Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 62

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 09 сарын 16 өдөр                Дугаар 62                                         Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Амарсайхан,

Шүүгдэгч Ч.Нямлхагва нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Модчин овгийн Чинбатын Нямлхагвад холбогдох 201617000182 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн харьяат, 1994 оны 06 дугаар сарын 29-нд төрсөн, 22 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, гар утас засварчин мэргэжилтэй, эхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг, Алтан Овооны 5-7 тоотод амьдрах, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ЛМ94062916 регистртэй, Модчин овгийн Чинбатын Нямлхагва

   

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолоор/

 

Шүүгдэгч Ч.Нямлхагва нь 2016 оны 05 сарын 30-ны шөнө 02 цагийн үед  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн иргэн Ө.Баттогтохыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ч.Нямлхагва шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би найз Эрдүүк, Бат-Ивээлтийн хамт Офицеруудын байранд Номингэрэлийнд 0.75 граммын "Улаанбаатар" архи ууж байсан. Гэтэл Эрдүүк намайг утсаа өгчих гээд миний утсаар мессэж бичээд байсан. Тэгээд би наад дугаар чинь хэний дугаар юм гэтэл энэ хүнийг дуудах гээд байгаа юм, Баттогтохын дугаар гэсэн. Тэгээд би утсаа аваад би наад хүнийг чинь танина, өмнө нь найзууд байсан гэж хэлээд Баттогтох руу залгаж Номингэрэлийнд байна хүрээд ир жаахан юм ярьж сууя гэхэд ээж ирсэн байгаа гарч чадахгүй гээд утсаа тасалсан. Тэгтэл Эрдүүк ээж нь ирээгүй байгаа чи яваад аваад ир гэсэн. Тэгээд очоод хаалгыг нь цохиход нээхгүй байж байгаад 5 минутын дараа хаалгаа нээсэн. Би ороод найз Урансайханыг байгаа байх гэж бодоод хартал байхгүй байхаар нь бантаад ээж чинь байхгүй л байна шүү дээ гэхэд дуугараагүй. Тэгээд Баттогтох босож ирээд намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдсан. Футволкь, өмсөж байгаа хувцсыг нь би урсан. Муудалцаад бид хоёр цохилцсон. Гэхдээ өшиглөсөн зүйл байхгүй... гэв. 

 

          - Хохирогч Ө.Баттогтох хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 сарын 30-ны шөнө 02 цагийн үед манай гэрийн хаалгыг хүн хүчтэй балбаад, угз татаад байхаар нь би сэрээд хартал  хаалга түгжсэн хүрз мурийсан байсан. Би хэн юм бэ гээд хаалгаа нээтэл Нямлхагва гэдэг зүс таних залуу үгийн зөрүүгүй цохисон. Тухайн үед би чи яаж байгаа юм бэ  гэхэд Ч.Нямлхагва чи худлаа шаагаад байгаа юм бэ ээж чинь хоёр хоногийн өмнө явсан гэж байна гэхээр нь би гар гэж хэлтэл  чадахгүй пизда минь гэж хэлээд намайг заамдаж авч цохиж унагаад өшиглөсөн. Би босох гэтэл хамт явж байгаа залуу нь намайг босгохгүй дараад байсан. Тухайн үед миний утсанд дуудлага ирэхэд миний утсыг авснаа Баттогтохыг чинь зодчихлоо гэж хэлээд тасалсан. Тэгтэл надтай хамт ажилладаг Номингэрэл гэх хүүхэн орж ирээд та нар яаж байгаа юм гэснээ намайг зодолдохгүй яасан юм бэ гээд намайг өмөөрч Нямлхагва болон хамт явж байсан залуутай нь хэрэлдсэн. Нямлхагва хаалгаар орж ирээд шууд нүүр рүү хоёр удаа цохисон. Нүүрээ дараад доошоо хэвттэл баруун хавирга руу гурван удаа өшиглөж, мөн үсдэж байгаад цохиж өшиглөсөн, миний өмсөж явсан майкыг  урсан. Гарын хоёр тохой шалбарсан, баруун хөмсөг сэтэрсэн, толгой битүү хавантай, амьсгалахад цээжний баруун хэсгээр хөндүүрлэж байна. Ч.Нямлхагва урьд нь надтай муудаж байгаагүй боловч энэ тэнд таарахаараа үг хаяад байдаг. Зодуулсандаа гомдолтой байна... гэх мэдүүлэг / хх-н 10-11 х /,

- Гэрч Б.Бат-Ивээлт хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Ч.Нямлхагва намайг хамт гаръя гэж хэлээд Баттогтохын гэрийн гадаа тэднийх рүү орсон.  Харин би гадаа тамхи татчихаад араас нь ороход хоорондоо муудалцсан байдалтай Баттогтохын өмсөж байсан майк нь урагдсан байсан.  Нямлхагва “ чи найз гэчхээд ийм байж болохгүй, Урансайхан танайхаас гараад явж байсан гэсэн, та хоёр юу хийсэн юм бэ гэхэд Баттогтох дуугарахгүй суугаад байхад нь Нямлхагва нэг цохиод холдоход нь Баттогтох босож ирээд зодолдох гээд байхаар нь би Баттогтохыг түлхээд Нямлхагвыг боль гэж хэлчихээд, Нямлхагвын утсаар Бат-Эрдэнэ, Номингэрэл, Эрдүүк нарыг дуудсан.  Номингэрэл хаалгаар орж ирээд “ чи яагаад дүү зодож байгаа юм бэ “ гээд Нямлхагватай маргалдаж байхад Баттогтох утсаар яриад нэг хүн дуудсан. Удалгүй хилийн цэргийн хувцастай ах орж ирээд “ эргүүлээр явж байна, та хэд маргааш учраа ол, одоо харьцгаа “ гэж хэлэхэд нь Бат-Эрдэнэ, Нямлхагва бид гурав гэр гэр рүүгээ харьсан.  Миний хувьд гар хүрсэн зүйл бол байхгүй, харин дахиж муудах гээд байхаар нь Баттогтохыг түлхээд Нямлхагвыг боль гэж хэлсэн. Баттогтох, Нямлхагва хоёр найз охинтой нь уулзсан асуудал гарсан юм шиг байна лээ.... гэх мэдүүлэг / хх-н 13 х /,

           - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 257 тоот актын дүгнэлтэнд: 1.Ө.Баттогтохын биед баруун хөмсөнд язарсан шарх, баруун зүүн гарын тохойд зулгарсан шарх, баруун нүдний эргэн тойрон цус хуралт, баруун хөмсөг, нүдний эргэн тойрон, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ. /хх- 45 х /

 

- Ч.Нямлхагвын урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-32 х /

-

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 08/79 дугаартай тодорхойлолт. /хх-29 х /

 

-  Ч.Нямлхагвын иргэний үнэмлэхний хуулбар. /хх- 31 х /

 

          - Хохирогч Ө.Баттогтохын 2016 оны 09 сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн “  Миний бие Ч.Нямлхагватай эвлэрсэн, шүүх хуралдаанд суухгүй, гаргах санал гомдолгүй ” гэх хүсэлт  зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Нямлхагва нь 2016 оны 05 сарын 30-ны шөнө 02 цагийн үед  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн иргэн Ө.Баттогтохыг гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь “биед баруун хөмсөнд язарсан шарх, баруун зүүн гарын тохойд зулгарсан шарх, баруун нүдний эргэн тойрон цус хуралт, баруун хөмсөг, нүдний эргэн тойрон, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал “ бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Нямлхагвын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Баттогтох, гэрч Э.Бат-Эрдэнэ, Б.Бат-Ивээлт, О.Номингэрэл, Н.Жамбалдорж, Г.Эрдэнэмөнх нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 257 тоот акт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Ч.Нямлхагва нь Ө.Баттогтохыг  өмнө үерхэж байсан найз охин Урансайхантай хардаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь гэрч Б.Бат-Ивээлтийн  “ би гадаа тамхи татчихаад  араас нь ороход хоорондоо муудалцсан байдалтай Баттогтохын өмсөж байсан майк нь урагдсан байсан. Нямлхагва “ чи найз гэчихээд ийм байж болохгүй, Урансайхан танайхаас гараад явж байсан гэсэн, та хоёр юу хийсэн юм бэ “ гэхэд Баттогтох дуугарахгүй суугаад байхад нь Нямлхагва нэг цохиод холдоход нь Баттогтох босож ирээд зодолдох гээд байсан” /хх-13 х / гэх, шүүгдэгч  Ч.Нямлхагвын “ миний хайртай охинтой утсаар харьцаад байсан болохоор уурандаа нэг удаа цохисон ” /хх-28/ гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдсон байна. 

Иймд Ч.Нямлхагвыг тухайн гэмт хэргийг хувийн сэдэлтээр буюу хардалт, тэдгээрийн хооронд үүсэн таарамжгүй харьцааны улмаас, шууд санаатайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ч.Нямлхагвад холбогдох хэрэгт бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Харин энэ хэргийн хохирогч Ө.Баттогтох нь шүүгдэгч Ч.Нямлхагватай эвлэрсэн, гомдолгүй, саналгүй  тухайгаа шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд Ч.Нямлхагва нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан байх тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  үзлээ.  

Ч.Нямлхагва нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь түүний болон гэрч Э.Бат-Эрдэнэ, Б.Бат-Ивээлт, О.Номингэрэл, Н.Жамбалдорж, Г.Эрдэнэмөнх нарын мэдүүлгүүдээр хэрэгт хангалттай тогтоогджээ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй талаар заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан хийгээд хуулийн дээрх зүйл хэсгүүдэд өөрөөр ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй, хуулийн эдгээр заалтуудыг хэрэглэхэд эргэлзээ гарч буй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Ч.Нямлхагвад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. 

Шүүгдэгч Ч.Нямлхагва энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ө.Баттогтох гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Модчин овгийн Чинбатын Нямлхагвыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Ч.Нямлхагвад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Шүүгдэгч Ч.Нямлхагва энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч  Ө.Баттогтох гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэснийг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Нямлхагвад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН