Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2015/0322

 

Г.У-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, хариуцагч Г- аймгийн С- сумын Засаг дарга З.Б-, түүний өмгөөлөгч Б.О- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.У-ийннэхэмжлэлтэй, Г- аймгийн С- сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С-сумын Засаг даргын Тамгын газрын дарга намайг иргэний танхимын засварын ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны шийдвэргүйгээр Зб ХХК-тай гэрээ байгуулсан нь хууль бус болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тул үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж цаашид тухайн албан тушаалд ажиллах чадваргүй гэж үзсэн. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Иймд Г- аймгийн С- сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/27 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...С- сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/27 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэл цалинг намайг Г- аймгийн С- сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар тогтоон үндсэн болон нэмэлт цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г- аймгийн С- сумын Засаг дарга З.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Г.У- нь үнэлгээний хорооны дүгнэлт гараагүй байхад Зб ХХК-тай хууль бус гэрээ байгуулсныг удаа дараа сануулсан. Дүгнэлтт гараагүй байхад гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлж, дараа нь нөхөж гарын үсэг зуруулсан. Өөрийн алдааг бусдад нялзаах гэсэн увиагүй оролдлого гэж үзэж байна. Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 06 дугаар шийдвэрээс Г.У- нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна., 46 дугаар зүйлийн 46.1.2.-т Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах гэж заасан үүргээ хэрэгжүүлэлгүй үнэлгээний хорооны хууль зөрчсөн дүгнэлтийг хүлээн авч гэрээ байгуулах эрх олгосон нь тогтоогдсон. Дээрх байдлаар хууль зөрчин зохих журмын дагуу зохион байгуулагдаагүй тендерт шалгарсан Зб ХХК-ийн ажлыг Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/439 дүгээр албан бичгээр зогсоосныг үндэслэлтэй гэж үзсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Г.У- нь Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа хоёр албан хаагчдын гарын үсгийг дур мэдэн дуурайлган зурсан үйлдэл гаргаж эрх бүхий байгууллагын шалгалтаар нотлогдсон. Мөн 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлыг хийж байгаад Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдохдоо давхар ажил эрхлэлтийн талаар Засаг даргад мэдэгдэлгүй давхар цалин авч ажиллаж байсан нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон. Эдгээр үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан тул нэхэмжлэлийн шаардлага болох хэргийг анхан шатын шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацааны үндсэн болон нэмэгдэл цалинг олгох боломжгүй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03-р шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийг баримтлан иргэн Г.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г- аймгийн С- сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/27 дугаар захирамжийг хүчингүй болгож, С- сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилт хийхийг Г- аймгийн С- сумын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г- аймгийн С- сумын Засаг дарга З.Б- давж заалдах гомдолдоо:Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Ажил үүргийн хувьд: Нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, ил тод байдлын шалгуур үзүүлэлт, ажлын байрны тодорхойлолт гэх мэт хөтөлбөрүүдийн боловсруулж биелэлтийг тайлагнахыг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй.

Албан хаагчдын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ хэрэгжүүлдэггүй, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн тохиолдолд гаргана. Энэ үүргийг хангалтгүй биелүүлж 2014 он гарсаар шинээр түр томилогдон ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын урьдчилсан мэдүүлгийг авч холбогдох газар /Авлигатай тэмцэх газар/ хүргүүлээгүй, ХАСХОМ-ыг бүртгэхдээ ямар ч хяналтгүй ЭБАТ-ын нууц кодоо орууланwww.laac.meduuleg.com оруулан шивж чаддаггүй, нууц кодоо хүн хүнд зарлан шивүүлдэг. Мөн тухайн албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулаагүйгээс аймгийн Дотоод аудит хяналт шинжилгээний хэлтсийн шалгалтаар хангалтгүй үнэлэгдэж жилийн эцсийн ажлын үр дүнгийн ажлын үзүүлэлт гараагүй учир зохих урамшуулалд хамрагдаж чадаагүй.

Худалдан авах ажиллагааны ажлын хүрээнд: Иргэний танхим засварлах ажлын үнэлгээний хорооны дүгнэлт гараагүй байхад Зб ХХК-тай ажил эхлүүлэх гэрээг байгуулсан нь Захиргааны хэргийн 5 дугаар шүүхээр тогтоогдсон.

Иргэний танхимын засварын ажлын Үнэлгээний хорооны хуралд
оролцоогүй Б.Оюунчимэгийг гэрээ байгуулсны дараагаар Г.У- нь өөрийн биеэр очиж гарын үсэг зуруулсан, оролцсон мэтээр хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэн гарын үсэг зуруулсан нь Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхээр тогтоогдсон. Ох ХХК-тай гадна тохижилтын ажлын гэрээ хийхдээ нэг ажил дээр 2 өөр нэртэйгээр гэрээ байгуулсан.

Дээрх ажлын техникийн тодорхойлолт нь Ох ХХК-ийн нэг хувь нь баталгаагүй, тоо ширхэг, нэгжийн зөрүүтэй, техникийн тодорхойлолтыг өөрөө төлөвлөж ажлын хэсгийн ахлагч Д.Тунгалагаар шивүүлэн ажлын хэсгийн ахлагчийг боловсруулсан болгож гарын үсэг зуруулахдаа 2 гишүүнд нь тайлбарлаж өгөлгүй гарын үсэг зуруулсан ба нэг гишүүнийг байхгүй болохоор өөрөө гарын үсгийг нь дуурайлган хуурамчаар зурсан гишүүн Г.Мөнхцэцэгийн гэрээг байгуулахдаа ажлын тоо хэмжээг батлаагүй гэрээ байгуулсан.

Хоёрдогч түүхий эд хүлээн авах контейнер 5,0 сая төгрөгөөр, Бэлчээрийн менежментийн хөтөлбөрт байгаа контейнер, СРЗ гэсэн 2 төрлийн эд хогшил авах гэрээг 4,7 сая төгрөгөөр байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4 дэх заалтыг зөрчсөн гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн.

Мал угаах ванн, хашаа барих ажил-ын 8,3 сая төгрөгний гэрээг өөрийн хоршоо болох Гашуун булагийн цагаан товог хоршоотой байгуулсан. Уг хоршоо нь аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс 2,0 сая төгрөг аван 10 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллуулсан нь Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалын 4.8-д Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх эх үүсвэрийг өөр бусад эх үүсвэртэй давхардуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн.

Хуулийн этгээдийн Улсын бүртгэлд бүртгэлтэй хоршооны гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэлд Г.У-, мөн нөхөр болох Ж.Б- нь хоршооны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажилладаг, хамт бүртгэлтэй байгаа болно.

Мөн өөрийн нөхөр болох Ж.Б-той худаг засварлах 1,0 сая төгрөгний гэрээг байгуулсан, худаг засварлах, малжуулах, хуц ухна тараахдаа өрхүүдийг сонгохдоо журам дүрэмд нийцүүлээгүй өөрийн үзлээр сонгосон. Мөн өөрийн дүүгийн охинтой сумын ЕЗМА-ийн албан хаагчдын бэлэн байдлын үзлэгт аранз оёулах 400,000 төгрөгний гэрээг байгуулсан зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.3 дахь заалтуудыг зөрчсөн.

Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар Г.У-ийг туршилтын хугацаагүйгээр томилсон бол Төрийн албаны зөвлөл шууд тангараг өргүүлэх ёстой. Туршилтын хугацаа байсан учир тангараг өргөх албан тоот явуулахаар төлөвлөж байсан.

Төрийн албаны тухай хуулийн 18.2-т Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно гэсэн заалт байгаа учир Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 тоот тогтоолыг гаргаж мөрдүүлсэн нь Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа байх нь тодорхой байна.

Үр дүнгийн гэрээ байгуулах санал олон удаа тавьсан боловч хүлээж аваагүй гэж нэхэмжилэсэн нь хүнийг ямар ч аргаар муутгаж, буруутгах увайгүй арга хэрэглэх нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй худал гүтгэлэг байгааг уншиж үзлээ.

Миний бие Тамгын газрын дарга асан Г.У-т удаа дараа гэрээгээ байгуулах үүрэг өгч байсан ба урд байгуулсан Тамгын газрын даргын гэрээг санаа авахуулах зорилгоор өгсөн боловч зөвхөн нэрийг нь солин батлуулахаар оруулж ирж байсныг дахин засварлаад ир гэсэн үүрэг өгсөн боловч үүргийг биелүүлээгүй учир үр дүнгийн гэрээ байгуулаагүй болно.

2014 оны эхэнд аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай уулзахдаа үнэлгээний хороог Засаг дарга байгуулах чиглэл өгсний дагуу Г- аймгийн сумын Засаг дарга нар үнэлгээний хороог томилж байна. Төсвийн тухай хуулийн 6.6.3-т төсвийн захирагч нь өөрийн эрх, үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.

Шүүх хуралдаан дээр үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга С.Цэрэн, гишүүн Б.Оюунчимэг нар 05 дугаар сарын 03-ны өдрийн хуралд Б.Оюунчимэг оролцоогүй, тэмдэглэл болон тендер шалгаруулалтын өгөгдлийг хүснэгтэнд нөхөж гарын үсэг зурсан талаар мэдүүлсэн шүүхийн шийдвэрт тусгасан.

Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Зб ХХК-ийн ажлын гүйцэтгэлд үнэлгээ хийлгэхэд ажлыг 60%-тай гэж тогтоосон. Дахин зарлаж өөр компаниар хийлгэхэд ОНХС-ийн хөрөнгөнд их хэмжээний алдагдал болон цаг хугацааны /он дамжих/ хувьд хүндрэлтэй байсан тул уг компаниар үргэлжлүүлэн хийлгэх эсэх дээр талуудыг байлцуулан хуралдаж шийдвэрлэсэн. Уг ажил 6-11 дүгээр сарын хугацаанд маргаантай байсан. Шүүхээр шийдвэрлэгдсэний дараа гэрээг сунган байгуулсан. Иргэний танхим засвартай байснаас иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, хөнгөн шуурхай хүргэх бодлого зохион байгуулалт алдагдсан.

Г.У- нь дээрх үйлдлүүдийг удаа дараалан гаргаж байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь гаргасан үйлдэл алдаа дутагдал, хэрэгт авагдсан нотлох баримтыг хангаж үзэлгүй нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн байна. Уг хэргийг хариуцагчийн тайлбар болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагаас тогтоосон нотлох баримтуудыг харгалзан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Г- аймгийн С- сумын Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолын хавсралтын 7, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4-д заасныг тус тус баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар Г.У-ийг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр Г- аймгийн С- сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэгт ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг удаа дараа гаргасан байхыг ойлгодог бөгөөд Г- аймгийн С- сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/27 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасантай нийцээгүй байна. Тодруулбал,

Хариуцагчаас ...2 удаа бусдын гарын үсгийг дуурайлган зурсан, тендерийн баримт бичгийн нүүр хуудсыг скайнердуулж засварласан, хамаатан садантайгаа гэрээ байгуулсан зэрэг Г.У-ийн үйлдэл нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэгт хамаарна хэмээн маргадаг. Гэтэл нэхэмжлэгч Г.У- нь С.Цэрэн, Г.Мөнхцэцэг нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болох нь С- сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Г.У-ийг ажлаас чөлөөлөх тухай Б/27 дугаар захирамж гарснаас хойш буюу Прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 5/56 дугаар тогтоолоор тогтоогдсон байх тул маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно гэж зааснаас үзэхэд ажилд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг заавал тогтоох шаардлагагүй бөгөөд хэрэв туршилтын хугацааг тогтоох тохиолдолд албан тушаалд томилсон шийдвэртээ энэ талаар заах учиртай. Гэтэл нэхэмжлэгч Г.У-ийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/04 дүгээр захирамжид туршилтын хугацаа тогтоох талаар заагаагүй, холбогдох хуулийг баримтлаагүй байх тул түүнд туршилтын хугацаа тогтоосон гэх хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Г.У-ийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсноос хойш түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч сумын Засаг дарга нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллгааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 2.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй атлаа хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн хувьд эдлэх баталгааг алдагдуулжээ.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-д заасны дагуу хариуцагч Г.У-ийн ёс зүйн зөрчлийн талаар Ёс зүйн хороонд гомдол гаргаж байгаагүй, байгууллагын Ёс зүйн хорооноос энэ талаар шалгаж тогтоогоогүй, сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй байх тул хариуцагч нь Г.У-ийг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих нийтлэг үүргээ биелүүлээгүй гэж үзэж ажлаас халах үндэслэл болгосон нь буруу юм.

Шүүх хариуцагчийн тайлбарт дурдагдсан нэхэмжлэгчийг буруутгаж буй бусад үндэслэлийн тухайд хуулийн байгууллагаар тогтоогдоогүй байсан тул захирамжийн үндэслэл болгоогүй гэж хариуцагчаас мэдүүлсэн, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг өмнө нь ногдуулж байгаагүй, Авлигатай тэмцэх газрын хариу мэдэгдэх хуудас, Г- аймгийн Прокурорын газрын тогтоол, хариу мэдэгдэх хуудас зэрэг баримт бичгүүдээр нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэлүүд тогтоогдсон, маргаан бүхий захиргааны актаас хойш үйлдэгдсэн гэх үндэслэлүүдээр шийдвэрт үндэслэл болгоогүй, маргаан бүхий актыг зөвтгөх үндэслэлгүй талаар зөв дүгнэжээ.

Харин шүүх нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... ажлаас халагдсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл өдрөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэж бичгээр нэмэлт тайлбар гаргасан байхад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаа-гаар тооцон хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж түүнд олгуулахаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... эхлэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл гэснийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл гэжөөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ