Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2164

 

Д.Ө нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02165 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Ө нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.А холбогдох

 

Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2014 оны 04 дүгээр сард Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо Ар хустайд хоосон хашаагүй газар байсныг өмчлөхийг хүсэж Сүхбаатар дүүргийн Газрын албанд очоод шалгуулахад эзэнгүй хоосон газар байсан. Тус газрыг зуслангийн зориулалтаар 0,5 га газрыг өмчлөхийг хүсээд өргөдөлөө Сүхбаатар дүүргийн газрын албанд 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өгсөн. Эзэмших гэрчилгээг гэрээний хамтаар 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр А331 тоот тушаалтай улсын байцаагч Н.Мөнхтуяагаас авсан. Гэтэл 2014 оны намар М.А нь миний газрыг өөрийн эзэмшил мэт ярьж кадастрын зураг гэрчилгээ надад байгаа, энэ газрыг заавал авна гэж удаа дараа хэлж, хэл амаар доромжилсон. Энэ талаар байцаагч Мөнхтуяад хэлэхэд таны эзэмшлийн газар хэвээрээ байгаа гэсэн. Миний бие газраа 0,7 га болгон сунгах хүсэлтэй байгаагаа хэлж холбогдох материалыг бүрдүүлж өгсөн. 2015 оны 8 дугаар сард эзэмших гэрчилгээ гарч, 15 жилийн хугацаатай олгосон. Гэтэл М.А нь 2015 оны 9 дүгээр сард миний хашааг буулгаж өөрөө дахин хашаа барьсан. Ингээд би 2016 оны 10 дугаар сард М.А барьсан хашааг буулгасан. Гэтэл М.А нь намайг охинтойгоо нийлж хашаа буулгаж эвдэн сүйтгэсэн газарт халдсан гэж Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны цагдаад өгсөн. Мөн 2017 оны 3 дугаар сарын дундуур М.А нь миний газар дээр байшингийн суурь цутгаж, блок, элс буулгасан. Улсаас надад ганцхан удаа өмчилж өгч байгаа 0,7 га газарт минь М.А халдаж хашааг минь нурааж трактороор ухан сэндийлж, хундаам цутган барилгын материал буулгах зэрэг хохирол учруулсан тул газрыг минь чөлөөлж хууль журмын дагуу холбогдох арга хэмжээг авч өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн Архустайн зусланд 2007 оноос хойш амьдарч байгаа билээ. 2012 онд эзэнгүй хазгай газар дугуй хатгаад 2014 онд Сүхбаатар дүүргийн газрын байцаагч Пагамсүрэнд үзүүлсэн. Хашаагаа хатгаад газраа хамгаалж бай захирамж зогссон гээд 2016 он хүртэл хүлээсэн. 2016 онд Мөнхтуяа байцаагчид зургаа үзүүлэхэд Д.Ө 529 м.кв газар эзэмшихээр захирамж гаргуулсан байна. Газраа хасуулж 0,5 болгоод ир гэхэд 50.000 төгрөгөөр дахин зураг хийлгэж хашаагаа үзүүлж бичиг баримтаа өгсөн. Мөнхтуяа байцаагч 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ээлжийн амралт аваад 09 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа ороход Д.Ө 529 м.кв газартаа одоо ч хашаа шон хатгаагүй байж манай хашааг оруулж захирамж гаргуулсан байсан. 2012 оноос энэ газрыг дугуй хатгаж хашаа барьж хадгалж байгааг бүгд гэрчилнэ. 4 охинтой том охиндоо байшин барихаар 3 жил болж байна. Энэ Д.Ө байшин барьж байхад энэ дугуйнаас нааш битгий ороорой гэдгийг охин Золзаяа эхнэр Цэндмаа нар сайн мэдэж байгаа. Өөрсдийнхөө 529 м.кв газартаа л байшингаа барихгүй хүний хашаа газар руу хууль бусаар халдаж захирамж гаргуулсан. Эднийх кадастрын зургаа өөрчилж зуруулбал манай байшингийн хаягаар өнгөрнө. Олон жил айл саахалт явах хүмүүс би анх шүүхэд нэхэмжлэл ирсэн үед нь эвлэрэх санал тавьж байсан тэр саналаа дэмжиж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1,106 дугаар зүйлийн 106.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.А хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүргийн Ар хустайн *** дугаар хороонд байрлах зуслангийн зориулалттай, 1864332******* нэгж талбарын дугаартай газрыг чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ө олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06753 дугаартай захирамж нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тал Сүхбаатар дүүргийн *** хороо Архустай зусланд өмчлөл байхгүй, газар эзэмшигчийн гэрчилгээтэй. Нийслэлийн Засаг даргын 2001 оны 8 сарын 03-ны өдрийн 390 тоот захирамжаар Г.Д 5 өрх 0.2 га ашиглах 5 айлын 5150 м2 том хашаандаа зургаа хийлгээгүй. 2014 оны өргөдөл , 2015 оны 8 сарын өргөдөлөөр зургаа өөрчлөхдөө Ууганбаяр байцаагчид манай хашааг өөрийнх гэж худал хэлж зурагт өөрчлөлт оруулсан, нэхэмжлэгч С.Төгсжаргалтай газрын маргаантай болохоос М.А-тэй маргаан хийх үндэслэлгүй. С.Төгсжаргалын нэр дээр 2015 оны 10 сарын 22-ны өдрийн А448 тоот 292 м2 газар эзэмшигчийн 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээтэй. Өөрийн хашаанд байшин барьж байгаа.

Өмгөөлөгч Б.Н-ийн ээж 80 настай цус харвалттай. Байнгын асаргаанд байж байгаад дахин харвалт өгч Хөвсгөл аймагт байгаад 8 сарын 02-ны шүүх хуралд ороогүй. Хэргийн материалтай танилцаж амжаагүй. Д.Ө-ын Нийслэлийн Засаг даргын 2001 оны 8 сарын 03-ны өдрийн 390 тоот захирамжийн кадастрийн зураг хавсралт ирээгүй. Нотлох баримт дутуу тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахад хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч М.А холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч манай газарт хууль бусаар халдаж, газар эзэмших эрхийн захирамж гаргуулсан гэж маргажээ. Маргаан бүхий газар болох Сүхбаатар дүүргийн **** дугаар хороонд байрлах Архустайн зуслангийн зориулалттай 529 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/331 тоот шийдвэрээр 5 жилийн хугацаатайгаар, улмаар газрын хэмжээг сунгуулан 700 м.кв газрыг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/341 тоот шийдвэрээр 15 жилийн хугацаатайгаар Д.Ө эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ болон бусад баримтуудаар тогтоогджээ.  /хх-ийн 66-91/

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заажээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд нэхэмжлэгч уг хөрөнгийн хууль ёсны өмчлөгч эсхүл эзэмшигч гэдгийг нотолсон байх шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Д.Ө нь дээрх хаягт байрлах газрыг зохих ёсоор эзэмшиж байсан буюу Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч гэдгээ Газрын тухай хуулийн 27, 33, 34 дүгээр зүйлд заасан гэрчилгээ, гэрээ, Засаг даргын 2015 оны А/341 дугаар захирамж, кадастрын зураглал зэргээр нотложээ.

 

Эзэмшлийг бий болгож байгаа үндэслэл эргэлзээгүй, зүй ёсны, хуулийн дагуу байх ёстой юм. Гэтэл хариуцагч М.А нь уг хаягт байрлах нэгж талбарын дугаартай газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй гэдгээ нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн албан ёсны зөвшөөрөл бүхий газрын төв хэсэгт барилгын материал буулгаж, суурь цутгасан талаар үгүйсгээгүй байна. Эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгээр эзэмших эрх үүсдэг хөрөнгө буюу тухайн тохиолдолд газрын хувьд Газрын тухай хуулийн 27, 33, 34 дүгээр зүйлд заасан гэрчилгээ, гэрээ, газар эзэмшүүлэх Засаг даргын зөвшөөрөл зэрэг баримтуудыг авсан гэдгээ нотлоогүй тул М.А эзэмшлийг хууль бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт нийцсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан эзэмшигчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өмчлөгчийн нэгэн адил бусдын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшилдээ авч эзэмшиж, барилгын суурь цутгасан, газар нэхэмжлэгчийн бодит эзэмшлээс гарсан байгаа нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг буюу газрын бодит эзэмшил нэхэмжлэгчид байгаа боловч хэн нэгэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа мэтээр дүгнэж уг заалтыг шаардах эрхийн үндэслэл болгосон нь хууль хэрэглээний хувьд алдаатай юм. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар  М.А маргаан бүхий газрын төв хэсэгт суурь цутгасан, барилгын материал буулгасан, нэхэмжлэгчийн газартаа нэвтрэх, бодитойгоор эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаа хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх нь зүйтэй. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Н 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр хэргийн материалтай танилцаагүй гэх боловч хэргийн 35 дугаар талд хэргийн материалтай танилцсан баримт дээр гарын үсгээ зурсан байна. Мөн анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ. Учир нь шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу Д.Ө 2001 оноос газар эзэмшүүлэх эрх, кадастрын зураглал байгаа эсэхийг тодруулах хүсэлтийг хангаж, Сүхбаатар дүүргийн Газрын албанаас Д.Ө газар эзэмших эрх тухайн үед үүсээгүй байсан гэх хариу ирсэн тул үзлэг хийлгэх хүсэлт нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзнэ. /хх-ийн 92, 101, 105/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй байх тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02165 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “92 дугаар зүйлийн 92.1” гэснийг “106 дугаар зүйлийн 106.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар хариуцагч М.А давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                 Д.ЦОГТСАЙХАН

                                                                  Ш.ОЮУНХАНД