| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2017/0302/И |
| Дугаар | 282 |
| Огноо | 2017-10-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д Э Х ХХК-ны нэхэмжлэлтэй
Н.Б-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д Э Х ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа эрхэлдэг Н.Б эрхлэгчтэй “Т” ХХК-ний “У” эмийн сан нь Д Э Х ХХК-тай “Эм эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах нийлүүлэх гэрээ” байгуулан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 10,252,065 төгрөгийн эм барааг худалдан авсан болно. Н.Б нь гэрээ байгуулснаас хойш эхний сар төлөлт хийсэн ба түүнээс хойш эм барааны төлбөрийг өнөөг хүртэл хийгээгүй. Манай байгууллагын зүгээс удаа дараа очиж уулзаж, төлбөр төлөхийг шаардсан боловч барагдуулаагүй болно. Эм барааны төлбөр барагдуулах зорилгоор 2017 оны 06 дугаар сард “У” эмийн санд очсон боловч эмийн сан хаалттай байсан учир ойр орчмын хүмүүсээс лавлахад сүүлийн 2 сар огт үйл ажиллагаагаа явуулаагүй гэсэн мэдээллийг авав. Н.Б-тэй холбоо барих дугаарууд байсан боловч одоогийн байдлаар ашиглалтанд байхгүй гэсэн хариу өгч байна. Н.Б-н ургийн овог регистрийн дугаар гэрийн хаягийг мэдэхгүй байна. Иймээс “Т” ХХК-ний “У” эмийн сангийн эрхлэгч Н.Б-г эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу үүрэг гүйцэтгэгч “Т” ХХК-ний “У” эмийн сангийн эрхлэгч Н.Б нь Д Э Х ХХК-тай “Эм эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах нийлүүлэх гэрээ” байгуулж 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 10,252,065 төгрөгийн эм бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан байна. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар гэрээ байгуулснаас хойш Н.Б нь эхний нэг сарын төлөлтийг хийж түүнээс хойш төлөлт хийгээгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй, гар утасны дугаарууд нь холбогдох боломжгүй байгаа нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-н шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Н.Б-г нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Н.Б дугаар эзэмшдэг болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Д Э Х ХХК-ний хүсэлтээр Н.Б-г эрэн сурвалжилсугай.
2. Н.Б-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Н.Б-н хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Д Э Х ХХК-д нэн даруй мэдэгдсүгэй.
4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД