Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00408

 

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01061 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1410 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: С.О-

          Хариуцагч: “..фанд ББСБ” ХХК

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

      Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2018-03-25-ны өдөр хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, харилцагчийн үйлчилгээний ажилтнаар ажилд орсон. 2018-06-02-ны өдөр туршилтын хугацаа дуусч, 2018-08-08-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулсан. Улмаар байгууллагын ажиллагсдын үндсэн цалинд өөрчлөлт орж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн 2019-01-01-с хугацаагүй байгуулсан. Гэтэл 2019-03-12-ны өдрийн Т/19/03/05 дугаар тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-р ажлаас чөлөөлсөн.Би гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байхад ноцтой зөрчил гаргасан гэж халсанг зөвшөөрөхгүй. Би ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй юм. Иймд “харилцагчийн үйлчилгээний ажилтан”-ны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,785,744.46 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь 2019-02-18-с 02-28-ны өдрийн хооронд хийгдсэн дотоод аудитын шалгалтын тайлан, болон өөрийнх нь тайлбар,  харилцагч нарын мэдүүлэг, тайлбар, ашиг сонирхлын зөрчлийн хуудас, зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон бусад баримтуудаар нотлогдсон. С.О- нь харилцагч н.Х-тай холбоотой зээл олгоход хууль бусаар оролцсон нь зөрчил юм. Тус зээл  манай байгууллагын дүрэм, журмын дагуу шаардлага хангах бололцоогүй барьцаа хангалтгүй байсан бөгөөд нэхэмжлэгч тухайн зээлээс 2 сая төгрөг урамшуулалд авсан байсан. Одоогоор Х-ын төлөгдөж дуусаагүй, үр дагавар нь арилаагүй, хугацаа хэтрэлттэй зээлийн ангилалд орсон. Түүнчлэн, Х-ын зээлийн эргэн төлөлтөд өөр харилцагчийн 550,000 төгрөгийг төлсөн асуудал гарсан. С.О- өөрөө н.Х- руу залгаж ингэж буруу орсон байна, ийм учраас хүсэлт гаргаад өг гэж хэлж оролцсон оролцоо байдаг.Ашиг сонирхлын зөрчил дээр гэр бүлийн гишүүд нь зээл авсан гэдгийг мэдсэн хэрнээ байгууллагад зохих дүрэм, журмын дагуу мэдэгдээгүй зөрчил гаргасан. Түүний нөхөр н.Б- нь 2018-03-01-ний өдөр, ээж н.Н- нь 2018-02-01-ний өдөр тус тус манай байгууллагаас зээл авсан байдаг. Бидний зөрчил гэж үзэж байгаа нь 2018-02-01-ний өдөр авсан зээлээ байгууллагын дүрэм, журмын дагуу ашиг сонирхлын зөрчлийн маягт дээр мэдэгдээгүйг зөрчил гэж үзсэн. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил. Түүнчлэн, нэхэмжлэгчийн зарим үйлдэл нь салбарын захирал С.Энхчимэгтэй холбоотой залилан болон ашиглангийн шинжтэй зээлүүд. Одоо цагдаа дээр шалгагдаж байгаа. Зээлийн хорооны хурал болоогүй, судалгаа хийгээгүй, хурал болоогүй учраас тэмдэглэл байхгүй байхад тэмдэглэл нөхөж хийсэн байсан. Гэтэл энэ зээлүүд зохих журам, хуулийн дагуу гарсан юм шиг баримтыг араас нь нөхөж хийсэн үйлдэлд нэхэмжлэгч оролцсон байсан. Энэ нь ноцтой зөрчилд тооцогдоно. Ийм зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хоёр тал тохиролцсон. Нэхэмжлэл үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 182/ШШ2019/01061 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан С.О-ийг ..фанд ББСБ ХХК-ийн Харилцагчийн үйлчилгээний ажилтнаар эгүүлэн тогтоож,  олговорт 1.705.860 төгрөг гаргуулж С.О-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 79.884 төгрөг 46 мөнгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар С.О-ийн 2019-03-12-ноос шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ..фанд ББСБ ХХК-д үүрэг болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 42.244 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1410 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 42 244 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: С.О- ноцтой зөрчлийг таван удаа гаргасан ба зөрчлүүд нь баримтаар тогтоогддог. С.О- зөрчил гаргасан боловч зарим зөрчлүүдэд хариуцлага тооцох хугацааг хэтрүүлсэн болохоо зөвшөөрнө. Гагцхүү ашиг сонирхлын зөрчлөө худал мэдүүлсэн нь ажлаас халагдах шийтгэл хүлээх хангалттай үндэслэл бөгөөд хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон үндэслэл, журамд бүрэн нийцэж байна. Түүний ээж Б.Н- 2018-02-09-ний өдөр 3 сая төгрөг, нөхөр У.Б- 2018-02-28-ны өдөр 3 сая төгрөгийн зээлийг “..фанд ББСБ” ХХК-с авсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ээж, нөхөр зээл авсныг зөрчил гэж үзээгүй, үүнтэй холбоотой буруутгаагүй,харин зээлээ ашиг сонирхлын зөрчлийн маягт дээр дурдах ёстой, мэдүүлэх ёстой байсан гэж үзсэн . С.О- 2018- 11-12-ны өдөр тус тус бөглөсөн ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх маягтын 4 дэх “Өнгөрсөн 12 сарын хугацаанд би болон манай гэр бүлийн гишүүд .. фанд ББСБ-аас зээл авсан” гэх хэсэгт “ҮГҮЙ" гэж мэдүүлсэн нь зөрчил юм. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам болон байгууллагад тогтсон соёлын хүрээнд энэхүү хэсгийг ажилтан тус байгууллагад ажиллаж байсан эсэхээс үл шалтгаалан асуулгын дагуу үнэн зөв бөглөх үүрэгтэй. Учир нь зээлийн харилцаа нь зээл хэзээ авсан эсэхээс үл шалтгаалан хойшид үргэлжилдэг, ажилтан зээлийн төлөлт, хүүгийн тооцоолол, төлбөр барагдуулах ажиллагаанд нөлөөлөх боломж байдаг зэрэг нөхцлийг харгалзан ажил олгогч энэхүү мэдүүлгийг бөглүүлдэг. Тиймээс ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдэхэд ажилтан хэзээ ажилд орсон байх нь огт хамааралгүй, гагцхүү мэдүүлгийн маягт дээрх “Өнгөрсөн 12 сарын хугацаанд” гэх асуулгын дагуу үнэн зөв мэдэгдэх ёстой тул С.О-ийг ашиг сонирхлын зөрчлөө худал мэдүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй, энэхүү зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаардаг болно. Ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх нь ажилтныг ажлаас халах үндэслэл болохгүй бөгөөд гагцхүү тэрхүү зөрчлөө мэдэгдэхийг ажилтанд үүрэг болгосон, талууд хөдөлмөрийн гэрээгээр ийнхүү тохиролцоон байдаг. Ажил олгогчийн зүгээс зөрчлийг илрүүлэн, тогтоосны үндсэн дээр 2018-11-12-ны өдөр ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгээ буруу бөглөснийг зөрчил гэж үзэж, ажлаас халсан нь ямар нэг байдлаар хууль зөрчсөн зүйл огт биш юм. Хариуцагчийн зүгээс аливаа зөрчлийг зөвхөн хэн нэг хүний ганц мэдүүлэг, тайлбар зэргээр тогтоосон болж асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд ажлын хэсгийн шалгасан аудитын дүгнэлт, баримт, бодит нөхцөл байдал, хамт ажиллагсад, зөрчилд хамтран оролцсон хүмүүсийн тайлбар, мэдүүлэг зэрэг зөрчлийг тогтоож болох бүх арга хэрэгслээр тогтоож асуудалд ул суурьтай хандаж, хуульд нийцүүлж ажилласан. Шүүх хэргийг ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн талд хэт ашигтайгаар дүгнэж, нотлох баримтыг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       С.О- 2019-04-01-ний өдөр ..фанд ББСБ ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “харилцагчийн үйлчилгээний ажилтан”-ны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах шаардлага гаргажээ. 

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...ноцтой зөрчил буюу зээлээс 2 сая төгрөг урамшуулалд авсан... өөр харилцагчийн 550,000 төгрөгийг төлүүлсэн... ашиг сонирхлын зөрчлийн маягт худал бөглөсөн... зээлийн хорооны болоогүй хуралд тэмдэглэл үйлдэхэд оролцсон...тул халсан...” гэж маргасан байна.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...С.О- ажилд орохоос өмнө Х-, Б.Н-, У.Б- нар хариуцагчаас зээл авч байсан нь тогтоогдсон...хөдөлмөрийн гэрээнд ажилд орохоос өмнө авсан зээлийн талаар мэдүүлэх тухай заагаагүй байна...түүнчлэн Х-ын зээлтэй холбоотой асуудал болон зээлийн хорооны тэмдэглэл бичсэн зэрэг нь баримтгүй байна.. ажилтан ямар зөрчил гаргасан гэж ажил олгогч үзсэн нь тодорхойгүй байна...” гэсэн үндэслэл заасан, давж заалдах шатны хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.   

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     "..фанд ББСБ ХХК-ийн захирал 2019-03-12-ны өдөр Т19/03/05 дугаар тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан “...хөдөлмөрийн гэрээнд заасан давтан зөрчил гаргасан,хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, байгууллагын итгэл алдсан буруутай үйлдэл нь тогтоогдсон..” гэж Зүүн салбарын Харилцагчийн үйлчилгээний ажилтаны ажлаас С.О-ийг халсан байна. 

      Ажил олгогчийн шийдвэрт хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын аль заалтыг зөрчсөн талаар дурдаагүй тул хяналтын гомдлыг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцэхгүй юм.

      Талууд 2019-01-01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.1-т ноцтой зөрчлийг нэрлэсэн бөгөөд 9.1.10-т “... ажилтан нь өөрийн гэр бүлийн гишүүд, эхнэр эсвэл нөхрийн аав, ээж, төрсөн ах, эгч дүү нартаа зээл олгосон, зээл олгоход нөлөөлсөн...” ., 9.1.11-т “....гэр бүлийн гишүүд болон төрөл садангийн хүмүүсийг ажилд ороход дэмжлэг үзүүлсэн, ажилд ороход нь нөлөөлсөн.Ашиг сонирхолын маягт дээр худлаа бөглөсөн....” гэж \хх 17\ заасан,үүнийг хариуцагч 2019-03-12-ны өдөр Т19/03/05 дугаар тушаал гаргах нөхцөл болсон гэжээ. \хх 34\

    Нэхэмжлэлийн үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд гэр бүлийн гишүүд, төрөл садангийн хүмүүс нь хариуцагч байгууллагад ажилд орох, зээл авах тохиолдолд ашиг сонирхлын мэдүүлэг бөглөх талаар заагаагүй байх тул хяналтын гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

     Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

     Ажил олгогч нь С.О-ийг халах болсон үндэслэлээ тушаалд заагаагүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбараар С.О-ийн гаргасан гэх зөрчлийг тогтоох боломжгүй байна. 

   Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ тодорхой заасан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01061 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1410 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 42,244 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ