Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 03

 

Е-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0003/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Нарийн бичгийн дарга: Г.Отгонзаяа

Прокурор: Т.Баярмаа 

Яллагдагч: Е, өмгөөлөгч Э.Уянга,

Хохирогч: Х, өмгөөлөгч Л.Ганганбарс, Б.Дашдорж нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 416 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын прокурорын эсэргүүцлээр яллагдагч Е-д холбогдох эрүүгийн 1739002730060  дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Ховд аймгийн Ховд суманд 1976 онд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 1-р хороо, 71 дүгээр байрны 3-19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх М овогт Х-н Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Е-д холбогдох 1739002730060 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг Прокурорын газарт очтол яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, яллагдагчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа нь давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х-н “...гэртээ Ц, О, дүү А, Н нарын хамт байхад Е утсаар чамайг ална гэж хэлээд гэрт орж ирээд үгийн зөрүүгүй заамдаад цохиж авсан. Би Е-г гэрээс гар гэж хуруугаараа заахад хуруунаас хазсан. Е намайг гэрээс түлхэж гаргаад шатны дээрээс түлхэж унагаасан. Би унахдаа барьц олдохгүй Е-н хувцаснаас зуураад нуруугаараа унасан. Е миний дээрээс унасан. Тухайн үед би босож чадахгүй байсан. Е намайг хаяад зугтахад нь Ц араас нь гүйж барьж аваад гэрт нь оруулж өгсөн гэсэн. Е архи уусан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н, Ц, А, О нарын “...2017 оны 12 дугаар сарын 09-ний орой Х-н гэрт Е орж ирээд маргаан үүсгэсэн. Е Х-г хутгалж ална гээд байсан. Х Е-г гэрээсээ түлхээд гаргах гэхэд Е Б.Х-г шат руу түлхсэн. Х унахдаа Е-н хувцаснаас барьж унасан бөгөөд тэр хоёр хоёулаа хоёр давхар луу унасан. Х босох гээд доошоо харчихсан өвдөг, тохойгоороо шатан дээр тулаад босож чадахгүй байна гээд гэж хэлж байсан. Е нь доошоо гүйгээд гараад явчихсан. Ц Е-н араас очоод эмнэлэгт очиж оёдол тавиулах уу гэхэд Е хэрэггүй гэж байсан...” гэх мэдүүлэг, Шинжээчийн 431 дүгээр дүгнэлтэд “...Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 27 дугаар дүгнэлтийн 1, 2, 4, 5-р хариулт үндэслэл муутай байна. ...Х-н биед хүзүүний 6-р нугаламын нум 2 талдаа, хүзүүний 7-р нугалмын сэртэнгийн хугарал, сээрний 5, 10, 11 дүгээр нугаламын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Шүүх эмнэлгийн шинжээчийн 343 дугаар дүгнэлтэд “...Е-н биед цээжний зүүн талд 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганы хугарал, дал ясны цөмөрсөн, зөрүүтэй хугарал, баруун, зүүн уушигны доод дэлбэнгийн авчилт, зүүн уушигны плеврийн хөндийн цус хуралдалт, зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн эгэм, бүсэлхий, зүүн өгзөгт цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт, бичгийн бусад нотлох баримтуудаар Е нь Х-г түлхсэний улмаас түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс Х-н үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй гэж буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Э.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 416 дугаар шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээх саналтай байна. Нэгдүгээрт хэргийн зүйчлэлийн талаар холбогдогч Е хэрэг болсон гэх айлд олон жилийн худал гүтгэлэг, доромжлол, нэр төрөө цэвэрлэхээр очиход Х-н гэрт О, Ц, Н, А, А нар байсан ба Е Х нар маргалдан муудалцаж, Х-н гэрийн жижиг өрөөнд ноцолдож байгаад Е нь гараад явах гэтэл Х нь араас нь эргүүлж татаад зууралдсан. Х-н араас хүн цохих, түлхэх үед Х шатнаас унахдаа Е-г татаж хамт унасан байдаг. Хэдийгээр гэрч нар Е-г хэн нэгэн араас нь түлхсэн талаар гэрчилдэггүй ч Х нь өөрөө амь нас нь аюултай байдалд орсноо мэдсээр байж шатнаас унахдаа бусдыг татан унагааж байгаа үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл юм. Х-н үйлдэл нь болгоомжгүй үйлдэл биш, харин санаатай үйлдэл болохыг анхаарч үзэх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт хандаж байсан боловч хүсэлтийг хангахгүй талаар шийдвэр гаргасныг надад гардуулаагүй, прокурорын тогтоолд гомдол гаргах эрхийг минь хязгаарласан талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан. Иймд анхан шатны шүүгчийн захирамжид заасны дагуу Х-н үйлдэлд дүгнэлт хийх нь зүйтэй юм. Хоёрдугаарт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 27 дугаар дүгнэлтээр шинжээч А “Х-н биед гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Дараа нь 431 дугаар дүгнэлтээр шинжээч эмч Д, Б, Ч нар 27 тоот дүгнэлт үндэслэл муутай Х-н биед хүзүүний 6-р нугаламын нум 2 талдаа, хүзүүний 7-р нугалмын арын сэртэнгийн хугарал, сээрний 5, 10, 11-р нугаламуудын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Тус гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн. Шинжээчийн 431 дүгээр дүгнэлт нь хуулийн шаардлага хангахгүй, прокурорын тогтоолд дурдсан шинжилгээний  обьектод шинжилгээ хийж гаргасан дүгнэлт биш гэж гаргасан тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлттэй байна. Уг дүгнэлтэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-г барьж хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Х нь гэмт хэрэг гарсан орой шатнаас унаж гэмтэхдээ сээрний 5, 6, 10, 11 нугалмын шахагдсан хугарал, хүзүүний 6, 7 дугаар хажуугийн сэртэнгийн хугарал бүхий гэмтэл авсан болохыг шинжээчийн 27 дугаар дүгнэлтээр тогтоосон бөгөөд Х нь энэ гэмтлийн улмаас 8 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гарсан байдаг. Гэтэл 3-н шинжээчийн дүгнэлт нь Х-н биед учирсан сээрний 5, 10, 11 нугалмын шахагдсан хугарал, хүзүүний 6, 7 дугаар хажуугийн сэртэнгийн хугарал бүхий гэмтлээс болж нугас дарагдсан гэж үзэж, гэмтлийн зэргийг хүндрүүлсэн нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурорын тогтоолд шинжээч нараас сээрний 5, 6, 10, 11 нугалмын шахагдсан хугарал гэсэн байх боловч, өвчний түүхээс үзэхэд сээрний 4, 5, 10, 11-р нугалмын шахагдсан хугарал гэжээ. Хэрэг гарснаас хойш 4 сарын дараа дахин шинжээч эмчид үзүүлэхэд гэмтэл хүндэрсэн нь Е-тэй хамт шатнаас унаснаас болж үүссэн гэмтэл мөн эсэх нь эргэлзээтэй, 8 хоног эмнэлэгт хэвтэж гараад хэвийн амьдарч байгаа хүний гэмтэл хүндрэх болсон шалтгаан, хэний буруутай үйл ажиллагаанаас болж хүнд гэмтэл болсон талаар тодруулан тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Учир нь хэргийн газарт байсан гэрч нар Х-н найз, дүү нар байсан бөгөөд хэргийн талаар бодит үнэнийг үнэн зөвөөр мэдүүлдэггүй. Гэрч Г-н, насанд хүрээгүй гэрч А, гэрч А, гэрч Х-н анхны мэдүүлгүүдээр Х нь найз нарын хамт архидаж байсан. Е-тэй шатны хаалтны дэргэд зууралдаж байгаад унахдаа Е-г татаж унасан, Е нь анхнаасаа тогтвортой, бодит үнэн зүйлийг мэдүүлсэн байдаг. Жич компьютер томографикийн болон MRI хариуг мэргэжлийн орчуулгын товчоогоор орчуулсан баримтыг хавсаргав” гэжээ. 

Хохирогч Х давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Е тухайн үед надруу залгахад би утсаа аваагүй. Мөн над руу мессеж бичсэн. Дараа нь дахиад залгахаар нь утсаа авахад намайг ална гэж сүрдүүлсэн. Тэгээд манайх руу дайрч орж ирсэн. Би Х.Е-г гэрээсээ гаргаад хаалгаа хаах гэтэл намайг шат руу түлхсэн. Би доор шатанд дээр унаад байж байхад Е орхиод гараад гүйцсэн. Ц араас нь гүйж барьж авсан. Е эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандаад хэрэггүй, маргааш өглөө учраа олъё гэсэн. Би гэртээ ороод өвчин намдаах эм уусан. Өглөө нь Е цагдаад өргөдөл өгсөн байсан. Би энэ хэргээс болж хүнд гэмтэл авсан. Би 3 хүүхэдтэй., хөдөлмөрийн чадамжгүй болсон, гомдолтой байна” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тухайн хэрэг нь нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотлогдвол зохих ажиллагаа хуульд заасны дагуу бүрэн хийгдсэн, хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна гэж үзэж байна. Тухайн хэргийг цаг хугацааны хувьд хурдан шийдвэрлэх боломжтой байсан. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч насанд хүрээгүй гэрч “тухайн үед эдгээр хүмүүс согтуу байсан” гэж мэдүүлсэн гэж хэлж байна. Гэтэл насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар дурдсан зүйл байдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд, Е-н мэдүүлгээс бусад мэдүүлгүүд цаг хугацаа, нөхцөл байдлын хувьд хоорондоо тохирдог. Шүүх хэргийг 2 үндэслэлээр прокурорт буцаасан бөгөөд прокурор нэгдүгээр үндэслэл дээр тайлбар хийгээгүй. Хавтаст хэргийн 113 дугаар талд 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Х-г Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлээр яллагдагчаар татсан талаарх баримт байдаг. Болгоомжгүй үйлдэл гэдгийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг. Е нь Х-н гэрт орж ирээд ална гэж сүргүүлсэн байдаг ба энэ талаар гэрч нар мэдүүлдэг. Тус үйлдэлд нь бодит халдлага бий болж, тус халдлагыг зайлуулах явцад болсон юм. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын нөхөн үзлэг 2 удаа хийгдсэн байдаг. Тус нөхөн үзлэгийг харахад шатны уруу гулгаад унасан мэтээр харагдаж байна. Гэтэл давж унасан гэх шатны хашлаг төмөр нь 77 см өндөртэй байдаг. Мөрдөн байцаалтын шатанд тус хашлага хүний аль хэсгээр татахыг тогтоогоогүй. Энэ нөхцөлд хүн хойшоогоо унахадаа хоёр гар өөрийн эрхгүй хөдөлж ямар нэг зүйлээс зуурч авна. Ийм зүйл тухайн үед болсон байхад болгоомжгүй үйлдэл гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуульд “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг. Х-н өөрийгөө унахаас хамгаалсан үйлдэл нь нийгэмд ямар аюултайг тогтоогоогүй. Иймд тус үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй юм. Иймд хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Ганганбарс давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.3-т “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлхээргүй бичигдсэн байна” гэж заагдсан байдаг. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудад дүгнэлт хийгээд прокурор Х-н хийсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь шүүгчид яагаад ойлгомжгүй болсон, нэмэлтээр ямар ажиллагаа хийлгэх гээд байгаа нь шүүгчийн захирамжид тодорхой бус байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.3-т заасныг зөрчиж байна гэж үзэж байна. Прокурорийн яллах дүгнэлт үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүхийн хэлэлцэх асуудал багтаж зохицуулагдах ёстой юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Яллагдагч Е давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би Х-н гэрээс гарахыг завдсан боловч Х араас чангаагаад гаргаагүй. 2-3 удаа араас татсан. Тэгэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ гээд уурлаад эргээд хартал намайг татсан хүчиндээ хашлага дээгүүр давж бид 2 хоёулаа унасан. Би унахдаа Х-н дээр унаагүй өөдөөс нь харж унасан. Тухайн үед толгой эргээд сонин болоод байсан. Арай гэж босоод гадаа байж байтал араас Х-н гэрт байсан хүмүүс хүрээд ирсэн. Тэр дунд нэг эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэй эмч дууд, цагдаа дууд гэж байсныг би бүдэг бадаг санадаг юм. Ц гэдэг залуу намайг дагуулаад эмнэлэг явсан. Эмэнлэгт очоод эмчид үзүүлэхэд намайг эрүүл байна гэсэн. Тэр үед Болорсүх цагдаа ирсэн бөгөөд орой нь очиж Х-г шалгана гэж хэлж байсан. Тэгээд би Улаанбаатар хот явсан. Миний хувьд энэ хүмүүс үгсэн хувилдаж худлаа мэдүүлэг өгч, намайг хэрэгт хийх санаатай байна гэж бодож байна. Миний хувьд гомдолтой байна гэжээ”.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Е холбогдох хэргийг прокурорын эсэргүүлээр хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг бичээгүй хэдий ч шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарахад нөлөөлөхөөргүй, гэмт хэрэг гарсан цаг хугацааны хувьд прокурор, оролцогчид маргаагүй байна.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 431 дүгээр шинжээчийн дүгнэлтийг тодруулах зорилгоор шүүх хуралдаанд шинжээчдийг оролцуулж хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

Е холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЗ/416 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Е авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧ                                                О.БААТАРСҮХ

                                                             Я.АЛТАННАВЧ