Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 317

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Туулын 12-7 тоотод байрлах, “Кенже” ХХК /РД:2025736/

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Баатарчулуун захиралтай “Жаргал констракшн” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ержан, нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Кенже” ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Жаргал констракшн” ХХК манай компаниас 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 35.000 ширхэг, ердийн улаан тоосгыг худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу тоосгыг өгсөн. Харин төлбөрийг төлөөгүй. Мөнгөө нэхэхээр удахгүй өгнө гээд бичиг өгсөн. Одоо утсаа авахгүй байгаа, “Жаргал констракшн” ХХК-ийн хаягаар Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, Залуучуудын хөгжлийн Полиси төв 25, 26 тоотод байхгүй гэсэн Засаг даргын тодорхойлолт ирсэн тул нэхэмжлэлийг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан.  

Иймд Б.Баатарчулуун захиралтай “Жаргал констракшн” ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Кенже” ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Баатарчулуун захиралтай “Жаргал констракшн” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч “Кенже” ХХК нь “Жаргал констракшн” ХХК-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, оршин суугаа /оршин байгаа/ газар тодорхойгүй байгааг нотолж 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Жаргал констракшн” ХХК-иас ирүүлсэн 267/03 тоот “...“Кенже” ХХК-д улаан тоосгоны үдэгдэл төлбөр болох 3.700.000 төгрөгийн өглөгтэй нь үнэн болно” гэсэн албан бичгийн хуулбар, “Жаргал констракшн” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг өгсөн. /хх-5-6/

Нэхэмжлэгч “Кенже” ХХК Б.Баатарчулуун захиралтай “Жаргал констракшн” ХХК-ийг хаана үйл ажиллагаа явуулж байгааг мэдэх боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй.

Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Баатарчулуун захиралтай “Жаргал констракшн” ХХК-ийн эрх ашгийг хөндөхгүй байх үүднээс оршин байгаа газрыг тодруулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1/334 тоот албан бичиг явуулахад “...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, Залуучуудын хөгжлийн Полиси төв 25, 26 тоотод албан ёсны бүртгэлтэй, захирал Б.Баатарчулуун Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсан 13 дугаар байр 5 тоотод оршин суух бүртгэлтэй” гэсэн лавлагаа болон компаний дүрмийг ирүүлсэн. /хх-12-17/

Шүүх дээрх хаягаар зарлан дуудах хуудсыг илгээхэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичгээр  “...“Жаргал констракшн” ХХК нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, Залуучуудын хөгжлийн Полиси төв 25, 26 тоотод бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй” гэсэн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр “Б.Баатарчулуун нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсан 13 дугаар байр 5 тоотод оршин суудаггүй, бүртгэлгүй” гэсэн хариу ирүүлсэн. /хх-18-25/

Мөн “Жаргал констракшн” ХХК-ийн захирал Б.Баатарчулуунтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн талаар мэдэгдэх, үйл ажиллагаа явуулж байгаа газрыг тодруулах зорилгоор 2017 оны 9 дүгээр сарын 22, 29-ний өдрүүдэд 99114339, 91911526, 70110221 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан.

Иймд нэхэмжлэгч “Кенже” ХХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Батдоржийн Баатарчулуун /РД:ХВ75101416/ захиралтай “Жаргал констракшн” ХХК /РД:2789469, утас:99114339, 91911526, 70110221/-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газар болон холбогдох бусад мэдээллийг олж авах боломжгүйгээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь дээрх үйл баримтаар тогтоогдож байх тул Б.Баатарчулуун захиралтай “Жаргал констракшн” ХХК-ийг эрэн сурвалжилж үйл ажиллагаа явуулж байгаа газрыг олж тогтоолгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Батдоржийн Баатарчулуун /РД:ХВ75101416/ захиралтай “Жаргал констракшн” ХХК /РД:2789469, утас:99114339, 91911526, 70110221/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс Б.Баатарчулуун захиралтай “Жаргал констракшн” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч “Кенже” ХХК-д мэдэгдэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Кенже” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, Залуучуудын хөгжлийн Полиси төв 25, 26 тоотод үйл ажиллагаа явуулж байсан, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсан 13 дугаар байр 5 тоотод оршин суух бүртгэлтэй Батдоржийн Баатарчулуун /РД:ХВ75101416/, захиралтай “Жаргал констракшн” ХХК /РД:2789469, утас:99114339, 91911526, 70110221/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Б.Баатарчулуун захиралтай “Жаргал констракшн” ХХК-ийг эрэн сурвалжлах, үйл ажиллагаа явуулж байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай. 

3. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс Б.Баатарчулуун захиралтай “Жаргал констракшн” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч “Кенже” ХХК /утас:99080332, 91990332/-т мэдэгдэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Кенже” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ТҮВШИНТӨГС