Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 98

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг,

Улсын яллагч С.Ариунаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогч Т.*******,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1955 оны 02 сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, сантехникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг сургуулийн байрны ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 06 сарын 18-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Өлзийтийн ******* тоот хашаанд иргэн Т.*******, Л. нарыг архи булаацалдан маргах үед салгах явцдаа Т.*******г түлхэн унагааж бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний урд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрөө болсон явдлын талаар сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ ******* ахад гомдол санал гэх зүйл байхгүй. гэх хүн надад болсон хэргийн талаар хэлж өгсөн болохоор надад учирсан гэмтлийг ******* ах учруулсан гэж бодож байна. Би ******* ахад эмчилгээнд явах 1 сая 500 мянган төгрөгийг төлөөч гэж хэлсэн. Энэ талаар бид хоёр тохирсон байгаа болохоор одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжилнэ гэв.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 532 тоот шинжээчийн дүгнэлтийн хэсэгт: 1.Т.*******ы биед шулуун гэдэс давсагны нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 1-ээс доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.14-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 45/

-    Бичгийн нотлох баримт:

-    Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/

-    Хохирогч Т.*******ыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 20-21/

-    Гэрч Ш.ын мэдүүлэг /хх-ийн 32-34/

-    Гэрч О. мэдүүлэг /хх-ийн 35-36/

-    Гэрч Т. мэдүүлэг /хх-ийн 37-38/

-    Гэрч Т. мэдүүлэг /хх-ийн 39-40/

-    Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 532 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/

-    Шүүгдэгч Д.*******ыг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 60/

-    Хохирлын зардлын  баримтууд /хх-ийн 71-77/

-    Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 80/

-    Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/

-    Хохирол хүлээн авсан баримт /задгай баримт/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2016 оны 06 сарын 18-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Өлзийтийн ******* тоот хашаанд иргэн Т.*******, Л. нарыг архи булаацалдан хоорондоо маргах үед тэднийг салгах явцдаа хохирогч Т.*******г түлхэн унагааж бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хохирогч Т.*******, гэрч Ш., О., Т., Т. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.*******, хохирогч Т.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 532 тоот дүгнэлт болон  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Д.*******д Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул түүнд хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар  нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй ба хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 840000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдаж,  цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй бөгөөд баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.*******ы иргэний үнэмлэхийн  лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

,1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол  Улсын  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.*******д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, мөн зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан нарт хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй бөгөөд баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Д.*******ы иргэний үнэмлэхийн лавлагааг өөрт нь буцаан олгосугай.

6. Ялтан Д.******* нь цагдан хоригдоогүй ба хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 840000 төгрөгийг өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь  одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэснийг  тогтоолд тус тус  дурдаж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Д.*******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,  эдлэх ялыг 2016 оны  9 сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд Д.*******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

.                      

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.ЭНХБААТАР