Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 369

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: У.И

Гэрлэлт цуцлуулах, хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч У.И, нарийн бичгийн дарга П.Цэнднасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: У.Итэй 2006 онд танилцаж 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж гэр бүл болсон. 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр охин И.*******, 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү И.******* нар төрсөн. Одоо И.******* 9 настай, хүү И.******* 6 настай. 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд эд хөрөнгийн маргаангүй, таарч тохирохгүйгээс болж 2 тийш болсон. Одоо аль аль нь гэр бүлтэй тул И.*******, И.******* нарт У.Иээс тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Одоо нэгэнт хоёулаа гэр бүлтэй болсон учраас У.Иээс хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа. Эцэг эх 2 хамт үүрэг хүлээх ёстой. Одоо энэ хүн хүүхэддээ тэтгэлэг төлөхгүй гэвэл данс нээлгэж лацдаад оюутан болох үед хэрэглэж болно. Одоохондоо би хүүхдүүдээ тэжээгээд явж чадна. Оюутан болсон хойно нь хэрэглээ нь нэмэгдэнэ, төлбөр мөнгөний асуудал үүснэ. Би ганцаараа сургаж чадахгүй шүү дээ. Бид 2 тусдаа амьдраад 3 жил болж байгаа. Тухайн үед гэрлэлтээ салгая гэхэд Ч.Иийн эгч, ээж нь загнаад зөвшөөрөөгүй. Одоо би жирэмсэн учраас гэрлэлтээ цуцлуулах гэж байгаа. Эмээ нь л ирж хүүхдүүдийг авдаг. Аавтайгаа уулздаг үгүйг мэдэхгүй. Асуухаар аав эзгүй байсан, хөдөө явсан байсан, гэртээ байгаагүй л гэдэг. Ноён сумруу явахаараа өвөө, эмээтэйгээ хамт байж байгаад ирдэг. Аав нь дэмжлэг үзүүлдэггүй. Эмээ нь л хааяа хувцас хэрэгсэл авч өгдөг. Хүүхдүүдээ би өөр дээрээ авна. Хүүхдүүдгүйгээр байж чадахгүй. Бид 2 хөдөө байдаг байсан. Тэмээний баярт яваад ирэхдээ хүзүүгээ шимүүлээд ирсэн. Тэр үед уучлаад л өнгөрсөн. Түүнээс хойш Сэврэйгээс хэдэн үсчин ирсэн чинь нэг хүүхэнтэй нь гэр бүлээс гадуурх харилцаатай болсон. Тэрийг нь хэлэхээр өөдөөс уурлаж, гэрийн хаалгаа дотроосоо түгжээд зодож, хийж байгаа ажилтай маань холбоотойгоор зүй бусаар хэлж доромжилдог байсан. Тэгээд би ажлынханруугаа яриад нөхөр маань намайг зодоод байна гэж хэлэхэд хүрээд ир гээд Ноён суманд ажил дээрээ очиж нэг хэсэг амьдарсан. Түүнээс хойш өөрийнхөө төрсөн өдрөөр гэртээ ирэхэд энэ хүний найзынх нь эхнэр “Танай нөхөр чинь өөр хүүхэнтэй яваад байгаа. Гэртээ хамт хонож байгаад бид хоёрт баригдсан” гэж хэлсэн. Тэгээд би салъя гэж бодоод салсан. Бид 2013 оноос хойш тусдаа амьдарч байна. Би одоо 2 сартай жирэмсэн. 2007 оноос хойш 2013 он хүртэл хамт амьдарсан. Аль алиных нь гэрээс ирсэн мал байсан. Би салахдаа 50 мал аваад салсан одоо эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч У.И шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У.И миний бие Д.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоорондоо тохиролцож эд хөрөнгө болон хүүхдийн асрамж дээр маргаангүй болсон гэжээ.

Хариуцагч У.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулж болно. Хүүхдийн тэтгэлэг төлөх хэцүү байна. Миний амьдрал хүнд. Энэ хүн өөрөө мэдэж байгаа. Ажил төрөл ч байхгүй. Оюутан болох үед нь би цуг тусалж дэмжээд явж чадна. Одооноос малтай болох гээд малжуулах төсөлд хамрагдах гэж байгаа. Бараг бүтэж байгаа. Би өөрөө хүүхдүүдээ авбал авчихмаар байна. Хүүхдүүдээ амралтаараа ираэхэд нь ээжийнхээ хашаанд хамт амьдардаг учраас хүүхдүүдтэйгээ уулздаг. Нэхэмжлэгч худлаа ярьж байх шиг байна. Зуны амралтаар нь уулздаг. Одоохондоо хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байгаа. 2007 онд Ноён сумын төвд хөдөөнөөс орж ирээд ажил төрөлд ормоор байна гэхээр нь би хүний нөөцийн менежер ажилтай найзтайгаа яриад ажилд оруулсан. Ажилд орсон сараасаа эхлээд ажлынхаа газрын залуутай гэр бүлээс гадуур харилцаатай болсон байсан. Манай сумынхан хэлэхэд нь би тоодоггүй байсан. Би гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь үнэн. Тэгээд түүнээс хойш салъя гэж бодсон гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Д.Бгийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 072/000809 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, И.*******ын 0148347-16 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, И.*******ы 0000553072 б/26 дугаартай төрсний гэрчилгэний хуулбар, Өмнөговь аймгийн Сэврэй сумын эрүүл мэндийн төвийн И.*******, И.******* нарын эрүүл бойжиж буй тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 53 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн У.Иийн хариу тайлбар, И.*******ын саналыг асуусан тухай тэмдэглэл зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь У.Ит холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хоёр  хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Д.Б, У.И нар нь 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тамгын газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь 072/000809 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, тэдний дундаас 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр охин И.*******, 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү И.******* нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна. 

Нэхэмжлэгч Д.Б нь эвлэрүүрэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж, дуусгавар болсон нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 53 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байх ба зохигчид 2013 оноос хойш хамт амьдраагүй, зохигчид өөр гэр бүл зохиож одоо хамтран амьдарч байгаа нь талуудын тайлбараар нотлогдож, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй тухай талуудын тайлбарыг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч суралцаж дассан орчин зэргийг харгалзан 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин И.*******, 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү И.******* нарыг төрүүлсэн эх Д.Бгийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүүхдүүд И.*******, И.******* нар нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгааг нотолсон баримт болно.

Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч У.И нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч У.Иээс тэтгэлэг гаргуулан охин И.*******, хүү И.******* нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 70.200, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн болно.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин И.*******, 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү И.******* нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг У.Ит даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хуурамжид төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг үнийн дүнг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын И, ******* овогт *******ын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн  И.*******, 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн  И.******* нарыг төрүүлсэн эх Д.Б-гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт *******ын И /регистрийн дугаар: *******/-ээс 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн  И.*******, 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн И.******* нарт 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. У.Иээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар У.И, Д.Б нарын гэрлэлтийг цуцлаж, хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Сугирсүрэнд даалгасугай.

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан охин И.*******, хүү И.******* нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг У.Ит даалгасугай.

7. Зохигчид хүүхдийн асрамж болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Барямаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Иээс 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР