Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 00967

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ..... суманд 1988 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, ........ ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, РГ....... дугаар регистртэй, Сөөвөн овогт Э. Ү-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, РГ...... дугаар регистртэй, Шарнууд овогт С.Б-д холбогдох,

 Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2017/00929/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Э.Ү нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б бид хоёр 2006 онд танилцан үерхэж байгаад 2009 онд гэр бүл болж, хүү Т төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд С.Б намайг хардаж, зодон гэр бүлээс гадуур харилцаа эмэгтэйчүүдтэй тогтоох болсон. Ажил төрөл огт хийж үзээгүй, сүүлдээ архи их ууж, ажил дээр ирж дарамт үзүүлэх болсон. Энэ байдал нь одоо ч үргэлжилсэн хэвээр байгаа. Бид 2015 оны 02 сараас хойш өнөөг хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд өөрийн гэсэн амьдралтай болцгоосон. Иймд цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүү Т надтай хамт амьдардаг тул өөрийн асрамжид авна, хуульд заасны дагуу эцэг С.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв. 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Э.Ү-той 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, бидний дундаас хүү Б.Т төрсөн. Бид хувийн таарамжгүй харилцааны улмаас одоо тусдаа амьдарцгаах болсон. Нэхэмжлэгч Э.Ү-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулна. Хүү Б.Т-г эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг төлнө гэжээ.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Ү нь хариуцагч С.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Э.Ү, С.Б нар гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй 2015 оны 02 сараас хойш буюу удаан хугацаагаар тусдаа амьдарч байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, хамтран амьдрагчтай болсон, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, хамтран амьдрах хугацаанд 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Т төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд гэрлэлт бүртгүүлсэн тухай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрөлт бүртгэсэн тухай төрсний бүртгэлийн лавлагаа, хариуцагчийн шүүхэд гаргасан “Миний бие эхнэр Э.Үт-ой 2009 оны 3 дугаар сарын 2-ны өдөр гэр бүл болж, бидний дундаас хүү Б.Т төрсөн...” гэх тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон учир 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Т-г эх Э.Ү-гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж заасан тул эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг С.Б-ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.  

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.     

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдав.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Т нь 6 нас, 10 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг хүү Б.Т-д сар бүр эцэг С.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Т-д сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг, нийт 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж нийт 99.734 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ү-д олгох нь зүйтэй.

Зохигчийн хүсэлтээр хариуцагч С.Б-ийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:   

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Сөөвөн овогт Э.Ү, Шарнууд овогт С. Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Т-г эх Э.Ү-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Т-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг С.Б-ээс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг С.Б-д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Ү-д тус тус даалгасугай.

 

5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 99.734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Үүрийнцолмонд олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Өлзийбуянд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА