Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 301

 

                              Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай

Багахангай,   Налайх   дүүргийн  Иргэний   хэргийн  анхан  шатны  шүүхийн  шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 3 дугаар хороо, замчин 16 дугаар гудамжны 113 тоотод оршин суух Цөхүр овогт Ханхайн Бямбаа /РД:ИЕ85012765/-гийн

Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 52 дугаар байрны 08 тоотод оршин суух Хошууд овогт Баатарын Үүрийнтуяа /РД:УЕ84111101/-д холбогдох

Эд хөрөнгөд учирсан хохирол 796.173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Үүрийнтуяа 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Б.Үүрийнтуяа 1.350.000 төгрөгийг хүүгийгээр 17 хоногийн хугацаатай зээлдүүлж бичгээр гэрээ байгуулсан. ...гэрээний хугацаа дууссанаас хойш 313 хоног болж байна. Иймд Б.Үүрийнтуяагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 800.000 төгрөг, алданги 675.000 төгрөг, нийт 1.475.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл шүүхэд гаргасан хүсэлтэдээ: Хариуцагч Б.Үүрийнтуяатай тохиролцон нэхэмжлэлийн шаардлагыг 800.000 төгрөг болгон багасгаж түүний хэсэгчлэн төлөх хугацааг зөвшөөрч эвлэрч байна гэжээ.

Хариуцагч Б.Үүрийнтуяа хариу тайлбартаа:  800.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны дотор 200.000 төгрөг, 2017 оны 11 дугаар сарын 26-ны  дотор 300.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны дотор 300.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэлтэй тохиролцон эвлэрсэн гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Бямбаа хариуцагч Б.Үүрийнтуяагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.475.000 төгрөг гаргуулахыг шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 800.000 төгрөг гаргуулахыг хүссэн.

Хариуцагч Б.Уүрийнтуяа зээл авсан үйл баримтад маргаагүй, тэрээр 800.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл зөвшөөрч зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан.

Эвлэрлийн гэрээнд: Тус гэрээг нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл, нөгөө талаас хариуцагч Б.Үүргийнтухай нар дараах нөхцөлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулав.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 675.000 төгрөгийг хасч үлдсэн 800.000 төгрөгийн төлбөрийг хариуцагч төлөх

2.800.000 төгрөгийг хариуцагч 3 хувааж төлөх буюу 2017 оны 10 сарын 26-ны дотор 200.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 26-ны дотор 300.000 төгрөг, 2017 оны 12 сарын 25-ны дото  300.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов.

3. Сүүлийн мөнгө төлөх хугацаа болон тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд албадан гаргуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж зохигчдын эвлэрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан  улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2.,75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Цөхүр овогт Ханхайн Бямбаа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн гэрээний үүргийн биелэлт 800.000 төгрөг гаргуулах шаардлагыг  хариуцагч Хошууд овогт Баатарын Үүрийнтуяа /РД:УЕ84111101/ зөвшөөрч 800.000  /найман зуун мянга/ төгрөгийг 2017 оны 10 сарын 26-ны дотор 200.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 26-ны дотор 300.000 төгрөг, 2017 оны 12 сарын 25-ны дотор  300.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр хугацаа заасан зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Х.Бямбаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.550 /гучин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож,  улсын төсвийн данснаас 19.275 /арван есөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Б.Үүрийнтуяагаас 19.275 /арван есөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Бямбаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч Б.Үүрийнтуяа шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар  энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

 

                                                ШҮҮГЧ                                  Л.ЭНХБИЛЭГ