Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/660

 

,

 

 

 

 

 

2020              10           09                                         2020/ШЦТ/660

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:-/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт О-ийн Уд холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Пи Си Пи” ХХК-д менежер ажилтай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнүүн хотхоны 22-17 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт О-ийн У /РД:ГЮ86091203/.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 1,05 согтолттой үедээ 2020 оны 8 дугаар сарын 29-ний шөнийн 01 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шинэ тэрэг” плаза төвийн баруун замд “Тоёото Раум” маркийн ---- ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчин хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа хангаагүйгээс явган зорчигч 25 настай Б.Д-ийг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.                                                                       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч О.У шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би тухайн өдөр гаргасан осолдоо маш их гэмшиж байгаа. Прокурорын ялын саналыг зөвшөөрч байна. Хохирогч Б.Д-ийн хохиролд 840.000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч зураг /хх-н 3-9х/,

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “Тоёото Раум” маркийн - ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан О- овогтой Уыг драйгер багаж ашиглан шалгахад 1.05 хувийн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл /хх-н 7 х/,

4. Жолоодох эрхийн лавлагаа / хх-79 х/,

5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн - дугаартай “...Б.Д-ийн биед зүүн нүдний ухархайн гадна хананаас суурь ясны бага далавчруу үргэлжилсэн хугарал, зүүн ухархайн доод хана, гайморовын хөндийн гадна хана, зүүн талын хацар ясны нумны хугарал, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэг хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 41-42х/,

6. Хохирогч Б.Д- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...О.У машинаа асаагаад хөдлөх гээд машиныхаа арааг D дээр тавихаар нь би машины урдуур нь гүйж ороод явуулахгүй гээд зогсоход О.У машинтайгаа зогссон. О.У уйлах гээд жолооны хүрдээ дэрлээд доошоо харахаар нь би машины урд нь зогсож байгаад толгой эргээд байхаар нь доошоо суусан. О.У намайг доошоо суусан гэдгийг анзаарахгүй явчихсан байна гэж бодоод гэнэт хөдлөөд машинтайгаа миний нүүр болон биеэн дээгүүр гараад явчихсан. 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хагалгаанд орсон. Надад  гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-19-20, 22 х/,

7. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн - дугаартай магадлагаа /хх-56-57х/,

8. Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-62-66 х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч О.Уын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 заалтад тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан О.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх,” мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах, ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Уд оногдуулсан тэнсэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Б.Д- гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт О-ийн Уыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. О.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. О.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх,” мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах, ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Уд оногдуулсан тэнсэх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.У нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР