Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2165

 

Ш.Ч нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/01836 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Ч-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.О-д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 4 706 000 төгрөг гаргуулж, Монгол үндэстний уугуул ноход номыг хэвлүүлэхэд өгсөн эх хувь, хэвлэлийн эх файлыг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Ч-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ш.Ч нь Монгол үндэстний уугуул ноход номыг 500 ширхэгийг хэвлүүлэхээр Г.О-той тохиролцсон. Урьд өдөр нь аман хэлцлээр тохиролцоод хэвлэх тоо хэмжээ, хэвлэлийнхээ эх хувь болон түүнийг флаш дискэнд буулгасан материалуудаа гаргаж өгөөд ажлын хөлсний урьдчилгаа болох 2.600.000 төгрөгийг Г.О-д хүлээлгэж өгсөн. Г.О 3 хоногийн дотор хэвлэж дуусгана гэж тохиролцсон боловч 6 хоногийн дараа асуухад бид хэвлээд эхэлчихсэн гэж хэлсэн. Уг нь хэвлэлийн эхийг компьютерт шивээд, шивсэн эхийнхээ нэг хуудас загварыг гаргаж ирээд энэ хэвийг яг ийм байдлаар хэвлэхээр боллоо. Өнгө, хэмжээ, цаасны материалууд таны захиалсантай таарч байна уу гэдгийг захиалагч талтай зөвшилцөж, захиалагч талаас зөвшөөрөв гэсэн гарын үсгийг авч байж хэвлэлийн ажиллагаа хийгддэг, гэтэл тийм ажиллагаа хийхгүйгээр 6 хоногийн дараа очиход нийт 2 өнгөөр хуудсуудаа задгайгаар хэвлэчихсэн байсан. Өнгөт хэвлэлээр гаргаж байгаа учраас өнгөт машин чинь эхлээд цэнхэр өнгийн дараа нь шар өнгийн гэх мэтээр өнгө, өнгөөр цувуулж хэвлэдэг учраас очиход хоёр өнгө нь явчихсан байсан. Тэгээд хэвлээд гаргаад ир гэж хэлээд хэмжихэд хэмжээндээ хүрэхгүй байсан. Ингээд манай стандарт хэмжээ В5 буюу 175х250 хэмжээтэйгээр үйлдвэрлэх байсныг танайх хэмжээ стандартын дагуу хэвлэсэнгүй, манай захиалсан хэмжээ буруу байгаа тул дахиж хэвлэх шаардлагыг тавьсан. Гэтэл үүний дараахан 04 сарын 27-ны өдөр мессежээр Г.О, Ш.Ч би танай ажлыг хэвлэхээ болилоо гэж мэдэгдсэнээр ажил гүйцэтгэгч тал өөрийн санаачлагчаар гэрээг цуцалсан. Энэ маргаанаас болж дахин өөр хэвлэлийн компанид уг номоо хэвлүүлсэн. Иймд Г.О урьдчилгаанд өгсөн мөнгө 2.600.000 төгрөг, алданги 2.107.000 төгрөг, нийт 4.607.000 төгрөгийг гаргуулж, Г.О хэвлэлийн эх болон хэвлэлийн эхийг флаш дискэн дээр буулгасан материалыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ш.Ч-тай 2016 оны 3 сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулаад 500 ширхэг хатуу хавтастай, 16х22 хэмжээтэй 100 хувийн өнгөт номыг хэвлэхээр гэрээ байгуулсан. Гэрээний 4.1-д зааснаар урьдчилгаанд 2.600.000 төгрөг авсан. Номын хоёр өнгийн хэвлэлт дуусч байх хүртэлх хугацаанд Ш.Ч нь эх бэлтгэл, хэвлэлтэд өгөх хүртэл өөрөө биечлэн орж ажлын явцтай тухай бүрт нь танилцаж явсан. Дээрх Ш.Ч-ын урьдчилгаанд өгсөн төлбөр болох 2.600.000 төгрөгөөр 80 грамм 3800 ширхэг матт цаасыг 999.400 төгрөгөөр худалдаж авсан. Мөн хэвлэлийн бар төмрийг 51х40 см хэмжээтэй 300 ширхэгийг 840 төгрөгөөр хийлгэсэн. 39 зүйл даралт нэг бүрийг нь 40.000 төгрөгөөр нийт 1.540.000 төгрөгөөр худалдан авсан. 500 хувь номын хоёр өнгийн хэвлэлтийн зардалд Ш.Ч-ын урьдчилгаа төлбөрт өгсөн 2.600.000 төгрөг нь хүрэхгүй байсан учраас Г.О нь өөрөөсөө 779.000 төгрөг гаргаж хийсэн. Хэвлэлийн ажил цаг хугацаандаа явж байтал Ш.Ч нь том хэмжээгээр хэвлэх ёстой байсан гэсэн маргаан гаргасан учраас хэвлэх ажлыг зогсоосон. Гүйцэтгэгч тал бол номын хэвлэлтийг цаг хугацаанд нь хийж байсан. Ш.Ч хэвлэлтийг өөрөө зогсоосон тул алданги тооцож нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. 16х22 хэмжээтэйгээр номыг хэвлэнэ гээд гэрээндээ заагаад хоёр тал гарын үсэг зурсан байдаг. 2016 оны 6 сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллага 550 ширхэг хэвлэмэл хуудсыг хурааж авсан байдаг. Энэ нь 500 ширхэг ном хэвлэх ажиллагааг хийж байсан гэдгийг нотолж байна. 2016 оны 6 сарын 21-ний өдөр хохирогчоор Ш.Ч мэдүүлэг өгөхдөө би гэрээг уншиж үзээд гарын үсэг зурсан гэж хэлж байгаа нь 16х22 хэмжээтэй ном хэвлүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэдгийг нотолж байна. Мөн 2016 оны 6 сарын 27-ны өдөр Г.О сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө номын эх загвар гэдгийг үзүүлж байгаагүй. Гэрээнд номоо 16х22 хэмжээтэйгээр тохирч гэрээнд гарын үсэг зурж хэвлэлтээ хийж байсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн гэрчээр н.Соёлбат нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ өмнө нь Ш.Ч 16х16 хэвлүүлж байсан. Энэ удаа 16х22 хэвлүүлчихвэл боломжийн юм байна гэж хэмжээгээ тохирч гэрээгээ хийсэн гэсэн мэдүүлгийг өгч байсан зэргээс харахад дээрх гэрээнд заасан 16х22 хэмжээтэй номын эх бэлтгэл хийгдэж, хамтран ажиллах гэрээнийхээ үүргийг биелүүлж байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Монгол үндэстний уугуул ноход номыг хэвлүүлэхэд өгсөн эх хувь, хэвлэлийг эх файлаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Г.О нь хүлээн зөвшөөрөхгүй, уг номын эх болон файл байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 353 дугаар зүйлийн 353.2, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.О-оос Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2.600.000 төгрөг болон Монгол үндэстний уугуул ноход номыг хэвлүүлэхэд өгсөн эх хувь, хэвлэлийн эхийг файлаар гаргуулан нэхэмжлэгч Ш.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.106.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.О-оос 126.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ч-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ш.Ч, Г.О нарын хамтрэн ажиллах гэрээний 1.1-д талууд гэрээнд заасан нөхцөл, болзлоор хэлэлцэн тохиролцож, харилцан зөвшөөрснөөр 500 ширхэг хатүу хавтастай 16x22, хэмжээтэй 100% өнгөт номыг хэвлэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч гэрээнд зааснаас өөр хэмжээ хэлж Г.О-ын ном хэвлэж байсан ажлыг зогсоосон.

Шүүх зохигчид гэрээнд заасан ажил гүйцэтгэх талаар гэрээний гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон байх явдал чухал бөгөөд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1- д зааснаар зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 16*22 хэмжээтэй байхаар тохиролцсон болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ИХШХШтухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар уг ном нь гэрээнд заагдсаны дагуу хэвлэгдэж бэлэн болсон байгаа тэр номны тоо, ширхэг хэмжээнд үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тал бүрийг нь өөлж хайчилсан номны хуудас цаасанд хэмжилт хийж хуудасны баруун дээд өргөний хэмжээ 15,5 см, зүүн доод өргөний хэмжээ 16 см, номны өндөр буюу босоо хэмжээс нь зүүн урд босоо хэмжээ болон баруун хойд босоо хэмжээ 21,5 см хэмжээтэй болох нь тогтоогддог гэж үзэж номны өндөрөөс 0,5 сантиметрээр дутуу хэмжээтэй хэвлэсэн болох нь биет байдлын доголдолтой гэж дүгнэсэн нь буруу. Шүүх номны хуудас цаас баруун дээд, зүүн доод өргөний хэмжээ өөр өөр хэмжээ гарч хуудас цаас нотлох баримтын шаардлага хангахгүй сэвтэй хайчлагдсан байгаад үнэлэлт дүгнэлт хийсэнгүй.

Харин хэвлэсэн номонд үзлэг хийж хэмжилт хийх нь бодит үнэн зов хэмжээс гарах юм. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/01836 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Ч нь хариуцагч Г.О холбогдуулан гэрээ цуцлагдсанаас гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг алдангийн хамт нийт 4 706 000 төгрөг гаргуулах, Монгол үндэстний уугуул ноход номыг хэвлүүлэхэд өгсөн эх хувь, хэвлэлийг эх файлыг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хэвлэлийн ажлыг гэрээнд заасан хэмжээний дагуу гүйцэтгэж байхад захиалагч өөрөө гэрээгээ цуцалсан гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдах болсон үндэслэл нь номыг  захиалагчийн захиалсан хэмжээнээс жижгээр үйлдвэрлэснээс болсон гэж маргасан тохиолдолд  шүүхээс ажил гүйцэтгэгч буюу хариуцагч Г.О-ын үйлдвэрлэсэн ном нь  гэрээнд заагдсан хэмжээнд байгаа эсэхийг тогтоох нь ач холбогдолтой байжээ.

 

Хариуцагчийн хэвлэсэн гэх 500 ширхэг хэвлэмэл хуудсууд нь цагдаагийн байгууллагад нотлох баримтаар хураагдсан, шүүхэд эх хувиар гаргаж өгөх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг хуудсанд үзлэг хийлгүүлэх хүсэлт нь үндэслэл бүхий байжээ. Хэдийгээр хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзах эрхтэй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлтээс түр татгалзана гэх зохицуулалт байхгүй, шүүх хэрэгт ач холбогдол бүхий дээрх хүсэлтийг тодруулалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй бөгөөд үндэслэл муутай болжээ. /хх-ийн 47-48/

 

Түүнчлэн хэргийн оролцогч өөрөө гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хангаж, баримтыг хэрэгт хавсаргасан хэдий ч цагдаагийн байгууллагаас ирсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн гэрч асуусан тэмдэглэл, эд зүйл хураасан тэмдэглэл зэрэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмын хүрээнд бүрдүүлсэн баримт биш тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүй. Мөн анхан шатны шүүх хэргийн 53 дугаар талд авагдсан хуулбар баримтыг үндэслэн гэрээ цуцлах саналыг Г.О гаргасан гэж дүгнэсэн нь бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Иймд нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэх хийлгэх зэрэг ач холбогдол бүхий хүсэлтүүдийг тодруулаагүй нь мөн хуулийн 38 дугаарзүйлийн 38.6 дах хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/01836 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.О-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

            ШҮҮГЧИД                                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                   Ш.ОЮУНХАНД