| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2022/0083/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/97 |
| Огноо | 2022-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Д.Аянагүл,
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 75 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******д холбогдох эрүүгийн 2207000000054 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 47 настай, яс үндэс Халх, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, группэд байдаг, ам бүл 1, ******* тоотод оршин суух хаягтай,
урьд Налайх дүүргийн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эдэлж дууссан,
*******ын ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.******* нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Налайх дүүргийн ******* тоотод хохирогч Н.*******тэй “төслийн зуух хямд зарсан” гэх асуудлаар маргалдан улмаар төмөр сандлыг түүн рүү шидсэний улмаас хохирогч Н.******* духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хөдөөнөөс туувар тууж яваад морио алдаад Налайхад ирсэн. Ирээд *******д хоносон. Би Н.*******д “...гэрээ барина, зуухаа авмаар байна” гэхэд өөдөөс “...зуухны мөнгө бүгдийг нь өг” гэхээр нь уурандаа төмөр сандлын суурь авч шидсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-04/, хохирогч Н.******* мэдүүлэг /хх 10/, шинжээчийн дүгнэлт /хх 14-15/, яаралтай тусламжийн хуудас /хх 29-30/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогчийн нэхэмжилсэн 50,000 төгрөгийг шүүгдэгч Н.******* төлсөн. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс “...нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэдэг учраас бусдад төлбөргүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд өөрийгөө “...группэд байдаг. Өвөл мал малладаг, зун тоосгоны үйлдвэрт ажилладаг” гэж байгаа ч хэрэгт ажил хөдөлмөр эрхэлдэгтэй холбоотой ямар ч баримт байхгүй, группийн мөнгөнөөс өөр орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй байна. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад хориглосон заалтад хамаарахгүй. Иймд шүүгдэгчид 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандлын хөлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулах саналтай байна. Шүүгдэгч Н.******* цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Н.*******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.******* нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Налайх дүүргийн ******* тоотод хохирогч Н.*******тэй “төслийн зуух хямд зарсан” гэх шалтгаанаар маргалдан эрэгдэг сандлын төмөр хөл шидэж эрүүл мэндэд нь духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н.*******ы өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед байх одоо сайн санахгүй байна...Тэгээд би *******эс урьд нь зарсан байсан төслийн зуухаа буцааж авмаар байна би одоо гэр орноо барьж амьдрах гэсэн юм гэхэд ******* мөнгөө өгөөд аваа гэхээр нь би 30.000 төгрөг өгье гэхэд ******* надаас анх зуух зарсан мөнгө болох 50.000 төгрөгөө өгөөд ав гэхээр нь би чамд урьд нь 30.000 төгрөг өгсөн шүү дээ тэрийгээ хас гэхэд ******* хасахгүй гээд хоорондоо маргалдсан. Тэгээд л би уур нь даа сандал аваад шидсэн чинь Бат-Эрдэнийг оносон. Тэгээд л би гараад шууд хөдөө айлын мал малладаг болохоор мал руугаа явсан...******* бол нэлээн согтуу байсан. Тэгээд ******* гэрт орж ирэхэд ******* архи уугаад сууж байсан ба тэрнээс бид хоёр хувааж уугаад сууж байхдаа маргалдсан юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 25 дугаар тал/
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.******* өгсөн: “...2021 оны 09 дүгээр сард би танил *******аас төслийн зуух 50.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгтэл 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ******* тоот хаягтай гэртээ ганцаараа байж байтал 21 цагийн үед ******* гаднаас орж ирээд би чамд төслийн зуухаа хямдхан зарсан. Би зуухаа буцааж авмаар байна гэхээр нь би мөнгөө өгөөд буцаагаад ав гэхэд 30.000 төгрөг өгье гэхээр нь би өгөхгүй чи 50.000 төгрөгөөр надад худалдаа биз дээ тэр 50.000 төгрөгөө өгөөд буцаагаад ав гэсэн чинь уурлаад ******* хажуудаа байсан эргэдэг сандлыг аваад над руу шидээд миний дух хэсэгт яг сандлын хөл хэсгийн төмөр нь миний духан дээр оносон. Тэгээд ******* шууд гараад явсан. Би өдөр 13 цагийн үед нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи Батбаяр ахтай хувааж уусан байсан. ******* халамцуухан орж ирсэн. Хэр зэрэг согтолттой байсныг мэдэхгүй байна...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 10 дугаар тал/
3. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/138 дугаар: “ Н.******* биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 15 дугаар тал/
4. Яаралтай тусламжийн хуудас,
/хх-ийн 19-30 дугаар тал/
5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 03-04 дүгээр тал/
6. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,
/хх-ийн 09 дүгээр тал/
7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 43 дугаар тал/
8. Шүүгдэгч Н.*******ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 31-48 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Н.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Н.******* эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь хохирогч Н.******* рүү эрэгдэг сандлын төмөр хөл шидэж дух хэсэгт нь оносон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчийн шидсэн эрэгдэг сандлын төмөр хөлд цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/138 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч Н.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.*******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.******* бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...50.000 төгрөг авсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрэгдэг сандлын төмөр хөл 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан эрэгдэг сандлын төмөр хөлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ