүлэн түр томилох тухай” 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 54, “Ш.Пыг эгүүлэн томилох тухай” 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаар тушаалаар тус тус томилон холбогдох арга хэмжээг авсан. Гэвч Ш.П нь томилогдсон хугацаанд албан үүргээ гүйцэтгэж биелүүлээгүй, шалтгаангүйгээр  1 сар гаруй хугацаанд ажил тасалсан тул мөн даргын “Ш.Пын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч Ш.П нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 10, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаргасан /ажилгүй байсан хугацааны гэх/ нэхэмжлэл, нэмэлт нэхэмжлэлдээ нийт 29,656,172 төгрөгийг тус газраас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар болон хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ш.П нь хариуцагч Р Т Ү С улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалинд нийт 29,656,172 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Нэхэмжлэгч Ш.П нь Р Т Ү С улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “ажилд томилох тухай” 70 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг дахь Радио телевизийн станцын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тус газрын даргын “ажлаас чөлөөлөх тухай” 169 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Ийнхүү ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4850 дугаартай шийдвэр гарч, уг шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Пыг Р Т Ү С улсын төсөвт үйлдвэрийн газрын Хөвсгөл аймаг дахь Радиа телевизийн станцын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоосныг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1195 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 84 дугаартай тогтоолоор хэвээр баталсан байна.

Нэхэмжлэгч Ш.П нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... хариуцагч Р Т Ү С улсын төсөвт үйлдвэрийн газар нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлж, намайг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон ажилд авахгүй байх байна...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа бол хариуцагч байгууллага нь ...Ш.Пыг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон боловч ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул дахин ажлаас чөлөөлсөн... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч Р Т Ү С улсын төсөвт үйлдвэрийн газар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохоор тус газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “Ш.Пыг эгүүлэн түр томилох тухай” тушаал,  2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаартай “Ш.Пыг эгүүлэн томилох тухай” тушаал, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаартай “Ш.Пын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал зэргийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна.

Тус газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “Ш.Пыг эгүүлэн түр томилох тухай” тушаал,  2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаартай “Ш.Пыг эгүүлэн томилох тухай” тушаалаар нэхэмжлэгч Ш.Пыг Р Т Ү С улсын төсөвт үйлдвэрийн газрын Хөвсгөл аймгийн радио, телевизийн сүлжээний радио телевизийн станцын даргын үүрэг гүйцэтгэгчээр эгүүлэн томилсон байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаартай тушаалаар намайг ажилд томилсон боловч шүүхийн шийдвэрт зааснаас өөр ажлын байранд томилсон тул би шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзээгүй тул уг ажилд ороогүй гэх тайлбарыг гаргаж байх ба энэ  нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/00246 дугаарта тогтоолоор тогтоогдож байна.

Иймд хариуцагч Р Т Ү С улсын төсөвт үйлдвэрийн газрын “...нэхэмжлэгч Ш.Пыг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд томилсон боловч тэрээр ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6 дахь хэсэгт зааснаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4850 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1195 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 84 дугаартай тогтоолыг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгч Ш.Пт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Иймд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4850 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын 1 өдрийн цалинг 37,492 төгрөгөөр тогтоосон байх ба нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт ажлын 718 өдөр ажилгүй байсан байх тул хариуцагч Р Т Ү С улсын төсөвт үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26,919,256 төгрөгийг /718 өдөр*37,492 төгрөг/ гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,736,916 төгрөгийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

                                                                                                                                ТОГТООХ нь:  

1.Хөдөлмөрийн тухай хуулийн зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р Т Ү С улсын төсөвт үйлдвэрийн газраас 26,919,256 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Галдангийн Пунцагбалжирт олгож, үлдэх 2,736,916 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Пын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Р Т Ү С улсын төсөвт үйлдвэрийн газарт үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Паас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368,372 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р Т Ү С улсын төсөвт үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 292,546 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Пт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Х.ЭНХЗАЯА