Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/875

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: С.Цэрэндорж,

           Шүүгдэгч: О.Г-, түүний өмгөөлөгч Б.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Г-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805045330328 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Г-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч О.Г- нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын автобусны буудлын орчимд иргэн Д.О-ыг гутал зарж байхад “интернетээр ажил хайх гэсэн юм” гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу Самсунг Жи 7 загварын 700.000 төгрөгийн гар утсыг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг,

- 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын сагсны талбай дээр насанд хүрээгүй иргэн Т.М-ын өмчлөлийн “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч, урьдийн харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу Хуавай хонор 7 си загварын 700.000 төгрөгийн гар утсыг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг,

- 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэт булган” ломбарданд иргэн Э.Б-ыг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу Хуавай пи 20 загварын 582.000 төгрөгийн гар утсыг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч О.Г- шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг бүрэн барагдуулсан” гэв.

            Хохирогч Д.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын автобусны буудал дээр ил гутал зарж байхад урьд нь надаас гутал худалдаж авч байсан. Зүс таних Оюунбатын Ганхуяг гэдэг 20 орчим насны залуу над дээр хүрч ирээд “утсаа өгч байгаач интернэтээр ороод ажил хайгаад өгье” гэхээр нь би итгээд өгсөн чинь миний утсаар интернет ороод миний хажууд байсан юм. Тэгээд намайг хүмүүст гутал үзүүлж  байх хооронд нөгөө Ганхуяг гэх залуу миний гар утсыг аваад алга болсон тул би цагдаад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 166-170/,

            Насанд хүрээгүй хохирогч Т.М-ын мөрдөн байцаалтад өгөн: “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын сагсны талбай дээр хүүхдүүдтэй сагс тоглоод байж байтал манай гэрийн хойд талд амьдардаг Ганхуяг гэдэг ах сагсны талбай дээр ирээд надад хандаж “утсаа өгч байгаач ганц ярьчихаад нэг дуу сонсоод байж байя” гэж хэлэхээр нь өөрийнхөө гар утсыг өгчихөөд сагсны шийд рүү нэг бөмбөг шидчихээд эргээд хартал Ганхуяг миний гар утсыг аваад алга болчихсон. Тэгэхээр нь шууд гэр рүү нь яваад очтол гэртээ байхгүй байсан. 2018 оны 5 дугаар сард Хятад улсаас 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2 симтэй хар өнгийн гадна гэртэй утас байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 6-10/,

            Хохирогч Э.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн автобусны буудал дээр байрлах Эрхэт булган ломбарданд ажил дээрээ байж байхад урд нь байнгын үйлчлүүлэгч байсан О.Г- нь орж ирээд намайг утсаар ганц яриулаач гэсэн. Тэгэхээр нь би гар утсаа өгөөд яриулж байсан чинь гаднаас үйлчлүүлэгч ороод ирэхээр нь уулзаад байж байх хойгуур миний утсыг аваад явчихсан байсан. Тэгээд би өөрийн 80507771 дугаар руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Хуавэй Пи 20 загварын гар утас байсан. Утасны арын камерны хүрээний будаг халцарсан Манай ломбарданд барьцаанд тавиад зарагдах гэж байхад нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 750.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хохирлоо бүрэн барагдуулсан тул надад гомдол санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 90-94/,

            Гэрч С.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Мөнхбаатар бид хоёрыг сагс тоглож байхад Ганхуяг, Мөнхбаатарт хандаж “утсаа өгч байгаач дуу сонсоод байж байя” гэж хэлээд түүний Хуавэй загварын гар утсыг авсан. Сагс тоглож байгаад эргээд хартал Ганхуяг гар утсыг нь аваад алга болчихсон юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 13-14/,

            Яллагдагчаар О.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би урьд өгсөн мэдүүлгүүд дээрээ болон хэргийн талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 2-н 32/,

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2/, хохирогчийн өргөдөл /хх 1-н 3/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 19-21, 99-100, 184-185/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-40, 50, 181, 188-190/, Эрүүгийн хэргийн нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 1-н 156-157/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч О.Г- нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын автобусны буудлын орчимд иргэн Д.О-ыг гутал зарж байхад нь “интернетээр ажил хайх гэсэн юм” гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу Самсунг Жи 7 загварын 700.000 төгрөгийн гар утсыг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг,

- 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын сагсны талбай дээр насанд хүрээгүй иргэн Т.М-ын өмчлөлийн “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч, урьдийн харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу Хуавай хонор 7 си загварын 700.000 төгрөгийн гар утсыг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг,

- 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэт булган” ломбарданд иргэн Э.Б-ыг “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу Хуавай пи 20 загварын 582.000 төгрөгийн гар утсыг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч Д.О-ын: “...Зүс таних Оюунбатын Ганхуяг гэдэг 20 орчим насны залуу над дээр хүрч ирээд “утсаа өгч байгаач интернэтээр ороод ажил хайгаад өгье” гэхээр нь би итгээд өгсөн чинь миний утсаар интернет ороод миний хажууд байсан юм. Тэгээд намайг хүмүүст гутал үзүүлж  байх хооронд нөгөө Ганхуяг гэх залуу миний гар утсыг аваад алга болсон тул би цагдаад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 166-170/, насанд хүрээгүй хохирогч Т.М-ын: “...Ганхуяг гэдэг ах сагсны талбай дээр ирээд надад хандаж утсаа өгч байгаач ганц ярьчихаад нэг дуу сонсоод байж байя гэж хэлэхээр нь өөрийнхөө гар утсыг өгчихөөд сагсны шийд рүү нэг бөмбөг шидчихээд эргээд хартал Ганхуяг миний гар утсыг аваад алга болчихсон” гэсэн мэдүүлэг /хх 1-н 6-10/, хохирогч Э.Б-ы: “...О.Г- нь орж ирээд намайг утсаар ганц яриулаач гэсэн. Тэгэхээр нь би гар утсаа өгөөд яриулж байсан чинь гаднаас үйлчлүүлэгч ороод ирэхээр нь уулзаад байж байх хойгуур миний утсыг аваад явчихсан байсан. Тэгээд би өөрийн 80507771 дугаар руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 90-94/, гэрч С.А-ын: “...Мөнхбаатар бид хоёрыг сагс тоглож байхад Ганхуяг, Мөнхбаатарт хандаж утсаа өгч байгаач дуу сонсоод байж байя гэж хэлээд түүний Хуавэй загварын гар утсыг авсан. Сагс тоглож байгаад эргээд хартал Ганхуяг гар утсыг нь аваад алга болчихсон юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 13-14/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Г- нь хохирогч нарыг “гар утсаа өгч байгаач, ганц ярьчихаад өгье гэж итгэл төрүүлэн, бусдын эд хөрөнгийг залилаж авах санаа, зорилготой байсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгчийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж зааснаар уг зүйл, заалтыг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.  

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нар нь шүүгдэгчээс гар утсаа буцаан авсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.Г-ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 03 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийн цагдан хоригдсон 73 хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүнийг 580 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцов.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 1805050791030, 1805045330328 тоот хэргүүдийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Г-ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийг 580 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийн урьд цагдан хоригдсон 73 хоногийн 1 хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 580 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, 1805050791030, 1805045330328 тоот хэргүүдийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР