Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 100

 

                                                  Монгол Улсын нэрийн өмнөөс

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Б.Ичинхорол

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун

Шинжээч эмч Э.Энхжин

Шүүгдэгч Ц.Цолмонбаяр нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт Цэцэгийн Цолмонбаярт холбогдох эрүүгийн 201611000327 дугаартай хэргийг 2016 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Харгана овогт Цэцэгийн Цолмонбаяр, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1986 оны 09 сарын 24-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЛ86092432/, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Хан-Уулын 1 дүгээр гудамжны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч Ц.Цолмонбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Модон гүүрний зүүн талд Хэрлэн голын эрэг дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Т.Баатархүүгийн зүүн гарыг хугалж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Цолмонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 сарын 27-ны өдөр намайг гадуур явж байхад Дамбацэрэн гэдэг найз маань над руу залгаад “голд усанд орж байна, хүрээд ир” гэж ярихад нь би дэлгүүрээс 0,75-ын “Түмний хишиг” нэртэй архи авч тэдэн дээр очсон. Би өмнө нь жоохон уусан байсан болохоор авч ирсэн архиа хувааж уугаад согтсон. Тухайн үед яг юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа юм. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Хохирогч Т.Баатархүү мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...Би хоёр хөлгүй, хөдөлмөрийн чадварыг 90%-иар алдсан, тэргэнцэр дээр сууж явдаг юм.

2016 оны 06 сарын 27-ны өдөр...модон гүүрний баруун талд гол дээр салхинд гарах гээд найз нартайгаа очсон юм. Тухайн үед манай найз Дамбацэрэн өөрийн найз болох  Цолмонбаярыг утсаар дуудсан. Тэгээд удалгүй оройн 19 цагийн үед Цолмонбаяр нь бидэн дээр Түмний хишиг 0,5 литрийн нэг шил архитай, нэлээд согтуу ирсэн. Тэр архинаас нь Дамбацэрэн бид хоёр тус бүр хоёр хундага уусан. Бусдыг нь Цолмонбаяр, Очирбарс хоёр хувааж уусан. Тэгээд байж байтал Цолмонбаяр нь намайг зүв зүгээр газар сууж байхад арагш нь түлхэж унагаан, шоолж инээгээд, миний баруун гар руу цохиод байсан. Тухайн үед би тоглож байна гэж бодож байсан боловч тэрээр сүүлдээ бас баруун гар руу цохиод байсан.  Би түүнд “баруун, зүүн гар төмөртэй, хамаагүй цохивол төмөр нь гараад ирнэ шүү” гэж хэлсэн. Гэтэл тоосон шинжгүй цохиод, намайг арагш нь түлхэж унагаад байсан. Би “яагаад байгаа юм бэ” гэж уурлахад миний зүүн гарыг барьж аван мушгаад намайг дараад авсан. Энэ үед миний гар хүчтэй өвдөж, түргэн дуудсан. Түргэн хэдэн дуудлагын дараа очно гэхэд нь гар өвдөөд байсан болохоор Барсааг дагуулан эмнэлэг орж гараа үзүүлэхэд зүүн гар хугарсан байсан.

Би эрүүл байсан, Цолмонбаярыг сайн танихгүй, түүнтэй өмнө нь маргаж муудалцаж байсан зүйл байхгүй. Яг юунаас болж миний гарыг хугалсан болохыг ойлгохгүй байна. Тэр намайг зүгээр байхад л ирж түлхэж унагаан гар руу минь цохиод байсан...Би хот руу явж гараа эмчлүүлнэ, зардлын мөнгөө л нэхэмжилж байна.../хх 16-19/...нийт 2500000 төгрөг нэхэмжилж байна.../хх 63/ гэж,

Шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Цолмонбаяраас эмчилгээний зардал болох 1500000 төгрөг, мөн би мод модон эдлэлийн төсөл бичиж Хөдөлмөрийн хэлтсээс 1000000 төгрөг авсан байсан. Гэвч Цолмонбаяр нь миний биед гэмтэл учруулснаар би ажил хийх боломжгүй байгаагийн улмаас ашиг орлого зогсонги байдалд орсон...Надад гомдол  тэмцэл  байхгүй...Цолмонбаяр  надад  хохирлын  мөнгө  төгрөг  өгөөгүй...Нийт 2500000 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ. /задгай/

Шинжээч эмч Э.Энхжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шүүх эмнэлгийн шинжээчийн үүргийн дагуу Т.Баатархүүгийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Т.Баатархүү нь 2016 оны 06 сарын 17-ны өдөр Цолмонбаяр гэгчид зодуулсан, зүүн гараар өвддөг гэх зовиуртай ирсэн. Т.Баатархүүгийн биед зүүн атгаал ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдсон. Энэ хүн урьд нь осолд орж гэмтсэн боловч түүнд хамааралгүйгээр зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл шинээр үүссэн байсан тул хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл гэж дүгнэсэн юм гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 18-ны өдрийн 545 тоот дүгнэлтэд: “1.Т.Баатархүүгийн биед зүүн атгаал ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 29/

Гэрч Г.Дамбацэрэн /хх 20-21/, С.Отгонтуяа /хх 22-23/, Ж.Цэцэг /хх 24-25/, Ц.Цогзолмаа /хх 26-27/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Ц.Цолмонбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 41-46/, Гэмтлийг харуулсан рентген зураг /хх 33-34/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 30/, Хохирогч Т.Баатархүүгийн хөдөлмөрийн чадвар алдалт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх /хх 58, 60-61/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх 13-14/, Эд зүйлийн үнэлгээ /хх 15/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 56/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Цолмонбаяр нь согтуурсан үедээ 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Модон гүүрний зүүн талд Хэрлэн голын эрэг дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж ямар ч шалтаг шалтгаангүйгээр хохирогч Т.Баатархүүгийн зүүн гарыг хугалж “зүүн атгаал ясны далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цолмонбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд заасан хохирогч Т.Баатархүүгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Цолмонбаяр намайг цохиод, арагш нь түлхэж унагаад байсан. Би яагаад байгаа юм бэ гэж уурлахад миний зүүн гарыг барьж аван мушгаад намайг дараад авсан. Энэ үед миний гар хүчтэй өвдөж, түргэн дуудсан...Барсааг дагуулан эмнэлэг орж гараа үзүүлэхэд зүүн гар хугарсан байсан...” гэх, гэрч Г.Дамбацэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Цолмонбаяр...Баатархүүгийн зүүн гарыг мушгаад унагааж байгаа харагдсан, мөн дээрээс нь цохих гэж байхад нь би очиж салгаад Баатархүүг босгоход зовиурлаад миний зүүн гар эвгүй болчихлоо гэхээр нь Очирбарсыг дуудаж эмнэлэгт үзүүл гээд явуулсан...” гэх мэдүүлгүүд болон хохирогчийн биед үзлэг хийж, зүүн атгаал ясны далд хугарал бүхий  гэмтэл тогтоогдсон, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах шинжээрээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах, уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болох  талаар тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Э.Энхжин, гэрч С.Отгонтуяа мэдүүлгүүд, Гэмтлийг харуулсан рентген зураг, Анхны үзлэгийн тодорхойлолт зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,  шүүхийн хэлэлцүүлэгт хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд “...Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйл анги тохироогүй гэж үзэж байна.

Ц.Цолмонбаярын голын эрэг дээр бусдыг гэмтээсэн үйлдэл нь танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү...” гэж мэтгэлцжээ.

Шүүгдэгч Ц.Цолмонбаяр нь хохирогчийг хоёр хөлгүй гэдгийг харж мэдсэн, мөн гэрч, хохирогчийн зүгээс хоёр хөлгүй, хоёр гар хадуулсан талаар сануулсаар байхад хохирогчийг шоолж тохуурхах, түүнийг түлхэж унагах, баруун зүүн гар руу цохих, улмаар зүүн гарыг хугалсан болох нь хохирогч Т.Баатархүүгийн хохирогчоор өгсөн дээрх мэдүүлэг, түүнийг давхар нотолсон гэрч Г.Дамбацэрэнгийн “...Гарыг нь мушгихаас өмнө Цолмонбаяр нь Баатархүүг сууж байхад нь түлхэж унагаагаад согтуурхаж өдөөд байсан. Хэрэлдэж маргасан зүйлгүй...Хэсэг хугацааны дараа Баатархүүгийн гарыг мушгиж унагаасан...” /хх 20-21/ гэх, гэрч С.Отгонтуяагийн “...Баатархүү, Цолмонбаяр хоёр маргаж муудсан зүйл ажиглагдаагүй” /хх 22-23/ гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул Ц.Цолмонбаярыг тухайн орчиндоо бусдыг илтэд үл хүндэтгэн үзэхгүйгээр бусад этгээдийн сануулгыг эс хайхарч ямар ч шалтаг шалтгаангүйгээр хөгжлийн бэрхшээлтэй этгээдэд хүч хэрэглэж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэстэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх, шүүгдэгч Ц.Цолмонбаярт холбогдох хэрэгт Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн хохирогчийн биед учирсан “зүүн атгаал ясны далд хугарал” гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотой, уг гэмтлийг шүүгдэгч гарыг мушгиснаар учруулсан болох нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзнэ.

Мөн хохирогч Т.Баатархүүгийн биед учирсан гэмтлийн зэргийг эрүүл мэндийг сарниулах хугацааг харгалзан хүндэвтэр гэж тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 07 сарын 18-ны өдрийн 545 тоот дүгнэлт нь үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч Ц.Цолмонбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хохирогч Т.Баатархүү нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгчээс эмчилгээний зардал, зээлийн төлбөрт нийт 2500000 төгрөг нэхэмжилжээ.

Гэвч хохирогч нь хохиролтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй ба харин хохирогч нь дээр дурдсан буюу өөрт учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг түүнд мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогчид ирэх очих унааны зардлыг төлсөн гэх боловч хэрэгт нотлох баримт үгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэхэд хохирлын асуудал нөлөөлөхгүй тул Ц.Цолмонбаярт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох боловч түүний Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлсэн, хохирогчийн санал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй тул шүүгдэгч Ц.Цолмонбаярын эзэмшлээс таван ханатай гэр битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, хэрэгт баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Цолмонбаярын ЖЛ86092432 регистрийн дугаартай иргэний  үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хүргүүлвэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Харгана овогт Цэцэгийн Цолмонбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Цэцэгийн Цолмонбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 10 /арав/ хоног хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ц.Цолмонбаярт оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан Ц.Цолмонбаяр нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хохирогч Т.Баатархүү нь 2500000 төгрөгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэлээ иргэний журмаар гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Ялтан Ц.Цолмонбаярын эзэмшлээс таван ханатай эсгий гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Ц.Цолмонбаярын ЖЛ86092432 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ялтан Ц.Цолмонбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2016 оны 09 сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                  Ү.ОДГЭРЭЛ