Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2015/0110

 

Хүчит шонхор ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяадаргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаН.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Одгэрэл нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 585 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Хүчит шонхор ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хүчит шонхор ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Засаг дарга 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/505 тоот захирамжаар худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. г, ж, ба 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11.3 дахь заалтыг тус тус үндэслэн Нийтийн тээврийн ачааллыг зохицуулах зорилгоор энэ захирамжийг гаргажээ.

Уг захирамжаар манай компанийн Шонхор хүнсний захыг долоо хоног бүрийн Пүрэв гарагт ажиллуулахгүй байхаар шийдвэрлэснийг 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олж мэдсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/505 тоот захирамжийг гаргах болсон үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартааНийслэлийн Засаг дарга цагийн хуваарь батлах захирамж гаргахдаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас санал авч тусгасан. Нэхэмжлэгч Замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн 2014 оны 9г3/6-453 тоот албан бичигт Хүчит шонхор зах орчмын замын хөдөлгөөний талаар, үүсдэг хүндрэл бэрхшээлтэй байдлыг тодорхой дурдсан байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын 2014 оны 7/598 тоот албан бичигт ... Шонхор захыг амралтгүй ажиллуулж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа тухай..., Нарантуул-2 захын түрээслэгчид ажил төрлийн үйл ажиллагаа явуулж буй Шонхор захыг амраахгүй ажиллуулж байгаа нь бидний эрхийг зөрчиж байна гэсэн гомдол манайд ирүүлсэн байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж нь өмчийн хэлбэрээс үл хамааран нийслэлийн өмнө хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн нийслэлийн удирдлагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг ажиллагсаддаа мэдээлж, биелэлтийг хангах, нийслэлийн онцлог чиг үүргийг хэрэгжүүлэх талаар нийслэлийн удирдлагаас явуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/505 дугаар захирамж гарснаар гудамжинд хяналтгүй бохир орчинд ил задгай худалдаа хийгдэж хүнсний аюулгүй байдал алдагдаж, хулгай дээрэм гарах, хэв журам зөрчигдөх мэтээр үндэслэлгүйгээр үүргээ биелүүлэхээс татгалзаж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан иргэний ажиллах, амрах эрхийг зөрчиж байна.

Дээрх зөрчлүүд нь нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагын ажил үүрэг юм. Нийслэлийн засаг дарга өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд хуульд нийцсэн, нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан захирамж гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 585дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын г, ж, 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг тус тус баримтлан Хүчит шонхор ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/505 дугаар захирамжийн Шонхор зах-д холбогдох Пүрэв гаригт амрах гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Хүчит шонхор ХХК-иас давж заалдах гомдолдоо1. Хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчсөн гэх тухайд:

Түрээслэгч нарыг амруулахгүйгээр ажиллуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1 "Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна"-ыг зөрчсөн тул түрээслэгч нарын эрхийг хамгаалж байна хэмээн тайлбарладаг. Түрээслүүлэгч "Хүчит Шонхор" ХХК-иас түрээслэгч нартай байгуулсан түрээсийн гэрээний 1.2 болон 1.3 дугаар заалтад нэг ажлын байр дээр 2-оос дээш хүн ээлжлэн ажиллах болон, түрээслэгч ажил, амралтын цагаа өөрөө зохицуулахаар тус гэрээгээр харилцан тохиролцсон байдаг. Мөн түрээслэгч нар амраах шийдвэрийг эрс эсэргүүцэж тус шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцуулж өгөхийг хүссэн 400 гаруй түрээслэгчийн гарын үсэг бүхий хүсэлтийг шүүхэд өгсөн. Гэрчээр оролцсон түрээслэгч нар шүүх хуралд мэдүүлэхдээ А\505 дугаар захирамж түрээслэгч нарын амрах эрхийг хамгаалж байгаа бус эсрэгээрээ түрээслэгч нарын эрхийг хэрхэн зөрчиж байгааг маш тодорхой тайлбарласан байдаг.

2. Өрсөлдөөний хуулийн 13.2.7-г зөрчсөн гэх тухайд;

Шүүхийн шийдвэрт Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 "аль нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгоход чиглэсэн" гэснийг бусад нэр бүхий 24 зах түүний дотор зэргэлдээ "Нарантуул 2" зах амарч байхад "Шонхор" хүнсний зах адилхан амрах ёстой гэсэн тайлбар хийсэн байна.

А\505 захирамж гарсан зорилго нь нийтийн тээврийн ачааллыг зохицуулах
зорилготой, зөвхөн энэ зорилгыг хэрэгжүүлэхэд хамааралтай захуудад л чиглэсэн байна. Энэхүү зорилгод хамаарахгүй захуудад энэ захирамж үйлчлэхгүй нь тодорхой. Улаанбаатар хотын төвийн зам дагуух \гэр хороолол ч гэсэн орох нь\ бүх үйлчилгээний төвийн түрээслэгч нарыг амраах ёстой адилхан тэгш хандах ёстой гэх боломжгүй нь хэнд ч ойлгомжтой байна.

"Нарантуул 2" түрээслэгч нар өөрсдөө амрах хүсэлтээ гаргасан байдаг. Иймд
"Шонхор" хүнсний захын түрээслэгч нарыг хүсээгүй байхад нь хүчээр амраах нь эрхийг нь зөрчсөн үйлдэл болно. Засаг даргад, нийтийн ашиг сонирхлын үүднээс тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр хуулиар тусгайлан эрх олгосон байхад энд шударга өрсөлдөөн, адил тэгш хандах асуудал гэхээс илүү тухайн хуульд заасан үндэслэл бүхий нөхцөл байдал \замын ачаалал\ байгаа эсэхийг шалгаж тогтоох нь Засаг даргын үүрэг юм. Захиргаанд хуульд тусгайлан заасан үндэслэлээр бусдын эрх, эрх чөлөөг хязгаарласан шийдвэр гаргахыг зөвшөөрсөн байдаг. Үндсэн хууль 16.3 " .... Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур .... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж заасан.

3. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11.3-д "... нийтийн тээврийн ачааллыг зохицуулах зорилгоор ..." -ыг үндэслэсэн нь зөв гэх тухайд: "Шонхор" хүнсний захын орчимд замын ачаалал хэвийн хэмжээнээс хэтэрсэн, замын хөдөлгөөний зөрчил осол их гардаг зайлшгүй зохицуулалт шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

"Шонхор" хүнсний зах нь хотын захын гэр хороололд байрладаг. Хотын төвийн замын хөдөлгөөний ачаалалтай ямар ч холбоогүй. Үүнийг тус захын орчмын зам машины номерын дугаарын хязгаарлалтад хамаардаггүй нь маш тодорхой нотолж байна.

"Шонхор" хүнсний захын үндсэн үйл ажиллагаа болох махны бөөний худалдаа өглөө 4 цагаас эхлээд 9 цаг гэхэд дуусдаг. Учир нь хэрэглэгч хоол цайны газар, ресторан, зочид буудал, амралт сувилалын газар, сургууль, жижиглэн худалдаа эрхлэгч нар тухайн өдрийн хэрэглээний махаа ажил эхлэхээс өмнө өглөөгүүр худалдаж авдаг.

Шүүгч хэргийн газар очиж танилцан зураг авч тэмдэглэл хөтөлсөн, мөн нэхэмжлэгч өглөөний 4 цагаас орой 8 цаг хүртэл цаг, цагаар замын зураг авч хавтас хэрэгт хавсаргасан. Мөн гэрчүүд замын ачааллын талаар шүүх хуралд мэдүүлэг өгсөн. Эдгээр хавтас хэрэгт буй нотлох баримт нь тус зах орчмын замын ачаалал хэвийн байгааг маш тодорхой нотолдог.

Шүүгчийн үндэслэл болгосон нотлох баримт болох 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн замын цагдаагийн тасгийн даргын албан бичигт "... хөдөлгөөний ачаалал тус захын үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн орчиндоо харьцангуй их байдаг..." гэсэн байна. Гэтэл А/505 дугаар захирамж 2014 оны 06 сарын 17-ны өдөр гарсан байхад дээрх албан бичиг түүнээс 2 сарын дараа үйлдэгдсэн байна. Захирамж аль хэдийн гарсан хойно "тухайн орчиндоо", "харьцангуй их" гэх зэргээр тодорхой бус ямар ч судалгаа, нотолгоо байхгүй 1 хуудас цаасны тал хүрэхгүй саналыг яах гэж үйлдсэн нь ойлгомжгүй байна. Замын ачааллыг зохицуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг нотолсон үндэслэл бүхий дүгнэлт, судалгаа бүхий баримт хавтас хэрэгт алга байна.

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 2.5.2-ыг зөрчсөн.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс А\505 захирамжийг хэм хэмжээ тогтоосон акт гэж үзээд нэхэмжлэгчийн гаргасан түдгэлзүүлэх хүсэлтийг хангаагүй. А\505 дугаар захирамж хэмжээний акт болохын хувьд Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 2.5.2 дагуу "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр болох бөгөөд хэрэв нийтлэгдээгүй бол тус захирамжийг хүчин төгөлдөр бус гэж тооцохоор маш тодорхой зохицуулсан байна.

Анхан шатны шүүх хурлын шийдвэрийг шүүгч амаар танилцуулахдаа Нийслэлийн Засаг даргад өөрийн гаргасан шийдвэрийг хэвлэн нийтлэх үүрэг байхгүй учир дээрх хуулийг зөрчөөгүй хэмээн тайлбар хийсэн. Харин бичгээр гарсан шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдаагүй байна. Хэн хэвлэн нийтлэх үүрэгтэй нь чухал биш зохих ёсоор \хуульд заасан журмаар\ нийтэд мэдэгдээгүй нь өөрөө хуулийн зөрчилд хүргэж байна. Гаргасан шийдвэрээ хаяглагдсан этгээдэд нь зохих ёсоор танилцуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах нь захиргааны байгууллага, албан тушаалтны нийтлэг үүрэг юм.

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 22.4.2-ыг зөрчсөн. Нийслэлийн Засаг дарга А\505 дугаар захирамж гаргахдаа хэм хэмжээний тогтоосон шийдвэр гаргах журмыг баримтлах ёстой. Дээрх захирамж нь өрсөлдөөнд нөлөөлөхүйц зохицуулалтыг агуулж байгаа, мөн хүний эрх, эрх чөлөөг хөндөж байгаа \нөлөөллийн үнэлгээ, түдгэлзүүлэх шийдвэрийг хүчингүйд тооцсон анхан болон давж заалдах шатны шийдвэр\ байгаа тул Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 2.3.1 ба 2.3.4 болон Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 4.3-д заасны дагуу хэлэлцүүлэг заавал зохион байгуулж үр дүнг заавал хавсаргана.

Хэлэлцүүлэг зохион байгуулж холбогдох этгээдүүдийн саналыг аваагүй бол Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмыг Хууль зүйн яам хүлээж авахаас татгалзаж буцаах үүрэгтэй.

Гэтэл А\505 дугаар захирамжийг батлахдаа эрх ашиг нь хамгийн ихээр хөндөгдөж буй түрээслэгч болон хэрэглэгч нарын санал бодлыг сонсоогүй ямар ч хэлэцүүлэг, судалгаа хийгээгүй нь дээрх журмыг илэрхий зөрчсөн байна. Нэхэмжлэгч шүүх хуралд энэ үндэслэлийг тодорхой тайлбарласан боловч шүүхийн шийдвэрт энэ талаар юу ч дурьдсангүй.

Хэрэв Нийслэлийн Засаг дарга А\505 захирамж батлахдаа зохих журмаар нь "Шонхор" хүнсний захын түрээслэгч нарын санал бодлыг сонсож, газар дээр нь очиж судалсан бол үнэхээр түрээслэгч нарын амрах эрх зөрчигдөж байгаа эсэх, замын ачаалал хэвийн хэмжээнээс хэтэрч, замын хөдөлгөөний зөрчил их гарсан эсэхийг тодорхой мэдэх боломжтой байсан бөгөөд амьдралаас тасарсан шийдвэр гаргахгүй байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Цагийн хуваарь батлах тухай А/505 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын г, ж, 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг тус тус үндэслэн Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар байгуулага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор худалдааны төв, зах зэрэг үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарийг баталжээ. Тус баталсан цагийн хуваарьт нэхэмжлэгч Хүчин шонхор ХХК-ийн Шонхор захыг Пүрэв гарагт амраахаар тогтооосон байна.

Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д заасан хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах ажлын хүрээнд 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын г-д иргэдийг хүлээж авах ажлыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, ж-д худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг баталж, мөрдүүлэх-ээр, Нийслэлийн удирдлага нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  З-д Эрчим хүчний болон нийтийн тээврийн ачааллыг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний ажил эхлэх, дуусах цагийг тогтооно гэж тус тус заажээ.

Хариуцагчаас маргаан бүхий дээрх захирамжийг гаргахдаа зохих судалгаа, нөлөөллийн шинжилгээ хийж, иргэдийн хүсэлтийг үндэслэн хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн болох нь нэхэмжлэгчийн Шонхор захын зэргэлдээ байрлах Анко ХХК-ийн Нарантуул-2 захын түрээслэгчдээс 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн хүсэлт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 7/598 дугаар албан бичиг, Нийслэлийн Цагдаагийн газрын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 9г-4/850 дугаар албан бичгээр ирүүлсэн санал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 99 дүгээр тушаалын дагуу нөлөөллийн шинжилгээг хийсэн тухай баримт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал, Анко ХХК-ийн Нарантуул-2 захын түрээслэгч нараас ирүүлсэн хүсэлтэд дурдсанаар өмнө нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/197 дугаар захирамжаар Нарантуул-2 захыг Пүрэв гарагт амраах шийдвэр гаргаж, харин зэргэлдээ орших Хүчит шонхор захыг амраах шийдвэр гаргаагүйн улмаас уг шийдвэр хэрэгжээгүй байх ба энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д заасан аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн өрсөлдөөнийг хязгаарласан, Хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзээд хууль, тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авахыг Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад албан бичиг хүргүүлжээ.

Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д Засаг дарга эрх, хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасны дагуу өмнө нь хууль зөрчиж гаргасан шийдвэрээ зөвтгөж, ижил үйлчилгээ явуулж буй 2 захын аль нэгд давуу байдал олголгүйгээр, тэгш хандах зорилгоор ажиллах цагийн хуваарийг тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн  12 дугаар зүйлд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж нь өмчийн хэлбэрээс үл хамааран хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн нийслэлийн удирдлагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг ажиллагсаддаа мэдээлж, биелэлтийг хангах үүргийг нийслэлийн өмнө хүлээхээр заажээ.

Нэхэмжлэгч Хүчит шонхор ХХК-ийн Шонхор хүнсний зах нь Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаагийнхаа хувьд хууль, тогтоомжид нийцүүлэн гаргасан цагийн хуваарийг мөрдөн ажиллах үүрэгтэй.

Харин Шонхор зах болон түрээслэгч нарын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой асуудал нь энэ маргаанд хамааралгүй, түрээслэгч болон түрээслүүлэгчийн харилцан тохиролцож шийдвэрлэх асуудал юм.

Иймээс нэхэмжлэгчийн Түрээслэгч нартай байгуулсан түрээсийн гэрээний дагуу нэг ажлын байранд 2-3 хүн ажиллаж, амралтаа зохицуулж байхад, маргаан бүхий захирамж нь түрээслэгч нарын амрах эрхийг хамгаалах бус, харин ч эрхийг нь зөрчиж байна гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын ж-д заасан цагийн хуваарийг тогтоох эрх хэмжээнийхээ хүрээнд замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэхээр цагийн хуваарийг тогтоосон байна.

Маргаан бүхий захирамж нь нийтийн тээврийн ачааллыг зохицуулах зорилготой гарсан, Шонхор захын орчимд автомашины түгжрэл, саатал байдаггүй гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байгаа боловч тухайн орчинд авто машины түгжрэл үүсдэггүй, авто замын хөдөлгөөнд саад учруулдаггүй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэлийг багасгах гэсэн зорилгодоо нийцээгүй гэх гомдол үндэслэлгүй.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/505 дугаар захирамж нь цагийн хуваарь баталсан нийтээр дагаж мөрдөх, дахин давтагдах шинжтэй, хэм хэмжээ тогтоосон акт байх бөгөөд Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 1.9-д Шийдвэрийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ гэж заасны дагуу уг захирамжийг захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн нэгдсэн бүртгэлийн 3494-д бүртгэсэн болох нь Хууль зүйн яамны 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/4220 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Дээрх журмын 2.4.2-д Шийдвэрийг хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлж байгаа этгээд нь энэхүү журмын 2.4.1-д заасан материалын бүрдлийг хангаагүй тохиолдолд хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүлээн авахаас татгалзаж, бүрдлийг хангуулахаар албан бичгээр буцаана, 2.4.1-д Эрх бүхий этгээд шийдвэрээ хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхдээ дор дурдсан бүрдлийг хангасан байна.

а/ эрх бүхий этгээд дангаар баталсан бол шийдвэрийн гурван хувь (албан ёсны эх хувь, түүний баталгаажуулсан хуулбарын хоёр хувь), цахим хувилбар, нөлөөллийн шинжилгээний танилцуулга, хэлэлцүүлгийн мэдээлэл гэж тус тус заасан байх бөгөөд Хууль зүйн яамнаас Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/505 дугаар захирамжийг бүртгэхээс татгалзаагүй, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн нэгдсэн бүртгэлд бүртгэсэн байх тул нэхэмжлэгчийн Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 2.5.2, 2.4.2-д заасныг зөрчсөн гэх гомдол мөн үндэслэлгүй юм.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэххэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 585дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН