Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2015/0113

 

Н.Түмэндэмбэрэл, А.Мөнхтөр нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяадаргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасаннэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Н.Түмэндэмбэрэл, А.Мөнхтөр нарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Аудитын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Түмэндэмбэрэл, А.Мөнхтар нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үндэсний Аудитын газрын харьяа Говь-Алтай аймгийн Аудитын газраас Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2012-2013 оны үйл ажиллагааны үр дүнд гүйцэтгэлийн аудит хийж Айргийн хад ХХК-иар газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ болох 10016700 төгрөгийг төлүүлэхээр 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10/01 дугаартай акт тавигдсан. Үүнээс хойш Айргийн хад ХХК-ийн захирал Г.Нэргүйд амаар болон бичгээр төлбөр төлөхийг удаа дараа шаардаад төлөлгүй байсаар өдий хүрсэн.

Гэтэл уг актыг 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 85 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулсан бөгөөд ингэхдээ уг 10016700 төгрөгийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга байсан А.Мөнхтөр, нягтлан бодогч Н.Түмэндэмбэрэл нараар төлүүлэхээр болсон байгаа бөгөөд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас дуудаж төлбөрөө төлөх талаар хэлэхэд энэ бүгдийг мэдлээ. Миний бие ажлаа зохих журмын дагуу хийж гүйцэтгэж байсан төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулаагүй, дутагдал гаргаагүй амин хувьдаа завшаагүй байж ийнхүү төлбөр тогтоолгож байгаад гомдолтой байгаа ба авсан газрынхаа үнийг төлөөгүй хүний төлбөрийг биднээр төлүүлэхээр гаргаж байгаа нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Бид уг акттай танилцаад төлбөрийг Айргийн хад ХХК-иар төлүүлэхээр гарсан гэж ойлгож байсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас бид хоёроос төлбөр нэхэж эд хөрөнгө битүүмжилнэ гэхэд нь бидний эрх ашгийг зөрчиж биднээс төлбөр гаргуулах гэж байгааг ойлголоо. Ингээд Аудитын газарт уг актаа зөвтгөж холбогдох хүнээс нь төлбөрөө гаргуулах талаар 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүсэлт, гомдол гаргасан боловч боломжгүй талаараа хариу өгч байгаа тул Аудитын газрын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10/01 тоот актын Айргийн хад ХХК нь төсөл сонгон шалгаруулалтын гэрчилгээний үнэ болох 10016,7 мянган төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй байхад гэрчилгээ олгосон гэсэн актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Аудитын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2012-2013 оны үйл ажиллагааны үр дүнд гүйцэтгэлийн аудитыг хийх явцад тус газар нь Айргийн Хад ХХК төсөл сонгон шалгаруулалтын гэрчилгээний үнэ болох 10016.7 мянган төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй байхад газар эзэмшүүлж гэрчилгээг олгосон зөрчил илэрсэн. Уг зөрчилд нь 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10/01 дугаартай төсвийн орлого болгох тухай акт тогтоосон. Энэ акт нь хууль зүйн үндэслэлтэй юм. Учир нь дээрх зөрчил Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Газар эзэмшүүлэх, өмчлүүлэх ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 38, 39 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн үйл ажиллагаа болсон. Уг актыг тус газрын дарга А.Мөнхтөр, нягтлан Н.Түмэндэмбэрэл нарт хариуцуулан тогтоосон бөгөөд хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулсан. 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 320 дугаартай албан бичигт уг актыг хүлээн зөвшөөрч байгаа тухай дурдсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн А.Мөнхтөр, Н.Түмэндэмбэрэл нарын нэхэмжлэлтэй аймгийн Аудитын газарт холбогдох Говь-Алтай аймгийн Аудитын газрын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10/01 тоот актын Айргийн хад ХХК нь төсөл сонгон шалгаруулалтын гэрчилгээний үнэ болох 10016,7 мянган төгрөгийг төсөвт төвлөрүүлэх тухай актын зарим хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан. Актыг Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь хэсгийг үндэслэн тогтоосон байдаг. Гэтэл уг зүйл заалт нь Үндэсний аудитын газрын эрх байна. Өөрөөр хэлбэл 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Үндэсний аудитын газрын бүрэн эрх, 15.2 дахь хэсэгт орон нутгийн Аудитын газрын бүрэн эрхийг тус тусад нь хуульчилж өгсөн байдаг. Үүнээс харахаар орон нутгийн аудитын газар нь Үндэсний аудитын газрын бүрэн эрхийг эдэлж хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт зааснаар бичгийн хэлбэрээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй бөгөөд хууль бус байхад хүчингүй болгоогүй өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхий Аудитор бүрэн эрхээ 2003 оны 40 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн аудитын байгууллагын нийтлэг эрх үүрэг гэх журмын 2.1.2.3-т ийнхүү тодорхойлсон байна. "Аудитын явцад илэрсэн төлбөрийг барагдуулах, зөрчлийг арилгуулах талаар төрийн аудитын байгууллагаас өгөх акт, албан шаардлага, менежментийн захидлын төсөл, Төрийн аудитын байгууллагын актад аудит хийсэн ажилтан гарын үсэг зурж, Монгол Улсын болон аймаг, нийслэлийн Ерөнхий аудитор батална гэсэн байхад уг 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10/01 дугаартай аудитын актыг аймгийн ерөнхий Аудитор буюу тэргүүлэх аудитор батлааагүй байгаа.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт заасны захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус учир хүчин төгөлдөр бусад тооцохоор байна. Учир нь ...актанд 10016.7 мянган төгрөгийг Айргийн хад ХХК иар тус тус төлүүлж ...дансанд оруулахыг дарга А.Мөнхтөр, нягтлан бодогч Н.Түмэндэмбэрэл нарт хариуцуулан акт тогтоов гэнээс харахаар төлбөрийг Айргийн хад ХХК-иар төлүүлэх мэтээр ойлгогдож байна. Гэтэл төлбөрийг НТүмэндэмбэрэл, А.Мөнхтөр нараар төлүүлэхээр гарсан мэтээр хариуцагч тал ч тайлбарлаж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас ажиллагаа хийгдэж байгаа болно. Иймд уг актыг гүйцэтгэх субъект эргэлзээтэй, ойлгомжгүй байгаа болно. Газрын алба нь эзэмшил, өмчлөлийн газрыг хууль зөрчигдсөн тохиолдолд эргүүлэн авч болдог гэрээг цуцлах эрх бүхий субъект байгаа. Өөрөөр хэлбэл олгосон газраа хэзээ ч төрийн өмчид буцааж авах эрхтэй байгууллага байна. Гэтэл яагаад заавал төлбөрийг нь төрийн албан хаагч нараар төлүүлэхээр акт тавьж байгаа нь ойлгомжгүй байна. Төлбөрөө төлөөгүй иргэнээс төлбөрийг гаргуулах нь хуульд нийцнэ. Харин төлөөгүй байхад гэрчилгээ олгосон албан тушаалтнуудад уг гэрчилгээг цуцлахыг шаардсан шаардлага хүргүүлсэн бол энэ шийдвэр хуульд нийцэх байсан гэж үзэж байна.

Иймд акт утга, найруулгын алдаатай төдийгүй, субъектээ олоогүй, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ оноогүй гэж үзэж байна.

Мөн ... гэрээнд заасан үнийг төлсний дараа тухайн шатны Засаг дарга газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх тухай шийдвэр гаргана гэжээ. Эндээс харахад Газрын албаны дарга, нягтлан бодогч нарыг буруутгасан нь бас л үндэслэлгүй байна. Засаг дарга захирамж гаргахдаа гаргаж буй шийдвэртэйгээ холбоотой бүхий материал хянаж нягтлах үүрэгтэй гэж үзэж байна. Учир нь шийдвэрийнхээ үр дагаварыг өөрөө хариуцах нь тодорхой. Тэгэхээр эдгээр хүмүүсийг онцолж акт тавьж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн гэрчилгээний төлбөр төлөгдсөн эсэхэд нэхэмжлэгч А.Мөнхтөр, Н.Түмэндэмбэрэл нарын хэн нь ч хяналт тавих үүрэггүй байгаа. Үүнд газрын албанд холбогдох мэргэжилтэн хяналт тавьдаг байна. Иймээс газрын албаны дарга, нягтлан бодогч нараар төлбөрийг төлүүлэхээр акт тавьж байгаа нь бусдын бурууг халдааж байгаагаараа эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байна.

4. Төрийн аудитын хуулийн 4 дүгээр зүйл хуулийн үйлчлэх хүрээ, 5 дугаар зүйл төрийн аудитын төрөл зэрэг зүйл заалтуудад аудит хийж дүгнэлт, зөвлөмж гаргана гэснээс дүгнэхэд аудитын байгууллага нь хяналт шалгалт хийж хариуцлага хүлээлгэх байгууллага биш байна. Өөрөөр хэлбэл Төрийн хяналт шалгалтын тухай 10 дугаар зүйлий 10.8-д зааснаар аудит нь захиргааны хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий субъект биш юм.

Аудитор нь улсын байцаагч биш, аудитын шалгалт нь захиргааны хэрэг бүртгэлт биш. Иймдээ Аудитын актын хөөн хэлэлцэх хугацаа тодорхойгүй, хэдий хугацаанд аудит хийх, хэдий хугацааны, тайлан санхүүд шалгалт оруулах ёстой эсэх нь тодорхойлогдоогүй, хуульчлагдаагүй гэж үзэж байна.

Эдгээрээс гадна шүүх аудитын актыг А.Мөнхтөр, Н.Түмэндэмбэрэл нарт хариуцуулан тогтоосон бөгөөд хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулсан. Улмаар 30 хоногийн дотор гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэжээ. Гэтэл уг актын Тогтоох хэсэгт ...Айргийн хад ХХК-иар гэрчилгээний үнэ 10016,7 мянган төгрөгийг... тус тус төлүүлж нийт 11371.7 мянган төгрөгийг дансанд оруулахыг дарга А.Мөнхтөр,нягтлан бодогч Н.Түмэндэмбэрэл нарт хариуцуулан акт тогтоов гэснээс харахад уг мөнгийг А.Мөнхтөр, Н.Түмэндэмбэрэл нар төлөх биш төлүүлэх арга хэмжээ авахыг даалгасан нь тодорхой байна. Иймдээ ч А.Мөнхтөр, Н.Түмэндэмбэрэл нар хүлээн зөвшөөрсөн болохоо тайлбарласан байдаг. Харин өөрсдөөр нь төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн арга хэмжээ авагдаж эхлэхээр төлбөрийг Айргийн хад ХХК-иар төлүүлэх биш өөрсдөөр нь төлүүлэхээр гарсаныг ойлгож гомдол гаргасан. Иймдээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, тэдний эд хөрөнгийг нь битүүмжлэхээр мэдэгдэх хуудас өгснөөр мэдсэн байгаа. Үүнээс харахад акт эхнээсээ утга найруулгын хувьд ойлгомжтой, тодорхой гарсан бол энэ хүмүүс эрх ашгаа хамгаалах бүрэн боломжтой байсан.

Тиймээс 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10/01 дугаартай аудитын актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй байхад нэхэмжлэлийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Мөнхтөр, Н.Түмэндэмбэрэл нар Говь-Алтай аймгийн Аудитын газрын аудитын менежер Р.Цанжидмаа, шинжээч Э.Сүнжидмаа нарын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10/01 дугаар Төсвийн орлого болгох тухай актын Айргийн хад ХХК-ийн төсөл сонгон шалгаруулалтын гэрчилгээний үнэ болох 10,016.7 мянган төгрөгийг төсөвт төвлөрүүлэх тухай актын зарим хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Говь-Алтай аймгийн Аудитын газрын 2013 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөг үндэслэн, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2012-2013 оны үйл ажиллагааны үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн байна.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т заасан аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх..., мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-т заасан ...төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж...-ийн үйл ажиллагаанд аудит хийх зэрэг бүрэн эрхийн хүрээнд, аймгийн Аудитын газраас Айргийн хад ХХК төсөл сонгон шалгаруулалтын гэрчилгээний үнэ болох 10,016.7 мянган төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй байхад газар эзэмшүүлж гэрчилгээг олгосон зөрчлийг илрүүлж, маргаан бүхий актаар гэрчилгээний үнэ 10,016.7 мянган төгрөгийг Айргийн хад ХХК-иар төлүүлж, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор аймгийн Төрийн сан банкин дахь татварын бус орлогын 090000982 тоот дансанд оруулахыг дарга А.Мөнхтөр, нягтлан бодогч Н.Түмэндэмбэрэл нарт хариуцуулан акт тогтоож шийдвэрлэсний гадна 2 дахь заалтад уг актыг тогтоосон хугацаанд барагдуулаагүй тохиолдолд Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан хариуцлага тооцохыг анхааруулжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгуулага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах-аар заажээ.

2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Аудитын газрын удирдлагын зөвлөлийн хурлаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг хэлэлцэхэд нэхэмжлэгч А.Мөнхтөр, Н.Түмэндэмбэрэл нар оролцож, улмаар мөн өдрийн 320 дугаар албан бичгээр шалгалтын явцад илэрсэн зөрчил, албан шаардлагыг зөвшөөрсөн албан бичгийг Говь-Алтай аймгийн Аудитын газарт хүргүүлж, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гарсан дээрх актыг зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч нар нь захиргааны актыг мэдсэнээс хойш буюу 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр буюу 9 сарын дараа Говь-Алтай аймгийн ерөнхий аудиторт хандсан нь актыг хууль бус болохыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргаагүй байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Тодруулбал, анхан шатны шүүх шүүхийн шийдвэртээ дээрх нөхцөл байдлыг буюу захиргааны актад гомдол гаргах 30 хоногийн хугацааг нэхэмжлэгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна гэж зөв дүгнэсэн боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлгүйгээр, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нар ...бид анх акттай танилцаад төлбөрийг Айргийн хад ХХК-иар төлүүлэхээр гарсан гэж ойлгосон. Гэтэл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуудахад бид 2-оор төлүүлэхээр захиргааны актын биелэлтийг баталгаажуулсныг мэдсэн гэж тайлбарлаж байгааг хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж дүгнэх боломжгүй. Учир нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сум дундын 5 дугаар шүүхийн 85 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны актын гүйцэтгэлийг баталгаажуулснаас хойш мөн 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ. Эдгээр байдал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдөл байхаар заасан ба маргаан бүхий акт нь тоосгоны үйлдвэрийн зориулалтаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтаар төсөл нь шалгарсан Айргийн хад ХХК-иар газар эзэмших эрхийн гэрчилгээний суурь үнэ 10,016.7 мянган төгрөгийг нөхөн төлүүлж, харин дээрх мөнгийг улсын төсөвт оруулахыг дарга А.Мөнхтөр, нягтлан бодогч Н.Түмэндэмбэрэл нарт хариуцуулан акт тогтоосон агуулгатай байхад шүүх уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэх үндэслэлтэй эсэхийг шалгаж, тодруулалгүйгээр захиргааны хэрэг үүсгэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Ийнхүү А.Мөнхтөр, Н.Түмэндэмбэрэл нар нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.3дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасныг баримтлан А.Мөнхтөр, Н.Түмэндэмбэрэл нарын гаргасан Говь-Алтай аймгийн Аудитын газрын аудитын менежер Р.Цанжидмаа, шинжээч Э.Сүнжидмаа нарын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10/01 дугаар Төсвийн орлого болгох тухай актын Айргийн хад ХХК нь төсөл сонгон шалгаруулалтын гэрчилгээний үнэ болох 10,016.7 мянган төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй байхад газар эзэмшүүлж гэрчилгээг олгосон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж А.Мөнхтөр, Н.Түмэндэмбэрэл нарт олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН