| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0196/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/194 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Нямхорол хөтлөн,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэгдгээ овогт Түмэнжаргалын Т.Бд холбогдох 00 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Ховд хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй “Эрдэнэс таван толгой”-д Аюулгүй ажиллгааны мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 00000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
овогт Т.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө ХанУул дүүргийн 4 дүгээр хороо “00 тоотод оршин суух гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ц.Шг хардалтын улмаас зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Т.Б-аас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд: Хохирогч Ц.Шгийн: “...намайг шууд үсдээд нуруу руу миний өмсдөг өсгийтэй гутлаар цохисон. Тэгээд намайг заамдаад толгой руу гараараа цохиод байсан. Тэгээд манай охин уйлтал больсон. Тэгээд 2 цагийн үед гайгүй болоод унтахаар нь би ахыгаа дуудаад гэр рүү явсан. Энэ хооронд намайг үсдээд цохиж байхдаа газар хэд хэдэн удаа унагасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/, Гэрч М.Бат-Эрдэнийн: “...Манай эхнэрийн дүү Ц.Ш нь над руу залгаад намайг Т.Б зодоод байна, агаа та ирээд аваач ээ гэхээр нь би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “00”-д байх гэрээс нь ирж авсан. Гэрт нь ирэхэд Т.Б унтаж байсан. Тэгээд сэрээлгүйгээр Ц.Ш бид хоёр хүүхэдтэй нь хамт манай гэр рүү явсан. Тэгээд яасан талаар асуухад согтуу ирээд маргалдлаа гээд нуруу, гар, цээжин хэсэгтээ хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн №4301 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг Шүүгдэгч Т.Б нь яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Хоёр найз утсаар дуудаад байхаар нь Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн хажууд байх “Их бүрд” гэх буудалд очиж уулзчихаад шөнө гэртээ согтуу ирээд эхнэртэйгээ муудалцсан. Би тухайн үед эхнэрээ хоногийн ажил хийдэг учраас хардаад хэрүүл хийж байгаад гутлаар нь нуруу руу нь цохиод, толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд: -Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/, -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, -Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 25 дугаар хуудас/, -Боловсролын талаарх мэдээлэл, /Бакалаврын дипломын хуулбар, сертификат, ажлын газрын тодорхойлолт/ /хх-ийн 29-36 дугаар хуудас/, -Захиргааны зөрчил авагдсан тухай бүртгэл /хх-ийн 27-28 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал: Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “00” хотхоны 00 тоотод оршин суух гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ц.Шг хардалтын улмаас зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Шгийн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/, гэрч М.Бмэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн №4301 дугаартай дүгнэлт 1. Ц.Шгийн биед тархи доргилт, зулайн хуйх, зүүн даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, хүзүү, баруун дал, зүүн тохой, сарвуу, баруун зүүн өвдөгт цус хуралт, 2 далны хооронд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Энэ хэргийн шүүгдэгч Т.Б нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 05 сарын 16-ний өдрийн 23 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв. Хан-Уул дүүргийн прокурорын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай тогтоолоор “...Т.Бын дээрх үйлдэл нь нэг удаагийн тохиолдлын шинжтэй үйлдэл байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх...” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдснийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн болно. Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал Хохирогч Ц.Ш нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтийг бичгээр гаргасан /хх-ийн 45 дугаар хуудас/ байх тул Т.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бибаримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д овогт Т.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Быг хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Бд мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ