| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/03107/И |
| Дугаар | 2888 |
| Огноо | 2017-09-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2888
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Цэдэнбалын Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Энхтүвшингийн Э-т холбогдох,
2.046.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ........................, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Э нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон гудамж АОС-ын 52а тоот өөрийн эзэмшлийн амины орон сууцны 2 давхар барилгыг Э.Эт хувийн сууц хөлслөх 119 дугаартай гэрээ байгуулан хөлслүүлсэн. Миний байрыг гэрээгээр хөлслөн тоортны үйлдвэрлэлээ манай байрны 2 давхарт 2017 оны 01 дүгээр сарын 07-ноос 2017 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл явуулж байгаад тоортны үйлдвэрлэлээ дотны найздаа даатгаж орхилоо гэж хэлээд хаашаа явж байгаагаа хэлэлгүй алга болсон. Найз Дэлгэрмаа нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс тоортны үйлдвэрлэлийг явуулж байгаад 4 дүгээр сарын 18-нд манай байрнаас гарсан. Дэлгэрмааг байрнаас гарахыг шаардаад, тоортны үйлдвэрлэл явуулж байгаа хэсэгт орж үзэхэд манай байрны хананд тортны крем нялж наасан, үсэргэсэн байдалтай тосон толбо үүсгэн халтардсан тоортны кремны тос нь хананд нэвчиж, хусахад арилахгүйгээр тос зузаан нэвчсэн байсан. Мөн үйлдвэрлэл явуулах тоног төхөөрөмж зөөж оруулах явцад коридорын ханыг гүн зурж, хана гэмтээсэн 2 дугаар давхрын жижиг өрөөний хана хөгцөрсөн байсан. Эт эдгээр бохирдсон ханыг үзүүлэхэд ихэд гайхаж, надад хамаагүй, надаас өмнө үүссэн тул би хариуцахгүй, би ердөө 16хан хоног л үргэлжлүүлэн ажиллуулсан. Тоортны үйлдвэрлэл явуулж байхад 2 дугаар давхрын тоорт үйлдвэрлэдэг хэсэгт орохыг Эт хатуу хориглодог байсан тул орж үзэж чадаагүй болно. Шинээр барьж ашиглалтад оруулсан байранд 68 хоног тоортны үйлдвэрлэл явуулаад гарахад байрны хананд тоортны крем нялж, тос нэвчүүлэн сүйтгэж, жижиг өрөөний ханыг хөгцрүүлж, коридорын ханыг гэмтээж бохир заваан болгосон ба энэ тухай Эт Дэлгэрмаагаар хэлүүлэхэд тийм болох ёсгүй юун сүртэй юм бэ угаагаад л болоо ш дээ гэж хэлсэн Ах дүү нараа ирүүлж үзүүлээч гэхэд хариу өгөөгүй, энэ үед Эрдэнчимэг нь Солонгос улсад байна гэж дам хүнээс сонссон. 2 дугаар давхрын хананд тоортны крем наалдсаныг хусахад цаанаас нь тос нэвчиж, арилахгүй байсан тул бетон ханыг гартал хусаж, хөгцөрсөн ханыг мөн л бетон ханыг гартал хуссан болно. Тоортны крем нэвчиж халцартсан хөгцөрсөн 100м2 ханыг бетон гартал хусаж бохирдлыг арилган 2 давхар замаск татах ажлын хөлсөнд 800.000 төгрөг төлж, 696.800 төгрөгийн үнэтэй барилгын засварын материал авсан болно. Э.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байрыг буруу эзэмшиж ашигласнаас үүссэн хохирлыг бүрэн барагдуулна гэсэн заалтаа биелүүлэхгүй, учруулсан хохирлоо ухамсарлахгүй байгаа тул учирсан хохирол болох 2.046.800 төгрөгийг Э.Эээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Э.Э торт, нарийн боовны үйлдвэрлэл явуулахаар харилцан тохиролцож, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 он хүртэл 1 жилийн хугацаатай хувийн сууц хөлслөх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан. Э.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 10-наас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаанд Мэргэжлийн хяналтын газраас сар бүр ирж, шинжилгээ дүгнэлт хийдэг байсан учраас байрыг бохирдуулах боломж байхгүй. Ингээд үйл ажиллагаагаа явуулж байхад Ц.Э гэдэг хүн байрнаас гарах шаардлага тавьсан байдаг. Одоо тус байранд засвар хийж фитнесс орсон байгаа. Хуулийн дагуу хөлслүүлэгч хөлслөгчид байрнаас гаргаж, гэрээ цуцлах тухай 1 сарын өмнө мэдэгдээгүй. Шахуу гарахыг шаардсан байдаг. Мөн байрны засварын асуудлыг талуудын хооронд байгуулсан гэрээнд хөлслүүлэгч хариуцна гэсэн зохицуулалт байгаа. Иймд байрны засварын мөнгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Э.Э холбогдуулан 2.046.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Хувийн сууц хөлслөх гэрээ” байгуулж, нэг талаас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхон гудамж АОС 52а тоот хаягт байрлах 332м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай орон сууцыг хөлслүүлэх, нөгөө талаас хөлс төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгээр байгуулсан гэрээгээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 4 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга зорилго, гэрээнд хүсэл зоригоо илэрхийлсэн байдал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл хэдийгээр энэхүү гэрээг зохигчид “Хувийн сууц хөлслөх гэрээ” гэж байгуулсан боловч хариуцагч Э.Э нь гэрээний зүйл болсон орон сууцыг суурьшин амьдрах зорилгоор бус аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зориулалтын дагуу тодорхой хугацаанд эзэмшилдээ шилжүүлэн авсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар “Түрээсийн гэрээ” байгуулагдсан байна гэж дүгнэв.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээ ёсоор хариуцагч Э.Э нь орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 1 /нэг/ жилийн хугацаанд түрээслэх, 1 /нэг/ сард 2,600,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс гэрээг талууд харилцан тохиролцон цуцалсан ба энэ талаар хэн аль нь маргаагүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч орон сууцны хана, таазыг хүлээж анх хүлээж авснаас эрс муутгасан учраас өөрийн зардлаа сэргээсэн зардал болох 2.046.800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар Түрээсийн гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж зохицуулсан бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т хөлслөгч нь “хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх” үүргийг хүлээнэ гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан гэрээгээр ямар тохиолдолд ердийн элэгдэлээс илүү муутгасан гэж үзэх талаар тохиролцоогүй, уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлэгч хувийн сууцны засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хийнэ” гэж тохиролцжээ.
Хариуцагчид хүлээлгэн өгсөн орон сууц анх ямар байдалтай байсан, одоо анхны байдлаас хэрхэн дордсон буюу ердийн элэгдэл хорогдлоос муутгасан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна, нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагчид анх шинээр ашиглалтад орсон орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Түүнчлэн хэрэгт авагдсан орон сууцыг сэргээн засварлахад зориулан худалдан авсан барилгын материалын зарлагын баримт, иргэн Д.Нямбатын засварын ажил хийсэн тодорхойлолт, фото зураг зэргээр хариуцагч анх хүлээлгэн өгсөн орон сууцыг ийнхүү муутгасан гэдгийг шууд нотлохгүй, уг баримтыг эргэлзээгүй үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /х.х-ийн 6-18 дугаар тал/
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгч Ц.Эын хариуцагч Э.Эт холбогдуулан хүлээлгэн өгсөн эд зүйлийг ердийн элэгдэл хорогдлоос эрс муутгасаны улмаас өөрийн зардлаар нөхөн сэргээхэд зарцуулсан зардал 2.046.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Эээс 2.046.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.699 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Э