Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2055

 

  “М” ХХК, Ц.С нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01948 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК, Ц.С нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.Э, “Л э г” ХХК, “Н э М” ХХК-д тус тус холбогдох

 

Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эргүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "М" ХХК-ийг төлөөлж Ц.С, "Л э г" ХХК-ийг төлөөлж А.Э нар нь 2009 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр "Хамтран ажиллах гэрээ", 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр "Хувь нийлүүлэгчдийн гэрээ" байгуулсан, дээрх гэрээнүүдийг шинэчлэн 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдөр "Хувь нийлүүлэгчдийн гэрээг дахин байгуулсан. Уг 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн "Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр Н э м ХХК-ийн үүсгэн байгуулагч болох "Л э г" ХХК-ийн хувьцааг 60, 40 хувиар эзэмшихээр тохиролцож, гэрээгээр  нэхэмжлэгч тал нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг М ХХК-иас Н э м ХХК-д шилжүүлэх, хариуцагч нь Н э м ХХК-ийн нэр дээр шилжсэн тусгай зөвшөөрлүүд бүхий талбай дээр хайгуулын үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулалтыг тогтоосон хугацаанд олох  үүргийг тус тус хүлээсэн.

Нэхэмжлэгч тал үүргээ зохих ёсоор биелүүлсэн, хариуцагч тал үүргээ биелүүлэхгүй удах тусам гэрээгээр тохиролцсон нөхцөл биелэгдэх боломжгүй болж, гэрээний зорилго биелэгдэхэд улам бүр хүндрэл учирсан. Тухайлбал, хувь нийлуүлэгчийн гэрээний 1.2 дахь заалтад "Эрдэнэбат нь энэхүү гэрээнд тохиролцсон нөхцлийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий талбайд хөрөнгө оруулалт хийх гадаад улсын хөрөнгө оруулагчийг олох үүргийг хүлээнэ", 2.3 дахь дахь заалтад хөрөнгө оруулагчийн асуудлыг 2010 онд багтаан олж "Н э м" ХХК-д шаардлагатай хөрөнгийг оруулах үүрэг хүлээнэ. Стратегийн хөрөнгө оруулагчийн асуудлыг 2011 онд багтааж шийдвэрлэнэ" гэсэн үүрэг,  "Смайникс" ХХК-д "М" ХХК Арбитрийн шийдвэрийн дагуу төлөх ёстой 1 735 200 ам долларыг төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний 1.10 дахь заалтад "Н э м" ХХК нь 5 хүний бүрэлдэхүүнтэй ТУЗ-тай, "М" ХХК 2 гишүүн, А.Э 2 гишүүн, хөрөнгө оруулагч 1 гишүүн томилно" гэсэн нь Э хөрөнгө оруулагч олоогүйгээс, мөн ТУЗ-ийг ажиллуулах саналыг хүлээж авахгүй байснаас хэрэгжээгүй. Энэ заалт хэрэгжээгүйгээс компаний үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн зүгээс хяналт тавих боломжгүй болгосон.

"М" ХХК нь бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах эрхтэй ба энэ эрхээ "Н э м" ХХК-ийн банкны 2-р гарын үсгийг эзэмших замаар хэрэгжүүлнэ" гэснийг мөн хэрэгжүүлээгүй. А.Э компанийн үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл өгдөггүй, хөрөнгө оруулагчидтай гэрээ хийсэн эсэх, хайгуулын ажлын гэрээ, зардал, тооцоо, бусад санхүүгийн мэдээллийг нэхэмжлэгчээс нууцалдаг, аливаа мөнгийг компанийн дансаар оруулдаггүй байснаас 2-р гарын үсэг зурах замаар хяналт тавих боломжгүй байсан.

Иймд "М" ХХК-ийн албан тоотоор "Н э м" ХХК-д анх шилжүүлсэн ашигт малтмалын хайгуулын 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг "М" ХХК эргүүлэн авах эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2.-т зааснаар "Н э м" ХХК-д шилжүүлсэн ашигт малтмал хайх 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч "М" ХХК эргүүлэн авах эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг шүүх зөрчиж,  мэтгэлцээнгүйгээр, хариуцагчийн шүүхэд гаргасан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгэар оролцох боломжгүй байгаа талаарх бичгээр гаргасан хүсэлтийг нягтлан үзэхгүйгээр, түүнийг эзгүйд  шүүх хуралдааныг шууд явуулсан. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...улсын бүртгэлийн гэрчилгээ ирүүлсэн хариуцагч тал маргаагүй" гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тухайн бүртгэлийн гэрчилгээ хуулийн этгээдийн бүртгэлийн баримт болохоос талуудын маргааны агуулга биш юм.

Нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан судалж, дүгнэлт хийх үүргээ шүүх хангаагүй. Мөн үндэслэх хэсэгт "...2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хэргийг хэлэлцэхээр захирамжилсны дагуу хэрэгтэй ирж танилцах, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагт шүүх хуралдааны тов гарсан тухай мэдэгдэхээр шүүхэд өгсөн гар утсанд холбогдоход роуменг үйлчилгээтэй байснаас энэ тухай мессеж бичиж үлдээсэн болох нь шүүхийн ажилтны тэмдэглэл, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-73 тал/-аар батлагдаж байна" гэжээ. Хариуцагч  гадаадад явсан нь нотлогдож байгааг харуулсан баримт байх бөгөөд гадаадад яваа хариуцагч хэргийн материалтай танилцах боломжгүй байгааг ч давхар нотолно. Гадаадаас ирж, хэргийн материалтай танилцаад, хариу тайлбар болон холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжоор хангаагүй.

Шүүх Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэг нь талуудын хооронд гарсан маргаанд хамааралгүй этгээдүүдийг холбогдуулсан, мөн 84.2, 85 дугаар зүйлийн 85.2, 85.2.1, 85.2.2, 897 дугаар зүйл, хэсэг маргааны харилцаанд хамааралтайг шүүх тайлбарлан хэрэглээгүй. Хувь нийлүүлэгчдийн гэрээний үүргээс үүдсэн маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн тайлбаргүйгээр шууд үнэлэх боломжгүй юм. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалт нь ерөнхий зохицуулалт юм. Шүүх маргааны харилцаанд хамааралтай тусгайлсан хууль, Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалтад тулгуурласан аливаа тайлбар хийгээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг эрх бүхий төрийн захиргааны байгууллага шийдвэрлэдэг. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь эрх бүхий төрийн захиргааны байгууллагын эрх мэдэлд халдаж, түүний оролцоогүйгээр шийдвэр гаргасан ноцтой алдаа гаргажээ. Хууль бус ч гэсэн энэ шийдвэр гаргахдаа тулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шүүх гуравдагч этгээдээр оролцуулах эсэх асуудлын талаар зохигчдын хүсэлтийг авах ажиллагааг хийгээгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс хариуцагчийн эрхийг хязгаарласан, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК, Ц.С нар нь хариуцагч А.Э, “Л э г” ХХК, “Н э М” ХХК тус тус холбогдуулан цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эргүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох гэсэн агуулгатай нэхэмжлэл гарган хариуцагчтай байгуулсан гэрээ биелэгдээгүй гэсэн үндэслэл зааж тайлбарлажээ.

 

Иргэн Ц.С болон М ХХК нь 3 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа эдгээр хариуцагч тус бүртэй холбоотой үүссэн ямар зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх тухай үндэслэлээ заагаагүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлэхээр нэхэмжлэл гаргадаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ямар эрхийг хариуцагч нар зөрчсөн, түүнийг хэрхэн сэргээх буюу иргэний эрх зүйн ямар хамгаалалт хүсч буйгаа нэхэмжлэгч тал өөрөө тодорхойлж нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхой байх нөхцөлд шүүх зохигчдын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, түүн дээр үндэслэн холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм. 

 

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16-т зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх, шийдвэрлэх чиг үүргийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр байх бөгөөд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эргүүлэн авах  эрхтэй болохыг тогтоолгоно гэсэн шаардлага нь уг тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх асуудалтай хамааралтай эсэх, эсхүл уг тусгай зөвшөөрлүүдийг буцаан шилжүүлж авахын тулд хариуцагч нарын зүгээс тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг шаардаж байгаа зэрэг асуудал тодорхой бус байхад нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхой гаргасан гэж үзэх боломжгүй.

 

Тодорхой бус шаардлагатай хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй. 

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дах хэсэгт шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн ажиллагааг хуульчилсан бөгөөд уг бэлтгэл ажиллагааны хүрээнд шүүгч шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогчид хэргийн материалтай танилцах боломжоор хангах зэрэг үүргийг хүлээх юм. Гэтэл анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн хаягаар 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шуудангаар илгээсэн гэх боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид хүргэгдсэн эсэх нь тодорхойгүй, “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мессеж роуминг үйлчилгээг идэвхжүүлсэн тул мессэж бичиж үлдээсэн” гэх тэмдэглэлээс үзэхэд шүүхээс боломжит хугацаанд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэхээргүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8-д заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01948 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч А.Э давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

             ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                                                                 Ш.ОЮУНХАНД