Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 67

 

“Галакси консалтинг” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбайгаль нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 842 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0010 дугаар магадлалтай, “Галакси консалтинг” ХХК-ний нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамирын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 842 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.1-д заасныг тус тус баримтлан ”Галакси консалтинг” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн NE-027053 дугаартай өргөдлийг дахин хянаж хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0010 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 842 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.3, 19.2.5-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Галакси консалтинг” ХХК-ийн NE-027053 дугаартай өргөдлийг дахин хянаж хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болохыг дараах үндэслэлүүдээр тодорхойлж байна.

1. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...давхцал үүсгэхгүйн тулд тодорхой цэгүүдээр шулуун биш шугамаар хүрээлүүлсэн нь дээрх хуулийг зөрчөөгүй байна... гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулийн үзэл баримтлалтай нийцээгүй байна. Тухайлбал: 2014 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн гол үзэл баримтлал нь Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайг төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байлгах үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх хэсэгт заасан Засгийн газрын бүрэн эрхийнхээ хүрээнд 2014 онд Засгийн газрын 239 дүгээр тогтоол баталж, төрөөс  тогтоосон солбицол хязгаарын хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн нөхцөл шаардлагад нийцүүлэн талбайн зураг гаргах нь өргөдөл гаргагчийн үүрэг юм.

2. Энэ ч үүднээсээ төрийн захиргааны байгууллага Кадастрын зураг зүйн шүүлт хийхдээ өргөдөл гаргагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан талбай тухайн нөхцөл байдалд дөрвөн өнцөгт хэлбэртэй, шулуун шугамаар хүрээлэгдээгүй байвал Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь хэсэгт заасан давхцал гаргахгүйн тулд 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг зөв хэрэглэсэн эсэхийг хянах үүрэгтэй юм. Гэтэл өргөдөл гаргагч “Галакси консалтинг” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн” байх мөн 17 дугаар зүйлийн 17.3 “энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно” гэж заасан шаардлагуудыг ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон газар болох усан сангийн талбайтай хэсэгчлэн давхцалтайгаар гаргасан нь дээрх хуулийн үзэл баримтлал, холбогдох хуулийн шаардлагуудад нийцэхгүй байгааг харуулж байна.

3. Энэ талаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн Кадастрын хэлсийн зураг зүйн шүүлт хийсэн мэргэжилтний тодорхойлолтоос үзвэл “Галакси консалтинг” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь дээрх шаардлагыг хангаагүй байсныг тодорхойлсон мөн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас зэргээс дээрх хоёр үндэслэлийг хангахгүй байсан нь нотлогдож байгаа бөгөөд өргөдөл гаргагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасны дагуу газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно гэж заасны дагуу усан сан бүхий талбайн захын цэгүүдтэй хиллүүлж өргөдлийн талбайн зургаа зурах ёстой байсан байна.

4. Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 “Төрийн захиргааны байгууллага энэ   хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу 19 дүгээр зүйлийн 19.2.1 “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/9575 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ашигт малтмалын газар (тухайн үеийн нэрээр)-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/9575 дугаар “мэдэгдэх хүргүүлэх тухай” албан бичгээр Хэнтий аймгийн Батноров, Хэрлэн сумын нутаг, Урт нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан “Галакси консалтинг” ХХК-нд “...Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.2, 17.2.3-т заасныг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг” мэдэгдэж, үндэслэлээ “... өргөдөлд дурдсан талбай хуулийн шаардлага хангаагүй, мөн усан сан бүхий талбайтай хэсэгчлэн давхцалтай” гэж, нэхэмжлэгч “Галакси консалтинг” ХХК “... өргөдөл өгөх боломжтой гэж /цаанаас нь тогтоосон/ солбицол бүхий талбайд усан сан бүхий газар гэж байгаагүй, ... бид талбайгаа 4 өнцөгтөөр өгөх гэхээр бусад талбайтай давхцал үүсэх гээд байсан учир давхцал гаргахгүйн тулд 8 өнцөгтөөр өгсөн ... нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

... “усан сан бүхий талбайтай хэсэгчлэн давхцалтай” гэх маргааны талаар:

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-т “…/Засгийн газар нь/ ... хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх”, 11 дүгээр зүйлийн 11.1.25-д “…/Ашигт малтмалын газар нь/ ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох”-оор тус тус заасны дагуу Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлсэн, нэхэмжлэгч “Галакси консалтинг” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд дурдагдсан солбицолууд нь “нийтэд мэдээлэгдсэн”, тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицолд хамаарч байгаа, талууд уг үйл баримттай маргаагүй байна.

Ашигт малтмалын газар нь дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авахаар нийтэд зарлахдаа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор урьдчилан тодорхойлох үүрэгтэй, төрийн захиргааны байгууллагаас “...боломжтой” гэж зарласан талбайн координатад хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байхад “...усан сан бүхий газарт /20 м нэвтэрч орсон/ ... давхцуулсан” гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, тухайн тохиолдолд талбайн координатад гарсан “алдаа”-г хариуцагч залруулах боломжтой байтал энэ үндэслэлээр “Галакси консалтинг” ХХК-нд тусгай зөвшөөрөл олгохоос шууд татгалзсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн “... төрөөс тогтоосон талбайд ...усан сан бүхий гэж байгаагүй атлаа ... тусгай зөвшөөрөл авах болоход усан сан бүхий талбайтай давхцсан гэсэн” гэх үндэслэлийг хүлээж авахаар байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Галакси консалтинг” ХХК нь “төрөөс  тогтоосон солбицол хязгаарын хүрээнд нийцүүлэн талбайн зураг гаргах” үүргээ зөрчөөгүй, “хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц”-ын талбайн солбицол, координат тодорхойгүй байснаас нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд хавсаргасан талбайн солбицол “усан сан бүхий газрын хил хязгаарт 20 м нэвтэрч орсон”, энэ нь нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэл болохгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.     

... “өргөдөлд дурдсан талбай хуулийн шаардлага хангаагүй” гэх маргааны талаар:      

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “...хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл...-д хайгуул хийх талбайн байршил, түүний булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргах”-аар 17.2-т “өргөдөлд дурдсан хайгуулын талбай нь /дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн, …тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбай, ... хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх/”-аар тус тус заасан, нэхэмжлэгч “Галакси консалтинг” ХХК-ийн Хэнтий аймгийн Батноров, Хэрлэн сумын нутаг, Урт нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд хайгуул хийх талбайн байршил, түүний булангийн цэгийн солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргасан, уг зургаар гаргасан талбай нь 8 өнцөгтэй, өөр бусад тусгай зөвшөөрөлтэй талбай болон тусгай хэрэгцээний газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар өргөдөлд дурдсан хайгуулын талбай нь дөрвөн өнцөгт хэлбэртэй, түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх шаардлагыг хуулиар тавьсан хэдий ч уг хуулийн 17.3-т “... /өөр бусад талбайтай/ давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн ... /хил/ нь шулуун шугам биш байж болох”-оор нарийвчлан зохицуулжээ.

Хэрэгт авагдсан, “Галакси консалтинг” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан кадастрын тойм зургаас үзвэл, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь эргэн тойрон бүхэлдээ тусгай зөвшөөрөл олгогдсон, өөр бусад этгээдүүдээс хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан талбай болон усан сан бүхий газраар хүрээлэгдсэн бөгөөд тус компани нь өөр бусад талбайтай давхцал гаргахгүйн тулд олон өнцөгт үүсгэсэн нь тогтоогдож байх бөгөөд нэгэнт олон өнцөгт үүсгэсэн талбай нь “дөрвөн өнцөгт хэлбэртэй”, “хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн” байх боломжгүй, үүнийг дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар хүлээн зөвшөөрсөн байх тул “Галакси консалтинг” ХХК-ийн Хэнтий аймгийн Батноров, Хэрлэн сумын нутаг, Урт нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөл Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, буруу дүгнэлт хийсэн байх тул  уг алдааг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн  давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1-д заасантай нийцжээ.

Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “... шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0010 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА