Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/317

 

 

 

 

 

2021          05          14                                  2021/ШЦТ/317

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Боржигон овогт Дамдингийн От холбогдох эрүүгийн 2109 00259 0396 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

           2. Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Д.О нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын задгай тоотод хамтран амьдрагч Д.Оыг “Архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар сандлаар цохиж биед нь цээжний зүүн талын 7, 8, 9-р хавирганы далд хугарал, бугалгад цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянавал,

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.О нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын задгай тоотод хамтран амьдрагч Д.Оыг “Архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар сандлаар цохиж биед нь цээжний зүүн талын 7, 8, 9-р хавирганы далд хугарал, бугалгад цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Оын өгсөн  “...2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын задгай тоотод байх гэрээс нөхрийн хамт гараад Бэлхийн захаас хүнсний зүйл аваад гэртээ ирсэн. Ингээд гэртээ ирэхэд нэг шил архи авсангүй, бас согтуу зургийг нь дарж гэр бүлийн группэд хийсэн гэх 2 шалтгаанаар уурлаж, төмөр сандал авч толгой дээрээ 2 гараараа барьж байгаад над руу шидсэн бөгөөд би бултаж чадалгүй оногдсон. Тэгээд 103 дуудаад үзүүлж байхад “...Наадхаа аваад яваа намайг унтуулахгүй...” зэргээр хэлж байсан. Би шүүх хуралд оролцмооргүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Оын яллагдагчаар өгсөн “...Өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/-р тал,

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №2149 дугаартай “...Д.Оын биед цээжний зүүн талын 7, 8, 9-р хавирганы далд хугарал, бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/-р тал,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-44/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Л.О нь хэрэг хянан шийдвэрлэх аль ч үед өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч Д.Оыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Оын зүгээс өөрийн гэм буруутай үйлдлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан /хх-ийн 47/-р тал, байх бөгөөд хохирогч Д.Оын зүгээс мөн адил Д.От холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг /хх-ийн 48/-р тал, тус тус гаргасныг улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч болон хохирогчийн хүсэлт хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд, шүүгдэгч Д.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмыг тусгаж өгчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна...” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас харвал хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаагүй тохиолдолд тэдгээрийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагагүй бөгөөд хохирогч Д.Оын зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болохыг дурдвал зохино.

Мөн хохирогч Д.О нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт болон эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “...Шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хуулийн ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зармыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүх шүүгдэгч Д.От Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзэв.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Д.О нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Дийн Оыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Д.О нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж, сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР