Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/878

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч: Я.Т- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Я.Т-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005024041322 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Я.Т-,  ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Я.Т- нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сагсан бөмбөгийн талбай дээр А.Д-тэй маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт гараар цохиж биед дээд уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, түүшин сэртэнгийн хугарал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал, баруун дээд 1, 2-р шүдний сулрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.Т- шүүх хуралдаанд: “...Тухайн үед би хохирогчтой маргалдсан. Би Дөлгөөнийг нэг алгадсан. Д-намайг шат руу жийж унагаасан.  Тэгээд намайг унаад босох үед Д-намайг дахиад жийсэн. Би босоод Дөлгөөний нүүр рүү 2 удаа цохисон. Тухайн үед миний эрүү бага зэрэг бэртсэн байсан. Одоо зүгээр болсон” гэв.

Хохирогч А.Д-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрийн ойролцоо байдаг сагсны шийдэн дээр оройны 20 цагийн үед сагс тоглож байсан юм. Тэгтэл эсрэг багт тоглож байсан Төрөө гэх залуу дүрэм зөрчихөөр нь би тэр Төрөөд хандаж чи явалт хийчихлээ гэхэд миний өөдөөс салаавч гаргасан. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгтэл Төрөө шууд миний шүд рүү цохисон. Тэгэнгүүт нь би Төрөөг зөрүүлээд 2 удаа өшиглөсөн. Тэгтэл Төрөө зөрүүлээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон. ...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэрч Б.Т-йн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр дүү Дөлгөөнтэй хамт сагс тоглохоор сагсны шийдэн дээр очсон. Бид хоёрыг шийдэн дээр очиход шийдний хажууд нэг залуу пиво уугаад байж байсан. Тэгээд тоглож байтал нөгөө пиво ууж байсан залуу тоглосон. Тэгээд сагс тоглож байгаад манай дүү Д-чи явалт хийчихлээ гээд хэлсэн чинь манай дүү рүү дайраад чи тэгдэггүй юм гэж хэлээд нүүр рүү нь 2 удаа цохисон. Би хараад сууж байсан учир голоор нь орж салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Шинжээчийн 8845 тоот дүгнэлтэд: “...А.Д-ий биед дээд уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, түүшин сэртэнгийн хугарал, зүүн дээд 1, 2-р шүдний булгарал, баруун дээд 1, 2-р шүдний сулрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх түүшин сэртэнгийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх дээд уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1, 2-р шүдний булгарал, баруун дээд 1, 2-р шүдний сулрал гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тус эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө” гэсэн дүгнэлт /хх-н 26-28/,

Яллагдагчаар Я.Т- мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутагт байдаг Монгол ардын намын байрны хажуу талын шийдэн дээр сагс тоглож байгаад хамт тоглож байсан Д-гэж хүүхэдтэй маргалдаад нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 36/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирлын баримтууд /хх-н 9-10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-48/ зэрэг болно.  

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Я.Т- нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн орчим Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сагсан бөмбөгийн талбай дээр А.Д-тэй маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт гараар цохиж биед дээд уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал, түүшин сэртэнгийн хугарал, зүүн дээд 1, 2 шүдний булгарал, баруун дээд, 1, 2-р шүдний сулрал баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Д-ий: “...Төрөөд хандаж чи явалт хийчихлээ гэхэд миний өөдөөс салаавч гаргасан. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгтэл Төрөө шууд миний шүд рүү цохисон. Тэгэнгүүт нь би Төрөөг зөрүүлээд 2 удаа өшиглөсөн. Тэгтэл Төрөө зөрүүлээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, гэрч Б.Т-йн: “...Д-чи явалт хийчихлээ гээд хэлсэн чинь манай дүү рүү дайраад чи тэгдэггүй юм гэж хэлээд нүүр рүү нь 2 удаа цохисон. Би хараад сууж байсан учир голоор нь орж салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, шинжээчийн 8845 тоот дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Я.Т- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Я.Т- нь хохирогчтой маргалдаж улмаар түүний нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Д-ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн эмчилгээ хийлгэсэн 305.000 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчийн данс руу шилжүүлсэн, хохирогч гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 10.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тухайн хохирлын талаарх нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Я.Т- үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Я.Т- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я.Т-“хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Т-800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч А.Д- нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР