Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2015/0251

 

2016 оны 6 сарын 12 өдөр

Дугаар 251

Улаанбаатар хот

 

С.Ц-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэртэй, С.Ц-н нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Баг байгуулах, татан буулгах, нэгтгэх, хилийн цэс өөрчлөх тухай 02 тоот тогтоолд Баруун-Урт сумын газар зүйн байршил, зам харилцааны нөхцөл, хүн амын тоо, нягтшил зэргийг харгалзан 9 дүгээр багийг татан буулгаж, 8 дугаар багтай нэгтгэж нэг баг болгох, 5 дугаар багийг 2 хуваан 5, 9 дүгээр баг болгон хувааж багийн хилийн цэсийг хавсралтад дурдсан хэмжээ зураглалын дагуу баталсугай гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 2-д Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн хурлын хуралдааны чөлөөт цагт түүний тэргүүлэгчид мөн.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх,

татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавх, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ, 4.2-д заасан үндэслэлийг баримтлан тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

Гэтэл Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн ойр, шууд үзүүлдэг засаг захиргааны анхдагч нэгж болох багийг татан буулгахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэслэлийг нэг бүрчлэн судалж, нягталж үзэлгүй утга агуулгын илэрхий алдаатай тодруулбал, 9 дүгээр багийг татан буулгаад байгаа юм уу, 5 дугаар багийг 2 хувааж 9 дүгээр багт нэгтгээд байгаа эсэх нь ойлгомжгүй тогтоол гаргасан байдаг.

Маргаж буй Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот тогтоол нь 9 дүгээр багт оршин суугч Монгол Улсын иргэдийн төрийн үйлчилгээ түргэн шуурхай, хүртээмжтэй хүртэх эрхэд ноцтой халдаж байгаагийн хувьд дээрх тогтоолыг батлахын өмнө оршин суугчдын саналыг авч, багийн иргэдийн Нийтийн Хурлаар саналыг баталгаажуулах ажил хийгдэх ёстой байсан. Мөн хүн амын байршил, эдийн засгийн чадавх, газар зүйн байршил, зам харилцаа гэдэг үндэслэлийг тусгайлан судлах, яагаад заавал 9 дүгээр багийг татан буулгаж, 8 дугаар багтай нэгтгэж байгаа юм, 8 дугаар багийг татан буулгаж, 9 дүгээр багт нэгтгэж болоогүй юм уу гэсэн асуултад тодорхой хариу өгөх учиртай байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар иргэний танхимыг аймаг, нийслэлд байгуулсан байдаг бөгөөд дээрх асуудлыг иргэний танхимаар ядаж хэлэлцүүлэлгүй хэт яаран шийдвэр гаргасан. Би 2012 оны орон нутгийн сонгуулиар 9 дүгээр багаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. 9 дүгээр багийн нутаг дэвсгэр бол аймгаасаа нэлээд алслагдсан. Урьд нь иргэдээс багийн Засаг дарга нь ирэхгүй байна гэснийг гомдол гардаг байсан. 8. 9 дүгээр багийг нэгтгээд 1 Засаг даргатай болохоор иргэдэд үзүүлэх үйлчилгээ нь яаж сайжрах вэ?

Хамгийн наад захын асуудал шилжүүлгээ яаж хийлгэх вэ. Эдийн засгийн хямрал болоод орон тоо хэмнээд байгаа юм уу гэхээр аймгийн төв дээр 9 дүгээр баг гээд дахиад гаргаад ирж байна. Өнөөдрийг хүртэл иргэдийн Нийтийн Хурлын тамга нь надад байна. Баруун-Урт сумын захиргаанаас 9 дүгээр багийг татан буулгасан юм бол тамгаа хураалга гэсэн асуудлыг өнөөдрийг хүртэл тавиагүй. Ямар нэгэн эдийн засгийн судалгаа тооцоогүй байгаа нь харагдаж байна. Аль нэг багийг татан буулгах шаардлага байхгүй гэж бодож байна.

Иймд, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Баг байгуулах, татан буулгах, нэгтгэх, хилийн цэс өөрчлөх тухай 02 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудал дээр 2 шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д аймаг, сум, багийг татан буулгахад тухайн нутаг дэвсгэр дээр оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэнэ гэсэн байдаг. Баруун-Урт сум бол хилийн цэс байхгүй, нутаг дэвсгэргүй сум. 2 багийн эдийн засгийн чадавх нь мал аж ахуй бөгөөд малчин амьдардаг багууд байдаг. 5 дугаар багийг хоёр хуваан асуудал өнгөрсөн жил газар чөлөөлсөн асуудалтай холбоотой гарсан.

Шинэ суурьшлын бүс үүсэж 5 дугаар багийг хоёр хуваах нь зүйтэй гэсэн саналыг Баруун-Урт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дэмжигдсэн. Яагаад 8, 9 дүгээр багийг нэгтгэх болсон бэ гэхээр 8 дугаар баг 460 орчим, 9 дүгээр баг 320 орчим өрхтэй гэсэн мэдээлэл ирсэн. Тэгээд олон өрхтэй багт нь цөөн өрхтэй багийг нь нэгтгэе гэсэн зарчмыг баримталсан. Хөдөөгийн багийн хүмүүсийг бүгдийг нь цуглуулж санал авна гэж байхгүй. 500 иргэнээс санал авсан байсан. Үүний 60 гаруй хувь нь дэмжсэн байсан. Баг татан буулгаж нэгтгэх асуудлыг Баруун-Урт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулж ирснийг дэмжиж тогтоол гаргасан процесс юм. гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 2, Тавин дол дугаар зүйлийн 3, Тавин есдүгээр зүйлийн 1, 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баруун-Урт сумын 9 дүгээр багийн иргэн С.Ц-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Баг байгуулах, татан буулгах, нэгтгэх, хилийн цэс өөрчлөх тухай 02 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолдоо: Иргэн С.Ц-н нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагчаас энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хороог татан буулгасан, өөрчилсөн акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болон захиргааны акт гаргах журмыг баримтлаагүй үйлдэгдсэн хэмээн дүгнэхдээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.

Захиргааны акт гаргах журмын тухайд: Маргаан бүхий захиргааны акт нь суманд баг байгуулах, багийн хилийн цэсийг өөрчлөхтэй холбогдох зохицуулалтыг агуулсан. Энэхүү актыг гаргах журмыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгээр зохицуулжээ. Шүүх харин уг хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэгтэй харьцуулан үнэлээд ... тухайн сумын буюу Баруун-Урт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэсэн нь буруу харин багийн иргэдийн Нийтийн саналыг үндэслэнэ. Учир нь ... багийн иргэдийн Нийтийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрх бүхий субъект болно гэж дүгнэсэн.

Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд Баг, хорооны Хурлын бүрэн эрх-ийг тогтоож өгсөн байдаг ба энэхүү бүрэн эрхэд нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засгийн асуудлыг бие дааж шийдвэрлэх эрх олгогдоогүй юм. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагад зөвшөөрснөөс бусад нь хориглогдох зарчим үйлчилнэ.

Түүнчлэн анхан шатны шүүхийн дүгнэсний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх хэсгийг үргэлжлүүлбэл Баг, хороог татан буулгах, өөрчлөх асуудлыг иргэд болон тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ хэмээн ойлгогдож байна. Мөн шүүх Иргэдээс авсан саналын хуудсанд регистрийн дугаар байхгүй тул тухайн багийн иргэн саналаа өгсөн эсэх нь тодорхойгүй бөгөөд нотлогдох боломжгүй байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь, иргэдээс санал авах зориулалттай баталгаажсан хуудас байхгүйг шүүх хүлээн зөвшөөрсөн, улмаар уг саналын хуудаст санал өгсөн иргэнээс гэрчээр асууж тодруулах бүрэн эрх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж зааснаар шүүхэд хадгалагдана.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх тухайд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шийдвэрийн аль алинд нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар огт дурдаагүй. Төрийн үйлчилгээг авах эрхийн тухай асуудал нь субьектив эрхийг тодорхойлж чадахгүй байгаа тул иргэний ямар эрх зөрчигдсөнийг шүүх тогтоох боломжгүй. Тиймээс ч нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тухай хууль зүйн дүгнэлт, үнэлэлт анхан шатны шүүхийн шийдвэрт байхгүй болно.

Иргэд төрийн үйлчилгээг авах эрх нь Монгол Улсын аль ч захиргааны нэгжид нээлттэй бөгөөд хязгаарлагдахгүй. Харин зарим үйлчилгээг иргэдийн оршин суугаа баг, хороогоор нь дамжуулан авах боломжийг олгосон байдаг. Тухайлбал, сургууль, эмнэлэг, цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагын үйлчилгээг багийн харьяаллаар хүргэхээр хуульчилсан юм.

Иймээс аймгийн ИТХ-ын 2014 оны 02 тоот тогтоолоор Баруун-Урт сумын хуучин 9 дүгээр багийг татан буулгаж, 5 дугаар багийг хоёр хэсэгт хувааж 9 дүгээр багийг шинэ байршил, хилийн цэстэйгээр шинээр үүсгэн байгуулсантай холбогдуулан хуучин 9 дүгээр багийн иргэдийн хууль ёсны хаягийг 8 дугаар багт, 5 дугаар багийн зарим иргэдийн хууль ёсны хаягийг шинээр байгуулагдсан 9 дүгээр багт харьяалуулан шилжүүлэх ажлыг тогтоолын 2 дахь хэсгээр сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн ба уг ажиллагаа одоо хийгдэж байна.

Өөрөөр хэлбэл, өөрчлөлт орсон хорооны иргэдийн хаяг шилжиж бүртгэгдээд уг харьяаллын дагуу төрийн үйлчилгээ авах эрх нь хэвээр хадгалагдаж байгаа юм. Тиймээс аймгийн ИТХ-ын тогтоолоор иргэдийн төрийн үйлчилгээг авах эрхийг хязгаарласан, хассан, орхигдуулсан зүйл байхгүй.

Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын 9 дүгээр багийн иргэн С.Ц-оос “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Баг байгуулах, татан буулгах, нэгтгэх, хилийн цэс өөрчлөх тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...02 тоот тогтоол нь 9 дүгээр багт оршин суугч иргэдийн төрийн үйлчилгээ түргэн, шуурхай, хүртээмжтэй хүртэх эрхэд ноцтой халдсан, уг тогтоол гаргахдаа тухайн оршин суугчдын санал болон багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг авалгүйгээр баталсан нь хууль зөрчсөн” гэж маргасан байна.

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Баг байгуулах, татан буулгах, нэгтгэх, хилийн цэс өөрчлөх тухай” 02 дугаар тогтоолын нэг дэх заалтаар Баруун-урт сумын 9 дүгээр багийг татан буулгаж, 8 дугаар багтай нэгтгэн нэг баг болгож, 5 дугаар багийг 2 хувааж, 5, 9 гэсэн 2 баг болгон багуудын хилийн цэсийг баталжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадайна, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.”, 4.2 дахь хэсэгт “Баг, хороо байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг энэ хуулийн 4.1-д заасан үндэслэлийг баримтлан тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.” гэж зааснаас үзэхэд багийг татан буулгах, өөрчлөх асуудал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрлэх эрх хэмжээний асуудал мөн хэдий ч хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Баруун-Урт сумын 9 дүгээр багийг татан буулгах асуудлыг шийдвэрлэхдээ тухайн багт оршин суугаа иргэд болон тэдгээрийн өөрөө удирдах ёсны байгууллага болох 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг авалгүйгээр шийдвэр гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Энэ талаар хариуцагчаас 9 дүгээр багийн иргэдийн саналыг авсан хэмээн тайлбарлаж нотлох баримт гаргаж хэрэгт хавсаргасан ч саналын хуудсыг нэгтгэх ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээс үзэхэд 9 дүгээр багийн иргэдээс санал авсан эсэх нь тодорхой бус, баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч С.Ц нь татан буугдсан 9 дүгээр багт оршин суудаг, тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалыг хашиж байсан гэж тайлбарлаж, татан буугдсан багийн оршин суугчийн хувьд өөрийн харьяалагддаг багийг татан буулгасан шийдвэр гаргахдаа хуульд зааснаар оршин суугаа иргэний санал авалгүйгээр шийдвэрлэсэн нь тухайн иргэний үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй бөгөөд татан буугдаж байгаа багт оршин суугч иргэний хувьд өөрөө болон нутгийн өөрөө удирдах байгууллагаараа дамжуулан оршин суугаа багийг татан буулгах асуудлыг шийдвэрлэхэд оролцох эрхийг зөрчсөн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгчид өөрийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх болон энэ зорилгын үүднээс маргаан бүхий тогтоолоор шийдвэрлэсэн асуудалд санал өгөх эрх нь хуулиар олгогдсон, энэ нь түүнд эрх зүйн хэм хэмжээгээр зөвшөөрөгдсөн боломж байх төдийгүй уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч буюу тухайн оршин суугч иргэний хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна.

Өөрөөр хэлбэл  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан татан буулгах асуудлыг шийдвэрлэхдээ тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн саналыг үндэслэсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэх үндэсгүй юм.

Харин нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын маргаж буй үндэслэлээ зөвхөн 9 дүгээр багийг татан буулгаж, 8 дугаар багтай нэгтгэсэн шийдвэрт гомдсон нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Тогтоох хэсгийн 1 дэх заалтад, мөн анхан шатны шүүх маргаж буй захиргааны актын агуулга, үйл баримтыг илүү нарийвчилсан зохицуулсан хуулийн зүйл заалтыг Тогтоох хэсэгт баримтлах нь зүйтэй гэж үзэж, мөн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалт баримталсан хэсэгт тус тус зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 2, Тавин дол дугаар зүйлийн 3, Тавин есдүгээр зүйлийн 1,2” гэснийг хасаж, мөн заалтын “...02 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай” гэснийг 02 дугаар тогтоолын “Нэг” дэх заалтын “9 дүгээр багийг татан буулгаж, 8 дугаар багтай нэгтгэж нэг баг болгох” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай”  гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ