Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2016/0106/з |
Дугаар | 221/МА2016/0571 |
Огноо | 2016-08-31 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2016/0571
“Д*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Л.Э*******, О.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 408 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Д*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч******* Л.Э*******, О.А******* нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 350002144 тоот актын Тогтоох хэсгийн 3 дахь заалтын 536,363,636.36 төгрөгийн зөрчилд 53,636,363.60 төгрөгийн нөхөн татвар... тооцох” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 408 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.19-д заасныг тус тус баримтлан “Д*******” ХХК-иас гаргасан “Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 350002144 тоот актын тогтоох хэсгийн 3 дахь заалтын 536,363,636.36 төгрөгийн зөрчилд 53,636,363.60 төгрөгийн нөхөн татвар... тооцох гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Д*******” ХХК-ийн захирал Д.Б******* давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.19-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн...” гэсэн заалтыг буруу тайлбарлаж, энэ үндэслэлээ уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө дагаж мөрдөж байсан Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2001 оны А/43 дугаар тушаалаар батлагдсан “Махны хяналтын дүрэм”-ийн заалтыг барьж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон.
Малыг “үйлдвэрлэлийн арга”-аар төхөөрөх, “махны үйлдвэр” гэсэн 2 өөр ойлголтыг нэг ойлголт мэтээр тайлбарласан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчихөд хүргэсэн.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сары 31-ний өдрийн 408 дугаар шийдвэрт “Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 350002144 тоот актын Тогтоох хэсгийн 3 дахь заалтын 536.363.636,36 төгрөгийн зөрчилд 53.636.363 төгрөгийн нөхөн татвар тооцох гэснийг хүчингүй болгосон” өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.
Татварын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 350002144 дүгээр актын 3 дахь заалтаар “Д*******” ХХК-ийн “2013 онд “ДЦС-4” ТӨХК-д мах зуучлан борлуулсан 536,363,636.0 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд чөлөөлөгдөх борлуулалт мэтээр тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвар тайлагнах орлогоор тайлагнаагүй, тус орлогод татвар ногдуулан төлөөгүй”-г зөрчилд тооцсоныг “Д*******” ХХК эс зөвшөөрч шүүхэд ханджээ.
Ингэхдээ нэхэмжлэгч “хонь, үхрийн махыг үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн “ДЦС-4” ТӨХК-д борлуулсан тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.19-д хамаарч, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой” гэж, харин хариуцагчаас “нэхэмжлэгч компани махыг үйлдвэрийн аргаар боловсруулсан гэдгээ батлаагүй, компанийн санхүүгийн тайланд мах боловсруулах үйлдвэрийн хөрөнгө, тоног төхөөрөмж бүртгэгдээгүй, өөр аж ахуйн нэгжид үйлдвэрийн аргаар боловсруулсныг батлах гэрээ байхгүй тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй” гэж, “Д*******” ХХК “ДЦС-4” ТӨХК-д борлуулсан хонь, үхрийн махаа үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэсэн эсэх талаар маргаж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.19-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн”-ийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заажээ.
Гэтэл нэхэмжлэгч “Д*******” ХХК “ДЦС-4” ТӨХК-д борлуулсан хонь, үхрийн махаа үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгээгүй болох нь тус компанийн санхүүгийн тайлан, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байх тул татварын улсын байцаагч нар актын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөөгүй орлогод нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн санхүүгийн тайланд мах боловсруулах үйлдвэрийн хөрөнгө, тоног төхөөрөмж бүртгэгдээгүй, махыг өөр аж ахуйн нэгж байгууллагаар бэлтгүүлсэн гэх гэрээ хэлцэл байхгүй, “ДЦС-4” ТӨХК-д борлуулсан хонь, үхрийн махаа үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэсэн гэдгээ нотолж чадаагүй тул тус компанийг үйлдвэрийн аргаар мах бэлтгэсэн гэж үзэж, “ДЦС-4” ТӨХК-д хонь, үхрийн мах борлуулсны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үндэслэлгүй юм.
Иймд “Д*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН