Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан,

Хохирогч А.Баттулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

Шүүгдэгч Б.Цэдэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 88 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбажавын Цэдэвсүрэнд холбогдох эрүүгийн 2207000000060 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 46 настай, яс үндэс Торгууд, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Налайх дүүрэг 7 дугаар хороо 11-04 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт Бямбажавын Цэдэвсүрэн /РД:УД76032779/

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Цэдэвсүрэн нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 15-608 тоотод 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийн эзэн А.Баттулгатай гуталтай гэрт орж ирлээ гэж загналаа гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар түүний нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөн халдаж эрүүл мэндэд нь эрүү ясны сэртэн болон ооч хэсгийн зөрүүтэй хоёрлосон хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.Цэдэвсүрэн нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн орой 11 цагийн үед А.Баттулгын гэрт Д.Батхуяг, А.Наран-Үүрдмандах бид гурав очсон. Нөгөө хоёр гутлаа тайлаад хойд өрөө рүү нь ороход би пийшингийн хажуу талын орон дээр гутлаа тайлахгүйгээр суусан. Хүүхэд мөлхдөг хивсэн дээр та гишгэлээ гэж маргалдаад бие биеэ цохиж, А.Баттулга намайг унагаад дээрээс цохиж байсан. Тэгэхэд би өөдөөс нь нэг жийсэн бөгөөд холдуулахыг л бодсон. Гэтэл эрүүний яс нь хугарсан. Өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч А.Баттулга нь шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр бид хэд манайд архи уусан. Цэдэв ах тухайн үед гэрт гуталтайгаа орж ирээд бид хоёрын хооронд маргаан болж зодолдсон. Бид хоёр нэлээд согтолттой байсан бөгөөд намайг жийсэн байсан. Тэгээд миний эрүүний яс хугарсан. Намайг эмнэлэгт хэвтээд гарч ирэхэд Цэдэв ах уулзаад надаас уучлал гуйгаад эмчилгээний зардал, хохирлын мөнгийг барагдуулсан. гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4/, хохирогч А.Баттулгын мэдүүлэг /хх 7/, гэрч А.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх 9/, гэрч Д.Батхуягийн мэдүүлэг /хх 11/, гэрч А.Наран-Үүрдмандахын мэдүүлэг /хх 13/, шинжээчийн 135 дугаартай дүгнэлт /хх 19-20/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Шинжээчийн 135 дугаартай дүгнэлт /хх 19-20/, хохоирлын баримт /хх 56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43/, иргэний оршин суугаа газрын тодорхойлолт /хх 38/, гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /хх 394/, үл хөдлөх хөрөнгөгүйн лавлагаа /хх 41/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, мөн хохирогчийн зодооныг эхлүүлсэн зүй бус үйлдлээс шалтгаалан энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзэж байна. Харин эсрэгээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд Б.Цэдэвсүрэн нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, мөрдөн шалгах ажиллагааны үеэр болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын шатанд хохирол төлбөрийг төлж барагдуулж хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан прокурорын зүгээс прокурорын хяналтын шатанд эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ дээр тохирсон байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэдэвсүрэнг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгч Б.Цэдэвсүрэн нь мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд хохирол төлбөртэй холбоотойгоор 3.800.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хохирогч нь шүүх хуралдаанд цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах дүгнэлтийг гаргаж байна. ” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ...Миний үйлчлүүлэгч анхнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид зохих хэмжээний нөхөн төлбөр төлөх, уучлалт хүсэх арга хэмжээг авсан байгаа. Нөгөөтээгүүр хохирогчийн хувьд миний үйлчлүүлэгчтэй урьдын сайхан ах дүүгийн харилцаагаа үргэлжлүүлэх жудагтай эр хүний зангаа харуулж байна гэж харсан. Энэ хоёр хүн өөрсдийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч бие биедээ хүндэтгэлтэй хандаж байна гэж харагдаж байна. Хохирогчид өр төлбөргүй, гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаад өмгөөлөгчийн зүгээс 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг прокурорын шатанд гаргасан. Прокурорын зүгээс 500.000 төгрөгөөр торгох нь зүйтэй байна гэсэн бөгөөд торгох ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан. Ингээд талууд саналаа харилцан солилцоод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг хүлээн зөвшөөрсөн. Хугацааны хувд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой. Миний үйлчлүүлэгч мөн улирлын чанартай ажил хийдэг, тогтмол орлоготой биш тул хугацааг харгалзан үзнэ үү. Тухайн хугацааг сунгах, уртасгах эрх хэмжээ шүүхэд байгаа. Ийм учраас Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу цалин хөлс, хөрөнгө олох боломжийг харгалзаад торгох ялыг төлөх хугацааг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.Цэдэвсүрэнгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Цэдэвсүрэн нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 15-608 тоотод 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийн эзэн А.Баттулгатай гуталтай гэрт орж ирлээ гэж загналаа гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар түүний нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөн халдаж эрүүл мэндэд нь эрүү ясны сэртэн болон ооч хэсгийн зөрүүтэй хоёрлосон хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Цэдэвсүрэнгийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би Наранүүрдмандах бид хоёр Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 15-08 тоот болох найзындаа байж байх үед гаднаас Батхуяг орж ирээд бид гурав Баттулгынд очсон. Тэгэх үед Баттулга гэртээ ганцаараа унтаж байсан. Тэгээд бид гурав орох үед Наранүүрдмандах, Батхуяг нар гутлаа тайлаад орсон. Тэгэх үед би гуталтайгаа ороод орны булан хэсэгт суусан. Тэгэх үед Баттулга намайг хивсэн дээр гадны гуталтайгаа орж ирлээ гэж уурлаад намайг өшиглөөд унагаачихсан. Тэгсэн би орны завсар унасан. Тэгэх үед Баттулга дээрээс намайг цохиод байсан. Тэгэхээр нь би жийгээд холдуулсан тэгэх үед Наранүүрдмандах бид хоёрыг салгасан. Тэгээд би гал тогоо хэсэг рүү орчихсон. Тэгэх үед Наранүүрдмандах бид хоёрыг салгасан. Тэгээд би гал тогоо хэсэг рүү орчихсон. Тэгсэн удалгүй гаднаас дүү нь орж ирээд та нар яв гээд хөөгөөд байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 32 дугаар тал/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор А.Баттулгын өгсөн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед Наранүүрдмандахтай 0.75 литрийн Хараа гэх нэртэй архи 2 шилийг уугаад бид хоёр манай гэр болох Налайх дүүргийн Уурхайчдын 15-608 тоот болох гэрт ирээд 3 шил архи уугаад тэгээд би хамт уусан хүмүүсээ явуулаад Батаа ах би жоохон унтаж байгаад явъя гэхээр нь зөвшөөрөөд байж байтал 17 цаг өнгөрөөд Цэдээ, Наранүүрдмандах хоёр гаднаас ороод ирсэн. Тэгээд бид дөрөв нэг шил архи уугаад сууж байтал нэг харсан чинь Наранүүрдмандах , Цэдээ хоёр гадны гуталтайгаа гэрт ороод ирсэн байсан. Тэгэхээр нь би гутлаа тайлчих наана чинь манай хүүхэд мөлхдөг юм гэж хэлэх үед Цэдээ нь чи ямар сүртэй пизда вэ гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаад байж байгаад Цэдээтэй заамдалцаад боолцоод байж байтал Цэдээ ах намайг нэг удаа шанаа хэсэг рүү цохисон. Тэгээд би зөрүүлээд цохиод цохилцоод байж байтал намайг Цэдээ ах өшиглөх шиг хаашаа яаж өшиглөсөн талаар бол мэдэхгүй байна...Гэрт гадны гуталтай орж ирсэн. Тэрнээс болоод маргалдсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 7 дугаар тал/

3. Мөрдөн байцаалтад гэрчээр А.Бат-Эрдэнийн өгсөн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн үед Улаанбаатар хотоос Налайх дүүрэг дэх гэр лүүгээ явж байтал манай ах А.Баттулга над руу өөрийнхөө 94585616 дугаараас залгаж “ахыг нь алах гээд байна, олуулаа зодоод байна, хурдан хүрээд ир” гээд согтуу залгаад уйлаад байсан. Ингээд би тэр даруйдаа Налайх дүүргийн1 дүгээр хороо Уурхайчдын 15-608 тоот ахынхаа гэрт яваад очтол гэрт нь манай ахаас гадна үл таних 3 эрэгтэй бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн нэлээн согтолттой хоорондоо хэрүүл хэрүүл хийж маргалдаж зодолдсон шинжтэй байсан. Тэгэхэд манай ахын нүүр ам нь нэлэнхийдээ цус болчихсон амнаас нь цус гоожоод байсан ингээд би юу болсон талаар асуухад эхэндээ надад тодорхой зүйл хэлээгүй хамт байсан Монхоо гэж дуудаад байсан өндөр залуугаас асуухад “би ахыг чинь нэг л удаа цохисон, учир нь хамт уусан Цэдвээг танай ах чинь зодоод байхаар нь би болиулах санаатай л ганц цохисон шүү” гэж хэлсэн. Тэгсэн манай ах үүнийг нь сонсчхоод “намайг ганц цохиогүй наад хоёр нийлж намайг зодож нүүрийг маань хөлөөрөө дэвсэж ийм болгосон” гэж хэлсэн. Тэгэхээр нь ерөнхийдөө болсон үйл явдлыг ойлгоод ахыгаа эмнэлэг рүү дагуулж явах гээд гэрт нь байсан үл таних 3 залууг бүгдийг нь хөөгөөд явуулчихсан, одоо хаана юу хийж байгааг нь мэдэхгүй. Ингээд эмнэлэгт ахыгаа үзүүлээд байж байтал цагдаа нар ирсэн юм.... гэх мэдүүлэг,

/хх-ийн 9 дүгээр тал/

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.Батхуягийн өгсөн: ...2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би Баттулгатай таараад 2 шил архи ундаа тамхитай аваад Баттулгынд болох Налайх дүүргийн 1-р хороо Уурхайчдын 15-608 тоотод хорооны найзууд болох тавуулаа Баттулгынд очсон удалгүй архиа ууж сууж байгаад Баттулга хорооны найзуудаа явуулаад бид хоёр үлдсэн. Тэгээд би удалгүй Баттулгаас гараад явж байгаад Цэдэвсүрэн, Наранүүрдмандахтай таараад тэр хоёрыг дагуулаад Баттулгынд очсон. Тэгээд орохдоо Наранүүрдмандах бид хоёр гутлаа тайлаад орсон. Тэгсэн Цэдэвсүрэн гуталтайгаа орсон. Тэгэх үед Баттулга уурлаад энд хүүхэд мөлхдөг юм. Чи гуталтайгаа орж ирлээ гээд Цэдэвсүрэн лүү уурлаад тэр хоёр маргалдсан. Тэгээд Баттулга шууд Цэдэвсүрэнг өшиглөөд орны хажуу хэсэг рүү унагаачихсан. Тэгсэн Баттулга дээрээс нь цохисон. Тэгэх үед Цэдэвсүрэн өөрөөсөө холдуулах гээд гуталтай хөлөөрөө нүүр хэсэг рүү нь жийсэн. Тэгээд Наранүүрдмандах салгаад чи хөгшин хүн цохилоо гээд салгасан. Тэгэх үед Баттулга утсаа гаргаж ирээд дүү болох Бат-Эрдэнийг дуудсан...маргааш нь утсаар ярьтал эхнэр нь утсыг нь аваад Баттулга эмнэлэгт эрүү нь хугарчихсан байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг,

/хх-ийн 11 дүгээр тал/

 

5. Мөрдөн байцаалтад гэрчээр А.Наранүүрдмандахын өгсөн: ...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би Батаа ахтай би 2 шил архи уучхаад Батаа ахынд байж байгаад бид хоёр Улаанаа гэх айлд очиход Цэдвээ ах байсан тэгээд бид гурав Налайх дүүргийн 7-р хороо Бадралаас гараад Налайх дүүргийн 1-р хороо Баттулгынд очсон. Тэгсэн Баттулга согтуу унтаж байсан. Тэгээд сэрээгээд архи уух санаатай гэрт нь ороод Батаа ах бид хоёр гутлаа тайлаад ороод байж байтал Цэдвээ ах гуталтай ороод ирсэн. Тэгээд Баттулга уурлаад манай хүүхэд наана чинь мөлхдөг чи гутлаа тайл гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд Баттулга Цэдвээг гуталтай байна гээд бие рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн Цэдвээ зөрүүлээд цохисон тэгээд тэр хоёр зууралдаад газар унаад цохилцоод өшиглөөд байсан. Тэгээд би очоод салгасан чинь Баттулга над руу чи зүгээр цаашаа бай гээд тэгсэн.  Цэдвээ ах цагдаагаа дууд гээд тэр хоёр дахиад зодолдоод эхэлсэн. Тэгээд Баттулга утсаа гаргаж ирээд дүү Бат-Эрдэнэ лүү залгаад дуудсан. Тэгээд Баттулга утсаа гаргаж ирээд дүү Бат-Эрдэнэ лүү залгаад дуудсан...тэр хоёр харилцан зодолдож байх үедээ бол нэг нэгнийгээ зөндөө цохиж өшиглөсөн... гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар тал/

 

6. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/135 дугаар: А.Баттулгын биед эрүү ясны сэртэн болон ооч хэсгийн зөрүүтэй хоёрлосон хугаралыг хадах мэс заслын дараах байдал /2022.02.06 УНТЭ-ЭНМЗ/ гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт,

/хх-ийн 20 дугаар тал/

7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 03-04 дүгээр тал/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 43 дугаар тал/

9. Эмчийн үзлэгийн тэмдэглэл,

/хх-ийн 49-50 дугаар тал/

 

10. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 51-52 дугаар тал/

 

11. шүүгдэгч Б.Цэдэвсүрэнгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 36-41 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Цэдэвсүрэн нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч А.Баттулгын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Цэдэвсүрэн нь хохирогч А.Баттулгын нүүрэн тус газар нь өшиглөсөн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид өшиглүүлсний улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/135 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Б.Цэдэвсүрэнг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Цэдэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Цэдэвсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Баттулгын бие махбодод хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч “...3.800.000 төгрөг авсан. Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Б.Цэдэвсүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Б.Цэдэвсүрэнг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин хохирогч А.Баттулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд 3.800.000 төгрөгийг 3 хувааж авсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гүйлгээний баримт, тэмдэглэл /хх 56/ зэргээр тогтоогдож байхад улсын яллагч Г.Баясгалан нь яллах дүгнэлтийн хавсралтдаа ...эмчилгээний зардал бүхий 4.000.000 төгрөгийг яллагдагч Б.Цэдэвсүрэнгээс нэхэмжилснийг...төлж барагдуулсан. гэж бичигдсэнийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ...Алдаа гаргаад бичигдсэн байсан гэх тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож  болно, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/67 тушаалын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан зааврын 7.2 дугаар зүйлийн 1-т Прокурор нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд дотоод итгэл нь хийсвэр байх ёсгүй, тухайн хэрэгт тогтоогдсон бүх байдлыг хянаж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрын удирдлага болгосон итгэл үнэмшил байна гэж тус тус заажээ.

 

Гэтэл яллах дүгнэлтийн биеийн байцаалтад Б.Цэдэвсүрэн нь мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судалсан баримтуудаас үзэхэд цалин хөлс, орлогын талаар баримт авагдаагүй,

Мөн улсын яллагч Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх ажиллагааны гол зорилго бол шүүгдэгч хохирол төлбөрийг төлсөн тохиолдолд хуульд заасан эрүүгийн хариуцлагаас ял шийтгэгдэх, түргэн шуурхай явуулах эрх зүйн үр дагаврыг агуулж байдаг.”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэргийг түргэн шуурхай, бүрэн бодит шийдвэрлэх гэсэн байдаг бөгөөд үүний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа хийгддэг гэж ойлгодог.” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргах бөгөөд уг хэрэг “хөнгөн гэмт хэргийг 2 сар шалгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3-т “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна.” гэж зааснаас үзэхэд 14 хоногт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “ түргэн шуурхай” гэдэгт нийцэхээргүй байна. Иймд дээрх алдааг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар

     Шүүгдэгч Б.Цэдэвсүрэн нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Бямбажавын Цэдэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэдэвсүрэнг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэдэвсүрэнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Цэдэвсүрэн нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цэдэвсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ