Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 315

 

                          Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон зам 2-19 тоотод оршин байгаа, “Эрчис тал” ХХК /РД: 5415071/-ийн

Хариуцагч: Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Дэнжийн 15-401 тоотод оршин суух, Боржигон овгийн Эрдэнийн Отгонбаяр /РД: УХ85032871/-т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 8.730.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эрчис тал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2016 оны 07 сарын 18-ны өдрийн 016-20 тоот гэрээний дагуу худалдан авагч Э.Отгонбаярт хөөсөнцөр хавтанг нийлүүлсэн бөгөөд тэрээр барааны үнийг 2016 оны 08 сарын 26-ны өдөр төлж дуусахаар тохирсон боловч тайлбар шалтаг хэлж хугацааг сунгасан ч барааны үнэ 6.443.500 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээний 6.1-д зааснаар алданги тооцож 2.287.000 төгрөг болсон тул нийт 8.730.000 төгрөгийг иргэн Э.Отгонбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь “Эрчис тал” ХХК-ийн захирал Д.Баяраа ахад 8.730.000 төгрөг төлөх нь үнэн. Би уг мөнгийг зуслангийн газар оронд нь өгч тохиролцох хүсэлтэй байна. Уг нь 6.000.000 төгрөг төлөх ёстой. Гэхдээ хүү нь нэмэгдээд 8.730.000 төгрөг болсон байна. Д.Баяраа ахад барьцаанд байгаа миний зуслангийн газрыг өгөөд зөрүүг нь төлөх саналтай байна гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эрчис тал” ХХК нь хариуцагч Э.Отгонбаярт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 8.730.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“Эрчис тал” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 016-20 дугаар “хөөсөнцөр хавтан худалдах, худалдан авах тухай” гэрээний хуулбар /хх-6-7/, Э.Отгонбаярын “Эрчис тал” ХХК-д гаргасан “тооцоо хийх хугацааг сунгуулах тухай” өргөдлийн хуулбар /хх-8-9/, тооцооны хуудсуудын хуулбарууд /хх-10-11/, кассын орлогын ордерын хуулбар /хх-13/ зэргийг шүүхэд баримтаар өгсөн.

         Хариуцагч Э.Отгонбаяр нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд: “Эрчис тал” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Отгонбаярт холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 8.730.000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч Э.Отгонбаяр нь 8.730.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч “Эрчис тал” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Отгонбаяр нь  худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 8.730.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч “Эрчис тал” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ     /хх-24/ зэргээр нотлогдож байна.

Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “Эрчис тал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.630  төгрөгийн тал хувь болох 77.315 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Э.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 77.315 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Эрчис тал” ХХК-д олгов.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Эрчис тал” ХХК-ийн нэхэмжлэлтэй Боржигон овгийн Эрдэнийн Отгонбаярт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 8.730.000 /найман сая долоон зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Отгонбаяр нь 8.730.000 /найман сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч “Эрчис тал” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын төсвийн данснаас 77.315 /далан долоон мянга гурван зуун арван тав/ төгрөгийг, хариуцагч Э.Отгонбаяраас 77.315 /далан долоон мянга гурван зуун арван тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Эрчис тал” ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Отгонбаяр сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.    

4. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

 

                                            ШҮҮГЧ                          Н.БАЯРСҮРЭН