| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/03177/И |
| Дугаар | 3147 |
| Огноо | 2017-10-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 3147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “....” Их Сургуулийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Бд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,073,856 төгрөг, зээлийн хүү 1,591,668 төгрөг, алданги 1,536,928 төгрөг нийт 6,202,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “....” Их сургууль нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“....” Их сургууль нь С.Бтой 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг 1,8 хувийн хүүтэй нэг сарын хугацаатайгаар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 1,536,928 төгрөгний алданги, 3,073,856 төгрөгийн зээлийн үндсэн төлбөр, түүний хүү болох 1,591,668 төгрөгийн хамт нийт 6,202,451 төгрөгийг хариуцагч С.Боос гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Б би тус сургуульд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 42 тоот тушаалаар анх англи хэлний багшийн орон тоон дээр сард 600,000 төгрөгийн үндсэн цалин авахаар, дараа нь буюу 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 53 тоот тушаалаар сургалтын албаны даргын орон тоон дээр cap бүр 750,000 төгрөгийн үндсэн цалинг авахаар ажил олгогчтой тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 5/19 тоот тушаалаар эрдмийн ажлаа эрхлэхээр жилийн чөлөө авч ажлаасаа чөлөөлөгдөж байсан. С.Б би сургуулийн захиргаанаас 4 сая төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 1,4%-ийн хүүтэй цалингийн зээл авсан бөгөөд зээл авсан талаар маргахгүй. Харин 2014 оны 4 дүгээр сард авсан зээлийг үндсэн цалингаасаа зохих журмын дагуу cap бүрийн хөдөлмөрийн хөлснөөсөө шууд тооцуулан суутгуулж байсан, надаас шүүхийн журмаар нэхэмжилж байгаа 6,202,451 төгрөг нь арай их, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Зээл авсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн учраас би ажиллаж байх хугацаандаа үндсэн зээлээс яг хэдэн төгрөгийг, зээлийн хүүнд хэдэн төгрөгийг, хугацаа хэтрүүлсэн алдангид хэдэн төгрөгийг төлж байсныгаа санахгүй нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтаар төгрөгийн үлдэгдэлтэй зээлийн хүүнд төгрөг нийт төгрөг үлдсэн гэж бодож байна. Зээлийн гэрээгээр алданги тохиролцоогүй тул алданги нэхэмжлэх үндэслэлгүй, мөн 1 сарын хүү төлөх үндэслэлтэй. Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “....” Их сургууль нь хариуцагч С.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,073,856 төгрөг, зээлийн хүү 1,591,668 төгрөг, алданги 1,536,928 төгрөг нийт 6,202,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч зээл авсан хугацаанаас хойш сар бүр цалингаасаа суутгуулж төлсөн, хүү, алданги төлөх үндэслэлгүй түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.
Зохигчийн хооронд 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр цалингийн зээлийн гэрээг бичгээр байгуулан 4,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар, 1.4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгээр байгуулсан зээлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. /х.х-ийн 4-5 дугаар тал/
Тус гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсч, талуудын хооронд үүрэг үүссэн байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 6,202,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь энэхүү хуулийн зохицуулалтад хамаарна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т “ажил олгогч нь гэрээний төлбөрийн төлөлтийг хянах бөгөөд зээлийн өрийн хуримтлал үүсгэхгүйн тулд хөдөлмөрийн хөлснөөс шууд тооцох эрхтэй байна” гэж тохиролцсон байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгчийн сар бүрийн цалин хөлснөөс буюу 2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацаанд 1,607,968 төгрөгийг суутгасан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 44-46 дугаар тал/
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох учиртай бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дууссан боловч зээлдэгч С.Б нь тохирсон хугацаанд зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул зээлдүүлэгч “....” Их сургууль нь олгосон зээлээ буцаан шаардах эрхтэй байна.
Хариуцагч зээлийн гэрээний дагуу 1,607,968 төгрөгийг төлсөн талаарх нэхэмжлэгчээс гаргасан баримтыг хариуцагч үгүйсгэж нотолосон баримтыг гаргаж мэтгэлцээгүй, няцаагаагүй тул түүний гүйцэтгээгүй үүрэг нь 2,392,032 төгрөг байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний нэг дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг нэг сарын хугацаатайгаар, 1.4 хувийн хүүтэй байна гэж тохиролцсноор зээлдүүлэгч нь зээлдэгчээс гэрээгээр тохиролцсон нэг сарын хүү 56,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Харин зээлийн гэрээний хугацаа 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дууссан боловч гэрээний хугацааг бичгээр сунгаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан зохицуулалтаар нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хүү шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч нь гэрээний 2.2-т “энэхүү гэрээ нь тухайн ажилтаны талаас шалтгаалан хүчингүй болсон тохиолдолд авсан өдрөөс эхлэн хүү ноогдуулан барагдуулах бөгөөд тухайн үеийн банкны цалингийн зээлийн үйлчилгээний хүүгийн ханшаар нөхөн хүү бодон нийт дүнг тогтоосон дүнгээр эргэн төлүүлнэ” гэж тохиролцсноор Худалдаа хөгжлийн банкны цалингийн зээлийн хүү буюу 1.8 хувийн хүүгээр тооцон хариуцагчаас хүү нэхэмжилсэн.
Дээрх тохиролцоо буюу ажилтаны талаас шалтгаалан хүчингүй болсон гэх энэхүү хэлцлийн агуулгыг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар тодорхойлох боломжгүй байх тул уг хэлцлийг хийгдээгүйд тооцох үндэслэлтэй байна.
Түүнчлэн талууд зээлийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу алдангийн талаар тохиролцоогүй Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 1,536,928 төгрөгийг шаардах эрхгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч С.Бадамхорлоос үндсэн зээлд 2,392,032, зээлийн хүү 56,000 төгрөг нийт 2,448,032 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “....” Их сургуульд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,754,419 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Бадамхорлоос 2,448,032 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “....” Их сургуульд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,754,419 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “....” их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бадамхорлоос улсын тэмдэгтийн хураамжид 54,118 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “....” их сургуульд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ