Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/247

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч М.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  А-д яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905002310176  дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, ах, эгч нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  А-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.А- нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо “Маммут” бааранд Б.Нямсүрэнтэй маргалдан зодож биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.Алтанхундагыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Б.Нямсүрэнгийн “Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би орой ажлаа тараад найз залуугаа Сэлэнгэ аймаг Орхон туул явах 20 цаг 20 минутын вагонд суулгаад ажил руугаа явж байхад  манай таньдаг найз Аюуш хороололд байна, Төрөө бид нар байна, Төрөөгийн найз охин байна гээд байсан.

          ... Тэгээд бид нар тэндээс гараад хуучин миний ажилладаг газар байсан хорооллын эцэс Өргөөгийн замын урд талд байдаг “Маммут” шөнийн цэнгээний газар очиж жаахан бүжиглье, манай цуг хуучин ажилладаг байсан найз нар байгаа гээд бид нар 00 цаг дөхүүлээд очсон. Тэгээд тэнд Төрөө, Аюуш хоёр тэгээд би захилга өгөөд нэг 0,75 литрийн Соёрхол, 6 ширхэг 0,5 литрийн Сэнгүр гэх пиво аваад ганц, нэг ус ундаа авсан. Тэгээд тэнд авсан архи нь дуусаад пиво нь бараг тэр чигээрээ үлдсэн. Тэгээд бид нар жаахан бүжиглэж байтал Төрөөгийн найз охин нь өөр залуутай бүжиглэж байхад нь Төрөө хараад уурлаад нөгөө залууг нь цээж рүү нь нэг удаа гараараа түлхсэн. Тэгээд нөгөө Аюуш хүрч ирээд маргаанд оролцоод байхаар нь би Аюушийг салгаад тэгээд Төрөөгийн найз охин Төрөөг салгаад бид нар ширээн дээрээ ирсэн. Тэгээд та хоёр хамт яваа юм бол аятайхан яваач гэж хэлсэн чинь над руу яасан гэнээ гээд дайраад байсан. Тэгэхээр нь цааш түлхээд холдуулсан. Гэтэл эргэж дайраад намайг үсдээд авсан. Тэгээд нэг их удаагүй бид хоёрыг Төрөө бас нэг эрэгтэй зөөгч нар бид хоёрыг салгасан. Тэгээд байж байсан чинь Төрөөгийн найз охинтой цуг явсан гэх охин над руу ирээд яасан гэнээ чи гэхээр нь хамт явж байгаа юм бол аятайхан яваач гэж дахиад хэлсэн. Гэтэл гэнэт намайг баруун гараараа зүүн хамрын хажуу хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад би 00 орж найзтайгаа хамт цусаа тогтоох гээд орсон. Тэнд хэсэг байж байхад араас Төрөө орж ирээд найзыгаа уучлаарай гээд байсан.

          ... Надад одоо эмчилгээний зардал гээд томографийн зураг авхуулсан 120.000 төгрөг болон хамрын мурий засах төлбөр 120.000 төгрөг ойр зуурын эм тариа авч хийлгэсэн тэрний төлбөр 283.500 төгрөг байгаа. Тэрийг  нэхэмжилж байна. Өөр нэмж хүсэх зүйл байхгүй.

          ... Би гомдолтой байна. Миний биед гэмтэл учирсан гэмтлийн улмаас гарсан зардлаа гаргуулж аваад хохиролгүй болмоор байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8 дугаар хуудас/

 

          Гэрч Б.Загдрагчаагийн “2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 22 цагийн үед манай эгч болох Нямсүрэн  нэг найз эмэгтэйгээ ирээд найз дуудаад байна гээд 23 цагийн үед гараад явсан. Тэгээд 02 цагийн үед хувцас нь цус болчихсон, хамар нь хөхөрч хонхойсон байдалтай орж ирсэн. ... Хамар нь хугарч мурийсан. Зүүн талаараа хавдсан байдалтай хөдлөхөөр толгой нь эргээд бөөлжөөд байна гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

          Гэрч Б.Хатансувдын “... Тэгээд манай найз залуу Төрөө уурлаад нөгөө залуутай маргаан эхэлсэн. Тэгээд бид нар салгаад эргээд ширээн дээрээ иртэл нөгөө охин Хундагаад хандаж гичий минь цуг явж байж өөр хүн амьтантай бүжиглээд гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай найзыг гичий гэдэг хэн бэ чи гэж хэлсэн. Тэгээд би гараа сарвайсан чинь Төрөө, Аюуш нар намайг холдуулсан. Тэгсэн чинь муу хоёр янхан гээд байхаар нь би чи өөрөө янхан гээд дөхөөд очсон чинь намайг үсдээд авсан.

          ... Тэгээд би найз залуу Төрөөтэй гараад гадаа байж байхад А- араас би хүн цохичихлоо гээд гараад ирсэн. Тэгээд А- гадаа миний эрх алга болсон байна гээд байж байсан чинь зөөгч нь эрхийг нь аваад гарч ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

          Гэрч Т.Аюушийн “ ... Тэгээд би цаана манай нэг найз тэнд ажилладаг юм. Тэрэнтэй юм яриад байж байхад Нямкаа над дээр ирээд миний хамрыг цохичихлоо гээд Төрөөгийн найз охины найз нь гэх охин намайг цохичихлоо, чи олж өг гэж байсан. Би мөн танихгүй болохоор яаж олдог юм гэж хэлсэн. Тэгээд намайг хүргэж өг гэхээр нь би маргааш ажилтай одоо эрт амармаар байна гэсэн чинь хүний найз ийм байдаггүй юм, тэгвэл хоёулаа цагдаа дээр уулзая гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1012 дугаартай:

          “1. Б.Нямсүрэнгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба олон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 27 дугаар хуудас/

 

          М.Алтанхундагын яллагдагчаар өгсөн “... Нямсүрэн уурлаад байсан. Тэгсэнээ намайг доромжлоод байсан чинь манай найз Хатансувд намайг өмөөрөөд хэрэлдээд байсан. Тэгээд гэнэт тэр хоёр үсдэлцээд авахаар нь бид нар салгасан. Тэгээд Хатансувд гадагшаа Төрөөтэй гараад явсан. Тэгээд би тэнд үлдээд байж байгаад нөгөө Нямсүрэн гэх охиныг цохичихсон байсан. Тэгээд гадаа найз нар дээрээ би тэр охиныг цохичихлоо гээд очсон байсан. Тэр үед би их согтоод юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа. Ямартай ч нэг цохисон. Тэгээд баарны хамгаалагч зөөгч нар салгаж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх болно.

 

Шүүгдэгч М.Алтанхундагын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Нямсүрэнгээс “... би гомдол санал байхгүй. Мөн А- нь миний хохирлыг  барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн  хүсэлт /хэргийн 53 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.А- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Алтанхундагыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Алтанхундагыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М.А- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  М.А- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ