Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 00946

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2017/00946

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  О -т холбогдох,

540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь тавилга модон эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ 2016 оноос зээлээр худалдаж байгаа. Отай 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр булангийн 750.000 төгрөгийн үнэтэй буйданг зээлээр өгсөн бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 05-р сарын 15-ны өдөр дуусах бөгөөд энэ хугацаанд захиалагч нь урьдчилгаа 5% буюу 40.000 төгрөгийг гэрээ байгуулсан 2016.10.15-нд өгсөн, үүнээс хойш сар бүрийн 15-ны өдөр 100.000 төгрөг өгч, мөн гэрээний 7-д 6-12 сарын хугацаатай гэрээнд 200.000 төгрөгийн зээлийн хүү тооцохоор, мөн гэрээний 2-р зүйлийн 3-т хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн. Захиалагч О нь зээлийг 2017 оны 01-р сар хүртэл нийтдээ урьдчилгаатай 410.000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл 340.000 төгрөгийг 2017 оны 2 сараас хойш өнөөдрийг хүртэл төлөөгүй, утсаар холбогдоход өгнө гэх боловч өгөхгүй, заримдаа утсаа авахгүй байна. Иймд хариуцагч Оаас “Захиалгаар хийх бүтээгдэхүүний гэрээ”-ний төлөгдөөгүй үнэ 340.000 төгрөг, хүү 200.000 төгрөг нийтдээ 540.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хкомпанитай хуулийн талаар хамтарч ажилладаг. Х компани надад 5 сард материалаа өгсөн. Шүүхэд нэхэмжлэл өгөх үед буйдангийн үнэ 340.000 төгрөг төлөгдөөгүй байсан. 2017 оны 05 сард гэрээний хугацаа дууссан боловч төлбөрийг бүрэн барагдуулаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2017 оны 09 сарын 12-нд буйдангийн үнийн үлдэгдэл төлбөр 340.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Харин гэрээгээр тохиролцсон хүүний төлбөр 200.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа тул энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэв.  

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: О надад гаргасан С компани 340.000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийг 2017-09-10-ны өдөр бэлнээр 2017-09-12-нд 100.000 төгрөгийг 5070185866 Хн дансанд тус тус өгсөн болно. Хүү гэгдэх 200.000 төгрөгийг өгөх боломжгүй юм. Би тус компаниас бэлэн мөнгө бус бараа авсан байсан учраас үлдэгдэл 340.000 төгрөгөө төлж барагдуулсан гэжээ.

Хариуцагч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ надад хүү, алданги тооцох талаар хэлж байгаагүй юм. Буйдангийн үнийн үлдэгдэл 340.000 төгрөг үлдсэн байсныг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бэлнээр төлж барагдуулсан байгаа. Иймд хүү гэгдэх 200.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед гэрээтэй танилцаагүй. Уншиж ойлгоогүй гарын үсэг зурсан. Энэ талаар мэдэхгүй байна. Гэрээний хувьд маргах зүйлгүй. Харин тухайн үед гэрээтэй танилцахдаа дутуу уншиж танилцсан байж болох юм. Гэхдээ хүүг төлөх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь  хариуцагч Д.От холбогдуулан үүргийн гүйцэтгэлд 540.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч “Х” хязгаарлагдман хариуцлагатай компани нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр булангийн буйданг 750.000 төгрөгөөр худалдахаар хариуцагч Д.Отай тохиролцож урьдчилгаа болгон 40.000 төгрөгийг хүлээн авсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон талуудын 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Захиалгаар хийх бүтээгдэхүүний гэрээ”-ийн хуулбараар тогтоогдож байна.  /хх-ийн 4-р тал/,

Гэрээний талууд хүсэл зорилгоо илэрхийлэн, сайн дурын үндсэн дээр, булангийн буйданг 750.000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулан, талууд гэрээнд гарын үсэг зурсан байх ба дээрх хэлцэл ёсоор нэхэмжлэгч Х ХХК нь 750.000 төгрөгийн булангийн буйданг хариуцагч Д.От хүлээлгэн өгч, хариуцагч Д.О нь 2016 оны 10 сарын 15-нд урьдчилгаа 5 хувь буюу 40.000 төгрөгийг “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанид өгөх, үлдэгдэл 95% буюу 710.000 төгрөгийг ажил дуусгавар болох 2016 оны 11, 12 сар, 2017 оны 1, 2, 3, 4, 5 сар бүрийн 15-нд тус тус 100.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 05 сард бидний байгуулсан гэрээний хугацаа дууссан ба гэрээний хугацаа дуусахад Д.О нь буйдангийн үнээс төлөөгүй 340.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2017 оны 09 сарын 12-ны өдрийн байдлаар бүрэн төлж барагдуулсан, одоо гэрээгээр тохиролцсоны дагуу хүү 200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж, хариуцагч Д.О нь буйдангийн үнийн үлдэгдэл төлбөр 340.000 төгрөг байсныг 2017 оны 09 сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдуулсан, хэдийгээр би гэрээнд гарын үсэг зурсан байгаа ч надад хүү, алдангийн талаар хэлж яриагүй тул би хүүнд нэхэмжилсэн 200.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж хариу тайлбар гарган мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан 750.000 төгрөгийн үнэ бүхий булангийн буйданг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч буюу “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь булангийн буйданг хүлээлгэн өгсөн болох нь “Захиалгаар хийх бүтээгдэхүүний гэрээ” /хх-ийн 4 дүгээр тал/, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтад маргахгүй байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Худалдагч “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 750.000 төгрөгийн үнэ бүхий булангийн буйданг худалдан авагчид шилжүүлэн өгсөн, худалдан авагч буюу Д.О нь булангийн буйдангийн үнэ 750.000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба хариуцагч нь энэ үүргээ биелүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.  

Түүнчлэн хуульд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Захиалгаар хийх бүтээгдэхүүний гэрээ” -ээр 2016 оны 11, 12 сар, 2017 оны 1, 2, 3, 4, 5 сард сар бүрийн 15-ны өдөр 100.000 төгрөгийг төлж байхаар, гэрээний 7 дугаар зүйлд “эхний 3 сард хүү тооцохгүй, 3-6 сарын хугацаанд 100.000 төгрөг нэмэх, 6 сараас 12 сарын хугацаанд 200.000 төгрөгийг нэмж тооцож авахаар гэрээг бичгээр байгуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2.3-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ, төлбөл зохих хүүгийн хэмжээг заавал тусгана  гэсэн хуулийн шаардлага хангаж байх тул нэхэмжлэгч “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.Оаас хүү 200.000 төгрөгийг хариуцагчаас шаардах үндэслэлтэй байна.

Хариуцагч нь хүү төлөх боломжгүй, гэрээнд би гарын үсэг зурсан нь үнэн боловч хүү төлөх талаар бид ярилцаж тохиролцоогүй гэж маргаж байх боловч нотолж чадаагүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ нь тогтоогдохгүй байна. 

Иймд хариуцагч Д.Оаас 200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 540.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 16.850 төгрөгийг, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 1.650 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2.3-т зааснаар хариуцагч Д.Оаас 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.500 /арван найман мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 16.850 /арван зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 1.650 /нэг мянга зургаан зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН