Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/230

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,  шүүгч Л.Оюун, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч А.Намдаг,

иргэдийн төлөөлөгч Ж.Цогзолмаа,

шүүгдэгч  Б.М- түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С- түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар,

шинжээч Ц.Бадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Б.М-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805051260945 тоот хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүрэг ... дүгээр хороо ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.М-

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.М- нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Номуун зочид буудлын 207 тоот өрөөнд иргэн Б.У-ийн хоолойг боож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.М- мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орой талийгаач Уранбилэгтэй уулзаад 21 дүгээр хороололд пабад сууж байгаад гарсан. Хамт ажилладаг дүү залгаад хамтдаа явахаар болоод уулзаад буудалд ороод тэр орой хамт юм ярьж сууж байгаад хоносон. Өглөө нь Уранбилэг бид хоёр бэлгийн харилцаанд орсон. Бид хоёр шараа тайлах гээд би гарч дэлгүүрээс пиво аваад уусан. Буудлаас гарах цаг болсон гээд бид хоёр гараад явсан. Бид хоёр хамт явж байгаад Энхсайхантай таарсан. Энхсайхантай хамт юм ярьж байгаад 17,18 цаг хүртэл хамт байж байгаад гэртээ харих гэж байгаа юмаа гээд Энхсайхантай бид 3 буудалд орсон. Намайг унтаад сэрэхэд Энхсайхан явсан байсан. Бид хоёр хамт бэлгийн харьцаанд орсон. Дотуур хувцасаар нь хүзүү рүү хийж байгаад би татсан. Дотуур хувцасыг нь хүзүүгээр нь оруулаад бэлгийн харьцаанд орж байгаад дууссан. Талийгаач миний зүрхээр өвдөөд байна гэж хэлэхээр нь гайгүй байлгүй дээ гэж би хэлчихээд тамхи татах гээд тамхиа аваад байж байсан чинь Уранбилэг орноос унаад ухаангүй байхаар нь би талийгаачид хиймэл амьсгаа хийсэн. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Би талийгаачийг үхсэн гэж мэдээгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С- мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 04-ний орой 20 цаг өнгөрч байхад миний эх орж ирээд цагдаагийн байгууллагаас залгаад дуудаж байна гэж хэлэхээр нь би нөхрөө цагдаагийн байгууллагаруу явуулсан. Цагдаагийн байгууллага дээр манай нөхөр очоод залгаад “дүү чинь өнгөрсөн байна гэж хэлээд надад нэг зураг харуулаад дүү чинь мөн үү гэж асуусан” гэж хэлээд утсаа тасалсан. Би цагдаагийн хэсэг рүү бэр эгчээ дагуулаад очсон. Бэр эгч цагдаагийн байгууллага дээр очоод талийгаачийн зургийг харъя гэж хэлэхэд харуулаагүй. Маргааш нь дүүгээ харъя гэхэд харуулаагүй би шүүх эмнэлэг дээр оччихоод цагдаагийн байгууллага дээр эргэж очоод талийгаачийн зургийг нь харсан. Бид нар оршуулгын зардал гэж баримтаар 13.007.066 төгрөг,  баримтгүй 932.000 төгрөгний зардал гаргасан байгаа. Талийгаач цалингийн зээлтэй байсан. Би талийгаачийн цалингийн зээлийг төлж байгаад сүүлийн саруудад төлөөгүй байгаа. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн. Миний зүгээс болон ар гэрийнхэн маань гомдолтой. Талийгаачийн хүүхдийн сэтгэл санаанд асуудал гарсан. Эрэгтэй хүүхэд учраас сэтгэл санаанд нь хэцүү байгаа” гэв.

 

Шүүгдэгч Б.М- нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Номуун зочид буудлын 207 тоот өрөөнд иргэн Б.У-ийг хоолойг нь багалзуурдаж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “ ... Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Номуун” зочид буудал гэх нэртэй бичлэл бүхий 5 давхар бор хүрэн өнгийн шаргал өнгийн байгууламж байх ба уг зочид буудлын гадна талаас орох баруун тийш харсан хаалгатай уг хаалгаар дотогш ороход 2-4 давхар хүртэл зочид буудлын өрөөнүүд байршилтай. ... ШШҮХ-ийн шинжээч эмч Ц.Бадралын тодорхойлсоноор амь хохирогчийн хүзүүний урд дээд хэсэгт хөндлөн байрлалтай 0,8х0,1 см зулгаралттай оромтой, хүзүүний зүүн урд хэсэгт 5х0,2 см урттай товгор хээ бүхий ором бүхий зулгаралттай, баруун хацарт 0,3х0,3 см, 0,2х0,1 см хамрын хянганы дунд хэсэгт 0,2х0,2 см зулгаралттай, зүү гарын шууны дотор хэсэгт 3,5х0,2 см хүртэл хэмжээний 16-18 тооны хөндлөн байрлалтай цайван ягаан өнгийн арьсны түвшингээс бага зэрэг товгор хуучин сорвинуудтай, зүүн гарын бугалганы гадна дунд хэсэг 8х0,5 3,2х0,5 см хэмжээтэй улаан ягаан өнгийн цус хуралттай, цээжний зүүн дээд суганы урд талд 1,7х0,6 см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай гэж тодорхойлов. ...” гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 5-11 дүгээр хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн  1 дүгээр хавтас 36-37 дугаар хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “Бичлэг 8 гэсэн бичлэгийг нээж ороход 7 дугаарт камерт  Энхсайханыг гарч явснаас хойш 1 цаг 13 минутын дараа 15:07:14 цагт Мөнхбат нь анх орсон өрөөнөөсөө ганцаараа гарч ирээд цаашаа явж байгаад буцаад 15:07:26 цаг буюу  12 секундын  дараа орж байгаа харагдав.

Бичлэг 9 гэсэн бичлэгийг нээж үзэхэд 7 дугаарт камерт Мөнхбат, Энхсайхан, Уранбилэг нарын орсон өрөөний хаалга онгорхой байх ба тухайн өрөө дотроос хэн нь мэдэгдэхгүй нэг даавуу мэт зүйл хаалгаар гадагшаа шидээд байх ба түүний дараа Мөнхбат уг өрөөнөөс ганцаараа гарч ирээд буудлын хаалгыг ар талаараа хөлөөрөө өшиглөж хаачихаад 2018-10-04-ний өдрийн 15:08:22 цагт хаашаа явж байгаа  дүрс бичлэг үлдсэн байв.

Бичлэг 10 гэсэн бичлэгийг нээж үзэхэд 2 дугаартай камерт 2018-10-04-ний өдрийн 15:09:12 минутанд Мөнхбат нь гартаа барьсан байсан савхин хүрмээ өмсөөд тухайн буудлаас гарах шатаар доошоо бууж байгаа харагдав. ...” гэрэл зургийн үзүүлэлт.  /хэргийн 1дүгээр хавтас 38-45 дугаар хуудас/

 

Хохирогч Б.С-ийн “... Учир нь талийгаачийн цогцосны зургийг харахад хүзүүн дээр нь боолгосон юм шиг ором гарсан байсан. 2018 оны 10 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед талийгаачтай уулзахад талийгаачийн хүзүүн дээр нь ил харагдах боолгосон юм шиг ямар нэг ором байгаагүй. Энэ талаар дүүтэй минь цуг амьдардаг эцэг, эх маань ч хэлж байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 72 дугаар хуудас/

 

Гэрч Б.Эрдэнэцэцэгийн “2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд би Номуун буудалд ресепшинээр ажиллаж хоносон. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 04-ний 11 цагийн орчим ээлжнээсээ буух гэж байтал гаднаас өрөө байна уу гэж 1 эмэгтэй, 2 эрэгтэйн хамтаар орж ирсэн. ...Ингээд тооцоогоо хийгээд 207 тоот өрөөнд орцгоосон. ...Өрөөнд ороод хэрэлдэж маргалдсан асуудал мэдэгдээгүй. 13 цаг 30 минутанд би өөрөө буугаад харьсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 73-74 дүгээр хуудас/

 

Гэрч А.Оюун-Эрдэнийн “ ... Ингээд 14 цаг 40 минутаас 15 цаг 10 минутын хооронд яг цагийг нь сайн санахгүй байна. Хар савхин куртиктэй, хар үүргэвчтэй өндөр туранхай залуу гарч явахаар нь би хаанаас гарч байна, өрөөнд чинь хүн байгаа юу гэхэд хүн байгаа гэсэн. Буцаж ирэх юм уу гэхэд ирнэ гэж хэлчихээд яваад өгсөн. Өөр юм хэлээгүй. Ингээд 16 цагийн орчимд 103-аас хоёр эмч орж ирээд дуудлага өгсөн үү хаана вэ гэсэн. Тухайн үед би мэдэхгүй байсан учраас дуудлага өгсөн утсаар нь асуугаач гэсэн. Үүний дагуу 103-н эмч төвөөсөө асууж 95208570 гэсэн дугаараар холбогдож өрөөний дугаар авсан. Ингээд нэг эмч нь 207 тоот өрөө рүү очсон. Өрөөний хаалга цоожгүй байсан. Дотогш ороход орон дээр эмэгтэй хүн хэвтэж байсан. Хөнжил нөмөрсөн толгой болон өвдөгнөөс доошхи хэсэг нь ил харагдаж байсан. 103-ын эмч хөнжилийг сөхөхөд нүцгэн эмэгтэй байсан. Эмч үзээд өнгөрсөн байна гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 75-76 дугаар хуудас/

 

Гэрч Б.Энхсайханы “Өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед өмнө нь Сигма ХХК-нд цуг ажилладаг байсан Мөнхбат гэх залуутай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ашид-Эрдэнэ нэртэй буудлын урд тааралдсан. Тэр үед Мөнхбат нь Уранбилэг гэдэг эмэгтэйтэй цуг явж байсан.

... Бид гурав тухайн буудалд ороод 207 тоот өрөөг нэг хоногоор авахаар болоод орсон. Тухайн буудлын мөнгийг Мөнхбат өгсөн. Тэгээд гурвуулаа 207 тоот өрөөнд ороход 11 цаг 30 минут болж байсан байх гэж бодож байна.

... Тэгээд удаачгүй 5-10 минутын дараа Мөнхбат гараад дэлгүүр ороод нэг том пиво, Хараа нэртэй 0,75 литрийн нэг шил архи аваад гаднаас ороод ирсэн.

... Тухайн пиво, архиа ууж дууссаны дараа би ажил руугаа явах гээд Уранбилэгийн утсаар найз Энхбаярын 88722972 гэсэн дугаар руу залгаад Номуун буудлын гадаа хүрээд ир гэж дуудсан бөгөөд Энхбаяр нь удаагүй тухайн буудлын гадаа ирчихлээ гэхээр нь би тухайн буудлаас гарсан. Харин Мөнхбат, Уранбилэг хоёр орон дээр тэврэлдээд үлдсэн. Намайг Номуун нэртэй буудлаас гарах үед цаг яг хэд болж байсан талаар мэдэхгүй байна.

...Тэгээд би Энхбаяртай Сансарын колонкын ар талын нэг байрных нь орцонд Хараа нэртэй 0,5 литртэй нэг шил архийг хувааж уучаад бид хоёр нөгөө Мөнхбатын байгаа газарт буюу нөгөө буудалд байгаа байх гэж бодоод Энхбаяртай цуг очоод нөгөө 207 тоот өрөөнд би ганцаараа ороход ямар ч хүн байгаагүй. Тэгэхээр нь би өрөөнөөс гараад ресепшин эгчтэй уулзаад нөгөө хоёр гарчихсан юм уу гэхэд юу гэж хэлж ярьсаныг санахгүй байна. Тэр үед хоёр цагдаа ирээд Энхбаяр бид хоёрыг саатуулсан.

... намайг анх тэр хоёртой тааралдахад тэр хоёр урьд шөнө архи уугаад цуг хоносон гэж хэлж ярьж байсан. Тэгээд бид гурав Номуун нэртэй буудалд ороод 2,5 литрийн савалгаатай нэг том Нийслэл нэртэй пиво, Хараа нэртэй 0,75 литрийн нэг шил архийг гурвуулаа хувааж уусан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 89-90 дүгээр хуудас/

... Талийгаач Уранбилэгийн хүзүү хэсэгт болон биеийнх нь аль ч хэсэгт хүний нүдэнд анзаарагдахаар ямар нэгэн шарх, сорви, гэмтэл харагдаагүй. Тухайн үед талийгаач нь дээгүүрээ бөөрөнхий захтай цамц өмссөн, хүзүү, хоолой хэсэг нь ил харагдаж байсан. Тийм болохоор анзаарагдахаар гэмтэл шарх байсан бол би харах байсан байхаа. Би тэр өдрөөс хойш Мөнхбаттай уулзаагүй. Харин 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед өөрийн 88736262 гэсэн гар утасны дугаараас Мөнхбатын 95208570 гэсэн дугаар руу залгаж ярихад “Мөнхбат надад хэлэхдээ найз нь баларсан, аймар том хэрэг хийсэн” гэж хэлэхээр нь би ямар хэрэг хийсэн юм бэ гэж асуухад би уулзаад чамд хэлье, би Сонор нэртэй буудалд байна, чи хүрээд ир гэж хэлж байсан. Тэр үед надтай хоёр цагдаа цуг явж байсан болохоор намайг Мөнхбаттай уулзуулаагүй. Харин Мөнхбатын байгаа газар руу цагдаа явуулсан. /хэргийн 1 дүгээр хавтас 91 дүгээр хуудас/

 

Гэрч О.Соёл-Эрдэний “... Тэр үед талийгаачийн биед ил харагдах ямар ч гэмтэл шарх сорви байгаагүй. Зүгээр л байсан. Тухайн өдөр болон тэрнээс өмнөх өдөр хүн хэрүүл маргааны асуудал үүсгэсэн талаар огт хэлээгүй.

... 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүзүү хоолой хэсэгт нь ил гарсан саарал урт плаж өмссөн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 108-109 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Гантулгын “95208570 гэсэн дугаар нь миний багын найз Мөнхбатын дугаар байгаа юм. Тухайн цаг минутанд багын найз Мөнхбат маань миний 96660549 гэсэн дугаар руу залгаж надтай ярьсан. Тэр үед Мөнхбат над руу ярихдаа найз нь асуудалд орчихлоо, миний найз шинэ замын Сонор нэртэй буудалд хүрээд ир, би энд өрөө аваад ганцаараа архи ууж байна гэж надад хэлэхээр нь би ажлаа тараад яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би ажлаа тараад тухайн өдрийн 19 цагийн үед шинэ замын дагуу байх Сонор нэртэй буудал дээр очоод Мөнхбатын утас руу залгахад гар утас нь холбогдохгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 111-112 дугаар хуудас/

 

Гэрч А.Алтынбекийн “Миний бие 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төв салбарт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Харин тухайн өдрийн цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 16 цагийн үед байх гэж бодож байна,103 дугаарт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Номуун буудалд ухаангүй эмэгтэй байна гэсний дагуу дуудлагаар очоод тухайн буудлын хариуцсан ажилтандаа уулзах үед дуудлага өгөөгүй гэсний дагуу төв рүү залгаж дуудлага өгсөн дугаарыг нь авахад надад 95208570 гэсэн дугаарыг өгсөн. Тэгэхэд нь би тухайн дугаар руу залгаж ярихад нэг эрэгтэй хүн байсан бөгөөд тэр эрэгтэй хүнтэй яриад хаана юу болсон, яагаад дуудлага өгсөн талаар асуухад “207 тоот ухаангүй эмэгтэй хүн байгаа” гэж хэлсэн. Тухайн эрэгтэйтэй тэрнээс өөр зүйл яриагүй гар утсаа тасалсан. Тэгээд Номуун буудлын 207 тоот өрөө рүү ороход махлагдуу эмэгтэй хүн орон дээр нүцгэн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь биеийн байдлыг нь үзээд үзлэг хийхэд тухайн эмэгтэйгийн хүүхэн хараа 2 талд өргөссөн, зүрх судасны үйл ажиллагаа зогссон, бие нь хөрсөн, хөшилт үүсээгүй байдалтай нас барсан байсан. Мөн намайг үзлэг хийгээд дуусаж байх явцад 95208570 гэсэн дугаар над руу  залгахаар нь гар утсаа аваад ярихад наад эмэгтэй чинь яасан байна гэж асуусан. Тэгэхээр нь би тухайн залууд эмэгтэйг нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд тэр залуу гар утсаа тасалсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 117-118 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №2196 дугаартай:

“1. Талийгаач Б.У-ийн цогцост хүзүүний дотор талын урд болон хоёр хажуу хэсгийн булчин, өөхлөх дэх голомтлог цус хуралт, хүзүүний урд, баруун хажуу хажуу хэсгийн зулгаралт, хүзүү, хамар, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун чамархайн хуйхны дотор гадаргуу, цээж, баруун хөхөнд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй.

4. Үтрээний болон хошногоны амсар /шулуун гэдэсний төгсгөл/-н арчдас наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна.

5. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

6. Цус нь 2-р бүлгийн харъяалалтай байна.

7. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 22 цаг 40 минутын цогцосны анхын үзлэгээр нас бараад 7-9 цаг орчим болсон байна.

8. Талийгаач нь багалзуурдалтын улмаас механик амьсгал бүтэлтэнд орж нас баржээ.

9. Шээсэнд мансууруулах бодис илрээгүй байна.

10. Бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 123-130 дугаар хуудас/

 

Шинжээч эмч Ц.Бадралын “Талийгаачийн цогцост үзлэг хийсэн шинжилгээгээр хүзүүний дотор талын урд болон хоёр хажуу хэсгийн булчин, өөхлөг дэх голомтлог цус хуралт, хүзүүний урд болон баруун хажуу хэсэг дэх зулгаралт, хоёр нүдний алимны салст, доод зовхины салст, буйл, таглаа болон бамбай мөгөөрсний дотор салст, зүрх, уушгины гялтангийн голомтлог цэгчилсэн цус харвалт зэрэг эмгэг өөрчлөлт тогтоогдсон. Энэ эмгэг өөрчлөлтүүд нь механик амьсгал бүтэлт буюу бие махбодийн хүчилтөрөгчийн цочмог дутагдал, цусны эргэлтийн хурц хямралын улмаас илрэн гарч буй шинжүүд юм. Дээрх шинж тэмдгүүд нь амьсгал бүтэлтийн улмаас илэрдэг шинжүүд юм. Тиймээс талийгаач нь багалзуурдалтын улмаас механик амьсгал бүтэлтэнд орж нас барсан.

... талийгаачийн хүзүүний гадна болон дотор булчин, өөхлөг дэх цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь багалзуурдалтын үед үүсэх боломж илүүтэй.Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь тогтоогдсон. Энэ байдал нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Дэлбэн хооронд гялтан хальсанд олон тооны цус харвалттай гэсэн нь түргэн үхлийн үед гардаг шинж юм. ...Дүгнэлтийн 1 дүгээр хэсэгт дурдагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 131-133 дугаар хуудас/

“... Талийгаачийн нойр булчирхайнд үүссэн байсан цус хуралт үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Багалзуурдалтын улмаас механик амьсгал бүтэлтэнд орж нас барсан хүн нь харилцан адилгүй цаг хугацааны дараа нас барах ба 1-6 минутын хүртлэх хугацаанд амьсгал зүрх, судас зогсож үхэлд хүрдэг” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хуудас 134 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд  шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь дээрхи дурдагдсан баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн хэрэгт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 981 дугаартай:

“1.  Б.М- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан байна.

2. Б.М- нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.М- нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна.

4. Б.М-ад албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 169-171 дүгээр хуудас/ авагдсан болно.

 

Хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч Б.С- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож нийт баримтаар тогтоогдсон 13.766.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг төлбөрөөс шүүгдэгч Б.М-аас төлсөн 2.000.000 төгрөгийг хасч үлдэх 11.766.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Дээрх хохирлыг нөхөн төлүүлэхэд хэрэгт битүүмжилсэн Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлаг 4 дүгээр гудамж 11 тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004872 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлаг 4 дүгээр гудамж 11 тоот хаягт байршилтай 18304299256112 нэгж талбарын дугаартай 526 м/кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн Г-2208002663 дугаартай газар нь шүүгдэгч Б.М-ын өмчлөлийнх болох нь тогтоогдсон тул уг хөрөнгийг зохих журмын дагуу худалдан борлуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С- нь баримтгүй байгаа 932.000 төгрөгийн зардал гарсан гэсэн тул уг хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурвалжин хэвтээ захтай хар өнгийн урт пальто, хөх цагаан өнгийн хэвтээ судалтай хагас урт даавуун фудволк, урд хэсэгтээ баруун, зүүн ташаа хэсэгтээ халаастай саарал эрээн өмд, ягаан өнгийн торон хөхний даруулга, хар торон урд болон ар хэсэгтээ эрээн өнгөтэй дотоож, ягаан өнгийн барны зурагтай дүрс цагаан өнгийн богино оймс, 40 размерын өмсгөлтэй вьетнам улсад үйлдвэрлэгдсэн урд хэсэгтээ ногоон цагаан өнгийн үдээстэй хүрээ нь цагаан үйсэн ултай үдээстэй ногоон цагаан өнгийн пүүзэн гутал, эмэгтэй хүний хоёр ширхэг ээмэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, Хараа нэртэй 0,75 граммтай архины шил, Нийслэл нэртэй 2 литрийн савалгаатай пивоны сав, Red гэсэн бичиглэлтэй 2 ширхэг татаагүй тамхины иш, дутуу татсан үйрсэн 1 ширхэг тамхины иш, талийгаач Б.У-ийн хуруунуудаас авсан хумс, цагаан өнгийн дэвсгэр даавуу зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Номуун зочид буудлын камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч Б.М-ын энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон 60 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцвол зохино.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М- өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөнгөн дүнгээр нэхэмжилсэн хохирлоос 2.000.000 төгрөг сайн дураараа төлсөн мөн түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Б.М-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхбатыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.М-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурвалжин хэвтээ захтай хар өнгийн урт пальто, хөх цагаан өнгийн хэвтээ судалтай хагас урт даавуун фудволк, урд хэсэгтээ баруун, зүүн ташаа хэсэгтээ халаастай саарал эрээн өмд, ягаан өнгийн торон хөхний даруулга, хар торон урд болон ар хэсэгтээ эрээн өнгөтэй дотоож, ягаан өнгийн барны зурагтай дүрс цагаан өнгийн богино оймс, 40 размерын өмсгөлтэй вьетнам улсад үйлдвэрлэгдсэн урд хэсэгтээ ногоон цагаан өнгийн үдээстэй хүрээ нь цагаан үйсэн ултай үдээстэй ногоон цагаан өнгийн пүүзэн гутал, эмэгтэй хүний хоёр ширхэг ээмэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-т олгож,

Хараа нэртэй 0,75 граммтай архины шил, Нийслэл нэртэй 2 литрийн савалгаатай пивоны сав, Red гэсэн бичиглэлтэй 2 ширхэг татаагүй тамхины иш, дутуу татсан үйрсэн 1 ширхэг тамхины иш, талийгаач Б.У-ийн хуруунуудаас авсан хумс, цагаан өнгийн дэвсгэр даавуу зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

Номуун зочид буудлын камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Б.М- энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон 60 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.М-ад авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.М-аас 11.766.000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо Зүүнбаян- Уулын 23 дугаар гудамжны 22 тоотод оршин суух Түмт овогт Батсайханы Сайнбилэгт /РД:ЧК88012808/ олгосугай.

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С- нь бусад хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Хэрэгт битүүмжилсэн Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлаг 4 дүгээр гудамж 11 тоот хаягт байршилтай 60 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004872 дугаартай үл хөдлөх хөрөнгө,  Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлаг 4 дүгээр гудамж 11 тоот хаягт байршилтай 18304299256112 нэгж талбарын дугаартай 526 м/кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн Г-2208002663 дугаартай газар нь шүүгдэгч Б.М-ын өмчлөлийнх болох нь тогтоогдсон тул уг хөрөнгийг зохих журмын дагуу худалдан борлуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

              

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ

 

                            

                             ШҮҮГЧИД                                     Л.ОЮУН

 

 

                                                                                          Ч.ОТГОНБАЯР