Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 02

 

Б, У, А, А нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2019/0002/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Нарийн бичгийн дарга: Г.Отгонзаяа

Прокурор: П.Даваасүрэн

Яллагдагч: А

Яллагдагчийн өмгөөлөгч Л.Батчулуун нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаагийн хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнгийн эсэргүүцлээр яллагдагч   Б, У, А, А нарт холбогдох эрүүгийн 2015250000246 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Улаанбаатар хотод 1966 онд төрсөн, эмэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, сүлжмэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 12 дугаар хорооны 7-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Д-н А.

Улаанбаатар хотод 1979 онд төрсөн, эмэгтэй, 40 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ариг” банкны 3 дугаар хороололд байрлах салбарт зөвлөлийн халамжлагчаар ажилладаг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 6 дугаар хороо 57 дугаар байрны 01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт А-н У

Улаанбаатар хотод 1964 онд төрсөн, эмэгтэй, 55 настай, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо 23-0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх О овогт Ц-н А.

Улаанбаатар хотод 1968 онд төрсөн, эмэгтэй, 51 настай, дээд боловсролтой, орчуулагч багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо Жанжины 20-336 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Б-н Б.

Яллагдагч А нь үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Б, А нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 2-17 тоот орон сууцыг түрээслэх явцдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2014 оны 3 дугаар сарын 14-ны өдөр хохирогч Д-г “танай байрыг 1 сарын хугацаатай банкны барьцаанд тавьчихъя, би танд сарын дотор буцаагаад аваад өгчихнө” гэж хуурч тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч иргэн С-т зарж 62800000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилсан,

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ариг” банкны зээлийн эдийн засагч У-тай бүлэглэн “найдвартай зээлдэгч тул зээл нь өдөртөө гарна, зээлээ хаачихвал 21000000 төгрөгийн зээлийг өдөртөө авна” гэж хуурч, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж А-р өөрийн нэр дээр “Ариг” банкнаас авсан зээлийн үлдэгдэл 18925000 төгрөгийг төлүүлж үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар сувд” дэлгүүрээс хохирогч Э-г хуурч монетон хослол, ээмэг, бөгж, кулон, мөнгөн ээмэг, зүүлт зэрэг эд зүйлийг залилан авч 4049500 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2007 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Од“ зочид буудалд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж прамид тогтолцооны луйврын аргаар хохирогч Ж-с 1000000 төгрөг, хохирогч Л-с 1000000 төгрөг, хохирогч Т-с 1000000 төгрөг, хохирогч А-с 1000000 төгрөг, хохирогч О-с 2000000 төгрөг, хохирогч Б-с 1000000 төгрөг, хохирогч О-с 1000000 төгрөг, хохирогч Б-с 1000000 төгрөг, хохирогч Н-с 1000000 төгрөг, хохирогч Ж-с 1000000 төгрөг, хохирогч Д-с 1000000 төгрөгийг тус тус залилан авч нийт 13000000 төгрөгийн хохирол учруулсан бусдад нийт 85774500 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч У нь “Ариг” банкны зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж яллагдагч А-тай бүлэглэж 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ариг” банкинд иргэн А-р зээл чөлөөлүүлэх нэрээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч А-д 18925000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б нь яллагдагч А, А нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 2-17 тоот орон сууцыг түрээслэх явцдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2014 оны 3 дугаар сард хохирогч Д-г “танай байрыг 1 сарын хугацаатай банкны барьцаанд тавьчихъя, би танд сарын дотор буцаагаад аваад өгчихнө” гэж хуурч тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч иргэн С-д зарж 62800000 төгрөгийн их хэмжээний хохирол учлуулсан,

Яллагдагч А нь яллагдагч А, Б нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 2-17 тоот орон сууцыг түрээслэх явцдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан 2014 оны 3 дугаар сард хохирогч Д-г “танай байрыг 1 сарын хугацаатай банкны барьцаанд тавьчихъя, би танд сарын дотор буцаагаад аваад өгчихнө” гэж хуурч тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч иргэн С-д зарж 62800000 төгрөгийн их хэмжээний хохирол учлуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: яллагдагч А, У, А, Б нарт холбогдох 2015250000246 дугаар эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт очтол яллагдагч А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч У, А, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авч, яллагдагч А, У, А, Б нарын бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, 2015250000246 дугаартай эрүүгийн хэрэгт нокиа загварын хар өнгийн гар утас, Сүрбаатар дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 2-17 тоотод байрлах Ү-2203019368 дугаар бүртгэлийн гэрчилгээтэй нэг өрөө байр битүүмжлэгдсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Яллагдагч А нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан 167 дугаар шүүгчийн захирамж үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь яллагдагч А нь хавтаст хэрэгт хохирогч Д-н 1 өрөө байрыг тухайн үед ямар үнэ ханштай байсан талаар засаг даргын дэргэдэх үнэлгээний комиссоор дүгнэлт гаргуулж хавтаст хэрэгт хавсаргасан /хх-н 47 х/ ба 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хөрөнгийн үнэлгээний газраас дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж “ГЭРЭГЭ ЭСТИМЕТ” ХХК уг байрны үнэлгээг 52700000 төгрөгөөр үнэлсэн /3-р хх-н 189-194 х/. Гэвч хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр прокуророос “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо”-ны үнэлэгч нараар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох тогтоол үйлдэж, дахин шинжилгээ хийлгэсэн ба Хөрөнгө үнэлэгчдийн холбоо прокурорын тогтоолыг хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар 3 үнэлгээчнийг томилон дүгнэлт гаргуулсан ба уг үнэлгээг гаргасан талаар үнэлгээний тайлан бичиж үнэлгээг 62800000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоож ирүүлснийг хэргийн оролцогч нарт танилцуулсан байна /6 хх-н 55-59 х/. Дээрх үнэлгээнүүд нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн ба хэргийн оролцогч нар үнэлгээтэй танилцаад ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байхад хөрөнгийн үнэлгээг хуульд нийцээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Гэрч Б нь яллагдагч А-н хувийн байдлын талаар “А миний зуслангийн байшингийн гэрчилгээг банкны барьцаанд тавиад 18000000 төгрөг зээлсэн. У банкнаас яриад А зээлээ төлсөн, таны байшингийн гэрчилгээ чөлөөлөгдсөн, та ирж бичиг баримтаа аваарай гэхээр нь би очиж бичиг баримтаа авсан. Зээлж авсан мөнгөө юунд зарцуулсныг мэдэхгүй” гэж мэдүүлдэг /2 хх-н 211-212 х/ бөгөөд гэрчээр 2 дахь удаа өгсөн мэдүүлэг өгөхдөө ноцтой зөрүүтэй мэдүүлээгүй байдаг. Дээрх гэрчийн мэдүүлэг яллагдагч А-н залилангийн үйлдлүүдтэй холбоогүй, шүүгчийн захирамжид гэрч юу гэж мэдүүлсэн нь зөрүүтэй байгааг тодорхой дурдаагүй, гэрчийн мэдүүлэг хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй байна. Мөн шүүх хавтаст хэргийн материалыг А-н өмгөөлөгч О-д танилцуулаагүй нь оролцогчдын эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан байна гэж үзжээ. Хэрэгт мөрдөгч нэмэлт ажиллагааг хийж дуусган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн материалыг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хэргийн оролцогч нарт танилцуулсан ба яллагдагч А-н өмгөөлөгч Солонгос улсад эмчлүүлэхээр явсан ба утас нь холбогдох боломжгүй байсан талаар яллагдагчид мэдэгдэж хэргийг танилцуулсан, хуульд заасан “...өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэсэн заалтыг биелүүлж ажилласан ба 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгчийн өмгөөлөгч О “хэргийн сүүлд хийсэн ажиллагаатай танилцаагүй байсныгаа шүүх дээр ирж хэрэгтэй бүрэн танилцсан, хэрэг шүүхэд шилжих үед Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн” талаар тайлбарласан байхад /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй, дээрх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж заасан нь буруу байна. Мөн шүүгдэгч А нь яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн урьчилсан хэлэлцүүлэгт “манай өмгөөлөгч гадаад явсан, уулзаагүй удаж байна, өөр өмгөөлөгч авахаар судалж байна” гэж мэдүүлсэн байх тул анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү. Мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд онлайнаар оролцох боломжоор хангаж өгнө үү” гэжээ.

Яллагдагч У-н өмгөөлөгч Л.Батчулуун давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч У-н хувьд тус хэрэгт хамааралгүй юм. Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ зээл чөлөөлүүлэх нэрээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогчид хохирол учруулсан гэдэг. Зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэдэг нь У, А-тай хуйвалдсан байхыг шаарддаг. Гэтэл ийм зүйл огт болоогүй. 1, 4-р хавтаст хэрэгт авагдсан гэрч Б-н мэдүүлгээр энэ нөхцөл байдал тогтоосон байдаг. Гэрч Б нь мэдүүлэгтээ “А миний зуслангийн байшингийн гэрчилгээг банкны барьцаанд тавиад 18000000 төгрөг зээлсэн. У банкнаас яриад А зээлээ төлсөн, таны байшингийн гэрчилгээ чөлөөлөгдсөн, та ирж бичиг баримтаа аваарай гэхээр нь би очиж бичиг баримтаа авсан. Зээлж авсан мөнгөө юунд зарцуулсныг мэдэхгүй” гэж мэдүүлсэн байдаг /2 хх-н 211-212 х/. Гэтэл гэрчээр 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө А над руу утсаар ярьсан гэж мэдүүлдэг. Иймд гэрч Б-н мэдүүлгийн зөрүүг гаргуулах саналтай байна. Хоёрдугаарт зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Монгол банкны дүрэмд зээлдэгч нарыг хэвийн, хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлдэгч, хугацаа хэтрүүлэгч гэсэн 5 байдлаар үнэлдэг. Гэтэл  2015 оны 01 дүгээр сард зээл өгөхдөө эргэлзээтэй зээлдэгч гэсэн ангилалд оруулсан. Зээлийг нь хаахдаа эргэлзээтэй зээлдэгч гэсэн ангилаар хаасан байх тул эдгээр нөхцөл байдлыг дахин тогтоох нь зүйтэй юм. Иймд хэргийг прокурорт буцаах саналтай байна” гэжээ.

Яллагдагч А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би зүрхний шигдээстэй тул биеийн байдал муу байдаг. Мөн хагалгаагаа эдгээгүй байхад хорих ангид хоригдсон. Би хохирлоо бүрэн төлж барагдуулна. Мэс заслын эмчид үзүүлж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байгаа тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. Би хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийн талаар маргаан байхгүй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шийдвэрлэсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Д-н 1 өрөө байрны тухайн үеийн үнэлгээ, “ГЭРЭГЭ ЭСТИМЕТ” ХХК-ийн үнэлгээ /52700000/, Хөрөнгө үнэлгээчдийн холбооны 3 үнэлгээчид 62800000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шаардлагад нийцсэн бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид гомдол хүсэлт гаргаагүй, мөн гэрч Б-н ямар мэдүүлэг зөрүүтэй байгааг шүүгчийн захирамжид тодорхой дурдаагүй байна.

Яллагдагч А-н өмгөөлөгч С.Оюунцэцэг нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд хэргийн материалтай /5, 6, 7 дугаар хавтаст хэрэг/ танилцсан болохоо шүүх хуралдаанд тайлбарлажээ /7-р хх-н 204 х/.

Иймд хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Яллагдагч А-н биеийн эрүүл мэндийн талаар албан ёсны эмнэлгийн магадлагаа шүүхэд ирээгүй байх тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЗ/167 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийн анхан шатны шүүхэд очтол яллагдагч А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч У, А, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧ                                                О.БААТАРСҮХ

                                                                                            Я.АЛТАННАВЧ