Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1000

 

  

 

 

 

 

 

 

 2020         12         08                                 2020/ШЦТ/1000    

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр,

улсын яллагч: И.Мөнхцэцэг,

хохирогч З.Т түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг,

шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далайгийн Бад холбогдох эрүүгийн 2009 01904 1175 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны орой Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Золо стар” нэртэй зочид буудалд хохирогч З.Ттай үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа мэдүүлэхдээ “...Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Шинжээчийн дүгнэлтэд шүд эмтэрсэн хамар хугарсан гэдэг. Хохирлын эмчилгээний зардлын хувьд шүдний тухайд шинжээчийн дүгнэлт дээр тэр зүйлийг заагаагүй хохирлыг барагдуулахад 3.000.000 төгрөгийг хохирогчид өгсөн тэр үед хохирогчийн зүгээс гомдол саналгүй талаараа хэлсэн. Уг гэмт хэрэгт хохирогчийн зүй бус үйлдэл байдаг шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн зүй бус үйлдэл оролцоо байвал шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлнэ гэж заасан байдаг. Иймд дээр дурдсан үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Т мэдүүлэхдээ “...Тухайн үед би 2 найзтайгаа паб-д шар айраг ууж сууж байгаад гарсан. Миний хувьд банди минь хошногодуулав гэдэг зүйлийг яриагүй. Тэр үед зогсоол дээрээс болж маргалдсан. Миний хувьд шилэн хүзүү нь дээр дарсан чинь Ба эргэж хараад намайг цохисон учраас би ч эргүүлж цохисон. Шүүх хурал болохоос өмнө асуудлаа шийдчихье гэж бодсон боловч Ба олдохгүй байсан. Бын ээж нь над руу холбогдсон тэр үед би Быг над руу холбогдоод уулз гэдэг талаар хэлсэн миний хувьд хохирол төлбөрөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг мэдүүлэхдээ “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хувьд хамар таславч мурийлт нь бүрэн бороолсны дараа эмчилгээ хийлгэнэ. 1.400.000 төгрөг нь зөвхөн мэс ажилбарын зардал, 900.000 төгрөг нь унтуулгын зардал. Мөн мэс ажилбарт орсны дараа эмнэлгээс шууд гарах боломжгүй тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ. Шүдний эмчилгээ хийлгэж хараахан амжаагүй байгаа. Магадгүй шүдний эмчилгээний зардал 3.000.000 төгрөгөөс илүү зардал гарвал гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйгээр шүүхийн шийдвэрт дурдуулах хүсэлтэй байна...” гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруу болон хохирол.

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны орой Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Золо стар” нэртэй зочид буудалд хохирогч З.Ттай үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч З.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би 2020 оны 07 дугаар сарын 10-ны орой найз Мөнгөнзулын хамт шар айраг ууж байгаад тэндээсээ гараад “Золо нэртэй” зочид буудлын буудал дээр зогсож байтал хэсэг залуучууд надад хандан нэг зүйл хэлээд байсан. Тэгэхээр нь би тэдгээр залуучуудад хандан яасан гэнэ гэж хэлээд маргалдсан. Яг юу гэж хэлж хэлж маргалдасныг одоо сайн санахгүй байна. Тэгээд би нэг залуугийх нь шилэн хүзүүн дээрээс нь бариад автал хоёр талаас миний гарыг татаж аваад нэг залуу нь намайг зодож миний хамраас цус гаргасан. Яг миний биеийн аль хэсэгт юугаар хичнээн удаа цохисныг сайн санахгүй байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлж байна. Миний санаж байгаагаар халзан толгойотой болон хар хувцастай залуу намайг цохиж зодсон. Би гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ариунзулын 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 8033 дугаартай З.Тын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 33-34/-р тал,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7/-р тал,

Гэрч Б.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14/-р тал,

Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16/-р тал,

Гэрч Э.Зандангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18/-р тал,

Гэрч Б.Мөнгөнзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20/-р тал,

Шүүгдэгч Д.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-47/-р тал зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, гэрч, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нь бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Д.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Прокуророос шүүгдэгч Д.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй, нөгөөтэйгүүр шүүгдэгч Д.Быг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц бичгийн нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүйн дээр хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт өгөх замаар шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдсанаар хохирогч З.Тд тухайн гэмт хэргийн улмаас 5.980.000 төгрөгийн хохирол учирсан талаар дурдсан байна.

 Шүүгдэгч Д.Бын зүгээс хохирогч З.Тд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байх бөгөөд хохирогчийн зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаараа дурдаж, цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний журмаар жич нэхэмжилнэ гэх өргөдлийг тус шүүхэд хандан бичгээр гаргажээ.

Иймд, шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, хохирогч З.Т нь цаашид гарах гэм хорын бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Д.Бас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоё. Эрүүгийн хариуцлага.

Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Хэргийн нөхцөл байдал шүүгдэгчийн хувын байдал хохирогчийн хувын байдал зэрэг нь шүүх хэлэлцүүлгийн шатанд тодорхой боллоо гэж үзэж байна. Хэрэг гарах үед хохирогчийн зүй бус үйлдэл байсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд ээждээ туслаад хэдэн төгрөгийн цалин авдаг. Прокурорын санал болгож байгаа ял саналыг багасгаж торгуулийн ял шийтгэл оногдуулж бас хугацаа тогтоож өгнө үү ...” гэх саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Асуудал тулгарсан үед биеэ барьж хандах нь зүйтэй бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын хувьд аль аль нь энэ зүйл дээр дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж байна ...” гэх саналыг,

Хохирогч болон шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын асуудлаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Гурав. Бусад

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сд-1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Д-ийн Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хохирогч З.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Бас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сд-1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                               

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ИДЭР