| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0314/И |
| Дугаар | 316 |
| Огноо | 2017-10-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 316
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 54-12 тоотод оршин суух, Тайж овгийн Дашзэвэгийн Батбаатар /РД: УХ78083090/-ын
Хариуцагч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчдын 29-17 тоотод оршин суух, Уяач овгийн Батын Ганхуяг /РД: НС70063075/-т холбогдох
Түрээсийн гэрээний үүргийн биелэлт 1.351.065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би иргэн Б.Ганхуягтай 2016 оны 09 сарын 07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Шинэ налайх хороололд 1А байрны 36 тоот 2 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын 250.000 төгрөгөөр хөлслүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч түрээслэгч Б.Ганхуяг нь 4,5,6,7 саруудын төлбөр болох 1.000.000 төгрөг төгрөгийг төлөөгүй. Гэвч түрээслэгчийн хүсэлт болон ахуйн амьдралыг бодож 100.000 төгрөгийг хасч тооцон түрээсийн үлдэгдэл төлбөр 900.000 төгрөг, цахилгааны төлбөр 65.385 төгрөг, халаалтын төлбөр 256.000 төгрөг, усны төлбөр 109.680 төгрөг, тээврийн хэрэгсэлд 20.000 төгрөг, нийт 1.351.065 төгрөгийг хариуцагч Б.Ганхуягаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ганхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Д.Батбаатарын байрыг түрээслэн амьдарч байсан. Гэрээний хугацаа 2017 оны 09 сарын 07-ны өдөр байсан ба хугацаанаас өмнө 2017 оны 06 сарын 30-ны өдөр суллаж түүгээр тооцоо дуусгавар болсон. Энэ хугацаанд гарсан зардлын үлдэгдэл тооцоо нийт 1.318.770 төгрөг байгаа. Энэхүү төлбөрийг санхүүгийн хүндрэлийн улмаас өгч амжаагүй байтал шүүхэд хандсан байна. Бид төлөх ёстой харин бөөнд нь төлөх боломжгүй байгаа тул хэсэгчлэн төлж барагдуулах бодолтой байна гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батбаатар нь хариуцагч Б.Ганхуягт холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлт 1.351.065 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.Батбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Ганхуягтай байгуулсан түрээсийн гэрээний хуулбар /хх-5-6/, цахилгаан эрчим хүчний төлбөрийн баримт, халаалт дулааны төлбөрийн баримт, хэрэглээний усны төлбөрийн баримт, шатахууны баримт /хх-7/ зэргийг шүүхэд баримтаар өгсөн.
Хариуцагч Б.Ганхуяг нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Эвлэрлийн гэрээнд: Д.Батбаатарын нэхэмжлэлтэй Б.Ганхуягт холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт 1.351.065 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч Б.Ганхуяг нь 1.351.065 төгрөгийг нэхэмжлэгч Д.Батбаатарт 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ганхуяг нь түрээсийн гэрээний үүргийн биелэлт 1.351.065 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Д.Батбаатарт төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ /хх-17/ зэргээр нотлогдож байна.
Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Д.Батбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.750 төгрөгийн тал хувь болох 18.375 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Б.Ганхуягаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18.375 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Батбаатарт олгов.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тайж овгийн Дашзэвэгийн Батбаатарын нэхэмжлэлтэй Уяач овгийн Батын Ганхуягт холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт 1.351.065 /нэг сая гурван зуун тавин нэгэн мянга жаран тав/ төгрөг гаргуулах тухай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ганхуяг нь 1.351.065 /нэг сая гурван зуун тавин нэгэн мянга жаран тав/ төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Д.Батбаатарт төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын төсвийн данснаас 18.375 /арван найман мянга гурван зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Б.Ганхуягаас 18.375 /арван найман мянга гурван зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Батбаатарт олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Ганхуяг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН