Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
Хэргийн индекс | 154/2022/00026Э |
Дугаар | 154/2022/00030 |
Огноо | 2022-05-02 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 154/2022/00030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг
Шүүгдэгч М.Гарьд нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2237000100026 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 11 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 4 /эхнэр 2 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байсан, бие эрүүл, Гөлгөн овогт Мялхаасүрэнгийн Гарьд /РД: ПЙ88112371/
М.Гарьд нь 2022 оны 01 сарын 28-ны шөнө Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт орших Гантулгын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Мөнх-Эрдэнэтэй хэрүүл маргаан үүсгэх явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний толгой, нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Яллагдагч М.Гарьдын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Тухайн өдөр манайх цагаан сарын буузаа бооход Болор-эрдэнэ, Гантулга нар ирж бууз хийлцсэн. Манай гэрт нэг шил архи 1 пиво уусан. Дараа нь архи аваад Гантулгын гэрт очиж уусан. Эхнэр архи уухаараа жаахан агсам, уусан үедээ талийгаач болсон аавыг минь гуйлгачин гээд байхаар нь би зодсон нь үнэн. Би эрүүл үедээ хүнд үг хэлдэггүй, согтуу үедээ агсам тавьсан.Би эхнэртэйгээ 10 жил хамт амьдарч байгаа.
Намайг хүүхэдтэй минь уулзуулахгүй байна. Би буруутай гэдгээ ойлгон гэмшиж байна эхнэрээсээ уучлалт гуйсан гэв.
Хохирогч Буурал овогт Гаравын Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...2022 оны 01 сарын 28–ний орой манайх баншаа боогоод манайд Отгонбаяр, Болор-Эрдэнэ, Гэрэлтуяа нар ирээд манай нөхөр М.Гарьд бид 5 банш боосон. Эхлээд нэг шил архи нэг пиво уугаад дараа нь 2 шил архи авч ирээд нэгийг нь уугаад нэг шил архийг Гантулгынд Отгонбаяр, Гарьд бид 3 уугаад сууж байгаад нөхрөөсөө түлхүүр асуухад чиний түлхүүр би мэдэх ёстой юм уу гээд миний нүүр лүү гараараа цохиж хөлөөрөө өшиглөж цохисон.
Намайг зодож байхад Гантулга, Отгонбаяр нар байсан. Өөр хүн байгаагүй. Нөхөртөө зодуулснаас болж толгой доргисон, толгойн оройд 4 оёдол тавиулсан, зүүн нүд хавдаж цус хурсан зэрэг гэмтэл авсан.М.Гарьд нь намайг зодож байхад эгч Мөнхжаргал ирсэн энэ үед М.Гарьд хашаа даваад зугтсан түүнээс хойш гэртээ ирээгүй.Надад нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/
Гэрч Боржигон овогт Рагчаагийн Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн.... Манай найз Гарьд цагаан сарын баншаа бооход нь очиж боолцсон. Гарьдын эхнэр, Болор-эрдэнэ эхнэр Гэрэлтуяагийн хамт бид 5 уулаа байсан. Гарьд, Болор-Эрдэнэ хоёр нэг шил архи нэг пиво авч ирээд бид 5 түүнийг хувааж уусны дараа баншаа боож дуусгасан.
Гарьд манай хоёр ойрхон байдаг Гарьд шөнө манайд ирээд байж байтал эхнэр Мөнх-Эрдэнэ утсаар амбаарын түлхүүр хаана байна гээд асууж байсан. Удалгүй Гарьдын эхнэр манайд орж ирээд түлхүүр хаана байна Мялхаасүрэнгийн гуйлгачин гэж хэлээд хэл амаар доромжлоод дайраад байхаар нь Гарьд эхнэрээ 2-3 алгадсан мөн унагааж байгаад толгой руу нь өшиглөхөд толгой нь хагарсан.Гарьд би Болор-Эрдэнийнд очлоо гээд гараад явсан. Тэгээд нөхөр бид хоёр унтсан. Дараа нь Мөнх-Эрдэнэтэй уулзахад намайг гэрт орсны дараа Гарьд дахиад намайг зодсон гэж ярьж байсан.Мөнх-Эрдэний толгойн цусыг би алчуур тавьж тогтоосон. Мөнх-Эрдэнэ Гарьдыг зодож цохиогүй гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/
Гэрч Шаргууд овогт Доржийн Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн....2022 оны 01 сарын 28-ны шөнө манай эхнэр Отгонбаяр, Гарьд, Мөнх-Эрдэнэ 3 согтуу байдалтай манайд орж ирсэн. 1 шил архитай орж ирээд түүнийгээ ууж дуусгалгүй эхнэр Мөнх-Эрдэнэ нь нөхөр Гарьд руу гуйлгачин, пизда гэх мэтээр дайрч доромжлоод байхаар нь Гарьд 2-3 удаа алгадсан эхнэр нь агсам тавиад болохгүй болохоор нь би салгаж хүч хүрээгүй. Би гарч яваад Пүрэвдоржийнд очсон. Намайг байхгүй хойгуур зодолдоод байсан байлаа.Манай эхнэр Гарьд эхнэрээ зодлоо хурдан ир гэхээр нь би гэртээ ирэхэд манай гэрийн баруун талын шалны хулдаас цусаар будагдсан байсан.
Маргааш өглөө нь Мөнх-Эрдэнэ над руу утсаар яриад эмнэлэг дээр байна ирээд аваач гэхээр нь очиж авахад зүүн нүд нь хөхөрсөн, толгой нь хагараад оёдол тавиулсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 153 дугаартай “...Г.Мөнх-Эрдэний биед гэмтэл учирсан. Г.Мөнх-Эрдэний биед зулай хэсгийн хуйхны шарх, зүүн талын нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн шанаа хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа хэсгийн зулгаралт, доод эрүүний холбоос хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтэл нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт болон зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
Г.Мөнх-Эрдэнэд учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 47 дугаар хуудас/
Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 57 дугаар хуудас/
М.Гарьд, Г.Мөнх-Эрдэнэ нарын 0032 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 74 дүгээр хуудас/
Хохирогч Г.Мөнх-Эрдэнэ прокурорт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт болон хүсэлтэд эмчилгээний зардал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт /хх-ийн 89 дүгээр хуудас/
Яллагдагч М.Гарьдын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 90 дүгээр хуудас/
Яллагдагчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч М.Гарьд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, хохирогчоос нэхэмжилж байгаа хохиролгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналын хүрээнд ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гөлгөн овогт Мялхаасүрэнгийн Гарьдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гарьдыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Гарьдад оногдуулсан торгох ялыг 5 / таван / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гарьдад оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч М.Гарьд нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч М.Гарьдад оногдуулсан торгох ял биелүүлэхийг Ховд аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.
7. Шүүгдэгч М.Гарьдад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ