Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 020/2013/0591/З |
Дугаар | 221/МА2015/0255 |
Огноо | 2015-06-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2015/0255
2015 оны 6 сарын 17 өдөр | Дугаар 255 | Улаанбаатар хот |
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 179 дүгээр шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-н гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай “Х” ХХК-ийн Хишиг бүрэн дунд сургууль нь 2001 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184 дүгээр шийдвэрийг үндэслэн 3018/0023 дугаар бүхий 2240 м.кв газрыг сургууль, боловсролын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр нийслэлийн Засаг дарга Ц.Б-н гарын үсэгтэй 0061570 тоот гэрчилгээг 2006 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгосон билээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамжаараа иргэн Б.Н-д манай Хишиг дунд сургуулийн зүүн талд хашаа тулган 540 м.кв газрыг илт хууль бусаар хууль зөрчин олгосон байна.
Иргэн Б.Н нь уг газрыг амины орон сууц барих зориулалттай авсан байдаг ба ашиг хонжоо олох зорилгоор танил талаараа авсан байна. Б.Н нь уг газрыг зориулалтын бусаар ашиглаж, хэд хэдэн айл буулган хэд хэдэн гэр бариулан түрээслүүлж, түрээсийн мөнгө авч, газар дотор нь байгаа цэвэр усны байгууламжийн дэргэд жорлон ухаж байршуулсан ба энэ нь цэвэр усны байгууламжид хортойгоор нөлөөлж байна. Мөн ариун цэврийн болон муу усны нүх байхгүйгээс орчны бохирдол маш их үүсэж хуримтлагдаж халдварт өвчин гарахад бэлэн болсон байна. Б.Н-ийн эзэмшилд буй 540 м.кв газарт байгууллагуудын, хэрэглэгчийн ашиглаж байгаа цэвэр усны шугам болон худаг байрладаг болно.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамж хууль бус болох нь Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09/99/651 тоот дүгнэлт, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын хяналт борлуулалтын дүүргийн хэсгийн инженерийн 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн албан шаардлага зэргээр тогтоогдож байна.
Улсын мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд, Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасныг зөрчин инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт иргэнд газар эзэмшүүлсэн байна. Монгол Улсын Газрын тухай хуулийн 61.1-д заасны дагуу өөрийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах шаардлагатай. Бид таны гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллах бөгөөд, эс биелүүлбэл хуульд заасан дараагийн шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно ...гэжээ.
Мөн Б.Н нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн, 40.1.2-т заасан газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг заалтууд болон холбогдох хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчсөн байхад өмнөх шийдвэрийг холбогдох дээд шатны болон мэргэжлийн бусад байгууллагуудаас илт хууль бус шийдвэрийг цуцалж, холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгоод байхад ямар ч арга хэмжээ авалгүйгээр хаацайлан хууль бус үйлдлийг нь дарж, харин хууль бус үйлдлийг нь өөгшүүлж өмчлүүлсэн нь хууль бус юм.
Дээрх Б.Н-ийн газрын асуудлаар: 1 дүгээрт Нийслэлийн Засаг дарга Э.Б-д хандахад Нийслэлийн өмчийн харилцааны албаны орлогч дарга М.Б-с дүүргийн өмч, газрын харилцааны албанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр арга хэмжээ авч яаралтай хариу мэдэгд шийдвэр гаргасан. 2 дугаарт Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өргөдөл гаргахад арга хэмжээ авах гэсэн боловч Б.Н нь 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 415 тоот захирамжаар газраа өмчилсөн байх тул уг газартай холбоотой асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариунуудыг тус тус өгсөн болно.
Иймд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 415 тоот захирамжийн иргэн Б.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамжийн иргэн Б.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Т шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Х” ХХК-ийн зүүн нэгж талбарын 3018/0635 дугаар бүхий 540 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 124 дүгээр захирамжаар иргэн Б-н Н-д эзэмшүүлж, иргэн Б.Н-ээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасан бичиг баримт, түүний дотор иргэн Б.Н нь АОС-1 тоот хашаанд ам бүл 1 амьдардаг болохыг тодорхойлсон тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргасан газар өмчлөхийг хүссэн өргөдлийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 415 дугаар захирамжаар нэгж талбарын 18648310286724 дугаар бүхий 540 м.кв газрыг иргэн Б.Н-д өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Иргэн Б.Н-д эзэмшүүлж, өмчлүүлсэн газар нь цэвэр усны шугам дээр, бохирын шугамын хамгаалалтын бүсэд байрлаж байх тул дүүргийн Засаг даргын Б.Н-д газар эзэмшүүлсэн шийдвэр нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэн Б.Н-д өмчлүүлсэн газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүсээс зайлуулж, тухайн байршилд газар өмчлүүлэх тухай акт шинээр гаргах боломжтой гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, Д.П нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн Газрын алба /хуучнаар/-нд иргэн Д.М 2008 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 294 дүгээр захирамжаар тухайн газрыг 5 жилийн хугацаатай эзэмшсэн байна. 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамжаар иргэн Б.Н-д иргэн Д.М эрх шилжүүлж өгсөн байна. Иргэн Б.Н нь газар өмчлөх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 415 дугаар захирамжаар уг газрыг өмчлүүлсэн байна. Иймд, иргэн Д.М нь хуулийн дагуу эзэмшиж, улмаар иргэн Б.Н-д шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй тул “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Гуравдагч этгээд Б.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Н-ийн Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Амины орон сууцны гудамжны 01 тоот хаягт орших 540 м.кв газрыг өмчилж авсан үйлдэлд Монгол Улсын Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил огт байхгүй. “Х” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсанчлан Б.Н нь тус сургуулийн эзэмшлийн газарт болон цэвэр усны шугамтай газарт дур мэдэн хашаа хатгаж хууль бусаар өмчилж авсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд харагдахгүй байна.
Б.Н-ийн өмчлөлд байх уг газрыг иргэн П.М нь 2001 оноос хойш эзэмшиж ашиглаж байгаад 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн Засаг даргын 048105 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр амины орон сууцны зориулалтаар хууль ёсны дагуу эзэмших эрх үүсгэж эзэмшсээр ирсэн байдаг. Улмаар 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн П.М нь бэлэглэлийн гэрээний дагуу өөрийн эзэмшлийн 540 м.кв газраа иргэн Б.Н-ийн эзэмшилд шилжүүлсэн байдаг бөгөөд тухайн цаг хугацаанаас эхлээд Б.Н нь уг газрын хууль ёсны эзэмшигч болж харьяа дүүргийн газрын албанаас эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулан ажилласан байна. Нэгэнт хууль ёсны эзэмшигч болсон иргэн Б.Н нь тухайн газраа гэр бүлийн хэрэгцээний дагуу өмчилж авах хүсэлтээ дүүрэг болон Нийслэлийн Засаг даргад уламжилсны дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 415 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо АОС-ны гудамжны 01 тоотод бүртгэлтэй 540 м.кв газрыг иргэн Б.Н-д өмчлүүлэх шийдвэр гаргаж 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 000083149 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.
Б.Н-ээс тухайн газрыг эзэмших болон өмчлөлдөө шилжүүлж авснаас хойш Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугар зүйлд заасан газар өмчлөгч иргэний эрх, үүргийг зөрчсөн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд түүний газар өмчлөх эрхийг хязгаарлах ямар нэгэн үндэслэл тогтоогдохгүй байхад “Х” ХХК нь хувийн ашиг сонирхлын улмаас бусдын өмчлөх эрхэд халдаж үндэслэлгүй шаардлагаар нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна.
“Х” ХХК-ийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад Б.Н-ийн өмчлөлийн газар нь тухайн компанийн цэвэр болон бохирын усны шугаман дээр байрласан гэх шаардлагыг удаа дараа гаргасан байна. Б.Н-ийн өмчлөлийн газар доогуур бохирын ямар ч шугам байхгүй болохыг нэхэмжлэгч хариуцагч нарын аль аль нь тодорхой сайн мэдэж байхад зориуд бусдын газрыг хуулиар далайлган авах гэсэн зохисгүй үйлдлийнх нь илрэл болж байгааг харуулж байна. Харин цэвэр усны шугам дайран өнгөрч байгаа нь “Х” ХХК-ийн газар эзэмших эрхэд халдсан зүйл байхгүй, тухайн цэвэр усны шугамыг нүүлгэн шилжүүлэх боломжтой болохыг Улсын мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтээр тогтоож өгсөн байна.
Нэхэмжлэлийн шаардлагад өмчлөгчийн зүгээс тухайн газрыг өмчлөхдөө байгаль орчныг бохирдуулж бусдын эрхийн ноцтой зөрчиж байгаа мэтээр дурдсан байна. Өмчлөгч Б.Н-ийн зүгээс тухайн газрыг өмчлөлдөө авснаас хойш байгаль орчныг бохирдуулах ямар ч үйлдэл гаргаж байгаагүй, Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийнхээ хүрээнд өөрийн өмчийн газраа хэрхэн эзэмшиж, ашиглах нь өмчлөгчийн бүрэн эрхийн асуудал байсаар байтал бусдад түрээсэлдэг, хууль бусаар газар өмчилж авсан зэрэг шалтгаан зааж өмчлөх эрхийг нь хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь Иргэний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл болж байна
Иймд, “Х” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 179 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан “Х” ХХК-ийн ...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 415, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамжуудын иргэн Б.Н-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ... Манай “Х” ХХК-ийн Хишиг бүрэн дунд сургууль нь 2001 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184 дүгээр шийдвэрийг үндэслэн 3018/0023 дугаар бүхий 2240 м.кв газрыг сургууль, боловсролын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын гарын үсэгтэй 0061570 тоот гэрчилгээг 2006 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгосон билээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 125 тоот захирамжаараа иргэн Б.Н-д манай Хишиг дунд сургуулийн зүүн талд хашаа тулган 540 м.кв газрыг илт хууль бусаар, хууль зөрчин олгосон байна.
Иргэн Б.Н нь уг газрыг амины орон сууц барих зориулалттай авсан байдаг ба ашиг хонжоо олох зорилгоор танил талаараа авсан байна. Б.Н нь уг газрыг зориулалтын бусаар ашиглаж, хэд хэдэн айл буулган хэд хэдэн гэр бариулан түрээслүүлж, түрээсийн мөнгө авч, газар дотор нь байгаа цэвэр усны байгууламжийн дэргэд жорлон ухаж байршуулсан ба энэ нь цэвэр усны байгууламжид хортойгоор нөлөөлж байна. Мөн ариун цэврийн болон муу усны нүх байхгүйгээс орчны бохирдол маш их үүсэж хуримтлагдаж халдварт өвчин гарахад бэлэн болсон байна. Б.Н-ийн эзэмшилд буй 540 м.кв газарт байгууллагуудын, хэрэглэгчийн ашиглаж байгаа цэвэр усны шугам болон худаг байрладаг болно.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамж хууль бус болох нь Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09/99/651 тоот дүгнэлт, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын хяналт борлуулалтын дүүргийн хэсгийн инженерийн 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн албан шаардлага зэргээр тогтоогдож байна.
Улсын мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд, Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасныг зөрчин инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт иргэнд газар эзэмшүүлсэн байна. Монгол Улсын Газрын тухай хуулийн 61.1-д заасны дагуу өөрийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах шаардлагатай. Бид таны гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллах бөгөөд, эс биелүүлбэл хуульд заасан дараагийн шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно ...гэжээ.
Мөн Б.Н нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн, 40.1.2-т заасан газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг заалтууд болон холбогдох хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчсөн байхад өмнөх шийдвэрийг холбогдох дээд шатны болон мэргэжлийн бусад байгууллагуудаас илт хууль бус шийдвэрийг цуцалж, холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгоод байхад ямар ч арга хэмжээ авалгүйгээр хаацайлан хууль бус үйлдлийг нь дарж, харин хууль бус үйлдлийг нь өөгшүүлж өмчлүүлсэн нь хууль бус юм.
Дээрх Б.Н-ийн газрын асуудлаар: 1 дүгээрт Нийслэлийн Засаг дарга Э.Б-д хандахад Нийслэлийн өмчийн харилцааны албаны орлогч дарга М.Б-с дүүргийн өмч, газрын харилцааны албанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр арга хэмжээ авч яаралтай хариу мэдэгд шийдвэр гаргасан. 2 дугаарт Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өргөдөл гаргахад арга хэмжээ авах гэсэн боловч Б.Н нь 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 415 тоот захирамжаар газраа өмчилсөн байх тул уг газартай холбоотой асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариунуудыг тус тус өгсөн болно.
“Х” ХХК нь УСУГ-аас цэвэр ус татах зөвшөөрөл авч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу цэвэр усаар хангах гэрээг байгуулан зохих журмын дагуу цэвэр усны төв худгаас шугам татан тус хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүргийг хүлээн, Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу ус ашигласны төлбөрөө байнга төлж байсан болно.
Иргэн Б.Н-д өгсөн:
1-рт УМХГ-ын 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7/974 тоот албан бичигт ... зохих ёсоор зөвшөөрөл авч, өөрчлөн зөөх зураг төсөл хийлгэж баталгаажуулсан тохиолдолд тус сургуулийн цэвэр усны гадна шугам сүлжээг зөөж, шилжүүлэх боломжтой...,
УСУГ-ын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/2381 тоот албан бичигт ... “Х” ХХК нь өөрийн эзэмшлийн шугамыг шилжүүлэх хүсэлтээ гарган ажлын зураг хийсэн тохиолдолд бид зургийг хянаж зөвшилцөх боломжтой... гэж тус тус заасныг шүүх өөрөөр тайлбарлаж байгаа нь хууль бус юм. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад бодит үнэлэлт, дүгнэлтийг өгч чадаагүй, хуулийг зөв хэрэглэж, тайлбарлаж чадаагүй, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн.
Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 179 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 415 тоот захирамжийн иргэн Б.Н-д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 04-р сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамжийн иргэн Б.Н-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн зүүн урд байрлалтай 540 м.кв газрыг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 294 дүгээр захирамжаар иргэн П.М-д 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, улмаар мөн дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Н-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсон байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 415 дугаар захирамжаар Б.Н-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар уг газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсний дагуу өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
Маргаж буй дээрх газар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил газартай давхцалгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх ба харин нэхэмжлэгчийн эзэмшлийн цэвэр усны Ф-50мм-ийн шугам гуравдагч этгээдийн өмчилсөн газрын зүүн хойд хэсгээр газар доогуур дайран өнгөрч байгаа, энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан усанд бохир нэвтрэх, хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй байдал зөрчигдөж болзошгүй гэх үндэслэл гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн, өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.6 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүх хүчингүй болгох хууль зүйн үндэсгүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.
Хэрэгт авагдсан Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/2381 дүгээр албан бичгээр “...”Х” ХХК нь өөрийн эзэмшлийн шугамыг шилжүүлэх хүсэлтээ гарган ажлын зураг хийсэн тохиолдолд бид зургийг хянаж зөвшилцөх боломжтой...” гэж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т-с шүүхэд ирүүлсэн “...Мэргэжлийн хяналтын байгууллагаас шугамыг зөөн шилжүүлэх боломжтой гэж үзсэн... шугамыг зөөх талаар харилцан тохиролцсон тохиолдолд захирамжид өөрчлөлт оруулах боломжтой...” талаарх нэмэлт тайлбар, гуравдагч этгээд Б.Н-ээс шугам зөөн шилжүүлэхтэй холбоотой зардлыг хариуцаж болох талаар гаргаж байсан тайлбар зэргээс үзэхэд гуравдагч этгээдийн өмчилсөн газрын тодорхой хэсгээр дайран өнгөрч байгаа нэхэмжлэгчийн эзэмшиж буй цэвэр усны шугамыг мэргэжлийн холбогдох эрх бүхий этгээд зөөн шилжүүлэх боломжтой гэж үзсэн, гуравдагч этгээдээс холбогдох зардлыг гаргаж болох талаар талууд эвлэрэхээр шүүх хугацаа олгосон боловч хариуцагчийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх олгогдоогүйгээс шийдвэрлэгдээгүй байна.
Маргаж буй уг цэвэр усны шугам бүхий газрыг нэхэмжлэгч “Х” ХХК эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр эзэмшдэггүй, энэ талаар холбогдох газарт хандаж байгаагүй байх ба гуравдагч этгээд Б.Н-д газар эзэмшүүлж, өмчлүүлснээс цэвэр усны шугамд бохир нэвтэрч болзошгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэсгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл цэвэр ус хэвийн ашиглахад аливаа хэлбэрээр саад учруулсан, эрүүл ахуйн хувьд ашиглах боломжгүй болгосон нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгох үндэсгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ